03.21-04.19

Хонь



Хөдөлгөөнтэй, хүнд үнэн сэтгэлээсээ ханддаг, шударга үйлийг хамгаалахад хэзээд бэлэн байдаг. Гойд нөхөрсөг хүнтэй тааралдаж байсан уу? Тэгвэл тэр чинь “хонины орд”-д төрсөн хүн гэдэгт итгэж болно. “Хонь” бүхнийг өөрийнхөө биеэр жишээлж боддог. Тэдний зоримог байдал нь зарим талаар гэнэн зантай нь холбоотой. “Хонинд” ов мэх, арга башир огт байхгүй, дэндүү итгэмтгий, үхэн үхтлээ тэр чигээрээ л байна. Худал хэлж чаддаггүй. Тэд өөртөө арчаагүй эмзэг сэтгэлтэй байх нь олонтаа. Дээрэлхүү занг үзэж чаддаггүй. 

Гурав, дөрөвдүгээр сард төрсөн хүмүүс түрэмгий зантай мэт боловч бүх хүнийг өөрийнхөө найз нөхөд гэж боддог. Хэн нэгэнд урам хугарвал сэтгэлийнхээ зовиурыг ил гаргахгүйг хичээдэг. “Хонь” уйлж байвал үнэн голоосоо гомдсон гэсэн үг. Юмны ая эвийг олохдоо муухан, тэвчээргүй улс. Хэтэрхий шулуун зантай, ов мэх, хуурмаг зан угаасаа байхгүй. Яг хүүхэд шиг шулуун хонгор зан гаргах, хийсэн хэргээ хариуцах чадваргүй байх нь олонтаа бөгөөд энэ нь заримдаа эвгүй юманд хүргэдэг. 

Аймшиггүй зоригтой, ямар ч бэрхшээлээс айхгүй, заяа мэдэг гэж явдаг хэдий ч өвчинд тэсвэргүй. Жишээ нь шүдний эмчид очих болбол аль болохоор л хойшлуулна. Бие нь айхтар өвдөж шаналахгүй л бол хэчнээн ч жилээр эмчид очихгүй явсаар өвчин нь газар авч ноцтой болсон үед сая нэг очно. “Хонь” нугаршгүй өөдрөг үзэлтэн болохоор архаг хууч өвчинд шаналах нь ховор. Их халуунтай ханиад, хурц үрэвсэл, цус харвахад л сая нэг сөхөрнө. 
“Хонины” ордныхон аливаа ажлыг өөрөөс нь илүү сайн хийх хүн байхгүй гэж тэнхээгээ тасартал, тэр ч байтугай мэдрэлийн ядаргааны туйл болтлоо ажилладаг. Тэднийг өөр юмаар буруутгаж болно. Харин залхуу гэж хэлж яавч болохгүй. “Хонь” өс хонзон өвөрлөдөггүй, цагаахан сэтгэлтэй. Уур нь хүрсэн үедээ “хонь” арцалдагчдаа юу ч гээд хэлчихэж мэдэх боловч уураа гарсан хойно уучлал гуйхад хэзээд бэлхэн. Олон хүний гайхлыг төрүүлдэг эрс шууд зантай ч хэрэв хүсвэл эелдэг наалинхайн туйл ч байж чадна. Цагийг дэмий үрэх дургүй. Хониныхон чиглэсэн тодорхой зорилготой, ажил хэрэгч чанартай хүмүүс байдаг боловч сэтгэлийн мухартаа хийсвэрлэн бодож, уясч, гуньж, ид шидэд итгэж явдаг. 

Улс төрийн зүтгэлтэн байх нь ховор. Бизнес, уран бүтээлийн ажилд онц таарна. Бас гүдэсхэн зантай нэг нь сайн зохион байгуулагч байдаг. Дарга бол залуу, хайш яйш хүнийг тэвчиж чадахгүй, хэн нэг нь ажил хийдүүлснийг мэдвэл галтайгаа бууна, харин цаадах нь буруугаа хүлээвэл өршөөж, алдаагаа засах боломж олгоно. Ийм даргын удирдлагад ажилладаг хүн илүү цаг сууж заримдаа амралтын өдөр ч ажилдаа ирэхэд бэлэн байх хэрэгтэй. Тэгсэн ч гэсэн таныг ажилдаа хожимдож, үдийн хоолноос хагас цаг хоцорч, эсвэл худал хэлж чөлөө гуйвал танд өөдтэй хандахгүй. Уг нь үнэнээ хэлчихвэл чөлөө өгч магадгүй. 

“Хонь”-ийг ажилтнаар авч буй удирдах ажилтан нэг бол их онодог, эсвэл алддаг. Бүх юм түүнд яаж хандахаас л шалтгаална. Нэг л янзын юм хийлгээд байвал дорхноо уйддаг. Харин зохион байгуулах авьяас чадвараа илрүүлэх, санаачилга гаргах, аль нэг юм хийх боломжийг нь олгоод байвал гялалзаад л байна. Ажилдаа хоёр цаг хожимдож ирдэг байлаа ч ажил тарах үед цаг руугаа байн байн хараад байхгүй. Оройн цагаар ганцаар суун ажиллаж чадна. Бүтээн туурвих оргилсон хүсэлд хоногийн 24 цагийн алинд нь ч автаж магад. Тэр үед нь саад болох хэрэггүй. Гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сард төрсөн хүмүүст мөнгө, шагнал нь хоёрдугаар зэргийн ач холбогдолтой зүйл. Хийснийхээ хэрээр авах нь зүйтэй гэж бодоцгоодог. Гэхдээ нэр хүнд, амжилтыг эд баялгаас чухалд тооцдог. Авьяас чадвар, амжилт ололтыг нь үнэлж байвал “хонь” улам илүү ажилладаг. Иймд гярхай удирдагч “хонийг” тушаал дэвшүүлэх, бие дааж ажиллахыг нь зөвшөөрөх, тэр ч байтугай өөрийнхөө орлогчоор тавибал маш зөв алхам болно. 
“Хонь” танд гомдвол, эсвэл танаас уйдвал зан авир нь дорхноо л мэдрэгдээд ирнэ. “Хонь” тэвчээргүй, зоригтой, өөртөө итгэлтэй, маш өгөөмөр, өрөвчхөн, тэгсэн атлаа баргийн юмтай эвлэрдэггүй. Гаднаас нь харахад амгалан юм шиг байвч дотроо сэтгэл санаа, сэрэл мэдрэл нь буцалж явдаг. Аль нэг ажил нь бүтэлгүйтвэл ямар ч аргаар хамаагүй бүтээхийн төлөө зүтгэнэ.

04.20-05.20

Үхэр



“Yхэр”-ийн ордынхны онцгой шинж нь гэвэл дуу цөөтэй. Удаан хөдөлгөөнтэй. Уул хад шиг бат тогтвортой, үргэлж тайван. “Yхэр” нэг л зүйлийг шийдсэн бол түүнийг хөлөөр дэвсэлж, гараар нударгалж байсан ч ажрахгүй. 
“Yхэр” тайван байдалд л дуртай. Шахаж хавчвал зөрүүдэлнэ, гоочилж хорыг нь малтвал хилэгнэнэ. “Yхэр” бага сага өшиглөх хатгах жөтгөхийг хэдэн жилээр ч тэвчээд биеэ бариад явна. Тэгснээ нэг өдөр гэнэт тэсмээргүй санагдаж ухасхийж тулалдана. Ийм үед замаас нь зайлах л хамгийн зөв арга. Тэгэхгүй бол хэнийг ч дэвслээд хаяж мэднэ. Дэвслэх гэдэг үг ч бас багадна, чухамдаа газрын хөрснөөс арчина. Олонх “үхэр” биеэ баримтгай учраас иймэрхүү галзуу хилэгнэл насанд нь нэгээс хоёр удаа л тохиолдоно. 

Гаднах онцлог нь хүзүү бүдүүн, уян хатан, мөр, нуруу цээж өргөн. Ерөнхийдөө махлаг боловч бие хаа сайтай, долгиотсон үс, жижигхэн чихтэй. Өндөр туранхай байх нь ч бий. 
“Yхэр”-ийн зан байдал ерөнхийдөө идэвхгүй, нэр алдар хөөцөлдөхгүй, хүндлүүлэн сайшаагдахыг удаан хүлээнэ. Унтууцах нь бага, тэсвэртэй, амьдралын зорилгыг нь юу ч гуйвуулж чадахгүй. 

“Yхэр”-ийн ордод төрсөн хүмүүс гэртээ нам гүм, тайван байхыг л хүсдэг. Ямар нэг эвгүй байдал гарвал уургаа шүүрч аваад л загасанд явна. Байгалийн сайханд сэтгэл нь их татагддаг. Цонх, тагтан дээрээ цэцэг тарьж байж сэтгэл нь амардаг. 
“Yхэр”-ийн ордынхон бие сайтай улс, харин нэг өвдвөл удаан эдгэнэ. Тэр нь эмчийн зааврыг биелүүлэхдээ дургүйтэй нь холбоотой. Тэд даарснаас өвчин олж болно. Зүрх нь өвдөж, судас нь өргөсч, бөөр, үе мөч нь өвддөг. Энэ нь унд хоолоо хэтрүүлж, хөдөлгөөн, эрүүл агаар дутагдсанаас болно. Хөдөлгөөн, агаар хоёр амин чухал хэрэгтэй атал тэдний зөрүүд зан энэ бүхнийг эсэргүүцэж л байдаг. 

“Yхэр”-ийн ордынхон зөрүүд зантай гэдгээ огт хүлээн зөвшөөрдөггүй, өөрсдийгөө хэтэрхий тэвчээртэй улс гэж тооцдог. Yнэхээр тэдний олонх нь бие сэтгэлийн ачааллыг дааж чадна. 
“Yхэр”-ийн ордынхонд идэж чадахгүй юм гэж үгүй. Халуун ногоо, давсалсан өргөст хэмхээс өгсүүлээд мах шөлийг ч нэг л суудал дээр иднэ. 
Тэд тийм ч алиа хошин улс биш. Харин хэн нэг хүн гадилын хальсан дээр хальт гишгээд өнхрөөд ойчихыг харвал элгээ хөштөл инээнэ. Гэвч энэ нь жинхэнэ урлагийн мэдрэмжгүй гэсэн үг биш. Тэд уран зураг, яруу найраг, дуу хөгжимд дуртай. Зарим нь сайхан хоолойтой, тэр ч байтугай мэргэжлийн дуучин болдог. 

“Yхэр”-ийн ордынхон солонгон цацрагаас номин цэнхэр, цайвар ягаан, бас байгалийг санагдуулам ногоон, хүрэн өнгөнд дуртай. 

05.21-06.21

Ихэр



Өрнө дахины ихрийн орд гэдгийг монгол зурхайд хамтатгах буюу “ихэр”-ийн орд гэж нэрлэдэг. Хамтатгахын ордонд төрсөн хүмүүстэй тааралдмагц нүдэнд чинь юм давхар харагдвал нүдний эмчид очих гэж яарсны хэрэггүй. “Хамтатгах”-ууд хоёрдмол зан ааштай улс. Орон байр, ажил төрөл, хувцас хунар, тэр ч байтугай сэтгэлтэй бүсгүйгээ ч гэнэт өөрчлөхөд бэлэн улс. Хурдан хөлтэй буд гаригт захирагддаг эл хүмүүс Юлий Цезарь шиг хэд хэдэн ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэж чадна. Тэд бага зэрэг худал залахдаа ичихгүй. Гэвч тэр нь хортой биш. 
Санаандаа орсныг ярьж байгаа нь тэр. Ноцтой хэрэг тарих нь ховор. Тэд эрүүгийн хуулийг хүндэтгэж, дагаж мөрдөхийг хичээдэг. 

Тав, зургадугаар сард төрөгсөд өөрийнхөө жинхэнэ санаа бодолыг нямбай гэгч нь нууж чаддаг. “Загас”-ууд шиг өөрийнхөө жинхэнэ хүсэл зорилготой харшилдсан юм хийж байхдаа дуртай. Олонх “хамтатгах”-ууд мэргэжлийн зохиолч болдог. Гэвч өөрийнхөө намтар, дурдатгал, ялангуяа хувийн захиагаа нийтлэхээс зайлсхийдэг. Учир нь тэдний өчигдөр хэлсэн зүйл маргаашийнхтай нь зөрчилддөг. Юмыг хурдан уншдаг хэдий ч ном, сэтгүүлийн хуудсыг ихэвчлэн араас нь эргүүлж унших муу зуршилтай. 

“Хамтатгах”-ууд голчлон чилгэр сайхан биетэй, уян налархай, өндөр нуруутай байдаг. Зарим нь хонин бор нүдтэй, наранд борлох нь амархан. Цайвар царайтай, шар, хар ямар ч үстэй байж болно. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өргөн магнайтай төрдөг. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол ходоод гэдэс, уушиг, үе мөч, толгойн өвчин тусч болно. Тэд ямар нэг юманд хүрэх гэж үргэлж тэмүүлж байдаг. Тэр нь алдар нэр, эд баялаг, хайр сэтгэлийн аль нь ч байж болно. Хэзээ ч бүтэхгүй юм байж ч мэднэ. 

06.22-07.22

Мэлхий



Америк зурлагад мэлхийн ордыг хавч хэмээн нэрийддэг. Бөөн хүмүүс тойруулчихсан онигоо урсгаж хөхүүн зантай байх үед нь “хавч”-ийг таних амархан. Хүмүүс түүнийг их анхааран биширнэ, “хавч” ч үүнд дуртай. 
“Хавч” таныг элдэв айдас хүйдэс дүүрэн гуниг гутралынхаа ёроолд ч дагуулж аваачиж мэднэ. Тэд үнэнээсээ уйлдаг хүмүүс, харин тэр нь бүдүүлэг үг, ширүүн харцнаас ч болсон байж мэднэ. Гунигтай үедээ “хавч” гол төлөв хуяган дотроо нуугдчихдаг тул тэндээс нь гаргаж ирэх амаргүй. Ийм үедээ үүдээ ч онгойлгохгүй, утсаа ч авахгүй, захидал ч уншихгүй. Харин азаар ийм байдал удаан үргэлжлэхгүй, сарын мөчлөг өөрчлөгдөхөд “хавч”-ийн сэтгэл санаа бас өөрчлөгддөг. Тэднийг гаднаас нь харахад янз бүр байдаг. Зарим нь аятайхан дугуй царайтай, булбарай арьстай, хүүхдийнх шиг дугариг нүдтэй. Зарим нь халзан дух, өргөн шанаа, хамрынхаа угт ирээд нийлдэг сайхан хөмсөг, дөрвөлжин эрүүтэй, жижигхэн нүдтэй. Олонх нь гар хөл урттай, хайвганасхийж явдаг. Саранд захирагддаг бүх хүний нүүр царай сэтгэл санааныхаа байдлыг тод илэрхийлдэг. Тэд дүрслэн бодохдоо сайн. 

“Хавч” амьдралын болон түүхэн сургамжийг хэзээ ч мартахгүй. Ер нь л түүх, түүхэн хүмүүс, хуучны ховордсон номонд тун дуртай. 
Зургаа, долдугаар сард төрсөн хүмүүс битүүлэг зантай, хувийн нууц, нарийн зүйлсээ бусадтай хуваалцдаггүй. Өөрийн амьдралыг бусадтай зөвлөлдөөд байх дургүй. Зургадугаар сарын 22-ноос долдугаар сарын 23-ны хооронд төрсөн хүмүүс эрэгтэй ч, эмэгтэй ч адилхан өөрийнхөө гэрийг л эрхэмлэн дээдэлнэ. Өөрийн гэх гэр оронгүй л бол “

хавч” аз жаргалтай байж чадахгүй. “Хавч” юмыг яаж мэдэхэв гэж мөнгө хуримтлуулахыг хичээдэг. Хөргөгч болон агуулахад нь хоол хүнс овоолоостой байхад дуртай. Хоолны тухай ярих төдийд сэтгэл нь сэргээд явчихна. Бүхий л амьдралаа хөгжим, урлагт зориулсан сайхан бодолтой “хавч” мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг. 

“Хавч”-ийн сэтгэл үргэлж усанд татагдаж явдаг. Усанд сэлэх, усны цанаар гулгах дуртай, жижигхэн ч болов моторт онгоц, ядаж л завьтай байхыг мөрөөддөг. 

07.23-08.22

Арслан



Арслан бол амьтны аймагтаа араатны хаан. Долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 22-ны хооронд төрсөн хүн мөн л ойр орчныхоо хүмүүсийг захирах дуртай. Түүнтэй маргах хэрэггүй, эс тэгвээс өөрийг тань үхтэл айлгаж мэднэ. 
Олонх “арслан” сурган хүмүүжүүлэгч, сэтгэл мэдрэлийн эмч, тэр ч байтугай улс төрийн зүтгэлтэн болдог. Бас сайн зохион байгуулагчид ч болох нь бий. “Арслан” саналаа ил хэлдэг. Таны талаар юу бодож явдгаа шууд хэлнэ. Гэвч “арслан” хувийн амьдралаа тэр бүр зөв зохиож чаддаггүй. Өөрийнхөө олон давуу талыг мэддэг ч гэсэн ялангуяа ойр дотнын хүмүүс өөрийнх нь цэцэн ухаан, өгөөмөр занг зохих ёсоор нь үнэлэхгүй бол сэтгэлийнхээ мухарт онцгой шаналж гомдож явдаг. 
Энэхүү “догшин араатныг” нэгхэн хоромын дотор дуулгавартай муужгай болгон хувиргаж болно. 

Тэдний хамгийн эмзэг зүйл нь нэрэлхүү зан. Хүнийг амирлуулах рашаан мэт нөлөөлнө. “Арслан”-гийн омог нь амархан дарагддаг, гомдлоо дорхноо мартдаг, эвлэрэх, эвдрэх хоёр нь тэнцүү. Эрэгтэй, эмэгтэйн аль нь ч бусдын гар харах дургүй, харин өөрөө хүний түшиг болох дуртай. Мөнгөөр дутлаа ч зээлэхийг урьтал болгохгүй, өөрөө л аргалахыг хичээнэ. Их үрэлгэн улс. Эр “арслан” сайхан хувцаслах дуртай, цалин багатай ч эм “арслан” их үнэтэй гоё хувцас авах гэж зүтгэнэ. 

“Арслангууд” голдуу л чийрэг, зүрх сайтай улс. Өвчин тусвал огцом халуурч, түргэн эдгэрдэг. 
“Арслан”-д “алтан дундаж” гэж байхгүй. Тэд дэндүү салан задгай, хэтэрхий нягт нямбай, хүч чадал нь багтаж ядах, эсвэл үүрэглэсэн муур шиг залхуу. Ажилласан шиг ажиллаж, амарсан шиг амарч чадна. “Арслангууд” үнэнч нөхөр. Гаднаас нь харахад аминчхан, нэрэлхүү мэт харагдавч дотор нь жинхэнэ алтан зүрх нуугдаж байдаг.

08.23-09.22

Охин



“Охины” ордод төрсөн хүнийг олны дундаас таних амархан. Олон хүнтэй газар тэд тохь алдаж биеэ барьдаг. Тэд хувиа борлуулж довоо шарлуулдаг зантай. Хэтэрхий цэвэрч нямбай, нэлээд хуучин маягаар хувцасладаг. 
“Охины” ордод төрсөн эрэгтэй хүн намхавтар нуруутай, харахад эмзэгхэн ч чухамдаа бол их л зоригтой харагддаг, хүнээс илүү ажил хийх чадвартай, хүчтэй тэсвэртэй. Гаднаас нь харахад амгалан ч дотроо үргэлж түгшүүртэй явах бөгөөд энэ нь заримдаа эрүүл мэндэд нөлөөлөх нь бий. Тэд үнэнч хүмүүс, бүрэн дүүрэн итгэж болно. 

“Охины” ордод төрөгсөд залхуу хүнийг үзэж чадахгүй. Тэд хэн нэгэнд ухаангүй дурласан байсан ч гэсэн дутагдлыг нь тов тодорхой харж байдаг бөгөөд энэ нь гэр бүл болоход саад болдоггүй. Найман сарын сүүл, есөн сарын дундуур төрсөн хүн бүрийг хуурай, тооцоотой, ягшмал номлолтон гэж үзэж болохгүй. Тэдний олонх нь сэтгэл татах чадалтай, хурц ухаантай. Учир нь “Охин”-ыг захирдаг “Буд” гариг цог жавхлан төгөлдөр бөлгөө. Тэд бусдын ач тус, ивээлд багтах дургүй, биеэ дааж зөвхөн өөрөө өөрийнхөө хүчинд найдаж явдаг. Хөгшин болсон хойноо хэн нэгэнд дараа болохоос айдаг. Ялимгүй “харам”, яг үнэндээ бол арвич хямгач зан нь үүнтэй холбоотой.

09.23-10.22

Жинлүүр



Царай зүс сайтай, эвлэгхэн хоолойтой бөгөөд уурласан үедээ ч дуугаа өндөрсгөх нь ховор. Тэр бүдүүлэг зан гаргадаггүй, ихэнхдээ сэтгэл сайхантай ч хүнд захирагдах дургүй. “Жинлүүрүүд” оюунлаг төрсөн хүмүүс. Тэд налгар биш боловч аливаад яарч ухаан жолоогүй довтолгох бас дургүй. 
Жинлүүрийн ордын нэр нь бүрэн тэнцвэрт байдлыг бэлгэдэх боловч тэдний хувьд тэнцвэрээ олох тийм ч амаргүй. 
Нэгэн агшинд тайван, тогтвортой, сайхан сэтгэлтэй, тэр ч байтугай сэтгэл булаам сайхан хүн санагдах боловч дараагийн агшинд яншаа, хэрүүлч, зөрүүд амьтан мэт байдаг. 
Энэ ордыг бас “Залхуу жинлүүр” гэж нэрлэх нь бий бөгөөд энэ нь 24/IX-23/X-ны хооронд төрсөн хүмүүсийн зан төлөв тууштай биш байдагтай олон талаар холбоотой. 

“Жинлүүртэн” олон хоног, тэр ч байтугай сараар амрах, сатаархыг умартан хоёр нарны хооронд зүтгэн ажиллаж байснаа гэнэт “чадал барагдлаа” гээд ойчоод өгвөл түүнийг босгох ямар ч арга байхгүй. Чадал тэнхээгээ бүрэн сэргэсний дараа бол дахиад л ажилдаа хоёр дахин “их эрчимтэй” орж явчихна. Нэг бодгалийн дотор хоёр өөр хүн байгаа лугаа адил. “Жинлүүртнийг” сэргэлэн байх үед нь харсан хүн залхуу гэж хэлэхийн аргагүй атал залхуу нь хүрсэн үед харсан хүн түүнийг ажилсаг гэж хэрхэвч санахгүй. 

Жинлүүрийн ордод төрсөн хүмүүс биеийнхээ тэнцвэрт байдлыг нөхөн сэргээхэд идэвхтэй үйл ажиллагааг сайн амралттай хослуулахын чухлыг зөн билгээрээ мэдэрдэг, ингэж ч чаддаг хүмүүс. Харин сэтгэл санааны зохирлыг олох нь тэдэнд амаргүй. Нэгэн агшинд тэд уяран хайлж, уйлж орилж ч мэднэ, нөгөө агшинд нь хорлонтой үгээр егөөдөж ч мэднэ. Эсвэл хайлсан тугалга шиг байж ч мэднэ. Хэт их ядарчихгүй л бол өвчин тусах нь ховор. Хэрэв өвчин тусч гэмээнэ дээд зэргийн анхаарал халамж шаардана. 

“Жинлүүртнүүд” маргахдаа дуртай, гэхдээ үнэн шударгыг эрхэмлэнэ. “Болох”, “болохгүй” хоёрыг жингийн тавган дээр тавьж хэмжсээр байгаад заримдаа өөрөө ч учраа олохоо болих нь бий. Олонх нь дуу хөгжим, өнгө, хэлбэрийн сайханд бахаддаг. Тэд бас гүн ухаан, хууль, анагаах ухаан, хэвлэл нийтлэлийн талын авьяастай. 
“Жинлүүртнүүд” удирдах ажилтан бол өөрийнхөө үзэл бодлыг хамт олондоо итгүүлж чаддаг маргагч, уран илтгэгч байдаг. Харин шийдвэр гаргахаасаа өмнө дэндүү удаан боддог нь бүхний ундууцлыг хөдөлгөж мэднэ.

10.23-11.21

Хилэнц



Хүмүүс хэн нэгний аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 22-ны хооронд төрснийг мэдмэгцээ “Базарваань, хилэнцэтийн ордод төрсөн юм байна шүү дээ!” гэж дуу алдан түүнээс болгоомжилж дөлсхийх нь олон. Хилэнцэт гэдэг үгийг сонсоод заримдаа айж сүрдэх, хүндэтгэх бас хүүхнүүдэд хилэнцэт хорхойн тачаангуй аяг санаанд нь зурсхийн орж ирдэг. Хэдийгээр энэ бүхэн “хилэнцтэн”-үүдэд улиг болсон зүйл боловч чухамдаа үнэн эсэхийг нь тодруулах хэрэгтэй юм. 
“Хилэнцтэнүүд” нууцаа хадгалах дуртай. Тэднийг таних хэдэн шинж тэмдэг байдаг. Тэдний нүд онцгой. Ногоон, цэнхэр, хүрэн, хар ямар ч өнгөтэй байсан таныг шидийн хүчээр илбэдэн зүрх сэтгэлийг чинь эзэмдэж чадна. Дуу хоолой нь намдуу, эелдэг эсвэл хатуу ширүүн, цангинасан ч байж болно. Тэд өөрсдийгөө хэзээ ч шүүмжлэхгүй. “Хилэнцтэн” сайн, муу талаа сайн мэднэ. Сайшаал магтаал хоёрын алийг нь ч үл тоомсорлоно. 

Дэлхийн ван гаригаас заяат төрсөн энэ хүмүүс сайхан биетэй, эрүүл чийрэг байдаг. Гол төлөв хамар, хоолой, нуруу, хөл нь өвдөнө. Гал, цацраг, тэсрэмтгий бодисоос сэргийлж явбаас зохилтой. Энэ үг ялангуяа хүүхдүүдэд ихээхэн хамаатай учир юун түрүүнд тэднээс чүдэнзийг нуух хэрэгтэй. Тэд хүмүүсийг өөртөө татдаг бөгөөд хүнд үнэнч нөхөр хэвээр үлддэг. Тэд сайн зүйлийг мартдаггүй, мууг ч бас удаан санаж явдаг хүмүүс. Юунаас ч айдаггүй зоригтой. “Хилэнцтэн” цэргийн дарга бол огт эргэлзэхгүйгээр цэргээ тулалдаанд оруулна, гал сөнөөгч бол хүүхдийн амь аврахын тулд шууд л гал руу давхин орж амиа золино. 

Ер нь “Хилэнцтэн”-үүд биеийн зовиур, гачигдал, дутагдал, инээдэм доог болохоос айхгүй. Учир нь тэд өөрсдийнхөө авьяас билэг, аливааг даван туулах чадварт онцгой итгэдэг. 
“Хилэнцтэн”-үүд цээжин дотор нь түймэр асч байвч утааг нь хамраараа гаргахгүй байж чадна. Тэд цагдаа, сэтгэл мэдрэлийн эмч, сурвалжлагч байх нь олон. Хэдийгээр “хилэнцтэн” мэс засалчдын ихэнхийг хатуу сэтгэлтэй гэж бодоцгоодог ч энэ дэлхийн хамгийн сайн эмч гэвэл тэд л байдаг. 
“Хилэнцтэн” албан хаагч өөрийгөө ч, бусдыг ч хуурахгүй, өөрийнхөө алдааг хэн нэгэн рүү түлхэхгүй. 

Тэрбээр албан тушаалдаа амжилттай ахина. Ямар амжилт олж байгаагаа ч өөрөө сайн мэднэ. Товчоор хэлэхэд өөгүй сайн ажилтан хүн. Тэд онцгой ажил хэрэгч, бас удирдагч хүндээ үнэнч. Ихэнх удирдах ажилтан “хилэнцтэн” албан хаагчаа үнэлж, саналыг нь хуваалцдаг. 

11.22-12.21

Нум



Энэ ордод төрсөн хүнийг анзаарахгүй байхын аргагүй. Тэд өөрөө хүрч ирээд, дал мөрийг тань алгадаж: “Та чинь дөч гарчихаад байгаа хэрнээ яаж ингэж залуу харагдаад байна аа?” гэж асууна. Ингэхдээ найрсагаар инээмсэглэнэ. Таныг инээмсэглэхээ больчихвол таныг гомдооё гэж огт бодоогүй тухайгаа залхуутай нь аргагүй удаан тайлбарлана. Учир нь үнэн юмыг нүүрэн дээр нь хэлж сурсан болоод тэр. 

Түүнийг хатуугаар зэмлэх хэрэггүй. Тэдний юмны эв дүйг олохдоо тааруухан чанарын нь цаана хангалттай гүзгий ухаан, ёс суртахууны өндөр чанар нуугдаж байдаг. Нэг хүнд тэр бүр цогцолдоггүй хурц ухаан, авхаалж, цоглог зан авир түүнд хосолж байдаг нь түүнийг байнга хүмүүсийн анхаарлын төвд байлгадаг. Тэдний эрс шулуун зан төрхийн цаана ямар ч худал хуурмаг санаа байдаггүй, бодсон зүйлээ шууд хэлчихдэг хүмүүс. Гол төлөв өндөр нуруутай байдаг. 
Намхан нуруутай байлаа ч их чийрэг биетэй, өргөн магнайтай, том толгойтой, аятайхан царайтай, алиа наргиа шингэсэн гялалзсан нүдтэй. Харин хөдлөх, явахдаа эв дүй муутай. Ярих үедээ гараараа зангаж дохих зуршилтай. Нумынхан нэлээд хөдөлгөөнтэй. Байраа сэлгэж байх хүсэлтэй. Тэд ан амьтан, ялангуяа морь, нохойд хайртай. 

Ер нь эрэлхэг хүмүүс. Аюултай, амь дүйсэн зүйлд татагддаг. Машинаар өндөр хурдтай явах дуртай. Олонх нь туршин нисэгч болдог. Мөн хүний сайн нөхөр бөгөөд зөвлөгөө өгч туслахдаа үргэлж бэлэн байдаг. Яриа хөөрөөтэй, илэн далангүй, сайхан сэтгэлтэй ч цочмог ууртай. Гэсэн хэдий ч голдуу өөдрөг сэтгэлтэй, маргааш өнөөдрөөс өлзийтэй болно хэмээх уриатай явдаг. Тэд сэтгэл санагаар унасан ч түргэн засардаг. Тоглоомд их хорхойтой. 

12.22-01.19

Матар



Матрын орд бол нарны замууд дотроос буюу бусад ордууд дундаас хамгийн тогтвортой ба хамгийн айхтар буюу чухал орд юм. Матрууд маш сайн менежерүүд болдог. Яагаад гэвэл тэд өөртөө болон хүмүүст маш өндөр шаардлага тавьж ажилладаг. Тэдний ийм биеэ даасан, хатуу зан чанар нь тэдэнд маш их ур чадварыг бий болгодог байна. Матрын ордныхон өөртөө маш итгэлтэй, өндөр зорилготой, даруу түвшин бөгөөд маш зарчимч нэгэн. Тийм ч учраас тэд үнэн байдлыг шууд хэлж, шүүмжилдэг. Мөн матрын ордныг төлөөлөх capricious гэсэн үг нь өөрөө ааштай, маягтай гэсэн утгатай юм. Тэд гэнэт л маш уран ухаантай, зальтай болдог. Мөн гэнэт л маш гэнэтийн хачин байдлаар хариуцлага алдаж бүгдийг баллах нь ч бий. Тэд цөөхөн хэдэн сайн найзуудтай байх ба маш сайн өрсөлдөгч болж чаддаг.

01.20-02.18

Хумх



Бумбын ордод төрсөн хүний олонх нь зан сайтай, сайхан сэтгэлтэй байдаг хэдий ч Тэнгэрийн ван гаригт захирагддаг тул олон нийтийн саналаас зөрсөн зүйл хийж, ер бусын ааш аяг гаргах нь бий. Yүндээ огтхон ч эмзэглэдэггүй. Тэд этгээд сонин хувцас өмсөх нь элбэг. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд захирагдах дургүйгээ илтэд харуулахыг хүсдэг. 
Эрх чөлөөг эрхэмлэдэг, хурц ухаан, өвөрмөц сэтгэхүйтэй, биеэ даасан хүмүүс байдаг. Гэсэн хэдий ч аймхай, эелдэг, найрсаг, дипломатч зантай, өр нимгэн сэтгэлтэй. “Нөхөр”, “нөхөд” гэдэг үгийг онцлон хэрэглэх дуртай. Тэд үнэхээр найз, нөхөд олонтой, хүнтэй танилцахдаа ч амархан. Их сургуулийн захирал, хавь ойрынхоо архичид, бага ангийн годгор охинтой ч хээв нэг найзлаад явж харагдана. 

Yерхэж найзалж байсан нөхдөө зовсон үед нь хэзээ ч орхихгүй. Сэтгэлтэй явсан хүүхэндээ, салсан эхнэртээ: “Хоёулаа найз хэвээрээ л үлдэе дээ, тэгэх үү? гэж хэлж чадна. Энэ ордод төрсөн хүн улс төрийн бодлого, морь мал, машин техник, ер нь юу ч сонирхож мэднэ. Тэнгэрийн ван гаригаас заяатай төрсөн болохоороо аливаа зүйлтэй арцалдах хандлагатай. 

Дэлхий ертөнцөд эрс тэс хувьсгалт өөрчлөлт хийх хэрэгтэйг зөн совингоороо мэдэрч байдаг. Гэвч хэрэг явдал улс төрийн бодлого болоод ирэхийн үед болгоомжтой хандаж эхэлнэ. Халз тулалдах нь тэдний хувьд айдас төрүүлнэ. 
Бумбын ордынхны одоо бодож байгаа зүйлд хүн төрөлхтөн тавин жилийн дараа л хүрч очно гэж зурхайн ухаан сургадаг. Тэдний олонх нь үнэхээр суут хүмүүс байдаг ч суу билиг нь бодлогогүй явдалтай зэрэгцэх нь олон. Тэд хоорондох заагийг тогтоож чаддаггүй. Бумбын ордынхон сэтгэл нь хямарсан, уур уцаартай хүн, айж цочсон хүүхдийг тайвшруулахдаа онцгой авьяастай. Байнгын хөдөлгөөнтэй байж, эрүүл агаарт явж, унтаж амрах ёстой атал тэгэхгүй, цонхоо ч онгойлгохгүй, суусан газраа шигдээд л байна. Сэтгэлийн хөдөлгөөн, сэрэл мэдрэмж ихтэй болохоор нойронд муу. 

Ой сайтай улс биш, мартах санах нь амархан. Харин аливааг зөгнөж мэдрэхдээ сайн. Ирээдүйд болох үйл явдал, бас хүний бодол санааг ид шидийн мэт тааж мэдэх чадвартай. Тэд онцгой үнэнч хүмүүс. Мөнгө зээлж, бас зээлдүүлэх дургүй. 

02.19-03.20

Загас



Загасны ордынхонд бусад бүх ордынхны шинж чанар их бага хэмжээгээр байдаг. Тэдний ааш зан ойлгомжгүй, зөрчилтэй байдаг нь үүнтэй холбоотой. Гэсэн ч өөрийн онцлогтой. Жишээ нь, алдар нэр, эд баялагт шунадаггүй. Урсгал сөрөхөөсөө илүү “урсгал дагаж” хөвдөг. 
Загасны ордод төрсөн хүмүүс сайхан сэтгэлтэй, мөрөөдөмтгий, хэнэггүй зантай. Тэдэнд нийгэмийн, улс төрийн асуудал, байгаль орчны бохирдолт зэрэг асуудлууд нэг их нөлөөлөхгүй. Хэр баргийн зүйлд бухимдахгүй. Гэхдээ энэ нь огт сэтгэлийн хөдөлгөөнгүй гэсэн үг биш. Загаснууд ихэвчлэн жүжигчин зантай. 
Математик, техник сонирхдог хүмүүс байдаг ч олонх нь урлагийн салбар, үгүйдээ л түүний ойролцоо мэргэжилтэй байх нь олон. Театрын гэрэл тохируулагч, хувцас, хөгжимчин, ном, зурагт хуудас чимэглэгч, дууны багш гэх мэт. Тэд нэлээд зүдэргээтэй давтлагаас нь эс залхваас эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч нэр цуутай жүжигчид болцгооно. Дүрслэн бодох чадавр сайтай, шог хошин зантай, гоо сайхны мэдрэх мэдрэмжтэй болохоор ер бусын авьяастай яруу найрагч, хүүрнэл зохиолч болох нь олонтаа. Харин тэднийг хурцхан шүүмжилвэл тэр авьяасыг өлгийдөө байхад нь хөнөөж мэднэ. Хоёр, гуравдугаар сард мэндэлсэн хүмүүс гайхалтай сайн багш, сурган хүмүүжүүлэгч болдог. 

Хүнийг өрөвдөх нинжин сэтгэлтэй тул сайн сувилагч, эм найруулагч байх нь бий. Банкинд кассчин, пүүсийн эзэн байх нь харин тун ховор. Учир нь тэд нэг газар удаан байх дургүй. Гадаад байдлаараа бусдаас ялгарах нэг зүйл нь сайхан бөгөөд нэлээд давхраатай нүд юм. “Загас”-ууд өндөр нуруутай байх нь ховор. Хөвж яваа адил намс намс алхалдаг. Ойр хавьдаа шингэн зүйл байгааг мэдэхгүй өнгөрнө гэж үгүй. Мөстэй хийжүүлсэн ус, кофе, аагтайхан цайг үлдээнэ гэж байхгүй. “Загас”-ны ордынхонд согтууруулах ундаанаас холхон явах ухаан хүрэлцэхүйц байдаг. Гэсэн хэдий ч зарим нь биеэ барьж чадахгүй элдэв зовлонгоос ангижрах, тайвширлыг дарснаас олж авахыг хичээдэг. Гоё өнгийн ертөнцийг шинээр харж, аль нэг нь хүссэнээр нь болж өгөхгүй бол амьдралд эзлэх байр суурийнхаа төлөө тэмцэхийн оронд хий үзэгдлээр сэтгэлээ хуурцгаадаг. 

Тэдний бэлгэдэл нь өөр өөр чигт буюу нэг нь өөдөө нөгөө нь уруугаа сэлж яваа хоёр загасны дүрс байдгийг анзаарсан байх. Энэ бэлгэдэл санамсаргүй юм биш. Өөдөө сэлж яваа нь амжилт олж, хүн төрөлхтөнийг ачилж, ивээж ч чадна. Харин сэтгэлийн тэнхээ нь хүрэхгүй урсгал даган уруугаа хөвж яваа нь зоогийн газарт сав угаагч, эсвэл гудамжны цас цэвэрлэгч болж таарна. 
Хачин зүүд зүүдэлж, тэр нь биелэх хандлагатай. Зөгнөж бодсон зүйлс нь бүтдэг. “Загас” таныг өнөөдөр онгоц, эсвэл машинаар явж хэрэггүй гэж хэлсэн бол та явган явсан нь л дээр. “Загас”-ууд өөрсдийгөө мөнхрөнө гэж итгэдэг улс. Тийм ч учраас биеэ хайхардаггүй байж магад. Чухамдаа бол тийм ч чийрэг улс биш байдаг.