Ш.Ядамсүрэнгийн мэдрэхүйн бичлэг

2013 оны 05 сарын 01

Зураач Ш.Ядамсүрэн хэмээх нэртэй лааны тос, мөс, чихрэн уран баримал, усан будгийн зураг гэсэн үгс холбогдоно. Бүр тодруулбал, дэлхийд алдартай “Харродс” дэлгүүр, “Мадам Тюссо” музейд тэр бүтээлээ туурвиж байсан. Сонирхолтой хэдий ч адармаатай дүрслэх урлагийн мэргэжлийг Ш.Ядамсүрэн сонгосон. Тэр сонголтдоо хэзээ ч харамсаж байгаагүй. Бас хэцүү цагт хэн нэгнээс гуйж, бусдыг буруутгаж байгаагүй. Амьдрал түүнийг өөр зүгт олонтаа хөтөлсөн ч эргээд урлагийн замдаа нэгддэг нь сонирхолтой. Ш.Ядамсүрэн үүнийг “том аз” гэж боддог. Бусдын л жишгээр тэр өөрчлөлт шинэчлэлтийн, шилжилтийн хэмээх цаг үед хилийн дээс алхан Лондоныг зорьсон. Олон монголчуудын адилаар хар ажил хийхээр явсан юм билээ. Азаар түүний эзэмшсэн мэргэжил түүнийг өөр зүгт хөтөлж, шат ахиулсан. Тэр нь “Харродс”, бас “Мадам Тюссо”. Алдарт дуучин Мэрайя Кэригийн төрсөн өдөрт зориулсан 5000 ам.долларын үнэтэй бялууны чихрэн чимэглэлийг энэ залуу урлаж байсан. Одоо Ш.Ядамсүрэн эх орондоо уран бүтээлээ туурвиж байгаа. Өнөөдөр түүний “Усан будаг-2” үзэсгэлэн “976” арт галерейд нээлтээ хийнэ. Английн “Chelsea Art and Design College”-ийн төгсөгч, уран зураач Ш.Ядамсүрэнтэй ярилцсанаа хүргэе.

-Цэцэрлэгийн хүүхдүүд усан будгаар зурж сурдаг. Гэсэн ч дүрслэх урлагийнхан усан будгийг хэцүү төрөл хэмээн үздэг. Яагаад?

-Манайд усан будгийн бүтээл ховор. Нэг үгээр бол орхигдсон төрөл. Тосон будгаар зураг зурахдаа хэчнээн ч хугацааг зарцуулж болно. Санаагаа сайжруулж, засаж явсаар нэг сар, хоёр жил, бүр хэдэн жил ч болж болно. Харин усан будгийн ажлыг 30- 40 минутад л дуусгах ёстой. Ялангуяа том хэмжээтэй зургийг усан будгаар зурах амарг үй.

-Энэ үзэсгэлэн “Усан будаг- 2” нэртэй. Өмнө нь хэдэн онд үзэсгэлэн гаргасан бэ?

-Англид ажиллаж байгаад 2008 онд эх орондоо ирсэн. 2010 онд “Усан будаг-1” үзэсгэлэнгээ гаргасан. Тухайн үед хүмүүс “Усан будгийн бүтээл 40 жил завсардсан” гэж байсан.

-Том талбайд богино хугацаанд зурдаг гэлээ. Таны зургууд ямар хэмжээтэй вэ?

-Европ стандартын дагуу 58х97 см хэмжээтэй зурдаг. Манайд бол усан будгийн зургууд зургийн дэвтрийн хэмжээтэй байдаг.

-Өнөөгийн Монголын дүрслэх урлагт усан будгийн бүтээлээр байр сууриа эзэлж буй Ш.Ядамсүрэн өмнө нь Англид лааны тос, мөс, чихрээр уран баримал хийдэг байсан юм байна. Зураач бас уран барималч мэргэжилтэй юм уу?

-Үгүй ээ. Гэхдээ зураач нар уран баримал хийдэг шүү дээ. Би Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн. Ичинноров багшийн шавь. Манай сургалт орос дэгээр явдаг юм. Тэр зарчмаар зураач нар баримал хийж сурдаг. Гэхдээ би Монголд байхдаа баримал хийж байгаагүй. Англид л баримал хийсэн дээ.

-Таны уран бүтээлийн танилцуулгад Лучиано Павароттигийн лааны тосон баримал, Мэрайя Кэригийн чихрэн хөшөө, Чингис хаан, Бөртэ хатны хос баримал багтсан байна. яагаад лааны тосон баримал хийх болов?

-Би Египетийн тэрбумтан Мохамед Аль Файедын дэлхийд алдартай “Харродс” дэлг үүрт ажилладаг байсан юм. Англид очсон жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг эхний таван байгууламжийн нэг. Тодруулбал, манай их дэлг үүрийг 15 нийлүүлсэн хэмжээтэй, Английн ихэс дээдэс, язгууртнуудад зориулсан цогц үйлчилгээтэй газар. Энэ дэлгүүрт би худалдааны зориулалттай лааны тосон, мөсөн, чихрэн баримал хийдэг байсан юм. Тэр дунд Дэвид Бэкхем, Мэрайя Кэри зэрэг алдартнуудыг чихрээр хийж бялуун дээр байрлуулж байсан. Мөн дэлгүүрийнхээ хамтын ажиллагааны хүрээнд “Мадам Тюссо” музейд дадлага хийж, Лучиано Паваротти, “Битлз” хамтлагийнхан зэрэг 10 гаруй баримлыг лааны тосоор хийсэн. Гэхдээ би тухайн үед “Мадам Тюссо”-гийнх шиг шилэн нүд, хиймэл үс ашиглаагүй. Бүгдийг лааны тосоор хийсэн. Мөн Лондоны олимпийн бөхийн барилдаан болсон “ExCel” цэнгэлдэх хүрээлэнд хоёр жилд нэг удаа болдог зочид буудал, хүлээн авалтын бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн үзэсгэлэнгийн үеэр хоолны гоёл, чимэглэл хийх уралдаанд байгууллагынхаа нэрийн өмн өөс гурван удаа оролцож, хоёр удаа гран при хүртсэн. Тэгэхдээ Чингис хаан, Бөртэ хатныг лааны тосон баримлаар хийсэн юм.

-Дэлхийд алдартай дэлг үүрт бараг л мэргэжлийнхээ дагуу ажиллах болсон нь завшаантай хэрэг. Ийм аз хүн бүхэнд тохиохгүй байх шүү.

-Тийм ээ. Би 1996 онд оюутны виз аваад Англи явсан. Гэр бүлийнхэндээ тус дэм болох гээд хар ажил хийнэ л гэж бодож байлаа. Тэнд очоод танилуудаараа дамжуулан нэгэн энэтхэг ресторанд аяга угаагчаар ажилд орлоо. Тэр ресторан хүнсний бүтээгдэх үүнээр урлал хийдэг. Тайландад үндэсний урлаг болтлоо хөгжсөн юм билээ, тэр нь. Ресторанд тийм бүтээл хийдэг хүмүүс нь бөөн сүр дуулиан болж, шоу маягаар түүнийгээ хийдэг байв. Харин би түүнийг нь хараад хийчихсэн. Тэгээд нэг өдөр ч аяга угаалгүй “дэвшчихлээ”. Тэндээ хоёр жил ажилласан. Тэгсэн нэг өдөр ажлаа тараад гарч явтал “Харродс”-ын хоёр төлөөлөгч ирж ажиллах санал тавив. Мэдээж би ажиллахыг зөвшөөрсөн. Оюутны визтэй болохоор долоо хоногт 15 цаг л ажилладаг байв. Залуу байсан учраас энэтхэг ресторан болон “Харродс”-т зэрэг ажиллана. Хуульч, эмч мэргэжилтэй хүмүүс гадаадад яг мэргэжлийнхээ дагуу ажиллахад бэрхшээлтэй бол урлагийнханд хийсэн бүтээснээ харуулаад ажиллах давуу тал бий. “Харродс”-т хоёр жил ажиллаад цагаачлалын албаны шаардлагаар нутагтаа эргэж ирсэн. Энд ирээд дөрвөн сар болж байтал “Харродс”-оос албан ёсны урилга ирж таван жилийн хугацаатайгаар гэр бүлийнхнийхээ хамт Англид очиж байлаа. Бараг ажлын албан ёсны гэрээгээр Монголоос Англид очсон анхны хүн нь би байх. 2002 онд Англид эргэж очоод Швейцарийн Цюрихт лааны тосон баримал, Австрид мөсөн урлалын чиглэлээр сургалтад суусан. 2003 онд “Chelsea Art and Design College”-ийн оройн ангид элсэж, уран зураач мэргэжлээр төгссөн.

-Үргэлжлүүлээд тэндээ ажиллаж болох л байсан байх. Гэхдээ эх орондоо иржээ. Уран зураг, баримал буюу таны уран бүтээлийг ойлгон хүртэх үзэгч нь энд биш, Европт илүү олон баймаар юм.

-Би айлын ганц хүү. Тэгээд ч эх орон, төрөлх гэрээсээ хол 10 жил амьдарсан. Тиймээс эргэж ирэхээр шийдсэн. Мэдээж уран бүтээлийг ойлгох тал дээр 100 жилийн ялгаатай. Тэнд би уран бүтээлээ л хийхэд хангалттай. Харин энд бол үгүй. Гэхдээ би сонгосон мэргэжилдээ хайртай. Манай аав, ээж, дүү бүгд эмч. Намайг мэс заслын эмч болгоно гэдэг байсан ч би зураач болсон. Одоо ч намайг мэргэжлээ өөрчилж өөр зүйл хийхийг ятгадаг. Тэглээ гээд би зургаа хэзээ ч орхихгүй. Хувийн бизнес хийхийн зэрэгцээ зурж байна. Үзэсгэлэнгээс үзэсгэлэнгийн хооронд өөрийг өө хөгжүүлэхийг хичээж байгаа. Энд хэцүү байна гээд би бүх бурууг төр, засагт өгөхгүй. Түүний оронд сэтгэл, мэдрэмжээрээ бүтээн туурвисаар байх болно. Би өөрийнхөө хувьд хамгийн сайнаар л бүтээн туурвиж байгаа. Тиймээс хэзээ нэгэн цагт Монголд хэрэгтэй зүйл хийсэн байхыг үгүйсгэхгүй.

-Лондонд сурч, мэдсэнээ эх орондоо бодит ажил хэрэг болгохгүй юм уу?

-Анх 1996 онд Монголоос Англи руу явахад хар зурагт үзэж байгаад өнгөт зурагт харсан мэт байсан. Тийм л эрс, тэс орчин байсан хэрэг. Харин дараа нь эх орондоо ирсэн. Ихийг хийж бүтээх төлөвлөгөө байсан. Гэхдээ одоо хүртэл миний шок арилаагүй л байна. Дөрвөн жил болж байхад шүү дээ. Энд хүнтэй ажил хэрэг ярих, эхлүүлэхэд амаргүй. Худлаа ярина, хууран мэхэлнэ. Найзуудтайгаа жимсэн урлалыг эхлүүлэх тухай ярилцсан. Хараахан ажил хэрэг болоогүй л байна. Мэдээж маш өндөр төвшинд хийж байж хүний сэтгэлийг татна. Харин лааны тосон баримлын хувьд цаг нь болоогүй. Одоо хийж болох ч нэг хэсэг шуугиж, хүмүүс анхаараад л нам жим болох байх. Гэтэл эдгээр бүтээлийг удаан хугацаанд нарийн дэг, горимын дагуу хадгалах ёстой. Ашиг олсон ч, олоогүй ч түүнийг анхны хэлбэрээр нь байлгаж чадах тийм цаг ирсэн үед л хийх хэрэгтэй байх. Мөсөн баримлыг манайхан хийдэг шүү дээ. Өвөл энд, тэндг үй сайхан баримлууд босчихсон байдаг.

-Та өөрийнхөө уран бүтээлийг хэрхэн тодорхойлох вэ?

-Миний усан будгийн ажлуудыг бодит болоод төсөөллийн орон зайн дунд хийгдэж буй сонирхолтой туршилт гэж хэлж болно. Реализм миний бүтээлүүдийн цөм хэсэгт оршдог. Учир нь хүм үүс миний бүтээлээс танил барилга байшин, эд зүйлсээ амархан олж харах боломжтой. Сүр жавхлан, түгшүүр хослуулсан усан будгийн хурц өнгийн хэлхээс нь миний зүрх сэтгэл, мэдрэхүйн бичлэг юм. -Таны бүтээлд ямар сэдэв зонхилдог вэ. Энэ үзэсгэлэнд хэдэн зураг багтсан бол? -Би Улаанбаатарын хүүхэд. Тиймээс төрөлх хотоо зурах дуртай. “Усан будаг-2” үзэсгэлэнд 35 зураг багтаж байгаа.

Ж.Солонго