Г.Эрдэнэтунгалаг: Он цагийн шалгуурт сөхрөлгүй дуутайгаа хамт амьдарч явна

“...Өглөө мандах нарнаас өрсөж ургахдаа

Үргэлж дулаахан харцыг чинь үгүйлээд сэрдэг шүү хань минь

Гуниг сарниах нүдэнд чинь эрхэлж жаргахдаа

Гэрэл гийсэн амьдралдаа цэцэг шиг сэргэдэг шүү хань минь ээ...” хэмээх хүн болгоны сонсох дуртай энэ дуу хаа сайгүй эгшиглэдэг. Хослон амьдрахын утга учир, ханилахуйн ёсны эрхэм жаргалыг магтсан сайхан дуунууд эрхэм зочдын маань сэтгэл зүрхнээс ундарч хөглөгдсөн бүтээл билээ. “Удам залгамж” буландаа дуучин Г.Эрдэнэтунгалаг, түүний ээж хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг нарыг урилаа.

-Сүүлийн үед та ямар уран бүтээл туурвиж байна вэ. Энэ сарын сүүлчээр тоглолтоо толилуулах сураг дуулдсан?

- “Г.Эрдэнэтунгалаг хит энтертайнмент” тоглолтоо энэ сарын 29-нд толилуулахаар боллоо. Өөрийн шилдэг, бас хит болж байсан дуунуудаа нэгтгээд үзэгчдэд өргөн барина. Мөн ирэх жил гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, С.Ганзориг, Г.Ариунбаатар, Л.Чулуунбаатар нартай хамтарч шинэ цомог гаргахаар төлөвлөсөн.

-Та ээжийнхээ “Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр” дууг Т.Батсайхантай хамтран дуулж олны танил болж байсан. Энэ дуу хит болж байсан тэр үеийг эргээд санахад ойрхон байна шүү?

-Би аав, ээждээ их баярладаг. Энэ дуу хуучраагүй үлдсэн бүтээлүүдийн нэг. Дуучин болгон анх дуулсан дуугаараа олонд танил болоод байдаггүй шүү дээ. Сайхан дуу дуулж, тайзан дээр гарсан болохоор бид он цагийн шалгуурт сөхрөлгүй дуутайгаа хамт амьдарч яваа.

-Ээж тань Эрдэнэтунгалагаас хичээл зүтгэл, ур чадвар, хөдөлмөр шаардсан бүтээл бол “Хайрлаарай” дуу юм шүү дээ гэж байсан?

-Тийм ээ. Энэ дууг би усны урсгалтай зүйрлэдэг юм. Нарийн чимхлүүр ажиллагаатай, тэр хэрээрээ ч надаас ур чадвар, мэдрэмж их шаардсан. Энд тэнд урилгаар очиход хүмүүс “Хайрлаарай” дуугаа дуулаач гэж хүсэлт тавьдаг.

-Таныг дуучин болоход хамгийн их нөлөөлсөн хүн яах аргагүй ээж тань шүү дээ?

-Би ийм сайхан ээжийн охин болж төрөөгүй бол дуу минь ард түмэнд хүрэхгүй байсан биз. Миний ээж дуучны мэргэжил эзэмшээгүй ч сайхан дуулдаг. Төрөлхийн сонсгол сайтай учраас хэзээ ч өнгө алддаггүй. Намайг урлагт дуртай болж, дуу хуур руу тэмүүлэхэд ээжийн минь тоглодог баян хуур хөгжим их нөлөөлсөн. Хүүхэд байхад ээж хөгжмөө бариад дуулдаг байлаа. Энэ хөгжим миний сэтгэлийг хөглөж, урлаг руу хүчтэй хөтөлсөн. Би багадаа орныхоо хөшгийг татаж байгаад л “гавьяат жүжигчин нохой” дуулна гэж зарладаг байсан. Бас болоогүй ээ, дүү нараа үзэгч болгоод тасалбар тасална. Цэцэрлэгийн хүүхэд, сургуулийн сурагч, оюутан болсон хойноо ч сургуулийнхаа урлагийн үзлэг, олон нийтийн ажилд хамгийн түрүүнд идэвхтэй оролцдог байлаа. Намайг хамгийн их задалж, дуучин болох хүслийг төрүүлсэн газар бол “Их засаг” их сургууль. Энэ сургууль спорт, урлаг, нийгмийн ажилд оюутнуудаа уриалж, идэвхтэй оролцуулдаг байсан нь их нөлөөлсөн.

-Дуулдгийг чинь мэдсээр байж ээж тань яагаад хуулийн сургуульд орохыг тань зөвшөөрсөн юм бол?

-Ээж “Миний охин урлагаар явах хэрэггүй. Өөрийн хүссэнээр хангалуун амьдарна гэж хэзээ ч байдаггүй юм. Урлагт өөрийгөө зориулахад чамаас асар их тэвчээр, сэтгэлийн хат шаардана. Цаанадаж амьдралаа ч золиослох хэрэг гарна. Хуулийн мэргэжил эзэмшвэл сайн өмгөөлөгч, шүүгч болж болно. Тэгээд ч амьдралын баталгаатай ажил” гэж зөвлөсөн. Би ээжийнхээ зөвлөгөө дагаж, “Их засаг” их сургуульд хуульч, эрхзүйч мэргэжлээр суралцсан. Намайг урлагаар явбал тийм ч сайхан амьдрахгүй гэж ээж эмээсэн байх л даа. Сүүлд СУИС-д шалгалт өгөөд тэнцэхэд “Чи өөрөө л мэд” гэж хэлсэн. Хуулийн сургуульд сурч байсан маань надад том олз болсон. Ном их уншуулж, хууль дүрэм цээжлүүлдэг байсан болохоор ярих чадвар сайн эзэмшиж, өөртөө хэрэг болох мэдлэг хуримтлуулж чадсан.

-Таны дуулсан дуу тэр даруйдаа л олонд хүрдэг. Тэгэхээр хүний сэтгэл татах увидас шингэсэн байдаг юм шиг санагддаг?

-Нэг гэр бүлийн хүмүүс хамтарч уран бүтээл туурвисныг хүмүүс хүлээн зөвшөөрч, сонсох дуртай дууныхаа нэгээр сонгоно гэдэг ховор завшаан шүү дээ. Ээж охин хоёр удам судар, нэгэн биеийн үргэлжлэл тул бие биеэ мэдрэх мэдрэмж өндөр байдаг. Ээж дууныхаа аялгуугаар юуг илэрхийлэх гээд байгааг би төвөггүй ойлгодог. Ойлгож, мэдэрдэг учраас л дуу маань олонд хурдан хүрдэг болов уу. Уран бүтээлийнхээ гараагаа сайн эхэлсэн болохоор өмнөхөөсөө дордуулж болохгүй гэж боддог. Уран бүтээл чанартай байх тусмаа ард түмэнд хүрнэ. Хүний сэтгэлийг татах бүтээл туурвина гэдэг их хэцүү. “Бодолд өнжсөн хайр”, “Ханьсахын жаргал”, “Хайрлаарай” дуунаас давсан бүтээл хийж байж, олны сэтгэлд хоногшиж үлдэнэ шүү дээ.

-Тантай рок, попын дуучид хамтарч уран бүтээл туурвих санал тавьдаг гэж сонссон?

-Амьдрал тэр чигээрээ боломж байдаг. Хүмүүс надад санал тавиасай гэж би хүлээж суудаггүй, хааяа өөрөө ч санал тавьдаг тал бий. Хүүхэд байх үеийн маань нэг дурсамж сэтгэлд тод үлджээ. 1995 онд “Одод болох хүслэн” тэмцээнд оролцож, сүүлийн шалгаруулалт дээр гавьяат жүжигчин Б.Сарантуяа эгчийн дууг дуулахаар боллоо. Тэр үед ориг бичлэг нь олдохгүй байсан тул зориг гаргаад гэрт нь очлоо. Ангийнхаа найзынд зочилж очихдоо хөрш нь гэдгийг мэдэж авсан л даа. Уулзаад, учраа хэлтэл уриалгахан хүлээж аваад, өөрийнхөө дуулсан дууны ориг бичлэгийг өгч билээ. Тэр тэмцээнд Сарантуяа эгчийн дууг дуулж, түрүүлж байсан. Гавьяат жүжигчин Т.Ариунаа эгч шагнал гардуулж байхдаа “Миний дүү сайн дуучин болоорой, амжилт хүсье” гээд урам хайрласан. Хүн өөртөө хэрэгтэй боломжийг алдах хэрэггүй. Миний хувьд өөрийн сэтгэлд нийцдэг уран бүтээлчид санал тавьж, хамтарч ажилладаг. SBN телевизийн “Манай аялгуу” төслөөр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараатай хамтарч “Нүгэл буян” киноны дууг дуулсан.

-Ээж тань охиноо сайн дуучин гэж дүгнэдэг болов уу?

-Манай ээж магтаалын үгэнд тун харам. Мэдэхгүй, чадахгүй зүйлээ асуухаар хэлж өгөхгүй, учрыг нь өөрөө олж мэд гэнэ. Би ч гэсэн охиноо аливаа зүйлийн учрыг өөрөө олж мэдэг гэж боддог. Биднийг, намайг багаас минь бие даалгасан. Одоо ч намайг чи сайн дуулж байна гэж магтдаггүй. Мартын наймны баяраар “Сүүтэй энгэрийн аялгуу” тоглолт хийхэд “Ёстой мундаг байна” гэж хэлээгүй. Хүн урмаар амьдардаг шүү дээ. Ээжийгээ урам хайрлаагүйд дотроо жаахан гомдож л байлаа. Би их шартай зантай. Ээжээс урмын үг сонстолоо шаргуу хөдөлмөрлөнө.

-Охин тань таны зан чанараас өвлөсөн болов уу?

-Хүүхдийн авьяас, сонирхол, мэрийлт хэр хүн болохыг харуулдаг. Би охиноо урлагийн хүн болгохгүй гэж их зүтгэсэн. Охин маань зөрсөөр байгаад Хөгжим бүжгийн сургуульд орсон. Надад “Ээж ээ би өөрөө хариуцлагаа хүлээнэ” гэж хэлсэн шүү. Дипломатч болгох гээд дийлсэнгүй, урлаг руу урвуулчихлаа. Есүй дуу, хөгжимд дуртай. Яг над шиг сониуч зантай. Аливаа зүйлийн мөн чанарыг мэдэх гэж надаас “яагаад” гэж их асуудаг. Охиноо шүлэг бичих дуртай болохоор шүлгийн дэвтэр авч өгсөн юм. Тэгсэн нэг өдөр “Ээж ээ таны тоглолтод нэр өгөх гээд жагсаагаад биччихлээ” гэлээ. Тэр дундаас “Зүрхэнд ассан гал хайр” гэдэг үг миний сонирхлыг өөрийн эрхгүй татсан. Охиноосоо ямар учиртай ингэж бичсэн юм бэ гэж асуутал “Хайр болгон зүрхэнд асдаг гэж би боддог” гээд хариулж байсан. Охин маань хайртай гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлдэг. Энэ үгийг хэлж, хөлд орж байлаа.

-Та ээжийнхээ ямар дуунд дуртай вэ?

-Эзнээ олсон дуу амьдардаг, олоогүй нь амилдаггүй. Ийм бүтээл ээжид олон бий. Намайг хүүхэд байхад “Нуухаас аргагүй амраг” дуунд ая зохиож байсан. Би ээжийн энэ дуунд дуртай болохоор шилдэг бүтээлийнх нь нэг гэж боддог. Энэ дуу даанч олонд төдийлэн хүрээгүй л дээ. Монголчууд “тулгын гурван чулуу” гэж ярьдаг даа. Тэгвэл манай гэр бүлд уран бүтээлийн тулгын гурван чулуу бий. Аавын шүлэг бол дууны шүлэг, дууны шүлэг дотроо яруу хэллэгтэй. Амьдралын эгэл зүйлүүдийг яруу хэллэгээр илэрхийлсэн байдаг юм. Тухайлбал, “Ханьсахын жаргал” дууны “...Өглөө мандах нарнаар өрсөж ургахдаа” гэдэг зүйрлэл шүлэг болгонд байдаггүй. Сайн шүлгээс сайн дуу төрнө. Тиймдээ ч аавын минь олон шүлэг сайхан дуу болж амилсан гэж боддог. Цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрөх юм даа. Арван жилийн өмнө оюутан байсан жаахан охин “Ханьсахын жаргал” дууг амилуулахын тулд аав, ээжийнхээ нэг нэгнээ хайрлаж буй хайр, халамж, тунирхал, гомдлыг нүдэндээ харж, төсөөлж дуулсан. Одоо ч манай аав, ээж арван наймтууд шиг л байдаг.

-Хамгийн сүүлд аав тань ямар шүлгээ дуу болгоорой гэж өгсөн бэ?

-Дөрөв хоногийн өмнө аав “Хайрын хишиг” дууны шүлэг тэрлэсэн. Ээж аялгууг нь хийж байгаа. Би энэ дууг дуучин С.Чулуунбаатартай хамтарч дуулах бодолтой байгаа.

-Та ээжийнхээ ямар зан чанарыг өвлөсөн бэ?

-Ээжийн бидний төлөө тавьдаг халамж нь ихдэнэ үү гэхээс багадахгүй. Хэт их санаа тавьдаг зан нь заримдаа тээртэй ч гэмээр санагддаг л даа. Хүнд бэлэг өгч, баярлуулах дуртай, тэр дундаа хүүхдүүдийн алгыг тэнийлгэх бүр ч дуртай. Гэр бүлийнхээ хоол, хүнсэнд анхаарал их хандуулдаг. Юманд няхуур нямбай ханддаг. Хүний хэлсэн шүүмжийг хүлээцтэй хүлээж авна. Ямарваа зүйлийг удаан, тайван бодож шийдвэр гаргадаг. Эмэгтэй хүн болохоор мэдрэмж өндөртэй, түүнийгээ уран бүтээлдээ шууд тусгадаг. Би ээжийнхээ зөрүүд, шударга занг дуурайсан. Миний этгээд зан заримдаа гэрийхнийгээ гайхашруулдаг юм.

-Аав, ээжийнхээ хайр, халамжийг ямар үед их үгүйлдэг вэ?

-Би голдуу аялал, тоглолтоор гадагшаа явдаг. Очоод долоо хоноод л ээжийн халамж, гарын хоолыг санана. Байгаа үедээ халамжийг нь мэдрэхгүй хэрнээ байхгүйд нь үгүйлнэ. Ээжийг эзгүйд гэр дулаахан хэрнээ сэрүү татаад л, хийсэн хоол маань амтгүй юм шиг санагдана. 2005 онд Америкийн 11 хотоор аялан тоглолт хийж, сар гаруй явлаа. Тэндхийн гял, цял зүйл эхэндээ жигтэйхэн сайхан санагдсан. Сүүлдээ ч сонирхол буураад Монголоо, гэрээ санаад эхэлсэн. Аавд сайхан чанар олон бий. Бид буруу зүйл хийсэн бол аавын ширүүн харцнаас их эмээнэ. Харц нь цохиод авснаас дутуугүй санагддаг. Биднийг зэмлэхээсээ илүү ухааруулж хэлдэг. Амьдралд алсын хараатай ханддаг эр хүний занг ааваасаа олж хардаг. Анхны тоглолтоо толилуулсан, эсвэл шинэ дуундаа клип хийлгэсэн бол аав гэртээ ширээ засаж, заавал тэмдэглэдэг. Эрэгтэй хүн гэхэд амттай хоол хийнэ. Аавын маань энэ сэтгэл бидэнд урам өгч, эрч хүч хайрладаг. Ааваасаа даацтай, сайн шүлэг аваад сурчихсан болохоор хүний санал болгосон шүлэг сэтгэлд төдийлэн хүрдэггүй.

Д.ЦЭЦЭРЛЭГ: "ХАНЬСАХЫН ЖАРГАЛ" ДУУ БИДНИЙ ХАЙРЫН БАТАЛГАА

-Урлагийнхан голдуу удам дамжсан байдаг. Танай удамд дуулж, хуурддаг хүн байсан уу?

-Манай гэр бүлийн өчүүхэн авьяас аав, ээжээс минь улбаатай. Аавын минь ээжийг Туулай гэдэг байсан. Эмээ минь морин хуур, гармони хөгжим тоглоно. Намайг таван настай байхад эмээ гармони хөгжим зааж өгч билээ. Гэрийнхээ ажлыг амжуулчихаад, зав гарвал эмээ морин хуураа дарж, намайг биелгээ хийлгэдэг байсан.

“...Алчуурыг минь өгөөч ах минь

Аальгүй зангаа болиоч ах минь” гэж хошин өнгө аястай дуу дуулдаг байсан. Би энэ дууг эмээгийнхээ гармони хөгжим дээр тоглож сурсан. Намайг наймдугаар ангид сурч байхад эмээ минь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Аав маань морин хуур тоглож, уртын дуу сайхан дуулна. Манай гэрт морин хуурын аялгуу байнга эгшиглэдэг байв. Хүүхэд байхад аав надад “...Туяарсан Алтайн дуулал цалилзсан” гээд л миний охин энэ гоё үгтэй дуу, аав нь чамд зааж өгье гээд инээдэг байж билээ. Намайг найман настай байхад аав баянхуур хөгжим худалдаж авч өгсөн. Баянхуур хөгжмөө өргөж даахгүй болохоор сандал дээр тавьж байгаад л эмээгийнхээ зааж өгсөн дууг тоглоно. Өөрөө уйгагүй оролдсоор байгаад олон дуу сурсан даа. Аав намайг ер зүгээр суулгахгүй. “Алив аавдаа сурсан дуугаа, хөгжим дээрээ тоглож харуулаач. Миний охин маргааш тийм дуу сураарай” гэнэ. Аав, ээж минь охиндоо байгаа өчүүхэн авьяасыг хөгжүүлье гэж их хичээдэг байж дээ. Ээж минь дүрлэгэр алаг нүдтэй, урт хар гэзэгтэй, царайлаг бүсгүй байсан. Аав ойр хавийн хүүхдүүдийг гэртээ дуудаж оруулаад “За хүүхдүүд ээ өөрт байгаа авьяасаа үзүүлж. дуулж, бүжиглээрэй” гэнэ. Хүнд өссөн орчин их нөлөөлдөг юм билээ.

-Монгол Улсын гавьяат багш Найдан таныг хөгжмийн эрдэмд сургасан гэдэг, үнэн үү?

-Намайг тавдугаар ангид байхад Найдан багш Багшийн сургуулийн хөгжийн ангийг дүүргэж ирээд, надад баянхуур хөгжим, ноттой нь заасан. Багшийн баян хөгжим тоглохыг хараад “Би багш шигээ яаж ингэж гоё тоглох вэ” гэж их боддог байлаа.

-Эрдэнэтунгалаг багаасаа л дуулж эхэлсэн. Би охиноо төрүүлчихээд хойшоо сургуульд сурахаар яваад, зургаан настай байхад нь ирж байсан. Намайг амралтаараа ирэхэд цэцэрлэгийн багш нь “Танай охин их авьяастай, концертонд байнга оролцдог” гэж хэлсэн. Хүүхэд байхдаа орны хөшиг нээгээд “Монгол Улсын гавьяат жүжигчин нохой дуулна” гэж зарлаад дуулдаг байсан. Охиныгоо ингэж хэлэхээр би инээдээ барьж чаддаггүй байж билээ. Тэр цагаас хойш хаана л хүүхдийн дууны уралдаан, тэмцээн болно охиноо дагуулаад очно. Хүүхдийн ордонд тэмцээн байс гээд болно, охин маань оролцоод байр эзэлчихсэн байдаг байсан. Бага байхдаа миний дуулдаг дууг сурчихсан дуулж сууна. Заримдаа ичээд “Миний охин боль, том хүний дуу дуулдаггүй юм” гэнэ. Ээжийнхээ дуулах дуртай занг одоо охин нь мөн л дуурайсан байна. Хожим охиныхоо дуулсан “Дуулж л явахаас даа” дууг би залуу байхдаа их дуулдаг байсан даа. Найзуудаа зочилж ирэхэд нь баянхуур хөгжмөө дараад л энэ дуугаа дуулна. Эрдэнэтунгалаг нэг өдөр “Ээж ээ таны энэ дуу хүүхэд байхаас минь сэтгэлд хоногшсон. Том болоод энэ дууг заавал дуулна даа гэж боддог байлаа” гэж хэлж байсан. Охин маань хэлсэндээ хүрч, энэ дууг амьдруулсан шүү.

-Та зээ охиноо дуу, хөгжим сонирхоод байхаар нь дуртай дэмжсэн байлгүй?

-Би Есүйг ээжээсээ илүү уран бүтээлч болно гэж боддог. Ээжийгээ бодвол байгалиас заяасан сонсголтой. Намайг уран бүтээлээ туурвиад дуусангуут зээ маань “Эмээ би таны зохиосон дууг сурчихлаа, дуулж болох уу” гээд асууна. Гэртээ зохиож буй аялгууг өрөөнөөсөө сонсчихоод, хажууд ирээд шууд дуулна шүү дээ. Одоо ээжийнхээ дуулсан бүх дууг дуулна. Монголоос гадна орос, англи дуу дуулж байна. Манайх гурван охинтой. Дунд охин маань жүжигчин, бага охин Москвагийн хөгжмийн дээд сургуульд сурч байгаа. Ээжийнхээ дуунаас гадна эгч нарынхаа дууг хэдийнэ сурчихсан дуулж байдаг юм. Нөгөөдүүл нь гайхаад “Есүй яасан адтай юм бэ, бидний дуулдаг дууг сурчихсан байна” гэдэг юм. Аавынхаа алиа хошин, хүнийг цаашлуулах дуртай занг сүүлийн үед зээгээсээ олж хараад байгаа. Би бас иймэрхүү зантай хүн шүү дээ. Зээ маань надтай үеийн юм шиг харилцдаг. Эрдэнэтунгалаг “Охиноо урлагаар явуулахгүй ээ. Өөр мэргэжилтэй болгоно” гээд “Орчлон” сургуульд оруулсан. Тэгсэн зээ маань “Үгүй ээ, би энэ сургуульд сурахгүй, заавал хөгжимчин, дуучин болно” гэж зөрсөөр байгаад Хөгжим бүжгийн сургуульд орсон шүү.

-Эрдэнэтунгалагийг “Ханьсахын жаргал” дууг Т.Батсайхантай хамтран дуулж, олны танил болоход та баярласан биз?

-Тэр үед Эрдэнэтунгалаг хүүхдээрээ шахуу байсан даа. Залуу дуучид нийтийн дуу руу нэг хэсэг хошуурсан шүү дээ. Би охиноо СУИС-ийг дүүргээд, мэргэжлийн дуучнаар дагнасан бол улам их амжилт гаргах байсан гэж боддог. Дуурийн дуучин болж, гадаадад мэргэжил дээшлүүлсэн бол одоогийнхоосоо ч илүү амжилт гаргах боломж байсан. Намайг найзууд маань “Охиноо дуурийн дуучин болгох байсан юм” гэж зэмлэдэг л юм. Охиндоо “Дуучин хүн 30 насны босго давж байж хоолойны өнгөө олдог юм. Чамд мэргэжлийн дуучин болох боломж байна” гэж хэлдэг. Цаг хугацаатай уралдаж, өөрт байгаа боломжоо бүрэн ашиглавал мэргэжлийн дуучин болоход оройтохгүй.

-Охинд тань олон давуу чанар байдаг юм билээ. Танд ямар зан чанар нь таалагддаг вэ

-Эрдэнэтунгалаг дууны үг, аялгуунд тун мэдрэмжтэй ханддаг. Дууны үгээ бүрэн утгаар нь хүнд хүргэж чаддаг. Ямарваа дууг сэтгэлээсээ дуулна. Хоолойн цар хүрээ, өнгөний хувьд дуурь, рок поп руу ч хөрвөх чадвартай. Үүнээс гадна хэл сурах авьяастай, дуудлага галигийг нь цэвэрхэн хэлнэ. Зээ маань ээжийнхээ энэ авьяасыг өвлөж байна. “Катюша” дууг орос хүүхдээс дутахааргүй дуулдаг. Хүүхдийг багаас нь зөв чиглүүлэх хэрэгтэй. Хүсэл, сонирхол нь хаашаа тэмүүлж байна түүгээр нь явуулах нь зүйтэй юм. Охин маань надад “Ээж ээ та намайг “нухаж” байгаагүй бол би дуучин болж чадахгүй л байсан. Танаас их зүйл сурсан шүү” гэдэг юм. “Хайрлаарай” дуу дуучин болгоны дуулдаг бүтээл биш. Энэ дууг хүмүүст хүргэх гэж их хөдөлмөрлөсөн, хичээл зүтгэл ч гаргасан. Яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай “Чиний “Хайрлаарай” дуу шиг дуу болсон доо” гэж байсан. Тэр мундаг хүнээс ийм үг сонсчихоод, гайгүй бүтээл болсон юм байна даа” гэж бодсон шүү.

-Таны зохиосон анхны дууг сонсчихоод аав,ээж тань баярласан байх даа?

-Аав, ээжийгээ амьдад нь нэг ч дуугаа сонсгож чадаагүйдээ харамсдаг юм. Би уран бүтээлд хожуу хөл тавьсан. Аав минь намайг сургуулиа дүүргээд ирж байхад “Охин минь юу сурснаа харуулж, дуу, хөгжим зохио” гэж үүрэг өгсөн. Нэг өдөр Увс нуурын эрэг дээр дагуулж очоод “Охин минь энэ сайхан нуурын давалгааг хараад чамд аялгуу төрөхгүй байна уу” гээд асууж билээ. Эцэг хүн холын хараатай байдаг. Аав маань охиноо хожим хөгжимтэй нөхөрлөж, аялгуу зохионо гэдгийг зөнгөөрөө мэддэг байж. Би 1990 оны дундуур уран бүтээл рүүгээ шаргуу орсон. Миний анхны бүтээл “Нуухаас аргагүй амраг” хэмээх дуу байдаг. Олонд төдийлэн хүрээгүй л дээ. Тэр үед энэ дуунд аялгуу хийчихээд хав дарчихсан юм.

Яагаад?

-Тэр үед би залуу байсан. “Нууц амрагийн дуунд аялгуу зохиогоод байхдаа яадаг юм гээд хүмүүс намайг гайхах болов уу” гэж бодсон. Миний туурвисан бүтээлүүд 2000 оноос эхэлж хүмүүст хүрч эхэлсэн. Тухайлбал ”Хүлээсэн учрал”, “Сэтгэлд мөнхөрсөн ижий”, “Зүүдэнд уяатай аав”, “Цагдаагийн гэргий” гээд ар араасаа хөвөрсөн дөө.”Сэтгэлд мөнхөрсөн ижий” дуу ээждээ, “Зүүдэнд уяатай аав” дуугаа найздаа зориулж бүтээсэн. Сэтгэлийн гүнээс гарсан бүтээл цаанаа л нэг өөр байдаг. Би энэ дууныхаа аялгууг зохиож байхдаа аавыгаа бодоод уйлж байлаа. Энэ дуу олны дунд хит болж, надад уран бүтээл туурвих урам хайрласан юм шүү. 13 жилийн хугацаанд 150 гаруй дуу төр үүлжээ. Түүнээс 20 гаруй дуу ард түмний сэтгэлд хоногшиж үлдсэн байна. Би олон дуу зохиох дург үй. Дуу олшрох тусмаа аялгуу нь давтагддаг тал бий. Тиймээс дуунд аялгуу зохиох гэж их удаан боддог. Хийж байгаа бүтээлээсээ сэтгэлийн таашаал авна гэдэг уран бүтээлч хүний хамгийн сайхан жаргал байдаг.

-Л.Гаваасүрэн гуайн шүлгүүд таныг хөглөж, олон бүтээл туурвих эрч хүч хайрласан байх аа?

-Намайг хөглөсөн хүн бол хань маань. Би ханьтайгаа хожуу учирсан. Эмэгтэй хүн сайн ханьтай, ар тал нь найдвартай байхад өнгөтэй, зүстэй, амжилттай явдаг. Нөхрийнхөө бичсэн шүлгийг хараад л сэтгэлд аялгуу нь буудаг юм. Эрх дураараа өссөн болоод ч тэр үү би хань, хүүхдүүддээ эрхлэх дуртай. Хүн болгонд заяагаад байдаггүй ховор зан ханьд минь бий. Харахад ширүүн гэмээр дүр төрхтэй ч өр нимгэн, зөөлөн хүн шүү дээ. Ардын жүжигчин А.Долгор бид хоёр сайхан нөхөрлөдөг. Найз маань надад “ер нь амьдралын бүх зүйл сайхан гэсэн утга илэрхийлсэн дуу зохиогоод өгөөч“ гэж санал тавилаа. Би найздаа зориулж “Зүйрлэшгүй” хэмээх дуу зохиож өгсөн. Найз маань аялгууг нь сонсчихоод “Их сайхан аялгуутай дуу болжээ. Гаваасүрэн та хоёртоо маш их баярлалаа” гэж урам хайрласан. Хүн сайхан эх орон, аав ээж, сайн хань, үр хүүхэд, хамт олон, найз нөхөдтэй байх ёстой гэж бодож нөхөр маань энэ дууны шүлгийг тэрлэсэн. Би бага охиндоо мэргэжлээ өвлүүлж, сайн хөгжмийн зохиолч болгоно гэж боддог. “Ханьсахын жаргал” дуу бол бидний хайрын баталгаа юм шүү дээ. Ханийн минь “Зүсээ гундтал ханилахдаа чамаасаа уйдахгүй ээ” гэдэг үг намайг хөглөсөн. Бид олон хүнээс талархлын үг сонсдог. Тэр хэрээрээ ч чанартай уран бүтээл хийхийг эрмэлздэг. Өнгөрс өн зун Гаваасүрэн бид хоёр уран бүтээлийн олз омог ихтэй байлаа. Ирэх сард уран бүтээлийнхээ тоглолтыг толилуулна.


Г.БАТЦЭЦЭГ

zochin 67.173.77.11 2013 оны 11 сарын 11 01:55 Хариулах
arkhychin avgai ,nokhroo khog shig l khaysan daa
sain 182.160.44*** 2013 оны 11 сарын 09 12:08 Хариулах
jinhene urlagiin ger bul gej edniihiig l heleh bn da.garsan gants zee ni hurtel ene zamaar yavj baihiig bodohod avayas argagui l usamshdag yum bn geh bodol turluu.erdenetungalagiin duulsan tsetsegt tsenher alchuur bol uneheer zuunii shildeg duullalttai duu bolson do.ene duug mash gaihamshigtai duulsan bolovch er ni l heg ih duulagdahgui yuma.ene duugaa olon dahin duulaach ee
uka 103.11.195.62 2013 оны 11 сарын 09 00:02 Хариулах
az jargal hvsie
ganjaa1006 103.26.194.95 2013 оны 11 сарын 08 22:21 Хариулах
tanai ger buld az jargal eruul enh uran buteelin ih amjilt husie
badrah 202.126.91.58 2013 оны 11 сарын 08 20:11 Хариулах
ta 2 t ajliin amjilt husie.saihan duugaaraa ard tumne bayrluulj yavaarai.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/