ӨНӨӨДӨР СОНИНЫ ШИНЭ ДУГААРТ
Өнөөдөр сонин

Нийгэм

БӨХӨӨС ИНЖЕНЕРИЙГ ЭРХЭМЛЭДЭГ БОЛСОН ЦАГТ МОНГОЛ ХӨГЖИНӨ

2010-02-26 13:35

С.Баяр Ерөнхий сайд байхдаа нэг сайхан уриалга гаргасан юм. “...Гадаадад сурч, амьдарч буй элэг нэгт монголчууддаа... гэж байгаад эхэлдэг тэр уриалга үнэхээр сэтгэл хөдөлгөм... Тийм байлгүй дээ! Бид чинь өөрийн эх орны хөгжил, дэвшил, монгол хүний үнэ цэнийг эрхэмлэсэн, үүнийхээ төлөө бодлоготой, сэтгэлтэй, тэмүүлэлтэй төр засагтай болж байгаа юм байна гэж бодогдон, дотор огшим үгсийг тэр хэлсэн байсан. Тун удалгүй манай сонинд л лав гадаадад сурч, амьдарч буй олон монгол хүнээс талархлын үгс тээсэн “мессеж” ирэх болсон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд нь Монголоо хөгжүүлэхийн төлөө, сэтгэлтэй бүхнийг эх орондоо эргэж ирэхийг хүсээд, цалин, ажлын байраар хангах ёстой, тийм нөхцөлийг нь ч бүрдүүлнэ гэж уриалсан болохоор маш олон инженер, эдийн засагч, эмч, зохион бүтээгч, санхүүч ачаа, бараагаа баадагнаж, эх орноо зорин тэмцэхэд бэлэн болчихоод байсан юм билээ. Чадварлаг чадалтай, оюунлиг монгол залуус олон. Тэд дэлхийн хөгжилтэй улс орнуудад хамгийн өндөр технологитой салбарт нь амжилттай ажиллаж явна. Тэднийг эх орондоо ирж, сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх нөхцөлийг нь хангах ёстой. Чухам ийм л үгийг хилийн чанад дахь мянга, мянган монгол мэргэжилтэн олон жил хүлээж байж. Тэр үгийг нь С.Баяр хэлэв. Түрүүчийнх нь хүмүүс Монголоо гээд хүрээд иржээ.

Харамсалтай нь С.Баярын үг сайхан уриалгаас цааш хэтэрсэнгүй дээ! Түүнд боломж, цаг хугацаа ч олдоогүй байх. Хамгийн гол нь маш чухал үйлсийн эхлэл цогшиж байхад нь бид унтраах биш улам бадрааж, дүрэлзсэн их гал болгох учиртай байв. Тэгээд энэ нь эдүгээ цагийн төрийн амин чухал бодлого болон үргэлжлэх ёстой байлаа.

С.Баяр уг нь цөлх ухаан зааж үүнийг сэдсэн буй за. Гэхдээ түүний энэ сэдлийг эрүүл мэнд, сайдын суудлаа өгсөнтэй нь цуг үдэж болохгүй байсан болов уу. Авах цалин, ажиллах орчин эх оронд нь хэцүүхэн гэдгийг мэдэж байгаа ч, гагцхүү мэддэг, хийдэг, бүтээдэг нэгнийг адгийн адагт ортол шахдаг дарамт, ажиллах урам, сэтгэл зүрхгүй болгон мохоодог элдэв хүнд сурталтай тогтолцоог л Монголд үгүй болгохыг төр, засгийн хэмжээндээ хүсэж, мөрөөдөж, хэрэгжүүлэхийг завдах аваас “Sony”, “Toyota”, “Siеmens”, “Aston”, “Microsoft”- ийн зохион бүтээх, программ боловсруулах товчоо, Дэлхийн банк, Уол Стрийт, Азийн хөгжлийн банкин дахь тохилог, тухлаг оффисоо олон арван монгол залуус эргэлзэх юмгүй орхиод ирэхэд бэлэн байна.

Монгол Улс хөгжлийнхөө шинэ гараан дээр ирлээ. Гаднынхан биднийг чихэр горьдсон хүүхэд адил ширтэж, юуг ч болов хийгээд өгөхөд бэлэн гэж сууна. Төмөр зам тавьж, барилга барьж, хот сууринг төлөвлөж, нано болон биотехнологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, ган хайлан, машин, техникээ зохион бүтээж, эрчим хүч, уул уурхайн бүхий л тулгамдсан асуудлыг сийрэгхэн шийдээд, хэн нэгэн Жон, Иван, Лигийн царайг харахгүйгээр аваад явчих сэргэлэн, авьяаслаг, чадвартай, чадалтай боловсон хүчин Монголд хангалттай бий. Б.Гейтсийн компанийн тархи нь болох программ хангамжийн төвд нь нэг, хоёр бус монголчууд ажиллаж байна. Дэлхийн чадалтай инженерүүдийг шигшиж ажиллуулдаг “Toyota”, “Ламборджини”-гийн зохион бүтээх товчоонд монгол инженер суу билгээрээ гайхуулж явна.

Нано технологийг бөс барааны үйлдвэрлэлд нэвтрүүлэх аргачлалыг дэлхийд анхлан монгол бүсгүй боловсруулаад, эдүгээ түүнийхээ үр шимийг хүртсэн тэрбумтан болоод чимээгүйхэн, судалгаа шинжилгээгээ үргэлжлүүлж явааг бид мэддэггүй. Австрали улсын эрчим хүч, цахилгаан холбооны салбарыг монгол инженер сүүлийн арав гаруй жил хамгийн амжилттай удирдан авч явааг бас сонсохыг, мэдэхийг ч хүсдэггүй. NEC, Английн цахилгаан эрчим хүчний “Aston” гэх мэт нэр хүндтэй компаниудад тэргүүлэх зэргийн инженерээр монгол залуу ажиллаж байгаа тухай бидний хэд маань мэдэх бол. Москва, Санкт-Петербургийн гудамжуудыг чимэх болсон орчин үеийн хамгийн гоёмсог барилгуудын интерьер, экстерьерийг аанай л монгол хүний зохиомжоор хийдэг болсон гэвэл итгэх үү… Энэ мэт жишээ олон. 

Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш 20 жил өнгөрчээ. Маш урт хугацаа. Гэвч бидний хөгжил бахь байдгаараа нийгэм улам тогтворгүйтэж, хөгжлийн, бүтээн байгуулалтын тухай биш, хов жив, хэрүүл хэлцэл, атаа жөтөө, бухимдал, авлига, хээл хахууль, улнаасаа доош орсон ёс суртахуун, худал яриа, хууран мэхлэлт, гэмт хэрэг, үгүйрэл хоосролын тухай л 20 жил ярьцгаалаа. Япон, БНСУ, Тайвань, Сингапур, Тайланд үсрэнгүй хөгжилд хүрэхдээ ийм хугацааг зарцуулсан юм. Өөрсдийгөө тэдэнтэй харьцуулах тусам харамсмаар. Тэд 20 жилд хөл дээрээ өндийж, босоод алхаж чадсан байхад бид элгээрээ хэвтчихээд байгаагийн учир юу вэ. Өнөөдөр хүний оюун ухааны үнэ цэнийн үнэлэмжийн төлөө, баян тансаг, өндөр хөгжил, технологитой цоо шинэ Монгол Улсын төлөө хувьсгал хийх цаг болжээ.

Хэрэв бид яг одоо л ийм хувьсгал хийхгүй алдах аваас дахин нар өөд хартлаа бэрхшээл зовлонг удаан туулах буюу. Эцэст нь улс эх орон, Монгол гэж бахархах ч юмгүй үлдэх болно. Миний бодлоор Монголын оюуны цөм сүүлийн 20 жилийн турш гадагш урслаа. Монголд сайн инженер хэрэгтэй болохоос мянган боксчин, түмэн бөх, буман хурдан морь хэрэггүй. “Биеийн хүчээр нэгийг, ухааны хүчээр мянгыг дийлнэ” хэмээн хэлцдэг ард түмэн атлаа амьдрал дээр эсрэгээр байдаг учраас бид хөгжсөнгүй ээ. Нийгмийг чадварлаг инженер, эдийн засагч, хуульчид авч явж, хөгжил, тэсрэлт, өөрчлөлтийг хийдэг болохоос олимп, дэлхийн аварга тамирчин, салхинаас хурдан адуутай байгаад хөгжил ирдэггүй билээ.

Баялгийг уурхайчин, гуталчин, талхчин, малчин, шаварчин, өрлөгчин мэргэжилтэй ажилчин анги бүтээдэг болохоос бөх, морь бүтээдэггүй. Хүчтэй бөх, хурдан хүлгийн хиртэй, шороотой хөлсөнд хүрч адис авснаар хөгжилд хүрч, элбэг баян эрүүл саруул улс орон болдог байсан бол Монгол Улс өдийд дэлхийд гайхагдсан супер гүрэн болсон байх байлаа. Зүй тогтлын тухай Мерфийн хуульд “Сайнаар эхэлсэн бүхэн муугаар төгсдөг. Муугаар эхэлсэн бүхэн мөхлөөр дуусдаг” гэсэн байдаг.

Бид 20 жилийн өмнөөс оюун ухааныг бус, алдар нэр албан тушаалыг, шинжлэх ухааныг бус мухар сүсгийг эрхэмлэн, дээдэлдэг болсон учраас нэг алхам урагшлаад, хоёр алхам хойшилчихоод байдаг. Монгол Улсын хөгжлийн гарцыг тодорхойлон, чиглүүлэх ёстой эрхмүүд болохоор хэчнээн олон бөхтэй, морьтой байна, Монгол төдий чинээ хөгжинө гэсэн ойлголттой байдаг бололтой. Өнөөдөр аймаг болгон бөхийн, бас хурдан морины галтай.

Тэрхүү галыг ёс юм шиг УИХ-ын гишүүн, сайд дарга нар тэргүүлдэг. Тэгээд сайн бөх төрүүлж, сайн морьтой болохын төлөө доод тал нь жилдээ 100- 200 сая төгрөг зарцуулж байгаа. Миний хамгийн сайн мэдэх ГовьАлтай аймгийн “Хантайшир” гэдэг нэртэй бөхийн дэвжээ бий. Энэ дэвжээг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тэргүүлдэг. Өнгөрсөн жил гэхэд л 120 гаруй сая төгрөгийг дэвжээндээ зарцуулсан. Энэ жишгээр 21 аймгийн бөхийн дэвжээнд зарцуулдаг мөнгийг тооцоод үзвэл хоёр тэрбум хол гарсан дүн харагдана. Хайран мөнгө. Учир нь ийм хэмжээний хөрөнгийг инженер, эдийн засагч, хуульч, багш, эмч бэлтгэхэд зарцуулсан бол Монгол Улс жинхэнэ хүсээд ирдэггүй хөгжлийн замдаа жигдэрсэн байх байлаа.

Эрхтэн дархтнууд бөх, морь, найр наадамд зарцуулдаг тэр их хөрөнгийнхөө талын талыг нутаг орноосоо сайн гуталчин, талхчин, машинист, барилгачин бэлтгэж гаргахад зориулж “гал” байгуулсан бол Монгол Улс цэнгэлийн манлайд тун ч хурдан хүрэх байлаа. Хэчнээн ядарч туйлдаж байсан ч бүсээ чангалаад, залуусаа Өрнөдөд боловсрол эзэмшүүлж, эргээд ирэхэд нь улс орныхоо хувь заяаг гарт нь атгуулсан учраас япон, солонгос, тайваньчууд хөгжилд хурдан хүрч чадсан болохоос монголчууд шиг сүмо, шырым бөхдөө сая саяар нь мөнгө цацаж суугаагүй юм билээ. Монгол инженер ган хайлж, машин угсарч, автобус үйлдвэрлэж чадаж байна. Монгол инженер “Боинг”, “Аэробус”-ийг засварлаж, уригдаж явна.

Монгол инженер дэлхийд ноёрхсон том компани, нэгдлүүдэд шинэ шинэ бүтээлээрээ гайхуулан ажиллацгааж байна. Гагцхүү тэднийг эх орондоо ирэх зам, үүдийг нь нээж өгөх цаг болжээ. Монголыг минь муу муухай болгож буй мулгуу бодлого, морь, бөх, мухар сүсэгтэйгээ цуг мартагдаг. Монгол орон оюун ухаан, сэтгэлгээг шүтэн дээдэлдэг улс орон болж байж хөгжинө. Ийм байхын тулд ХУВЬСГАЛ хийх цаг болжээ.

Даваадорж-д 2010 оны 07 сарын 01 20:43 Хариулах
Ж.Энхбаяр мэтийн нөхөд яагаад мөнгөө ингэж утга учиргүй, хайр найргүй цацдаг юм бэ? Учир нь тэр мөнгөнд тэдний өөрсдийн хүч хөлс өчүүхэн ч шингээгүй байдаг учраас хайрладаггүй юм. Угаас хар мөртэй мөнгө цагаан замтай болно гэж байдаггүй билээ.
odko 2010 оны 03 сарын 16 11:35 Хариулах
маш үнэн үг, маш зөв санаа бичсэн байна. УИХ-ын гишүүд мөнгийг тэрбум тэрбумаар гарын сарвуугаараа цацаж байснаас залуучуудаа гадаад руу гаргаж сургах хэрэгтэй. Залуучуудын маань зарим нь амжилтай сайн сургалцана. Зарим сурч чадахгүй юмаа гэхэд хотын соёл сурна шүү дээ. УБ-т гудамжаар явахад бөөн стресс!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2010 оны 02 сарын 27 23:04 Хариулах
маш зөв санааг бичсэн байна. Ийм л сэтгэлгээгээр ажилд хандаасай
Зөв 2010 оны 03 сарын 02 13:30 Хариулах
Зөв бичжээ, Монгол хүнийг толгойгоорой сэтгэж, биеэрээ ажиллах замыг хэн алдагдуулж байгааг бодмоор байна, Хэдхэн нууц бодлогоор зөвхөн амаа ангайгаад мөнгө нэхээд суудаг Монгол болгох хэнд ашигтай вэ, Сурч хөдөлмөрлөх бодлогыг хаагаад байгааг Монголчууд бодох цаг ирсэн юм биш үү, Яагаад инженер, эрдэмтдийг бодлогоор гаргахгүй байна, Хэний хүүхэлдэй болгож үндсээр нь устгах бодлого явагдаад байна, Толгой нь ажилладаг, сэтгэдэг эрх баригч ард түмэн хэнд хэрэггүйг мэдэх үү, Монголчуудаа сэрэмжлэе, Бид хэний хараат болоод байна, Бүх салбар маанУханнгүй улс төрч нэртэй баячуудыг улс төрд гаргаж байгаад баахан баярхуулж бусдыг нь түүнийг нь дуурайлгуулж байгаад улсаар нь устгах гэж байгаа юм биш үү биднийг, Сэрэмжлэх хэрэгтэй биш үү, Улсаа биш юм гэхэд хүүхдээ үрсээ бодооч, Ийм янзаар бол удахгүй улс маань байхгүй болж үрс маань хүний зарц болж дээшээ тэнгэр харж явж чадахаа байна шүү, Хөөрөгдөж гаргаж ирсэн баячуудыгаа ч гэсэн нам дараад хүүхдүүдээр нь зарцаа хийнэ дээ, Бодооч,,,76 дотор
Зочин 2010 оны 02 сарын 26 18:29 Хариулах
Bayar said asan saihan hoshgoruulaad l ongorson baihgui yu! Her bargiin hoshgoruultad huurtaj mongol butsaad amaaraa shoroo umheh hun odoo barag baihgui dee!
Ш.Даваадорж

"Өнөөдөр" сонины орлогч эрхлэгч

Шилдэг нийтлэл »
prev next

Манай буланд »

Чөлөөт цаг»
"Арслан тайжаар" замаа заалгаж урлагийн хүн болсон..
Чөлөөт цаг»
Наоми Кэмпбеллийн хурим Бурнуудын ордонд болж магадгүй..
Нийгэм»
Хоолны дэглэмийг дэлхийн соёлын өвд бүртгэх үү..
Чөлөөт цаг»
АВИДЫН ШАНГАД
Нийгэм»
Манайхан “Загасан нүд 2010”-ын хоёр төрөлд тэргүүллээ..
Чөлөөт цаг»
Анхны хувийн пуужин хэзээ ХӨӨРӨХ ВЭ..
Улс төр»
Энэ өдөр-Лучиано Паваротти 72 насандаа хорвоог орхив..
Дэлхий ертөнц»
Идэж болдог металл
Нийгэм»
ХАКҮХО ургацаа хураана
Нийгэм»
Цэвэр агаар зарж байна
Чөлөөт цаг»
НИСДЭГ БААВГАЙ, СУРГУУЛЬТАЙ ГАЛУУ, ЯПОН АЛИАЛАГЧ МОНГОЛЧУУ..
Нийгэм»
Битбоксчин РЭЙ ЛОНДОНД тоглоно
Чөлөөт цаг»
Paparazzi Туяа
Нийгэм»
СЭЛЭНГИЙН “НОГООН ӨДРҮҮД” эхэллээ..
Нийгэм»
Сая долларын үс
Нийгэм»
Асрагч орангутан
Улс төр»
Тэтгэвэрт гарснаа мөнгө тарааж тэмдэглэжээ..
Дэлхий ертөнц»
Хятадад автомашины худалдаа асар хурдацтай өсөж байна..
Developed by Singleton LLC