Миний ээж

2011-03-29 11:44:17

Тэнгэрийн өнгөт цэнхэрхэн даашинзны хормой дэрвэнэ. Залуухан, сайхан ээж минь шинэхэн даашинзаа өмсөж үзэж буй нь энэ. Ээж инээмсэглээд л, цэнхэр даашинзны хормой дэрвээд л. Ийм дүр зураг 4-5 насны минь санамжид үлджээ. Ээжийнхээ жаргалтай, инээмсэглэн баярлаж байгаа дүр зургийг санамжаасаа “шүүж” үзлээ. Яагаад ч юм ийм дүр зураг олон биш байх юм. Болиод ээжээсээ асууж үзлээ. “Жаргалтай мөч олон байлгүй яах вэ дээ” гэв. Ээжид ч бас тийм онцгой баярт дурсамж санагдсангүй. Төрүүлж, өдийг хүртэл өсгөсөн ээжийгээ баярлуулах онцгой зүйл нэг ч удаа хийж байгаагүй өөртөө гомдов.

Гэхдээ ээжүүд хэзээ ч хариу нэхдэггүй. Хүү нь, охин нь мэндлэхэд, хэлд орж “ээжээ” гэж дуудахад, хөлд орж тэнтэр тунтар алхахад, хожим сургуульд орж бичиг үсэг тайлагдахад, амьдралын мөр хөөж ажилтай, эрүүл саруул амьдарч яваад ээж бүхэн баярладаг. 20 гаруй наслахдаа ээжээсээ удаан хугацаагаар хол байж үзээгүй. Өдөр бүр хамт байдаг атлаа ээжийнхээ дотоод ертөнцөд тэр бүр нэвтэрч үзээг үй, сонирхоогүй явснаа сая л ухаарлаа. Ээжийг минь Дамдингомбын Бямбасүрэн гэдэг. Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн юм.

Эцэг, эх нь нутаг сэлгэх болсон учир ой гарантай л тэндээс гарчээ. Түүнээс хойш төрсөн нутагтаа очиж завдаагүй яваа. Эмээгийн төрсөн дүү тэнд үр, хүүхэд, ач зээ нартайгаа өнөр өтгөн аж төрдөг. Гэтэл ээж нагац эгчтэйгээ дөнгөж өнгөрсөн жил л анх удаа уулзсан. Эмээтэй минь үнэхээр адилхан хүн байдаг юм билээ. Нялх байхдаа нутгаасаа гарсан болохоор тэнд амьдарч байгаа хамаатан саднуудтайгаа төдийлөн холбоогүй. Ээжийгээ төрсөн нутагт нь аваачиж, ах дүү, садантай нь танилцуулна…Ийм нэг бодол надад бий.

Ээжтэйгээ хамт өнгөрүүлж яваа олон жилд сайхан дурсамж зөндөө бий. Ээж, аав минь геологийн салбарт олон жил ажилласан. Бага байхад тэднийгээ дагаад л зун бүр хөдөө явдаг байлаа. Нэг зун учиргүй намагтай газар геологийн анги ажилласан юм. Манайх, ангийн даргынх гэсэн хоёрхон айл “намагт хөндий”-д буув. Өглөө босоод ирэхэд дэргэдэх хүн харагдахааргүй манан татчихсан байна. Өрмийн ангийнхан нь тэндээс нэлээд зайтай ажиллаж байв.

Аав, эгч бид гурав өрмийнхөн дээр очоод эргэж ирэхэд ээж минь сүүтэй будаа чаначихаж. Тэр сүүтэй будаа үнэхээр сайхан амттай байж билээ. Ер мартагдахгүй. Ах, эгч нар том болчихсон гээд тэр зун хөдөө яваагүй. Эгч бид хоёр ээж, аавтайгаа эрхэлж өнжсөн дөө. 18 настай үзэсгэлэнтэй, сайхан бүсгүй аавтай минь учирч, 40 жилийн турш хоёр биедээ уусан амьдарч байгаа. Би ээжтэй хүн, үнэхээр азтай. Элэг бүтэн, эрүүл саруул амьдрах шиг жаргал үгүй.

Харамсалтай нь энэ аз жаргалын үнэ цэнийг бид тэр бүр амьд бурхдыгаа байхад ухаардаггүй биз. Хоёр жилийн өмнө ээж минь нэлээд сүрхий өвдсөн юм. Гэнэт л хамраас нь зогсолтгүй цус дуслаад. Үнэхээр аймаар юм билээ. Түргэн дуудчихаад хүлээгээд байдаг, ирдэггүй. Цаг гаруйн дараа ирсэн. Тэр хүртэл цус нь зогсолтгүй гараад… Ээж минь сүүлдээ аавд “Би ингээд үхлээ шүү дээ” гээд уйлсан. “Ах нарыгаа дууд” гээд л. Би хоёр ах, хоёр эгчтэй.

Ах нар арын байшинд амьдардаг байлаа. Тэднийг дуудсан. Бүгд ээжийгээ тойрч зогсоод сандраад. Арай гэж түргэн ирэхэд аав минь ээжийг аваад явсан. Эмнэлэгт цусыг нь тогтоожээ. Хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй болсон. Тэр өдрүүдэд ээж минь турж, нүднээс гарсан байж билээ. Яг тэр үед л “Ээж мөнх амьдрахгүй. Тиймээс хайрлаж, халамжлан хүслийг нь чадлынхаа хэрээр биелүүлж амьдрах хэрэгтэй шүү” гэж өөртөө хэлсэн. Ээжийгээ загнаж, муухай аашилдаг муу охин л доо, би. “Ингэж болохгүй” гэдгийг тухайн үед маш сайн ойлгосон.

Азаар ээж минь эдгэсэн. Бүх зүйл ард үлдсэн. Магадгүй ээжийгээ хайрлана, халамжилж амжина гэсээр хойш тавих хугацаа нэг өдөр дуусдаг гэдгийг бурхан урьдчилан сануулсан ч юм бил үү. Одоо ээж, аав хоёр минь үр хүүхэд, ач зээгээ тойруулаад сайхан амьдарч байгаа. Гэхдээ сайхан, сэтгэл хангалуун амьдарч байгаа гэж хэлж бас чадахгүй нь. Насанд хүрсэн ах, дүү нар хамт байхад маргаан тасардаггүй юм билээ. Манай бага ах АНУ-д амьдардгийг эс тооцвол бусад нь нэг дороо байдаг л даа. Бид үе үе маргалдана. Уул усны ойр, ураг садны хол нь дээр гэдэг үг үүнээс л үүдсэн байх. Тэр тоолонд ээжийн сэтгэл тавгүйтнэ. Уг нь үүнийг мэддэг, гэхдээ л ээжийгээ тайван байлгаж чадахгүй юм. Ээж, аавд “өмчийн” хүүхэд байдаг даа. Ээжийн хувьд тэр нь том ах. Биднээс ахыг үргэлж өмөөрнө. Гэвч ах тэр дундаршгүй, хүүгээ хэзээд уучлахад бэлэн сэтгэлийг нь ойлгодог гэж үү.

Нэг удаа аав минь надад “Ээж чинь чамайг үхвэл би дагаад үхнэ ээ” гэж хэлсэн. Ээжийгээ хайрлах хэрэгтэй шүү” гэж хэлж билээ. Аавын үг нэлээд зүйл бодогдуулсаан. Үр хүүхдийнхээ дунд бужигнаад амьдарч байгаа ч амьдралын элдэв асуудалд хань нь л ээжид түшиг болдог нь мэдээж. 40 жил ханилсан хүмүүс нэгэндээ уусчихдаг биз. Тэгээд л ээж тэгж хэлсэн хэрэг. Ээжийн сэтгэл агуу гэдгийг мэднэ ээ. Нэг их ажил хийж бүтээсэн мэт хүн орой харихад хүлээгээд л, хоол цайгаа халуунаар нь зэхээд сууж байна. Найз нөхөдтэйгээ уулзаад хааяа оройтоход унтахгүй хүлээнэ. Ээж бүрийн зан байх л даа. Гэхдээ миний ээж үнэхээр эгэл хүн. Хамгийн эгэл хүн л агуу шинж чанарыг багтааж байдаг. Ээжийгээ би ингэж л боддог.

Өнгө, мөнгөнд шунадаггүй. Дээр бичсэн тэнгэрийн өнгөт даашинз магадгүй ээжийн минь өмссөн ховорхон гоёлын нэг байсан байх. Зарим хүүхэн шиг тийм ч гоё гутал, хувцас, ээмэг зүүлт гэдэггүй хүн л дээ. Саарал булган захтай пальтог ээж минь 20 жил өмссөн байж билээ. Тэр үед “Хөөх. Нэг хувцсыг яаж ингэж удаан өмсдөг байна аа” гээд л өнгөрсөн. Хүүхэд байсан болохоор өөрийг аваад өгөх мөнгө ч үгүй байж. Ээж, аав хоёр минь өөрсдийгөө гоёх гэхээсээ үр хүүхэддээ л байгаа бүхнээ зориулах. Таван хүүхэд нь насанд хүрч, түрүүчээсээ ээж, аав болсон байна.

Тиймээс одоо бид тэднийгээ бодох цаг болж. Үр хүүхэддээ зориулаад өөрийгөө мартсан тэр орон зайг нь бид нөхөх ёстой. Ийм бодол байдаг юм аа. Гэхдээ ээж шигээ дундрашгүй, агуу сэтгэлтэй биш болохоор энэ ухаарлаа үе үе мартагначихдаг гэмтэй. Тэнгэрийн муу арилна, хүний муу арилахгүй гэж ээж минь хэлдэг. Цайлган, зөөлөн хүн. Үнэхээр нямбай. Гэрийн бүх зүйл эмх цэгцтэй, хаана юу байгааг андахгүй. Нүдэнд ил харагдахгүй л бол “Миний… хаана байна” гээд хашгирдаг над шиг хүнд бол ээж “лавлах” л гэсэн үг. Хэзээ ч дундрашгүй, бас мятрашгүй сэтгэл зөвхөн ээжээс л гардаг юм билээ.

Бид бол хааяа нэг юм хэлэхэд нь залхуурна, харин ээж хэзээ ч “үгүй” гэхгүй. Хэчнээн ядарч байсан ч тэр шүү дээ. Хүмүүстэй нийтэч болохоор ойр орчмынхон ээжид минь сайн гэж жигтэйхэн. Сайхан цайтай гэж хүмүүс үнэлдэг. Өглөө бүр ээжийнхээ чанасан цайг уугаад гарсан байхад ажил бүтэхгүй яах билээ. Надад чин сэтгэлээсээ хайртай хүмүүс минь байдаг болохоор гэр рүүгээ яарах би дуртай. Ээж, аав хоёр байхад сэтгэл дүүрэн, цаанаа л нэг тайван сайхан байдаг.

Хөдөө байдаг дүү нар руугаа ээж хааяахан явна аа. Хэд хонох төлөвлөгөөтэй явснаа л маргааш нь эргээд ирдэг юм. Насанд хүрсэн ч хүн бүр ээждээ жаахан санагддаг хойно хүүхдүүддээ, хөгжилдөн шулганах бяцхан зээ нартаа яардаг биз ээ. Эгэл, агуу ээж минь сайн, муу дэнсэлсэн гэр бүл, үр хүүхэддээ эрүүл саруул, урт насалж хайрла. Охин нь Тандаа маш их хайртай. Муухай ааш гаргаж, Таныгаа гомдоодогт уучлаарай. Тандаа олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг “Өнөөдөр” сониноороо дамжуулан хүргэе. Биелүүлж амжаагүй ч гэгээн сайхан, таныхаа ачыг хариулах урт холын бодолд охин нь дараатай яваа шүү, Ээж ээ.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
emegtei 69.181.186*** 2011 оны 04 сарын 11 14:20 Хариулах
Uneheer saikhan bichsen baina. Engiin murtluu aguu humuusiin tuhai bichsen baina.
зочин 49.0.133.119 2011 оны 03 сарын 29 16:02 Хариулах
Залуучууд гэлтгүй бодууштай сайхан зүйлийг гаргажээ.Өмчийн гэж ярьдаг ч бусдаас илүү харж ,үнэлэх гэсэндээ биш харин түүний ололтыг нь үлам бататгах,бусдад нь үлгэрлуулэх.,мэдээд хийгээд байгаа мөртлөө алдаад , түүнийг ньээжээс бусаднь ойлгоддоггүй, ээж нь алдаанаасаа ойлгоно ,нэзээ нэгэн цагт чадна гэж найдаж, байгаа цагтаа ойлгуулчих санаа их байдаг, бусад хуухдууд нь боломжийн өөрсдийгөө аваад явчихна гэж эх хүн боддог.Дундаршгүй ,мятаршгүй хайр зөвхөн ээжэээс л гардаг.Ээжийгээ үргэлж хайрлаж баярлуулж яваарай.
Зочин 202.179.20*** 2011 оны 03 сарын 29 12:35 Хариулах
сонин юмаа. өнөөдрийнхөнд өөр хийх юм олддрггүй юм байх даа. БАлай юм. зүгээр л хүн бүхэнд төрдөг, байдаг дурсамж шүү дээ. Онцгой юм юу байнаа. Ядаж аав ээжийн тухай юм бичих гэж байгаа бол Л.Өлүийтөгсийн Үзэхийн хязгаар-ыг нэг уншаарай. түүнийг давсан юм бичихгүй л бол иймэрхү зүйл бол байх ш дээ.
hi 58.233.114.36 2011 оны 03 сарын 29 12:13 Хариулах
chinii bichsen zyiliig unshih saikhan bdag ch gesen chi un ajilladagaa ashiglaad aav eejiinhaa talaar ix bichih yumaa xun bolgond aav eej saikhan gehdee chi ooroo geheesee iluu sonind ajillada setguulch yum bol niited xurteemjtei sedeveer bicheejee Daraagiin sedev akg egch geed urgeljleh geed bgaa yum shig sanagdaj bna shuu

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/