Энэ долоо хоногийн дуулиан их аварга Асашёорюүгээр эхэлж, түүний зодог тайлснаар өндөрлөлөө. Нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлэн, Эзэн хааны цомыг 25 дахиа гардан авсан Асашёорюүг ийм хурдан шийтгэнэ гэж хэний ч санаанд ороогүй нь лавтай. Тэр тусмаа арлын орныг доргиосон их аварга зодог тайлах шийдвэр гаргасанд монголчууд одоо хэр нь итгэж чадахгүй сууна. Тэрбээр дахиад зургаахан түрүүлэхэд сүмогийн дээд амжилт тогтоох байв.
Ингэхэд чухам юу болоод өнгөрөв өө. Өнгөрсөн сарын нэгэн үдэш Асашёорюү зоогийн газарт ороод нэлээд халамцаж. Хоол ундаа идэж дуусаад гараад ирсэн аваргыг мэдээж хүн амьтан шавжээ. Менежер нь аваргыг машинд нь суулгах гэж олон хүний дундуур чихэлдэж байх үед Асашёорюүгийн танил нэгэн япон согтуу явж таарсан юм байна. Олны дунд их аваргатай танилаа харуулж гайхуулъя гэж бодсон уу, мань эр “Хөөе, ёкозүна сайн уу” гээд мөрийг нь алгадан, толгойд нь хүрээд авсан гэнэ. Тэргүүндээ хүргэхийг цээрлэдэг монгол зангаараа аварга дургүйцэн, согтуу толгойтой үг сөргөжээ. Гудамжинд хүмүүсийн дунд хэрэлдээд зогсоод байлтай биш. Машиндаа оруулан, арын суудалд нөгөө хоёр бяцхан маргалдаад салсан байна. Энэ үед согтуу толгойн тархинд мөнгө олох санаа төрсөн ч байж болох. Эс бөгөөс түүнийг аваргын “дайснууд” ашигласан байж болох юм. Ямар ч гэсэн мань эр цагдаагийн газарт очиж, Асашёорюүд зодуулсан гэж бүртгүүлчихээд гэртээ харьсан байна. Тэр мэдээг цагдаагийн ажилтан шар сонинд худалдсан уу, мань эр өөрөө зарсан уу гэдэг тодорхойгүй. Ямартай ч Асашёорюүг өөлөх сайхан боломжийг дайснууд нь үнэхээр чадмаг ашиглаж чадлаа. Тэд Боловсролын яам, Сүмогийн холбоо болон бүхий л хэвлэл мэдээлэлд шахалт үзүүлэн, их аваргыг сүмогоос зайлуулах санаархалдаа хүрч чадсан. Уг нь Цагдаагийн газраас энэ хэрэг дээр эрүү ч үүсгээгүй бөгөөд хохирогч ч гомдол гаргаагүй, гэмтээгүй гэнэ.
Гэтэл Сүмогийн холбоо хоёрдугаар сарын 4-нд болсон холбооны хурлаас өмнө Асашёорюүг хөөх шийдвэр гаргачихаад байжээ. Зарим ояката дөрвөн тэмцээнд орох эрхийг нь хасъя гэсэн санал гаргасан ч ерөнхийлөгч Мусашигава үхэр шиг зүтгэсээр байж. Тэгээд Асашёорюүг багштай нь дуудан, мөрөөрөө зодог тайлахгүй бол хөөгдөнө шүү гэдгийг сануулсан байна. Хэрвээ сүмогоос хөөгдвөл зодог тайлах ёслолын тухай ярих боломжгүй, тэтгэврийн мөнгөө ч авах эрхгүй болдог байна. Тэртэй тэргүй дахин сүмо барилдаж чадахгүй болсноо ойлгосон Асашёорюү зодог тайллаа хэмээн зарлаж, Сүмогийн холбоо түүнийг нь хүлээн авлаа гэж мэдэгдэв.
Их аваргыг зодог тайлъя гэж ам ангаймагц тулааны урлагийн холбоод овоо хараандаа аваад байгаа гэнэ. Японы “К-1” холбоо Асашёорюүг хэзээ л бол хэзээ тоглуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн бол прореслингийнхэн Акэбонотой хамт тэмцээнд оролцуулахаар хөөцөлдөж байгаа аж. “Хоёр ёкозүна” нэртэй хослол гаргаж чадваас үзэгчдийг шууруулах нь ойлгомжтой. Зарим мэргэжилтний үзэж байгаагаар Асашёорюүд “К-1” тоглолт бүрд сая доллар ч амлаж магадгүй байгаа юм. Хэдийгээр Асашёорюү сүмогийн дэвжээнээс буухаа мэдэгдсэн ч түүний эрэлт хэрэгцээ Японд харин ч нэмэгдсээр байгаа бололтой.
Өчигдөр Асашёорюүгийн ах Д.Сэржбүдээ хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэрбээр “Асашёорюүгийн ялгуусан амжилтанд дургүйцдэг хэсэг бүлэг хүмүүс, шар хэвлэлийнхэнтэй нийлэн зохион байгуулалттай дайрч довтолсоор түүнийг зодог тайлахад хүргэлээ. Гэвч аварга Монгол, Японы найрамдал, хамтын ажиллагааны төлөө хийж байсан ажлаа үргэлжлүүлэх болно” гэж ярьсан. Монгол хүн бүр харамсан халаглаж байхад, гэрийнхэн нь ямар шоконд орсон нь ойлгомжтой. 29 настай, ид бяр хүч нь жагсаж яваа их аваргаа эх нутаг нь хүлээж сууна.
Дэлхий дахинд танигдсан нэгэн монгол “брэнд” ийнхүү сүмогийн дэвжээнээс хөндийрлөө. Асашёорюү зодог тайлсан талаар дэлхийн том агентлагууд эхнийхээ нүүрэнд бичицгээж байна. Холливудын одод Японд ирэхээрээ түүнтэй уулздаг, гарын үсгийг нь авдаг байлаа. Арлын оронд амьдардаг монголчуудад түүний нэр нөлөө ямар их түшиг болдог байсан гэж санана. Өөрсдөө барилдаж буй мэт омогшин, харь улсад ажиллаж амьдрах эрч хүчээ Асашёорюүгаас авдаг байлаа тэд. Монголчуудын бахархал болж, башё болгонд цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг их аваргаа бид хайрлан хүндэлсээр байх болно.
“Өглөөний хөх луу”-даа өнийн жаргалыг хүсэн ерөөе.
Xолбоотой мэдээ »
-
АСАШЁОРЮҮ дэмжигчдээсээ уучлалт гуйв
-
Их аварга Асашёорюү энэ сарын 11-нд эх орондоо ирнэ
-
Асашёорюү Харү башёгийн нээлтэд оролцоно
-
Асашёорюүгийн тусгай дугаар
-
Асашёорюүг зодог тайлуулсан сумогийн холбоонд монголчууд гомдолтой байна
-
Асашёорү Д.Дагвадоржид 120 сая иен өгчээ
-
Асашёорюүг Японы хэвлэлийнхэн мөрдсөөр
-
Их аварга Асашёорюүгийн гэр бүлийнхэний хэвлэлийн бага хурал
-
Их аваргын зодог тайлсан учир
-
Хакүхо хэвлэлийн бага хурал хийлгэлээ
-
Их аваргын талаар хэн юу хэлэв?
Нийгэм, хүний хөгжлийн албаны сурвалжлагч
"Өнөөдөр" сонины шинэ дугаарт »
-
Зангиатай “хувьсгал” ба шаазгай шагширах агаар
-
"Интернационал" -тай иргэний хөдөлгөөний жагсаал тайван боллоо
-
Ц.Хангай: Гадны биржүүдэд бүртгэлтэй ямар ч хувьцааг худалдан авах боломжтой
-
Г.Алтантүрүү: Захиалгат нэвтрүүлэг надад тохирохгүй гэдгийг ухаарсан
-
Ж.Гүррагчаа: Атаархуу, нэгнийгээ хайрладаггүй зангаасаа болж бид жаргаж чадахгүй байна

Уншигчдын сэтгэгдэл