Газар хөдлөлтийн идэвхжлийг тодорхойлох судалгааг Нийслэлийн ЗДТ-ын газар, ШУА, Франц улсын Страсбургийн их сургууль хамтран гаргасан байна. Судалгаагаар 2005 оноос “Чингис хаан” олон улсын нисэх буудал орчим, түүнээс хойших дүүрэгт газар хөдлөлтийн идэвхжил хүчтэй ажиглагдаж эхэлжээ.
Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхжлийн төлөв байдлын талаарх уламжлалт ойлголт бүрэн өөрчлөгдөхөд хүрсэн байна. Төмөр замын Эмээлт өртөөний ойролцоох газарт бага хүчтэй хөдлөлтүүд байнга болдог аж. Энэ нь газар хөдлөлтийн идэвхтэй томоохон хагарлын дагуу явагддаг нь тодорхой болсныг Франц улсын Страсбургийн их сургуулийн эрдэмтэн Антони Шлупп илтгэлдээ дурдлаа.
Идэвхтэй хагарлуудын аль нэг хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 8-10 баллын чичиргээ үүсгэх магадлалтай гэнэ. Ийм хөдлөлтөд чанар муутай барилгууд нурах аюултай юм байна. Чанартай баригдсан барилгууд хүртэл газар хөдлөлтөөс тусгайлан хамгаалаагүй бол олноороо нурдаг тухай тэрбээр тайлбарлав.
Түүнчлэн Туул голын хөндийн хэсэг буюу сэвсгэр хурдсан хөрсөн дээр энэхүү үйлчлэл нь хэд дахин өсдөг нь тогтоогдсон байна. 2005 онд 1000, 2009 онд 2000, 2010 оны байдлаар 2500 удаа бага хүчтэй газар хөдлөлт болсныг судлаачид баталлаа. Олон улсын хамтын судалгааны эрдэмтэд Улаанбаатар хотын газар хөдлөлтийн аюулын болон эрсдэлийн үнэлгээг шинэчлэн тогтоох хэрэгтэйг сануулсан байна. Мөн хотын цаашдын хөгжил, төлөвлөлтөд газар хөдлөлтөөс учрах аюул бодитоор оршиж буйг байнга тооцож байх нь нэн чухал хэмээн санал нэгджээ.
1994-2009 онд Улаанбаатар хот орчимд болсон газар хөдлөлтийн идэвхжилт.
(2005 оноос хойш болсон газар хөдлөлтийн төвүүдийн байрлал)
Б.ГҮНБИЛЭГ

Уншигчдын сэтгэгдэл