Баярын өдрүүдэд орсон борооны улмаас зарим аймагт үер буужээ. Ялангуяа Баянхонгор аймагт усархаг аадар бороо орсноос Богд, Чигэстэйн гол үерлэж ойр орчмын айл өрхүүд усанд автжээ. Тухайлбал, Өлзийт сумын I баг Ханхарын ам гэдэг газар энэ сарын 13-нд хоёр айл усанд автсаныг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн байна.
Харин Шаргалжуут сумын Өвсөн толгойн булангийн тохойд 10 айл үерт автсаныг нүүлгэх боломжгүй байсан учир усны түвшин багассаны дараа нүүлгэн шилжүүлэхээр болсон байна. Мөн Завхан аймагт хэдэн өдөр дараалан бороо оржээ. Тэнд байдал ямар байгааг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Ю.Бямбадоржоос тодруулахад “Улиастай голын усны түвшин нэмэгдсэн.
Үе үе бороо орж байна. Саяхан Улиастай сумын Зэгэстэй голд УАЗ Фургон маркийн автомашин усанд суусан. Машинд таван хүн байсныг аварлаа” гэв.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Сахиул” гэдэг газар энэ сарын 9-ний өдөр буусан аянгад 18 настай Д өртөж нас барсан бол Өвөрхангай аймгийн Тарагт сумын Буурай бүүрэг гэдэг газар энэ сарын сарын 11-нд аянга бууж малчин С-ийн 47 толгой мал хорогджээ.

Уншигчдын сэтгэгдэл