ТҮЛЭЭНИЙ МОД ХОВОРДСОНЫ УЛМААС ҮНЭ НЬ “ХАДАНД” ГАРЧЭЭ

2014-01-22 12:40:00

 Намар л түлээ, нүүрсээ базаахгүй бол хүйтрэх тусам үнэ нь өсдөг. Өнөө жил харьцангуй дулаан өвөл болж байгаагийн дээр бараг айл бүр бүрэн шаталттай зуухтай болсон. Харамсалтай нь, брикетэн түлш байхгүйн улмаас иргэд Багануурын нүүрс шатааж буй. Идэр есийн хүйтэнд даарч суухгүйн тулд хүмүүс хамгийн илч сайтай нүүрс, түлээний эрэлд мордсоныг гэрчлэх шиг ойрын өдрүүдэд “Цайз” болон “Хангай” зах орчимд хөл хөдөлгөөн ихтэй байна. Дээрх захуудад түлээ, нүүрсний үнэ урьд жилтэй харьцуулахад нэмэгдсэн эсэх, иргэдийн хэрэгцээ ямар байгааг сонирхлоо.

Мод, модон материалын “Хангай” захын үүдэнд нүүрс ачсан том, жижиг машин энд тэндгүй зогсоно. Хоосон нэг нь “ачаа ачна” гэсэн зар наасан харагдана. Хол, ойроос шалтгаалан 5-10 мянган төгрөгөөр “татна”, бөөнөөр нь авбал сайн ярина гэх мэтээр жишиг үнэ тогтжээ. Өдөржин зогссон наймаачид “бараагаа” борлуулахын тулд тав, арван төгрөг татах гэхэд наймаачид “Үнэ буулгалаа” гээд нэгэндээ уурлаж, гар  хүрч мэдэхээр харагдав. Тэднээс түлээний модны үнийг сонирхлоо.

Олон жил түлээ, нүүрсний бизнес эрхэлсэн залуу “Энэ жилийн хувьд Налайхын уурхайн амыг хаасан тул зөвхөн Багануурын нүүрс борлуулж байгаа. Багануурын нүүрс илч муутай гээд хүмүүс голоод авахгүй байсан ч үүнээс өөр сонголт байхгүй шахам болохоор авахаас өөр аргагүй болдог. Таван тонн нь 470, хоёр тонн нь 230, нэг тонн 150 мянган төгрөг. Нэг шуудай нарс мод том нь 7500, дундаж нь 3000, жижиг нь 1000-1500 төгрөгийн үнэтэй. Харин бөөрийнхий түлээ том жижгээсээ хамаарч 12 ширхэг нь 12000-24000 төгрөг байна” гэв. Өмнөх жилтэй харьцуулахад түлээний үнэ шуудай тутамдаа 1000-1500 төгрөгөөр нэмэгдсэн байв. Чухам яагаад ийм үнэтэй байгааг наймаачдаас лавлахад “Мод ховордсон” гэх ганц тайлбар хэллээ.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны оршин суугч Г.Мягмардорж “Цаг агаарын мэдээгээр ирэх өдрүүдэд хүйтрэх төлөвтэй байна лээ. Хүйтрэх тусам үнэ нь нэмэгддэг болохоор нүүрс, түлээгээ нөөцлөхөөр ирлээ. Үнэ өндөр байна. Өнгөрсөн жилийн өдийд хоёр портер нүүрс тус бүрийг нь 180 мянган төгрөгөөр худалдаж авсан” хэмээв. “Цайз” захад мөн л нүүрс, түлээний мод худалдахаар эгнэн зогсох төмөр хөлөгтнүүд байлаа. Түүнчлэн шуудай шуудайгаар нь нарс, шинэс, хар мод овоолсон нь уулын модыг тэр чигээр нь огтлоод ирчихэж гэмээр. Чухам зөвшөөрөлтэй болов уу үгүй болов уу гэсэн бодол төрөв. Хариултыг нь авахаар ченжүүдээс асуухад “Мэдээж зөвшөөрөлтэй юм зарна. Ямар сонин юм асуудаг юм бэ” гэх мэтээр эргээд өөрөө арван асуултад булагдав. Үнэ ханшийн тухайд “Хангай” захтай ойролцоо юм.

Түлээний мод яагаад үнэтэй байгаа талаар БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн И.Доржоос тодруулахад “Улаанбаатар хотын түлээний модны хэрэгцээ жил бүр асуудал дагуулдаг. Дараа жил хэрэглэх модны дээд хязгаарыг өмнөх жил нь БОНХ-ийн сайд баталдаг. Өнөө жил нийслэлчүүдийн түлшний хэрэглээнд шаардагдах 640 мянган шоо метр мод бэлтгэхийг Сэлэнгэ, Төв аймгийн Засаг дарга нарт зөвшөөрсөн хэдий ч дээрх хоёр аймгийн Засаг дарга мод бэлтгэдэг нөхөрлөлүүдэд зөвшөөрөл олгоогүй. Тиймээс түлээний мод ховордож, үнэд орж байгаа” гэв. Тэгэхээр түлээний модыг бусад аймаг, сумаас авчирч байгаа юм байна. Дээр дурдсанаар хулгайн мод зарж байх магадлалтай, эсэхийг хэн шалгадаг болохыг БОНХЯ-ны Ойн судалгаа, хөгжлийн төвийн мэргэжилтнээс асуухад “Бид зөвхөн бодлого хэрэгжүүлдэг, үүнд хяналт тавих боломжгүй. Харин МХЕГаас дээрх захуудад шалгалт хийгээд гарал үүслийн гэрчилгээтэй байна гэж мэдэгдсэн нь бага зэрэг гайхашрал төрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд нөөцөлж, бэлтгэсэн түлээний мод байхгүй байхад энэ их мод хаанаас ирж байгаа нь сонин” хэмээв.


 Б.БЯМБА


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »