А.Нота: Миний мэргэжлийг аав минь сонгож өгсөн

2013-03-30 10:28:37

Мэдрэлийн мэс засалч Ануарын Нота Ардын эмч цол хүртлээ. Түүний баярыг хуваалцаж “Бямбын ярилцлага”-д урихаар ажил дээр нь очлоо. Төрийн хүндлэл хүлээсэн ахмад эмчдээ эмнэлгийн хамт олон баяр хүргэж, үүдэн хоймортоо хэний ч нүдэнд шууд тусахаар том самбар өлгөжээ. Ерөнхий мэс заслын эмчээр ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 45 дахь жилдээ ажиллаж байгааг тэр самбараас олж мэдлээ. “Ачтан элит” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн зөвлөх, Ардын эмч, Төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор, профессор, Эрүүл мэндийн яамны мэдрэлийн мэс заслын ерөнхий мэргэжилтэн, Монголын мэдрэлийн мэс засалчдын нийгэмлэгийн тэргүүн, “Ач” анагаах ухааны дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, багш гээд нэгэн биед ахдам олон ажил амжуулж яваа тэрбээр аанай л ажлаа хийгээд, өвчтөнүүдээ үзээд сууж байв.

-Казах үндэстний наурызын баяраар Төрийн тэргүүн энгэрийг тань мялаа лаа. Танд баяр хүргэе?

-Баярлалаа, хаврын баяр дуусаад удаагүй байна. Монголын хоо нийт ард түмэнд наурызын баярын мэнд хүргэе. Гуравдугаар сарын 22 буюу өдөр, шөнө тэнцдэг өдөр наурызын баяр болдог. Энэ жил наурызын баяр өргөн болсон. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд баяр хүргэж үг хэллээ. УИХ-ын даргын мэндчилгээг зөвлөх нь уншиж өглөө. Сүхбаатарын талбайд казах үндэсний 4-5 гэр барьж, ёс жаягаар нь тохижуулс ныг Төрийн өндөрлөгүүд үзсэн. Төр, засгаас үндэстнүүддээ нэгэн адил анхаарал тавьж, баяр хүргэж, бид олноороо сайхан баярлалаа. Наурызын баяраар цагаан са рын адилаар бид ахмадууддаа очиж золгодог. Харин бэлэг солилцдоггүй, архи огт уудаггүй. Энэ өдөр өмнө нь муудалцсан хүмүүс уулзаж, үг хэлээ ололцож, эвлэрдэг сайхан уламжлалтай.

-Тэгвэл та Цагаан сарыг яаж өнгөрүүлдэг бол?

-Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ. Нэг их өргөн хүрээнд тэмдэглэхгүй ч гэсэн найз нөхөд, шавь нар орж ирнэ. Би ажлынхаа өрөөнд хэвийн боов өрж, идээ засдаг. Эмнэлэгтээ нэгдсэн золголтоо хийсний дараа миний шавь нар өрөөнд орж ирнэ. Гуравдугаар эмнэлгээс шавь нар, зүрхний мэс заслынхан, рентгенийхэн, дүрс оношлогооныхон ирж золгодог. Гэмтлийн эмнэлгээс, цэргийн госпиталиас, дүүргүүдийн эмнэлгээс ч шавь нар ирнэ. Манайх гэртээ ч ялгаагүй идээ засдаг. 30 гаруй жил хөрш яваа улс ах дүү шиг дотно болдог юм байна. Тэдэн дундаа би ахмад нь учир хүүхдүүд ирж золгодог.

-Та ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-Би Анагаахын дээд сургуулийг төгсөнгүүтээ, 1968 оны долдугаар сарын 1-нд Баян-Өлгийд очсон. Мэс засалчийн ажил ха галгааны дараа үр дүн нь хурдан гардаг учир дурласан хэрэг. Очоод Улаан хус сумын Сум дундын эмнэлэгт томилогдлоо. Дөнг өж сургууль төгссөн хүн шууд бие даан ажиллахад амаргүй учир “Ахмад эмч нарыг дагалдаж хэдэн сар ажиллая” гэсэн ч, Аймгийн намын хороо ноос нэгэнт шийдсэн учир саналыг минь авч хэлэлцсэнгүй. Улаанхус сум миний төрсөн нутаг л даа. Сумандаа очоод 50-иад хоногт мэс заслын тасагтаа засвар хийж, бэлэн болголоо. Анхны хагалгаа хийхэд тухайн үед манай сумын ерөнхий эмч, сүүлд гавьяат эмч болсон Суруган гэж хүн их тус болсон. Хагалгаа хийх бүх бололцоогоор хангаж өгсөн л дөө. Анх 11 настай хүүд мухар олгойн хагалгаа хийлээ. Олон жил хагалгааны сувилагч хийсэн туршлагатай сувилагч хагалгаанд хамт орлоо. Тухайн үед надад номноос өөр багш байгаагүй учир цонхон дээр номнуудаа дэлгэж тавиад, харж байгаад одоо тэнд яваа юм байна, одоо ингэнэ гэсээр мухар олгой авч билээ. Маргааш нь ирсэн хавчигдсан ивэрхийтэй залууд ч хагалгаа хийчихлээ. Түүнээс хойш Сум дундын эмнэлэгт нэг жил ажиллахдаа би 52 хүнд хагалгаа хийсэн. Мухар олгой, ивэрхий, гэдэсний түгжрэл, хийсвэр хагалгаа, элэгний бэтэгний хагалгаа голдуу хийдэг. Ингээд 1969 онд аймгийн төвд ирсэн. Аймгийн төвд ажиллахдаа уушги, ходоод тайрах, цөс авах зэрэг ерөнхий мэс засал хийж байлаа. Энэ хооронд тархины гэмтэлтэй, тархины яс нь цөмөрсөн, хатуу хальсан дээр, доор цус хурсан нэлээд хэдэн хүн ирсэн. Тэдэнд ч хагалгаа хийсэн, амжилттай болсонд нь урамшиж энэ чиглэлээр явахаар шийдсэн дээ. Намайг тавдугаар курсийн оюутан байхад Хөдөлмөрийн баатар, ардын эмч Ж.Хайрулла багш Монголд анх удаа мэдрэлийн мэс засал хийсэн юм. Тэр үеэс л мэдрэлийн мэс засалч болохыг мөрөөдсөн гэхэд болно. Сум дундын эмнэлгээс эхлээд Өлгийд долоон жил ажиллалаа. Тухайн үед хөдөөний боловсон хүчнийг шилжүүлдэггүй байсан. Би аймгийн намын хорооны даргад бодол саналаа хэллээ. “Би мэдрэлийн мэс засалч болох хүсэлтэй. Хажуугаар нь шинжилгээ судалгааны ажил хиймээр байна” гэж учирла лаа. Хөдөө байхдаа багш нартайгаа холбоо тасраагүй. Тэгээд надад шилжих зөв шөөрөл өгснөөр 1975 онд Улаанбаатарт ирсэн.

-Хотод ирээд хаана ажиллав?

-Гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт орон тоо байгаагүй учир Яаралтай мэс заслын тасагт нэг жил ажилласан. Түүнээс хойш өдий болтол мэргэжлээрээ ажиллаж байна.

-Энэ нарийн түвэгтэй мэс засалд яагаад дур ласан юм бэ?

-Тархи, нуруу нугас бол хүний амин чухал эрхтэн. Чадвал хүнд амьдрал бэлэглэх, үхлээс аврах, алдагдсан эд эрхтэн мөчдийн үйл ажиллагааг сэргээх, хөдөлм өрийн чадварыг сэргээх зэрэг хүнд тусламж үзүүлэх талыг нь бодлоо. Нөгөө талаар өөрийн сонирхол гэж байх юм. Мэдрэлийн мэс заслын салбар дотроо олон салаатай. Тархины судасных, нуруу нугасных, хавдрынх гэх мэт олон нарийн чиглэлд хуваагддаг. Би хөдөө байхдаа ерөнхий мэс заслын курс дүүргэсэн л дээ. Энд ирэхэд 1976 онд Оросын Тамара Феодоровна гэж мэргэжилтэн гуравдугаар эмнэлэгт ажиллаж байлаа. Тэр мэргэжилтэн, Хайрулла багш хоёрыгоо дагалдан хөтөлбөр гаргаад, мэдрэлийн мэс засалч, мэдрэлийн эмчийн зургаан сарын курс хийж, үнэмлэх авсан. Мэдрэлийн мэс заслын олон нарийн салбараас би тархины судасны чиглэлээр дагнан ажиллая гэж бодсон. Мэдрэлийн мэс засалч хүн тархины судсыг нь сайн мэдэж байвал бусад талдаа аюул багатай. Судас хаана байна, энэ хэсгээр зүслэг хийхэд ямар судас таарах вэ гэдгийг мэдэж байхад эрсдэлгүй. Тухайн үеийн ном хэвлэлээс цусны даралт ихдэлтээс үүссэн тархинд цус харвасан өвчтөн их байдгийг олж мэдсэн. Түүнийг эмчлэх хагалгааг Монголд хийдэггүй байлаа. Анх 1971 онд Б.М.Рачко, манайд мэдрэлийн мэс заслыг үндэслэгчдийн нэг Дондов эмч нар анхны хагалгааг 3-4 хүнд хийсэн юм билээ. Тэр нь төдийлэн амжилттай болоог үй. Түүнээс хойш би 1980 оноос тархинд цус харвалтыг мэс заслын аргаар эмчлэх эмчилгээг нэвтрүүлсэн.

-Цус харвасан хүнд тухайн үед ямар эмчилгээ хийдэг байсан юм бол?

-Эмийн эмчилгээ хийнэ. Тархинд хурсан цусны хэмжээ бага, өнгөц байрлалтай харвалттай хүмүүсийн 15 орчим хувь нь тахир дутуу болоод амьд үлддэг, 80-85 хувь нь нас бардаг байв. Тухайн үед цус харвасан хүнийг хөдөлгөж болохгүй гээд зөөдөггүй байсан. Тэгэхээр нь би Хотын түргэнтэй яриад, Улаанбаатарын бүх дүүрэгт байгаа цус харвасан хүмүү- сийг өөрөө очиж үзээд, зөөж авчирч оношлогоо, шинжилгээ хийгээд мэс засал хийж эхэлсэн. Хотод ойр аймаг, сумдад дуудлагаар очиж, авчирч хагалгаа хийдэг боллоо. Оношлогооны аппа рат маань их бүдүүлэг байжээ. Цус харвасан хүмүүст хагалгаа хийж эхлэхэд яамны түшмэд, зарим эмч нарын эсэргүүцэлтэй нэлээд тулгарсан. “Тархинд цус харвасан хүнд хагалгаа хийнэ гэж юу байдаг юм. Хүний толгойгоор тоглолоо” гэж ярьж л байсан. Гэхдээ би тэрийг их юманд бодоогүй. Яагаад гэвэл тэр хүмүүс энэ мэргэжлийг мэдэхгүй. Нейро хирургия гэж мэргэжил Монголд дөнгөж эхэлж байлаа. Би 1981-1982 онд Москвад Н.Н.Бурденкогийн нэрэмжит мэдрэлийн мэс заслын институтэд клиник ординатурт сурсан. Тэнд тархины судасны цус харвалт, тархины судасны цүлхэн, судасны сүлжээрэл, тархины ерөнхий мэс засал, хавдар гээд бүх талаас нь сурч, судалж ирээд, судасныхаа чиглэлээр үргэлжлүүлэн ажилласан. Дараа нь 1993 онд “Янз бүрийн шалтгаантай тархинд цус харвалтын мэс заслын эмчилгээ” сэдвээр дэд докторын зэрэг хамгаалсан. Цааш нь судалсаар 2002 онд “Цусны даралт ихдэлтээс үүдсэн тархинд цус харвалтын мэс заслын эмчилгээ” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

-Мэдрэлийн мэс засал манай улсад харьцангуй сүүлд нэвтэрсэн залуу салбар бололтой?

-Тийм ээ, анх 1966 онд Хайрулла багш Чехэд мэдрэлийн мэс заслаар зургаан сарын курс төгсөж ирээд хагалгаа эхэлсэн. Тэр үед мэдрэлийн мэс заслын тасаг гэж байгаагүй. Зүрхний мэс заслын тасагт өвчтөнүүдээ хэвтүүлээд, хагалгаа хийж эхэлсэн түүхтэй. Би 1982 онд Орост төгсөж ирээд анхны микроскоп буюу дуран авайг мэдрэлийн мэс засалд ашиглаж эхэлсэн. Тэр үеэс эхлээд тархины судасны цүлхэн, судасны сүлжээрэл, гүн байрлалтай зарим хавдрыг авч эхэлсэн юм даа. Энэ хооронд олон ч эмч нарыг дагалдуу лан сургажээ. Өнөөдөр Монголын мэдрэлийн мэс засалч эмч нарын 95 хувь нь миний шавь нар.

-Ж.Хайрулла эмч энэ сал барыг Монголд үүсгэ сэн. Тэгээд ч тэр үү, мэдрэлийн мэс засалч казах эмч нар манайд олон байх шиг?

-Улсууд тэгж л ярьдаг юм билээ. Мэргэжлээ сонгох нь тухайн эмчийн сонирхлоос л шалтгаална. Би энэ мэргэ - жилд сонирхолтой байсан учраас Өлгийгөөс Улаанбаатарт ир сэн. Намайг мэргэжлээ сон гоход Хайрулла багш хүч тэй нөлөө үзүүлээгүй. Яахав, багшийн хүү Хусаян, зээ хүү Авай нь мэдрэлийн мэс засалчаар гуравдугаар эмнэлэгт ажиллаж байгаа. Тэднээс өөр казах эмч байхгүй л дээ. Би ийм л бодолтой байдаг, багш ч гэсэн тэгж л хариулах байх. Хэн энэ мэргэжилд дуртай, сонирхолтой, чадвартай байна, тэр хүн л ажиллана.

-Та хэзээнээс хувийн хэвшилд ажиллах болов?

-1975 оноос гуравдугаар эмнэлэгт мэдрэлийн мэс засалчаар ажиллаад 1995 онд тасгийн эрхлэгч, сүүлд нь зөвлөх эмч болсон. “Ачтан элит” эмнэлэгт 2007 онд ирсэн. Энд ирсэн шалтгаан бол Гуравдугаар эмнэлэгт манай тасгийн залуу эмч нар бие даагаад ажиллаж чаддаг болсон учраас тэднийг ажиллах бололцоогоор хангая гэж бодсон. Хайрулла багш байхад 40 ортой тасагт хоёр зөвлөх байгаад ч яахав гэж бодлоо. Улс орны эдийн засгийн чадавхаас болоод өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүдийг авч чадахгүй байсан. Би хувийн хэвшилд Мэдрэлийн мэс заслын тасаг байгуулъя, юу чаддаг, багш нар минь намайг яаж сургаж хүмүүжүүлснийг эх орондоо харуулъя гэж бод сон. Энэ бодолдоо хөтлөгд өөд “Пума констракшн” компанийн удирдлага, “Ачтан элит” эмнэлгийн ерөнхий эмч, академич Ц.Мухар эмчтэй яриад 10 ортой тасаг байгуулсан. Одоо таван эмч баг болоод ажиллаж байна. Манай тасаг 30 ортой, мэдрэлийн мэс заслын бүх төрлийн хагалгаа хийдэг. Сүүлийн үед Гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн мэс засал, гэмтлийнхэн “Монголд хийх боломжгүй, гадаад яв” гэсэн тархины суурь хэсгийн, тархины ховдлын хавдрууд, хүүхдийн мэс засал, тархины судасны том цүлхэн, сүлжээрлүүд, тархины багана бүтэц орчмын хавдар, гурвалсан мэдрэлийн хагалгаануудыг амжилттай хийж эхэлсэн. Хамгийн гол нь тоног төхөөрөмж сайтай учир эдгээр мэс заслыг хийж байна. Манай тасагт Германы хамгийн сүүлийн үеийн микроскоп байна. Бичил цахилгаан өрөм, бичил мэс заслын бүх багаж тоног төхөөрөмжүүд байгаа учраас нарийн мэс заслуудыг амжилттай хийх боломж бүрдсэн. Энд ирснээс хойш нуруу нугасны чиглэлээр Ганзоригт эмчийн эрдмийн ажлыг удирдаж, дэд эрдэмтний зэрэг хамгаалууллаа. Нуруу нугасны чиглэлээр Монголдоо анхны дэд эрдэмтэн болсон нь энэ. Би 1990 оноос эхлэн Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар орсон. Одоо ч ажлаа хийж байна.

-Өнөөдрийг хүртэл Та хэчнээн хагалгаа хийснээ тоолж үзэв үү?

-Дүнг нь гаргаад үзэхэд би 13800 хүнд мэс заслын эмчилгээ хийсэн байна лээ. Үзэж зөвлөгөө өгч, эмчилсэн хүн хагас сая давсан. Үүнийг сая Ардын эмч цол хүртэхэд Ерөнхийлөгч маань хэлсэн шүү дээ. Энэ хооронд би зургаан төрлийн мэс заслын эмчилгээг нэвтрүүлэх төсөл удирдаж, эмчилгээнд нэвтрүүлэн, Шинжлэх ухаан технологийн санд үр дүнг нь хүлээлгэн өгсөн.

-Та Монголын мэдрэлийн мэс засалчдын нийгэмлэгийн тэргүүний сонгуульт ажилтай. Манай улс хэчнээн мэд рэлийн мэс засалчтай би лээ?

-“Ачтан элит”, Гуравдугаар эмнэлэг, Гэмтэл, Цэргийн госпитальд нийт 25 эмч ажиллаж байна. Ажлаа чин сэтгэлээсээ хийж, үнэнч, шударга ажиллаж чадвал ард түмэн, төр засаг ойлгодог, үнэлдэг юм байна гэдгийг сая ойлголоо. Би 2008 онд гавьяат эмч, өнөөдөр Ардын эмч цол хүртлээ. Төр засагтаа баярлалаа гэж хэлье. Төр хүний хөдөлмөрийг үнэлдэг юм байна. 45 жил мэс засал хийлээ. Мэс засал хийнэ гэдэг ганц хүний ажил биш, гар нийлсэн баг хамтлагийн хөдөлмөр байдаг. Тиймээс хамт олон, шавь нартаа ч талархах учиртай. Нас 70 хүрч байгаа ч хагалгаагаа хийгээд л явж байна.

-Таны ажил амаргүй. Нас 70 гарчээ. Одоо ажлаа завсарлая гэсэн бодол төрдөг үү?

-Нэгдүгээрт, миний ха раа гайгүй байна, нүдний шил тэй юм. Хоёрдугаарт, гар салганаж чичрэхгүй. Ой ухаан мартах нь гайгүй байгаа болохоор хагалгаагаа хийнэ л гэж бодож явдаг. Хүн хэд наслахаа мэдэхгүй ч үлдсэн хугацаандаа за луу чуудыг сургах, эрдэм шин жилгээ судалгааны ажлаа үргэлжлүүлэх бодолтой. Ма най хан гадаад руу эмчилгээнд олноороо явж байна. Энэ их мөнгөний урсгалыг эх орондоо тогтоон барихын тулд мэдрэлийн мэс заслыг өөрийн оронд баталгаатай, төгс, эрсдэлгүй, чирэгдэлгүйгээр хийдэг болох нь миний гол зорилго.

-Та өөрийнхөө болон хамт олныхоо хөдөлмөрийн хамгийн сүүлийн үеийн амжилтаас сонирхуулаач?

-Сүүлийн долоон жилд хийсэн миний хагалгааны үр дүн 96.5 хувьтай байгаа. Энэ бол дэлхийн хөгжилтэй, хөгжиж байгаа орнуудын түвшинд хүрсэн үзүүлэлт. Тархины гуравдугаар ховдлын хавдартай, ухаан гүй байсан хүүд бид хагалгаа хийсэн. Таван настайдаа хагалгаа хийлгэсэн хүү маань одоо сургуульд орчихсон гүйж явна. Цагаан сараар аав, ээж нь авчирч надтай золгуулсан. Дараа нь Сэлэнгэ аймгийн Бугантаас бараг үхлүүт ирсэн хүүх дэд хагалгаа хийсэн, одоо бас сургуульд орчихсон яваа. Тархины мэс заслын дэлхийн чиг хандлага өвчтөнд аль болох гэмтэл учруулахгүй, бага зайд хагалгаа хийхийг зөвлөдөг. Тэр чиглэлийг барьж бид нуруу нугасны хагалгаа хийсэн, үр дүн сайтай байгаа. Өнөөдөр нуруу нугасны мэс заслын дараа өвдөлт 30-35 хувьтай байна. Үүнийг эр дэмтэд хагалгаа ны аргаас шалтгаалж байна гэж үздэг. Бид микроскопоор 30- 40 дахин томруулан мэс засал хийж байна.

-Мэдрэлийн мэс засалчдыг шинээр бэлтгэх шаардлага байгаа юу?

Миний гаргасан төсөл бий. Хүн амаар нь тооцоход өнөөдөр Монголд мэдрэлийн мэс заслын 150 ор шаардлагатай. Дэлхийн стандартаар 5-6 оронд мэдрэлийн нэг мэс засалч байх ёстой. Манайд эмч хүрэлцэхгүй байна. Миний гол зорилго энэ асуудлыг төр засагтаа тавьж ойлгуул бал дэмжинэ гэж боддог. Саяхан Эрүүл мэндийн яамны удирдлагатай уулзлаа. Би яамны мэдрэлийн мэс заслын ерөнхий мэргэжилтэн. Яамны удирдлагууд өнөөдөр манай улс дэлхийд хийж байгаа мэдрэлийн мэс заслын хэчнээн хувийг хийж байна, хэчнээн хувийг чадахгүй байна гэдгийг гаргаад өгөөрэй гэсэн. Манай улс одоогоор нийт мэс заслын 30 орчим хувийг хийж чадах гүй байна. Хамгийн гол нь мэргэжилтэн байхгүй, тоног төхөөрөмж ду тагдалтай. Нуруу нугасны, тархины суурь хэсгийн хавдруудыг авах нарийн мэс заслуудыг бүрэн хийж чадахгүй байна.

Нэгдүгээрт, мэргэжилтэн байхгүй.

Хоёрдугаарт, тоног төхөөрөмжийн дутагдалтай. Үүнээс болоод монголчууд гадаадад эмчлүүлж байна.

-Таны аав, ээж ямар хүмүүс байв?

-Миний аав жирийн албан хаагч. Хамгийн сүүлд Өлгийд намын хорооны тоо бүртгэгч хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Аав минь гурван жилийн өмнө 94 настайдаа өөд бо лсон. Ээж минь оёдолчин хүн байлаа, бидний багад эрт өөд болсон л доо. Бид аав, ээжээс долуулаа. Би гурван дүүгээ эмч болгосон. Би Баян-Өлгийн нэгдүгээр арван жилийг онц төгссөн. Гэхдээ алтан медаль авч чадаагүй.

-Яагаад?

-Аравдугаар ангидаа тамхи сонирхож татаад, баригд сан. Түүнээс болоод медаль аваагүй. Арван жилд байхдаа дуулж, бүжиглэдэг, гитар, мандолин, доомбор тоглодог уран сайхнаар нэлээд явдаг хүүхэд байлаа. Би өөрөө урлагт дуртай, тэгээд намайг сургуулиас ч гэсэн урлагийн хүн бол гэдэг байв. Тэр жил Москвагийн Консерваторийн хуваарь ирснийг би авчихсан юм. Төгсөлтийн эхний хоёр шалгалтаа өгөөд, гурав дахиа өгөх гэж байтал өвдөөд, мухар олгойн хагалгаанд орсон. Эмнэлэгт 7-8 хонож байтал аав ирлээ. 12-13 хоноод эмнэлгээс гарсан. Тэгсэн аав “Би хүүхдээ гадаад явуулахгүй ээ, эмч болгоно” гэсээр байгаад Анагаахын дээд сургуулийг миний өмнөөс сонгочихсон юм. Элсэлтийн шалгалтад дээгүүр жагссан болохоор надад сонголт байсан л даа.

-Та өөрөө дуртай байсан уу?

-Эхэндээ нэг их дуртай байгаагүй ч, тэгтлээ татгалзаагүй. Яагаад гэвэл намайг тавдугаар ангид байхад аав их хүнд өвдсөн юм. Тэр үед тариа хийх хүн олдохгүй. Одоо санахад пенициллин дөрвөн цагаар хийдэг. “Тариа хийж өгөөч” гэж ойр хавийн сувилагчийг гуйна. Өвлийн хүйтэнд шөнийн 12 цагт тариулахаар айлын хаалга балбадаг. Заримдаа хаалгаа нээхгүй, тариа нь тасарна. Аав их өндөр халуураад их хэцүү байсан. Тэр миний санаанаас огт гардаггүй. Тэгээд ч би эмч болоход буруудахгүй байх гэж бодсон хэрэг.

-Танай хүүхдүүдээс аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн бий юү?

-Манайх хоёр хүүхэдтэй. Том охин Ризагуль маань СУИС-д багш, докторант. Бага хүү Бадаржан гэж эмч залуу бий. Гуравдугаар эмнэлэгт 8-9 жил дүрс оношлогооны эмч хийсэн. Одооноос тархины судасны чиглэлээр ажиллаж байна. Хүү минь эмнэлгийнхээ Оношзүйн тасгийн эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор болсон. 2011 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эмчийн шагнал авсан шүү дээ. Миний ханийг Э.Банү гэдэг. Эм зүйч мэргэжлээр ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Миний амжилттай ажиллахад ханийн дэмжлэг, түүний ар гэрээ өнгөтэй өөдтэй авч явсан нь шууд холбоотой гэж бодож ханьдаа баярлаж явдаг.

-Багадаа тоглодог байсан хөгж мүүдээ Та одоо тоглодог уу?

-Гитар, баян хуур, мандолин тоглодог. Манайд доомбор бий. Доомбор их хурдан цохиж тоглодог хөгжим. Одоо гар эвлэхээ больчихжээ. Зургадугаар ангид байхдаа нарийн бүрээ үлээдэг байлаа. Анх тавдугаар ангид байхдаа дуулж, хөгжимдөөд Монголын бүх ард түмний урлагийн анхдугаар их наадмаас алтан медаль авч билээ. АУДС-д байхад манай сургууль дандаа нэг, хоёрдугаарт орно. Би доомбор тоглодог, бүжиглэдэг байлаа. Албан байгууллагуудын урлагийн үзлэгээр ч алт, мөнгөн медаль авч л байлаа.

-Шинэчлэлийн Засгийн газар эрүүл мэндийн салбарт ихээхэн анхаарал тавьж байгаа. Эрүүл мэндийн салбарт чухам ямар шинэчлэл хэрэгтэй гэж Та бодож байна вэ?

-Шинэчилнэ гэж ярихад амархан, хийхэд хэцүү. Шинэчлэхэд нэлээд хугацаа шаардана. Манай эрүүл мэндийн систем их хоцрогдсон шүү дээ, нуух юм алга. Энэ нь хэд хэдэн асуудалтай холбоотой. Нэгдүгээрт, эрүүл мэндийн системд хамгийн гол гэж болох уламжлалт бодлого алдагдсан. Хоёрдугаарт, энэ системийг ямар мэргэжлийн удирдлага авч явах вэ гэдэг бодлого алга. Тоног төхөөрөмж үнэхээр хоцрогдсон. Би мэргэжлээрээ жишээ татахад, тархины навигацийн аппарат гэж тоног төхөөрөмж байдаг. Тархийг нээчихээд хавдартай хэсэгт багажаа тавихад дэлгэц дээр харагддаг. Хавдрыг аваад үлдсэн эсэхийг шалгахад хавдар байвал харагдана. Хавдар авах явцад мэдрэлийн судсууд гэмтэж болно. Ийм багажтай бол хавдар авч байхад мэдрэлийн судалд хүрвэл дуугарч дохио өгдөг. Тэгэхээр алдаа гарахгүй, хагалгааны дараа ч зовиур шаналгаа бага байх юм. Ийм тоног төхөөрөмж тавиад өгвөл манай эмч нар ямар ч хагалгааг хийхэд бэлэн. Бас нэг дутагдал нь эрүүл мэндийн даатгалтай холбоотой. Даатгалын системийг өөрчлөхгүй бол хэзээ ч хөгжихгүй. Бүх төрлийн хагалгаа зохих хэмжээний өртөгтэй байх ёстой. Тэр үнэлгээний 15-20 хувийг өвчтөн, үлдсэнийг даатгалаас гаргадаг байх хэрэгтэй. Хийсэн ажилтай нь уялдуулж эмнэлгүүдийг санхүүжүүлэх хэрэгтэй. Цалин нэмнэ гэж худлаа хашхираад яах вэ. Тэртээ тэргүй хийсэн ажлаараа цалинжаад явчихна шүү дээ. Нэг том хагалгаа хийлээ гэхэд төлбөрийн 80 хувь нь даатгалаас, үлдсэнийг хувь хүн төлнө. Эмчилгээний төлбөрийн тодорхой хувь нь багаж, тоног төхөөрөмжид, тодорхой хувь нь хагалгаа хийсэн эмчид, эмнэлэгт гэж хуваагддаг. Ийм журмаар явбал эмч, мэргэжилтнүүдийн цалин аяндаа нэмэгдэнэ. Манайд ийм л систем хэрэгтэй байна. Манайхны авч байгаа цалин хөөрхийлөлтэй шүү дээ.

Э.Энхмаа


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
ариун 202.180.22*** 2013 оны 04 сарын 01 09:25 Хариулах
Баяр хүргье. Хөдөлмөрч хүн , зөв хүн амжилтанд хүрдэгийн жишээ энэ. Дээрх хүмүүс гомдолтой байж бно. Гэхдээ төгс юм бгүй. Өвдсөн болгон амьд гардаггүй,амьд байлгахын төлөө эмч нар ажилладаг гэж боддог.. Миний хүүд тусалсан шүү дээ. Та тухай үед ахыгаа биш, мөнгөө бодож харамлаж сууж дээ. Тэгээд санаснаар чинь бгүй хэрэг. Хүнд сайхныг ерөөж бай. Ахыг чинь үзэж, эмчилгээ хийж тусалсан нь л бна.
монгол 37.220.178.95 2013 оны 04 сарын 01 05:38 Хариулах
та урт наслаж, олон хүний амийг авраарай. монголын эрүүл мэндийн систем хоцрогдсон гэдгийг үнэнээр нь хэллээ
Germany 134.93.2.168 2013 оны 04 сарын 01 05:36 Хариулах
Ene ch dee, mini muu ahiig heden haltar togrogi toloo alsan hun dee! Oodgui shunaltai aluurchin bgan!
Tsog 112.72.12.178 2013 оны 04 сарын 01 01:41 Хариулах
Tandaa bayar hurgie
tseren 122.201.18.14 2013 оны 03 сарын 31 14:39 Хариулах
gemteliin zuwlux emch Batsux,3-r emnelegiin nuruu nugas tarxi nuruunii tasgiin emch nar zuw onsh l tawij surax xeregtei dee nugas ni tasarsan bna geed mongold 2 udaa xagalgaand orood amjilttai boloogui.10 jiliin daraa xyatadad ochood xagalgaand orson nugasiin chuluulj uguugui bna gesen iim baidaltai boloxoor odoo yax yum .emch naraa
Dugersuren 202.179.13*** 2013 оны 03 сарын 31 11:43 Хариулах
Tand bayar khurgeye. Khuukhdiin medreliin saajilt SPASTICHESKAYA FORMA gej baina. Uuniig yax yostoi ve. Nota emchee. 99229262
Bayar khurgie 182.160.31.67 2013 оны 03 сарын 31 10:45 Хариулах
Tiim baina. unekheer ikh zuiliig khiij, shagnal nudee olj.
tand bayar hurgie 97.64.183.126 2013 оны 03 сарын 31 10:03 Хариулах
uneheer uneheer ih zuil hiijee.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »