ХОМООЛ

2012-09-24 17:28:00

 -(Судалбар исээ)-

Адуу малын захад явж, аргал хорголын дунд өсөж торнисон нүүдэлч малчны удамт билээ, бид. Даяаршиж яваа энэ “Нэг ертөнц”-д дангааршлын үнэт зүйлсээ хадгалан уламжлах, наанадаж л гэхэд, “аргал хорголын соёл”-оос өгсүүлээд, цаана бодвол, “мал манах”, “гал манах”, “хэл манах” г.м утга соёлынхоо үнэт зүйлсийн талаар нүүдэлчдийн өвөг-монголчууд бид л юм хэлэхгүй, хийхгүй юм бол хэн, юу хэлж, хийх билээ гэж бодогдоно. Гэвч бас аргал хоргол, хомоол момоол, хом зом, гал манах, хэл манах, хомоол хамах энэ тэр гээд ярилцах, харилцах гэхлээр үг-утгын сан нь хомоолын шээзгий шиг болчих гээд байгаа өнөө- залгамж үе, нөгөө эх хэл, язгуур соёлын боловсролдоо анхаарахгүй шахам болж, давжаарч яваа хүмүүсийг яалтай билээ гэж санагдана.

“Аргалчин ээжийн бичээч хөвгүүд аргалын цэнхэр галыг тойроод…” гэсэн ерөнхий сэдэвтэй судалбар маягийн зүйлийг “Үг өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион, соёл хэрэглээ” номдоо оруулан, хэвлүүлснээс хойш багагүй хугацаа улиран өнгөрч. Төрөлжсөн олон сайхан “эх бичвэр”-үүдийн дундаас төрөгдсөн өнгөт санаагаа “манан манасаар”явтал залгамж шинэ санаа сэдэл нь “хомоол хийгээд хом”-н дээр бууж байх шиг. “Сэтгэлд гал байвал тулганд хомоол олдоно” гэдэг энэ бололтой. Сэтгэлийн галыг манаж болдог, бас бадрааж болдог болой.

Аргал хийгээд аргалын галын эргэн тойронд олон янз үүдэл санаатай богино өгүүллэг, уран нийтлэл, бодрол, эргэцүүлэмж, шүлэг, судалбар, исээ, тайлбар цөөнгүй бий. Эдгээрийг цуглуулан, эрих болгон хэлхэж, судалгаа хийж үзвээс нүүдэлчин монголчуудын соёл сэтгэлгээ, зохист аялгуун, зөн бэлгэдэл, аргалын соёлын талаар чамлахааргүй мэдлэг-мэдээллийг бидний үед зөөж тээж авчирсан нь харагдаж байна. Тухайлбал, Аргалчин ээжийн бичээч хөвгүүд Ч.Чимидийн “Би монгол хүн”, Б.Ринчений “Хортобаажийн аргал”, Д.Нямаагийн “Аргалын утааны үнэр”, Ч.Лхамсүрэнгийн “Би аргалчин байлаа” шүлэг, Л.Түдэвийн “Гал манах” исээнийтлэл, Ж.Бадраагийн “Аргалд явсан ижий минь” дууны шүлэг, Ж.Лхагвагийн “Би аргалчин” исээ-эргэцүүлэмж, Дарма Батбаярын “Аргалын гал” хэмээх исээ-бодрол, П.Бадарчийн “Эхийн сэтгэл” хэмээх элегия, Санж.Пүрэвийн “Аргалын гал дулаан” исээ-нийтлэл, Г.Мэнд-Ооёогийн “Нүүдэлчдийн найраг-зөөлөн ай”-н тотго үг, Дан. Нямаагийн “Аргал” хэмээх исээ-бодрол, “Хоргол” хэмээх бичил таталбар, С.Зэвсэгийн “Аргалчин” нийтлэл, Ч.Мягмарсүрэнгийн “Аргалын гал” шүлэг, “Хомоол дээр суусан чогчиго” өгүүллэг, Ц.Бавуудоржийн “Монголын их амар амгалан” шүлэг, “Аргалын гал” таталбар, Б.Пүрэв-Очирын “Дошсон сарлагийн бухын дунгуй” исээ-нийтлэл, Өвөрмонголын эрдэмтэн Дэлгэрийн “Аргалын соёл” судалгааны өгүүлэл зэргээр “төрөлжсөн эх бичвэрийн сан”-г бүрдүүлж үзэв.

Энэ мэтсийг ёстой л нөгөө аргал түүж яваа хүн шиг үг өгүүлбэрээр нь самардаж, задаргаа бутаргаа хийж уншиж үзвэл тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй (Г.Мэнд-Ооёо) яваа нь, тулгын гурван чулуу босгон, тэхий дунд нь үхрийн халтар аргал өрөөд, адууны өнжмөл хөх хомоолоор гол хийж галаа бадрааж буй уул мэт өвгөдийн дүр нь, ган тулгандаа хөх аргал зэргэлэн өрдөж, уургийн шаргал цайгаа самран байгаа ээжүүдийн нүүр царай нь, аргал хомоол булаалдаж байгаа хүүхдүүдийн адал явдал нь тодроод ирдэг нь даанч сайхан ажээ.

Тал нутгийн монгол хүнд гал гэхлээр мод биш, нүүрс биш, аргал бодогддог байж. Аргал тэгээд олон янз. Олдоц тархац, хэлбэр галбир, дөрвөн цагийн өнгө зүс, хэмжээ дамжаа, эрчим чадал, галын бурхан-гэрийн эзэгтэй нараас авах үнэлэмж, тоогдол нь хүртэл өөр өөр.

Аргалын “хаан”-дошсон сарлагийн бухын дунгуй, сарлаг үхрийн сайхан халтар аргал, монгол үхрийн сармай цагаан, угалзан хээтэй, тэнгэрийн өнгөт хөх аргал, өмхий пэндий, хөвсгөр сэвсгэр үнгүүш, тэмээний хар, хөх хоргол, адууны дүлий хар хомоол, хаврын халтар хомоол, олон жилийн өнжмөл сэвсгэр хөх хомоол, нэг жилийн нүүр үзэж яваа төмөр хөх хомоол, хэдгэнэ эргэлдсэн, адууны шар хомоол гээд л тун олон янз.

Аргал аргалын дотроос хэлбэр галбир, хэрэглээ соёл, эрдэм чадлаараа “биеэр бага боловч бэлчир арвинтай” нь хомон хэлбэрт хомоол юм.

Хомоол болон хомоолын эргэн тойрныг, тухайлбал, “хомоол” гэдэг үгийн уг гарвал, утга, хэрэглээ, “хом”, “хомут”, “хомоол” гурвын хэлхээ холбоо, “хомоол”-ын ид шид хийгээд эрдэм чадал, “аргалын соёл” ба “хомоол”-ын зөөж тээж ирсэн мэдээ мэдээлэл, монгол шинжээ ба морины хомоол зэргээр лавшруулбал сонин содон юм цөөнгүй байна.

Суурин (газар тариалангийн) соёлтой, нүүдлийн (мал аж ахуйн) соёлтой улс үндэстний нүдэнд, бас далд ухамсарт нь “homol” гээч юм, “хомоол” гэдэг үг өөр өөр дүр зургаар буудаг ажээ. Солонгос, хятад, япон хүнд “хомоол” нь илжгэн чих (жимс) шиг төсөөлөгддөг бол, европ зүгийн хүнд ургамлын үр жимс шиг, харин малч удамт монгол хүнд бөөр шиг, хурганы үлээсэн гүзээ шиг, хом (тэмээний) өөх шиг дүрслэгддэг аж.

Адуучин, хоньчин, галын бурхадгэрийн эзэгтэй нар, зохиолчид, угсаатанзүйч нар, соёл судлаачид, хэл шинжлэлтэн нар “хомоол”-оос үүтгэж ер янз бүр юм боддог, дүрсэлдэг, судалдаг нь учир начиргүй зүйл биш бололтой. Тухайлбал, Д.Нацагдоржийн шагналт авьяас билэгт яруу найрагч Дан. Нямаагийн “Хомоол” бичил таталбар (2012)-т:

…Хомоол, адуун зүсээ дуурайж хувирна. Хатаж байгаа хомоолд хар зүс голлоно. Аажмаар нарны шим, салхины бидэрт хуурайшсаар “хар халтар” болно. Хялгана сүвлэсэн талд сарны туяа, одны гэгээг шингээсээр борлог болно. Тэр өнгө нь хувиран хувирсаар тэнгэрийн өнгөнд уусч, хөв хөх болно. Хөх хомоол шидтэй. Элдэв өвчнийг анагаадаг хэмээн хэлэлцэнэ. Хярам, сүү, хар шөлөнд найруулж ууна. Хууч өвчнийг эдгээнэ. Хөх хомоол хайсаар их хол явна. Аглаг тал, уулын хяр, ургамлын соргогтой хөдөө хээрээс л эрнэ шүү дээ. “Нарийны гол”-доо уралдуулах “хурдан ажнай” хайж яваад холбоотой хомоол олоод ихэд баярлана. Түүнийгээ “дааган холбоо” гэх бөгөөд “хос морьтой” хүн болж нөхдөдөө гайхуулан, гэгээн алсад одохын зөнд автдагсан гэсэн нь юм болгонд бэлгэ дэмбэрэл боддог босоо бичигтэй монгол хүний гэгээн ухааны илэрхийлэл болж байна.

Адууны “баас”-ыг уйгуржин монгол бичгээр “homol”, кирилжин монгол бичгээр “хомоол” гэж урт “оо”- той бичдэг. Я.Цэвэл гуайн зохиосон “Монгол хэлний товч тайлбар толь”-д болон ШУА-аас гаргасан “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “… адууны бөм бөм баас”, “…адууны хатсан баас” гэсэн байдлаар тодорхойлсон байна. Толь бичгүүд дэх толгой үсгийн жагсаалт энэ тэрийг сонирхоход, тэмээний “хом” буюу тэмээнд нуруу ачаа ачихад зоо нурууг нь хамгаалж бамбайлан нөмөргөдөг эсгий хөлсөвч- “хом”, бас тэргэнд хөллөх малын хүзүүнд өмсгөн, оосроор тэрэгний аралд холбодог “хом” буюу “хомут”, тарган тэмээний хоёр бөхний хажуу зурааг дагаж гардаг хэсэг талбайн бөөн өөх буюу “хом” өөх зэрэг нь “хом” (qom) гэсэн нэг ижил язгуурт үгсийн үүрийг үүсгэдэг байна. Язгуур нь хавчих, дарах, нухах гэсэн утгатай байж болох. Энэ үгс нь монгол хэлний “хомоол” хийгээд хомбого, хомбогор, хомбон, хомбойх г.м. үгстэй бүтэц, утгын холбоотой байж магад юм. Тэгэхлээр “хом”, “хомоол”, “хомут” (“хомут” нь Азийн нүүдэлчдийн хэлнээс ЭнэтхэгЕвропын хэлэнд орсон үг байж болох бөгөөд Оросын эрдэмтэн П.Я.Черных “Историко-этимологический словарь современного русского языка” тольдоо “Хомут, эр хүйс, -морины хүзүүнд өмсгөдөг зууван яс модноос бүтэх хөллөгөөний нэгээхэн хэсэг, украин хэлэнд “хомут”, беларусь хэлэнд “хамут”, болгар хэлэнд “хомот”, словен хэлэнд “коmat”, чех хэлэнд “chomout”, словак хэлэнд “chomut”, польш хэлэнд “chomato” гэсэн үгс байдаг.

Ийнхүү слав хэлнүүдэд байдаг энэ үгс Дорно зүгээс ирсэн байхыг үгүйсгэх аргагүй. Ижил дуудлагатай үгс Азийн хэлнүүдэд ч бий. Тухайлбал, монгол хэлэнд “хом” буриад хэлэнд “хумууд”, чуваш хэлэнд “хамад”, турк хэлэнд “hamut”, азербайжан хэлэнд “хамут”, кыргыз хэлэнд “каамыт” зэргийг дурдаж болно гэсэн байна) гуравт утгын ба хэлбэрийн холбоо хэлхээ байгаа бөгөөд дүрс дуурайж үүссэн үгс гэж үзэх үндэстэй байна. Профессор Цэцэнцогт гуайн “Монгол үгсийн язгуурын толь”-д homol, homi, homigar, homigardahu, homirahu, homoyihu, homorihu, aturihu гэх мэт үгсийг нэг үүр болгон үзэж, хомойх, хумих, атирах утгатай гэсэн санаагаар тайлбарлажээ.

Адуу малын баас, аргал хорголын дотроос үлэмж сонирхолтой, ид шид, эрдэм чадалтай нь хомоол юм. Сайхан халтар аргал, хөх хомоол дээр мөнх ногоон арцаа зүмбэрлэн талбиж, уугиулан ариун сан-“утаа үнэрлэдэг ёсон” бол нүүдэлч монголчуудын дунд түгээмэл дэлгэрсэн зан үйл юм. Энэ бол хэдэн зуны усан бороог тэвчиж, хэдэн намар, хаврын хөх салхийг өнгөрөөж, хэдэн өвлийн хөр цасны хайрууг дааж, нарны эрчим энергийг шингээж, газар шорооны шимийг татаж авсан аргал хомоолын эрчим чадлыг ашиглаж буй арга юм л даа.

Аргал хомоолын утаагаар сая төхөөрсөн малын махыг утдаг, муудаж хуучрахаас нь сэргийлдэг, гургалдай, гүзээ тэргүүтэнг “утаанд өгдөг” арга манай нүүдэлч малчдын дунд дэлгэрсэн байдаг бөгөөд ингэж хомоолын утаагаар мах утах нь нүүдэлчдийн мах шүүсийг ариусгах, хамгаалах арга, монгол ухаанаас гарчээ. Тэгээд ч энэ нь утсан хиамнаас урьдын зүйл бөгөөд махыг утаж хэрэглэх нь их л эртний соёлын зүйл бололтой. Аргалын утаа үнэрлээд турж эцсэн мал, ядарч туйлдсан хүн тэнхээ ордог гэдэг. Иймээс ч Төрийн шагналт зохиолч Д.Нямаа:

Эсгий гэрт минь анхилсан

Аргалын утааны үнэр

Эрийн тэнхэл оруулсан

Хүж дэлхийн үнэр юм гэж шүлэглэсэн.

Энэ мэтээс бодоход “хомоол”-ыг эмчилгээний ид шидтэй гэж. Хомоолоор эмчлэх олон арга чарга байдаг байна. Гурван жил болсон хөх хомоолыг шатаагаад үнсээр нь эмчлэх, тунгаасан усыг нь уух, шавших зэргээр эмчилдэг байна. Зарим нутагт хойшоо харсан амны долоон хомоолоор эмчилдэг дом байдаг гэнэ. Хомоолын эмчилгээгээр дагнаж мэргэшсэн хүн ч байдаг аж.

Монголчууд, хоёр настай адууг даага гэхээс гадна хос хялгасаар холболдож хатсан хоёр хомоолыг “хомоолон даага” гэдэг нь аргалын соёлд анхаарч судалмаар сонин зүйл болно. “Дааган хомоол” олдох нь их л бэлгэшээлт ховор зүйл бөгөөд ийм “даага” олсон хүн гэртээ авчирч, гэрийнхээ баруун хатавчны ханын өнчин толгойд өлгөх буюу эсвэл гэрийн тотгоны нэг унинд унуулан нөмөргөж хомнодог ёсон байдаг, одоо ч байсаар байна. “Дааган хомоол” нь адуу сайн манадаг, чоно нохойноос хамгаалдаг гэж бэлгэддэг. Хялгасаар холболдож “төрсөн” дааган хомоолоос санаа төрөгдөж, монгол морин хуур үүссэн гэх хууч яриа ч байдаг. Сонин санаа юм даа, юмыг яаж мэдэх вэ, хоёр хомоолыг холбосон морины тэр хос хялгасыг тал хээрийн дэггүй хөх салхин саваагүйтэн оролдож, жимбүүрдэн үлээхүй дор адуу янцгаах, тэмээ буйлах, хүн дуулах мэт нэгэн сайхан хөг аялгуун цогцолж, хуурын эгшиг уянгалсан ч байж болох. Домог түүхээс улбаатай товчит хэлцийн дотор их юм бий дэг ээ.

Нүүдэлч монголчуудад олон янз сонжоо шинжээ байдаг. Тэнгэр шинжих, газар шинжих, од эрхисийг шинжих, нутаг ус шинжих, цаг агаар шинжих, өвс ургамал шинжих, сайн хөвүүнийг шинжих, сайн охиныг шинжих, хаан хүнийг шинжих, хатан хүнийг шинжих, сайн бөхийг шинжих, морь малыг шинжих гээд л… Доктор, ардын уранзохиолч Л.Түдэв гуай “Монгол шинжээ”-ний талаар монгол хүнд төдийгүй, монголоо мартсан хүнд бүр ч их тус болмоор тийм сайн нийтлэл олныг бичсэнийг анхаарууштай юм.

Монгол олон шинжээ сонжооны дотор морь малыг баасаар нь шинжих буюу “хомоолоор шинжих” шинжилгээ орно. Энэ шинжээний талаар академич, ардын уранзохиолч Ц.Дамдинсүрэн гуай “Морь шинжээч Жомбоохүү” хүүхдийн зохиолдоо олон сонин санаа гаргасан байдаг. Монгол хүн, тэр тусмаа мал малын зах зух мэддэг малчин хүн, адуу малынхаа тарга тэвээргийг баасаар нь шинждэг. Ялангуяа морь сойдог хүмүүс, уяачид хурдны морины өл хоол, уяа сойлго, усалгаа, хөлсөлгөө, идэж буй өвс ургамлын зохилдлогоо тэргүүтэнг “хомоол”-оор нь шинждэг уламжлалтай. Хашир туршлагатай уяачид сойж буй мориныхоо “хомоол”-ыг чимхэж нэг бариад л, хагалж нэг хараад л, үнэрлэж нэг үзээд л уяа сойлго нь таарч буй эсэх, ямар төрөл зүйлийн өвс ургамал идээд, яагаад ийгээд байгааг нь анддаггүй. Тэгэхлээр хомоол бол хурдны морины уяа сойлго таарсан эсэхийг хардаг нэг ёсны “хөөрхөн толь” болдог аж.

Нүүдэлчин монголчууд бол ямар аргалаар юу хийх, хэзээ, яаж хэрэглэхээ ч таньж мэдсэн амьдралын туршлагатай ард түмэн. Адууны хөх хомоолын зөөлөн галаар сүү хөөрүүлэх, үхрийн сайхан халтар аргал, хөх аргалын дөлөн дээр тогоо нэрэх, адууны шар хомоол, дүлий хар хомоолоор май тавьж, ялаа шумуул үргээх, нэг хоёр жилийн өнжмөл төмөр мэт хатуу хөх хомоолоор гал манах, хоргол хөрзөн цогшуулж толгой шийр чанах, ээзгий буцалгах гээд л…

Хомоолын нэг ид шид бол ус тогтоодоггүй, машид түргэн хатаж, чийгээ сэгсэрдэг чанар. Их бороо усны дараа адууны хөх хомоол, халтар хомоол л хамгийн түрүүнд хатна. Туршлагатай малчин хүмүүс мал төллөх үеэр хурганы уутныхаа ёроолд халтар, хөх хомоол үйрүүлсхийгээд дэвсчихдэг, тэр нь одоогийнхоор бол живх (памперс) маягийн юм болдгийг амьдралаас танин мэдэж, хэрэглэж ирсэн туршлага, соёл байдаг. Тэгэхлээр монгол мал нь хөх хоргол, хөх бууцан зөөлөн дэвсгэртэй, нялх төл нь ”хөх хомоолон живх”-тэй байсан байх нь ээ. Одоо ч үүнийг умартаж боломгүй.

Монгол мориныхоо хүрсэн газарт л монгол хүн хүрчээ. Монгол адуу хүрсэн газар болгонд “монгол хомоол” тархаж л дээ. Тэгэхлээр “монгол морины хомоол” дэлхийн даядад бэлчирлэн тархаж, түүнтэй хамт “аргалын соёл”- ын нэгээхэн тасархай түгэн дэлгэрчээ гэж үзэж болмоор байдаг.

2004 онд Сөүл хотноо Солонгосын Монгол судлалын Холбооноос зохион байгуулсан “Солонгос ба Монгол” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний хурал болж билээ. Энэ хуралд Монгол, Солонгосын олон эрдэмтэн оролцсон. Энд Солонгосын монгол судлаач , Данкуг их сургуулийн Дорно дахины судлалын төвийн профессор, доктор Ким Ки Сонь ”Монгол хэлний “морь харах” гэдэг үгийг нийгмийн хэлшинжлэл талаас авч үзэх нь” гэсэн сонирхолтой илтгэлмэдээлэл хийж билээ. Энэ айлтгалилтгэлийнхээ “Монголын морьтой холбоотой заншил” гэдэг хэсэгт “Манай зүйр цэцэн үгэнд хомоолтой холбоотой зүйл олон бий.” гээд:

“Хомоол гэж юу байдгийг мэдэхгүй байж малын эмч болох”, “Хомоолтой холилдон амьдарсан ч энэ ертөнц сайхан”, “Хомоол илжгэн чих шиг харагдана.”, “Хамраас нь хомоолын үнэр ханхална.” “Хомоол гишгэвэл үс ургаж, өндөр болно” (баасны зүүдний тайлал) г.м-ийг дурдсан бол, “Чэжү арлын морьтой холбоотой заншил хийгээд хомоол түүх” гэдэг хэсэгт: “Мал маллах соёл бол тэдний амьдралын бүх хэсэг гэж хэлж болно. Морьтон монголчуудын ахуй амьдралын заншил болон соёл нь манай түүхийн нэг хэсэгт ул мөрөө үлдээсэн тул Чэжүд мал маллах, нүүдлийн соёлтой холбоотой зүйл олон бий. Чэжү аралд биднээс асар холдсон, Монголын нүүдлийн соёл хамгийн их байгаа юм… Наймдугаар сард зэрлэг ногоог зулгааж дуусангуут хүмүүс аргалын араг үүрч, хоорондоо өрсөлдөн, хомоол түүж эхлэх ба дунджаар нэг хүн өдөрт 2-3 шуудай түүнэ. Ингэж түүсэн хомоолоо сайн хатааж, 10-р сараас 2-р сар хүртэл гал түлнэ. Хомоол нь нэг удаа галлаад эхэлчихвэл амархан унтардаггүй, удаан шатдаг тул гэрийн дулааныг удаан барьдаг байна. Түүнчлэн шүдэнз ховор үед зуухан дахь галаа хайчаар авч, галаа хуваан хэрэглэдэг байна… Өнөөдөр ч Капа арал зэрэг түлш ховор газар хомоол түүж, ханандаа нааж хатаан, гал ноцоон хоол хийдэг заншил үлджээ… Хомоолыг ингэж түлш болгон хэрэглэдэг нь монгол нүүдэлчин ардаас сурсан зүйл...” гэж онцлон тэмдэглэжээ.

Энэ бүгдээс харвал, адууны хомоол нь сонин сонин мэдлэг-мэдээллийг зөөж тээж, энэ дэлхийгээр тархсан байна. “Гал манах” хэмээх соёл-хүн судлалын үнэт зүйл нь “хомоол”-той холбогдох төдийгүй “хомоол хормойлж өссөн хүүхэд” (Хөдөөгийн хүүхэд), “Аргал болж дүрэлзтэл ноцох юм сан…”, (Бадрангуй сэтгэлтэй хүүхэд) “Дааган хомоол шиг хослоод л…”, (салдаггүй, дандаа хамт явдаг гэсэн утгатай) “Аргалд нүдтэй хүүхэд…” (Малд нүдтэй хүүхэд гэдэг шиг), “Хомоол дээр гарсан бор бялзуухай” (Ялихгүй атлаа дээгүүр зантай гэсэн утгатай), “Адууны шар хомоолд эргэлдсэн хэдгэнэ шиг…” (Нойтон хамуу шиг гэдэг хэлцийн хувилбар), “Хомоол хамах” (Уралдсан морь сүүлдэж ирэх гэсэн утгатай) г.м. хомоолтой холбоотойгоор үүссэн хэлцүүд нь эх хэлний гал голомтыг манаж байгаа нь лавшруулан үзмээр зүйл бөгөөд аргалын соёлыг судлахад бас нэгэн шинэ сэдэв болон үлдэж байна.

Б.ПҮРЭВ-ОЧИР Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор (МУБИС)


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
батцэцэг 202.179.11.30 2013 оны 10 сарын 30 14:34 Хариулах
ямар гоё мэдээлэл вэ, үнэхээр зон олон бидний амьдрал ахуйд хэрэгцээтэй мэдээлэл байна, зарим сонсоогүй зүйлээ мэдэж авлаа, энэ мэдээллийг найз нөхдөдөө дамжуулна, баярлалаа
Bayarlalaa 202.170.85.9 2012 оны 09 сарын 28 23:16 Хариулах
Bayarlalaa saikhan oguulel bna. Tsaad utgiig ni iluuu sain bodox xeregtei ym bn shuu. Xalit unshisan xumuus sain anzaaraxgui dee ayagui bol
batbayr_Z 103.9.91.98 2012 оны 09 сарын 25 08:57 Хариулах
Tand urt udaan naslaj busdad urgelj gegeetei surgaaltai erdemee hairlaj yvaarai gej husie, bas erooe hundetgesen Batbayr.Z
Batbayar_Z 103.9.91.98 2012 оны 09 сарын 25 08:56 Хариулах
Bayarlalaa unen saihkan sanaa, sanal devshuuljee argaggui l sudlaach hun yumaa. bayar hurgie PUREV-OCHIR bagshidaa. Uneeder ehleed l ene esseg unshlaa ih bilegsheej baina Bagsh hun urgelj busdad surgaal nomlol aildaj busdiig sain saihan zuil ruu tataj, chirch, chigluulj yavah tuuchee yumaa bayarlalaa.
уншигч 202.126.89*** 2012 оны 09 сарын 24 20:42 Хариулах
Баярлалаа, сонирхолтой мэдээлэл байлаа. Танд амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »