ХОГ МӨНГӨ БОЛДОГ

2012-06-18 13:00:00

Саяхныг хүртэл хүн төрөлхтөн мөнгөний төлөө байгалийн баялагтаа хайр гамгүй хандаж байв. Харин эдүгээ экологид ээлтэй үйлдвэрлэлийг дэмжин хог хаягдлын хор хөнөөлийг бууруулан, улмаар дахин боловсруулах болжээ. Үүний тулд дахин ашиглах боломжтой шил, лааз, хуванцар, цаас зэрэг хуурай хог хаягдлыг ялгаж боловсруулж буй. Хог нь энгийнээр хэрэггүй болсон, ашиглаж дууссан зүйлс боловч түүгээр эргүүлээд бидний амьдралд хэрэгцээтэй зүйлсийг хийж болдог гэдгийг хүмүүс төдийлэн хайхардаггүй. Хог нь “хог” болохоосоо өмнө л мөнгө байсан, хог мөнгө биш гэж тайлбарлах хүмүүс ч цөөнгүй.

Хүний хэрэгцээ хязгааргүй. Хязгааргүйн хэрээр хэрэгцээг үй болсон юм бүхэн хог болдог. Дөрвөн уулын дундах Улаанбаатар өдрөөс өдөрт цэцэглэн хөгжсөөр байгаа ч хавар, намрын ааш нь олдохгүй тэнгэрийн тааллаар хуй салхи босох нь олонтаа. Салхинд нисэх шувууд адил навсгар нэвсгэр цаасан хог хүмүүний тэргүүн дээгүүр хийсч үзэгдэнэ. Хот хөгжихийн хэрээр хог нь бас багассангүй, түүнийг нэхэн хөлжинө.

Нийслэлийн гэр хороололд оршин сууж буй нэг иргэн өдөрт ойролцоогоор 900 грамм, орон сууцны нэг иргэн 200-350 грамм хог хаядаг гэсэн статистик бий. Гэтэл энэ их хогийг хүлээн авдаг хоёрхон цэгтэй. Тэнд өдөрт 900-1200 тонн буюу 200-350 машин хог ирдэг аж. Үүгээр тооцвол жилдээ 220-260 мянган тонн “хог нийлүүлдэг” гэж хэлж болох юм. Саяхныг хүртэл хог боловсруулах үйлдвэр байгаагүй тул нийслэл хот маань ийн хур хогон дундаа “ээнэгшин” дасаж, нүдэн балай, чихэн дүлий амьдарсаар ирэв.

Өнгөрөгч онд БНСУ-ын КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар Нарангийн энгэрт хог боловсруулах үйлдвэр барихаар болж сүр дуулиантай нээлт хийж байлаа. Тус үйлдвэр нь цаас, төмөр, хуванцар сав, лааз гээд төрөл бүрийн хог хаягдлыг ангилан ялгаж, түүгээрээ түлш үйлдвэрлэн нам даралтын уурын зуух бүхий станцуудад нийлүүлнэ гэж тооцоолж байв. Түлш боловсруулахдаа бус, гагцхүү хог хаягдлыг бууруулан, дахин боловсруулан ашиглаж буйд энэхүү үйлдвэрийн ашиг тус оршиж буй. Өөрөөр хэлбэл, хог нь хог биш мөнгө байж болдгийн бодит жишээ гэж тайлбарлаж болно. Цагт 10 тонн хог хаягдал ангилан боловсруулж 200 кг хатуу түлш үйлдвэрлэнэ хэмээн тооцоолж байсан тус үйлдвэр өдгөө хүчин чадлынхаа тал хувийг л ашиглаж байна. Учир нь Нарангийн энгэр дэх Хог боловсруулах үйлдвэрийг Улсын комисс хүлээж аваагүй тул ийм байгаа аж.

Өдөрт 4-5 машин хог хүлээн авч түүнийхээ арав орчим тонн хогноос нь ялгасан 200 килограмм гялгар уут болон цаасны хольцноос 200 килограмм RBF ангиллын хатуу түлш үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, зуун хувийн гарцтай үйлдвэрлэл явуулж байна гэсэн үг. Үйлдвэр туршилтаар ажиллаж байгаа тул хатуу түлшээ хараахан борлуулж эхлээгүй байгаа аж. Хэдий тийм ч RBF хатуу түлш нь хуванцар сандал, траншейний таг үйлдвэрлэх гол түүхий эд болдог гэсэн. Төрөөс тус үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжээд өгвөл өдөрт 80-100 тонн хог боловсруулж, сард 50 тонн орчим хатуу түлш үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллах аж. Ингэснээр хотын нүүрсний хэрэглээг багасгаж, утааг бууруулахад дэм болох нь гарцаагүй. Учир нь хог хаягдлаар үйлдвэрлэсэн түлш утаа гаргадаггүй юм байна. Нарангийн энгэрийн цэгт “Тохижилт үйлчилгээний компани”- ууд өдөрт 1000 тонн хог буулгадаг гэнэ. Хог гээч нь ийн хангалттай, түүнийг боловсруулах үйлдвэр нь бэлэн атал юу нь болохгүй байгаа юм бол. Хог хаягдлаасаа “хэрэглэж болох”-ыг нь ашиглаж хогоо мөнгө болгох талаар уг нь анхаарч ажилламаар санагдана.

Бид хогоо мөнгө болгоё гэхээсээ илүүгээр хогоо зөөхөд олон сая төгрөг, хүч хөдөлмөр зарсаар удаж байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэг 25 хороотой. Зөвхөн нэг хорооны өрхүүдийн хогийг цэгт аваачиж асгахад 161 сая орчим төгрөгийг зарцуулдаг гэнэ. Тэгвэл тус дүүргийн бүх хорооны хогонд зарцуулж буй мөнгийг жилээр нь тооцвол хэдэн тэрбумаар яригдах тоо гарах нь. Зөвхөн БЗД-ийг тооцоход л ийм байна. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд авч үзвэл тооны машинд бодож багтахгүйд хүрэх биз. Хогоо зөөхийн тулд хэдэн арван тэрбумыг салхинд хийсгэх бус, хогоо мөнгө болгож дадсан гадаадын орнуудын жишигт хүрмээр байгаа юм. Токио, Сөүл, Нью-Йорк, Прага зэрэг өндөр хөгжилтэй хотууд хогоо ашиглаж цахилгаан дулааныхаа хэрэгцээг хангадаг жишээ цөөнгүй бий. Уух аргаа олохгүй бол усны захад ангаж үхнэ, түүх аргаа олохгүй бол түүдгийн дэргэд осгож үхнэ гэдэг. Тэгэхээр монголчууд бид ашиглах аргаа олохгүй байна уу.

Орчин үед хатуу хог хаягдлыг боловсруулах болон цуглуулах систем үйлдвэрийн томоохон салбар болтол өрг өжин хөгжжээ. Тухайлбал, Баруун Европт хог хаягдлын 30 хувийг халдваргүйжүүлж, 21 хувийг шатаадаг байна. АНУ-д хог шатаах иж бүрэн барилга байгууламж 105, Францад түргэн халдваргүйжүүлэх, меха никжуулах систем бүхий байгууламж 40, Италид 12, Швейцарьт 25 байдаг аж. АНУ-ын “New Balance” спорт хувцасны брэнд өнгөрс өн жил хаягдал хуванцар саваар спорт гутал үйлдвэрлэсэн байна. Нэг хос гутал үйлдвэрлэхэд 12 ширхэг хуванцар сав ашиглажээ. Гуталны 95 хувийг хаягдлаас, бусдыг нь ноос, даавуу зэрэг материалаар хийсэн байна. Хог гэгдэж ямар ч үнэд хүрэхгүй байсан хуванцар саваар худалдаанд гаргаж болохуйц бүтээгдэхүүн гарган авсан нь гайхалтай. Өнгөрсөн жилийн аравдугаар сараас энэхүү гутлыг 95 ам.доллараар борлуулж эхэлжээ.

Франц улс жилд хаядаг 26 сая тонн хог хаягдлаа гэр ахуй, аж үйлдвэр, тусгай хэрэгцээнд тохирох гэж гурав ангилан дахин боловсруулдаг аж. Хог хаягдлын дахин боловсруулах боломж нь янз бүр. Тухайлбал, хөнгөн цагаан лааз 80-95, металл лааз 70-85, хуванцар материал 30-70, шил 50-80, цаас 40-60, цаасан хавтанцар 25-40, үнс 90-95 хувьтай гэнэ. Хуванцар материалаас дулаан ба цахилгаан энергийг гарган авах төдийгүй хоёрдогч түүхий эдээс нь шинээр бүтээгдэхүүн боловсруулж болдог байна. Цаасан хайрцгаар наад зах нь гэрийн дулаалга хийж ашиглаж болдог атал манайхан үүнийг зүгээр л хаячихдаг. Түүнийг ашиглан баяжсан хүмүүс Бээжинд цөөнгүй байдаг аж. Бид “Хаягдал гэж үгүй” гэх Хятад, Японы сэтгэлгээг тоохгүй өнгөрч боломгүй. Саяхан Японы хэсэг бизнесмэн үүд манай гэр хорооллын үнс нурамнаас дээж аваад явжээ. Гэр хорооллын айлуудаас ихээхэн хаягддаг үнсээр юу хийж болох талаар судалж байгаа гэнэ.

Бид яагаад өөрсдөө үүнийг судалж болохгүй гэж. Хүний ам руу харж, өгснийг нь иддэг “ангаахай” хэв маягаасаа салах цаг болсныг энэ харуулж буй хэрэг биш гэж үү. Гаднынхан Монголын баялаг, алт эрдэнэст шунадаг асан бол одоо бүр хог хаягдал нь хүртэл тэдэнд мөнгө болон харагддаг болж. Үнсээ дахин боловсруулж, түүгээр юу хийж болохыг судлаад мэдчихвэл гэр хорооллын хог хаягдлын асуудал цэгцэрч, үнэ цэнэгүй үнс үнэд орох ч юм бил үү. Хог хаягдлын менежмен тийг сайжруулах мастер төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн Цагаан даваанд Хог боловсруулах үйлдвэр шинээр барихаар шийдвэрлэсэн билээ. Тэгвэл энэ сарын эхээр Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн хог хаягдлыг хогийн шинэ цэгтээ хүлээн авч эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, Нарангийн энгэрт таван дүүргийн хог хаягдлыг нийлүүлдэг байсан бол Цагаан даваанд хогийн шинэ цэгтэй болсноор хог ачсан машинууд хогоо савируулан тус цэгт хүрдэг байсан нь өөрчлөгдөж буй аж. Энд хог хаягдал хүлээн авахаас гадна өдөрт 200 тонн хог боловсруулах үйлдвэр байгуулж, ангилсан хог хаягдлаар барилгын тоосго, блок, явган хүний замын хавтан үйлдвэрлэх боломжтой гэнэ.

Хог хаягдлыг өмнөх шиг ил задгай хаялгүй олон улсын жишгийн дагуу ландфелийн аргаар тодорхой үе шаттайгаар булшлах аж. Үүний үр дүнд хог шатаан агаар, орчныг бохирдуулдаг, гялгар уут, цааснууд энд тэндгүй хийсдэг, эвгүй үнэр ханхалдаг зэрэг эрүүл ахуйн олон асуудал шийдэгдэх юм.

Хүн ам ихтэй нийслэл хотын хогийг нэг өдрийн дотор шийдчих боломжгүй тул цаг хугацаа шаардах нь зүйн хэрэг биз. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын адил бид хэрэггүй болсон, хэзээ ч эргэн ашиглагдахгүй тэр зүйлсээрээ хэрэгцээт зүйл үйлдвэрлэхэд болохгүй зүйл үгүй. Одоогийн хог боловсруулах үйлдвэрүү- дээ дэмжээд, түүн дээр нэмэн хэд хэдэн үйлдвэр ашиглалтад оруулчихвал хог байсанд нь итгэхээргүй эд зүйлсийг бүтээх боломж байна. Хог мөнгө болдог гэдгийг байнга санах хэрэгтэй.

О.БАТ-УНДРАХ, Ө.ЦЭРЭНЧИМЭД


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
хонгорзул 112.72.11.119 2014 оны 04 сарын 24 20:59 Хариулах
гоё юмааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа
сувдаа 202.131.23*** 2012 оны 12 сарын 18 09:11 Хариулах
хаягдал цаас авдаг газар хаана байдаг юм болоо хэлж өгөөч хэдээр авдгийн бол
112.72.1*** 112.72.13.41 2014 оны 08 сарын 04 14:41 Хариулах
saruul 202.55.186.20 2012 оны 12 сарын 10 12:00 Хариулах
lol
ganbatiin saruul 202.55.186.20 2012 оны 12 сарын 10 11:47 Хариулах
ta nar googled 2 orhon zowoldoo hogii ashigtai bvriil medeeliig taiwsan bolhoor ;] ondor amjiltiig hvsii
ganbatiin saruul 202.55.186.20 2012 оны 12 сарын 10 11:36 Хариулах
hogiig ashilah medeelel ogsond bayarlaa minii setgegdel
анхныбаяр 202.126.89*** 2012 оны 11 сарын 14 15:22 Хариулах
нийслэлийнхээ сайн сайхны төлөө санаа тавьж байгаа та бүхэнд амжилт хүсье дээрх 161 сая гэдэг тоо хэр үнэн тоо вэ энэ зөвхөн нэг сард зарцуулдаг мөнгө юм уу ямар баримтнаас үндэслэсэн тоо вэ жирийн иргэн очиж судлах боломжтой юу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/