С.ЛАМБАА: МОНГОЛ УЛС ХҮНС, ЭМЭНД ТАВИХ ХЯНАЛТАА ЧАНГАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

2010-10-06 14:00:00

Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай ярилцлаа.

-Сайдын алба авснаас хойш багагүй хугацаа өн гөрчээ. Энэ хугацаанд та эрүүл мэндийн салбарт ямар ажил хийж, юу бүтээв?

-2008 оны есдүгээр сарын 18-нд Эрүүл мэндийн сайдаар томилогдсон. Сайдын ажил аваад тус салбарт нэн түрүүнд эдийн засгийн шинэчлэлт зайлшгүй хийх шаардлагатай байсан. Манай эмч, мэргэ жилтнүүд тодорхой түвшинд бэлтгэгдсэн ч эрүүл мэндийн салбарын эдийн засгийн тогтолцоо зах зээлийн системд шилжиж чадаа гүйгээс цалин хөлс, тоног төхөөрөмжийн хангамж болон барилга байгууламж нь муудсан зэрэг бэрхшээлтэй олон асуудал байсан. Тиймээс эдийн засагч мэргэжилтэй хүний хувьд намайг тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр сонгож “Та энэ салбарт тул гараад буй асуудлыг өөрчлөөч” гэж сайдаар томилсон. Ажлаа аваад эрүүл мэндийн даатгалыг жинхэнэ эзэнд нь хүргэхийн тулд эмнэлгийн ороор санхүүжүүлдэг тогтолцоог өөрчилсөн.

Өөрөөр хэлбэл, оношийн бүлгээр санхүүжүүлдэг байсныг ялгавартай олгодог болсон. Жишээ нь, зүрх судасны мэс засал хийхэд даатгалын сангаас 600.000- 700.000, мухар олгойн мэс засал хийхэд 10.000-20.000 төгрөг авдаг байсан. Энэ нь эрүүл мэндийн даатгал хүндээ хүрч үйлчилж байна гэсэн үг. Хүнд өвчтэй байвал даатгалаас илүү мөнгө авах нь. Нөгөө талаар хүнд өвчтэй хүнийг эмчилдэг эмнэлэгт арай ахиу мөнгө олгож байгаа юм. Орон нутгийн иргэд эмнэлгийн үйлчилгээг адил тэгш авах эрхтэй. Гэтэл энэ байдал алдагдсан байна. Ховд аймгаас Улаанбаатар хотод иржүзүүлэхэд 1.5 сая төгрөгийн зардал гардаг. Ингэж болохгүй. Тиймээс бид зайны оношлогоог хөгжүүлэхийг зорьсон.

Тухайн өвчтөний онош нь тодрохгүй байвал интернэтээр дамжуулаад Хавдар судлалын үндэсний төв рүү өвчтөний биеийн байдал, шинжилгээний хариу ямар байгаа тухай мэдээллийг явуулж өвчний үе шатыг нь оношлуулдаг юм. Ингэснээр тухайн хүн оношоо мэдэхээс гадна хотод ирж эмчлүүлэх шаардлагатай эсэхээ мэднэ. Өнөөдрийн байдлаар найман аймаг Эх нялхсын эрүүл мэндийн төвтэй холбогдчихсон, төрөлтийг зайнаас удирдаж байна.

Мөн аймгуудын нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасаг нээлээ. Дараагийн нэг ажил бол эрүүл мэндийн санхүүжилтийн стратегийн баримт бичгийг боловсруулж, Засгийн газраар батлуулсан. Ингэснээр эрүүл мэндийн даатгал, санхүүжилт, төсвийг хэрхэн зарцуулах вэ гэдгийг шийдвэрлэсэн. Түүнчлэн эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэн найруулж, УИХаар батлуулсан. Одоо эрүүл мэнд, иргэний эрүүл мэндийн даатгал, дархлаажуулалтын тухай хуулийг өргөн бариад байгаа. 0-5 насны хүүхдэд 10 төрлийн вакцин тарьдаг байсан бол одоо найрлагыг нь өөрчлөөд 3-5 вакцин нийлж нэг тариа болж байна. Үндсэндээ хоёр удаа тарина гэсэн үг. Өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн энэ ажил эдийн засгийн их хэмнэлт авчирсан. Бас нэг томоохон ажил бол аймгуудад явуулын амбултори байгуулсан явдал.

-Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сар бүр төлдөг ч эмнэлэгт хандахад бүх үйлчилгээ төлбөртэй байдаг. Улиралд биш юмаа гэхэд жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэгт бүх нийтээр төлбөргүй хамрагдаж болдоггүй юм уу?

-Даатгал төлсөн хэр нь эмнэлэгт үзүүлэхдээ хувиасаа мөнгө төлдөг байсан. Одоо шинжилгээ хийлгэхэд даатгалын сангаас нэг хүнд 30.000 төгрөг төлдөг болсон. Цус, шээс зэрэг наад захын шинжилгээг төлбөргүй өгдөг боллоо. Харин эмрайгээр харуулахад 30.000 төгрөгт багтахгүй. Зөрүүг нь хувь хүн өөрөө төлөх ёстой. Улсын, хувийн эмнэлгийн даатгалаас авах мөнгө ялгаатай байсан. Үүний зөрүүг ойртуулах зорилт тавьсан.

Хувийн эмнэлэг даатгалын сангаас нэг хүний 30.000-40.000 төгрөг авдаг байсан бол одоо 100.000 төгрөг авч байна. Тэгэхээр хувийн эмнэлгүүд улсын эмнэлгүүдтэй өрсөлдөнө гэсэн үг. Өрсөлдөөний үр дүнд эмнэлгийн хөгжил сайжирна. Энэ бол эрүүл мэндийн салбарт хийсэн цоо шинэ ажил. Бас ахмадууд болон хүүхдүүдээс төлбөр авахыг хориглосон. Үнэ төлбөргүй үйлчилдэг тогтолцоо байгаа учир эрүүл мэндийн салбар урагшлахгүй байгаагийн нэг шалтгаан.

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд ямар өөрчлөлт оруулах санал тавьсан юм бэ?

-Эрүүл мэндийн даатгал хоёр салсан нь бодлогын хувьд төвлөрөхгүй байгаа. Эрүүл мэндийн бодлогыг яам тодорхойлдог хэрнээ даатгалын сан нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд харьяалалтай. Ийм байж болохгүй. Тиймээс энэ хуулинд эрүүл мэндийн даатгалын санг бие даасан агентлаг болгохоор тусгасан. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээг худалдан авдаг тогтолцоо руу шилжиж буй юм. Худалдан авагчийн тогтолцоо энэ салбарыг хариуцлагатай болгоно. Бас нэг том асуудал нь эмнэлгийнхний хүнд суртал. Орон нутгийн иргэд 13А маягтгүй ирвэл үздэггүй. Үүнийг болиулж, цахим үйлчилгээний хэлбэрт шилжүүлчихээр хүн мөнгөө төлсөн тухайн газраа үзүүлэх боломж бүрдэнэ.

-Ахмадуудын эрүүл мэндийн үйлчилгээг төрөөс даана гэж хуулинд заасан ч хэрэгждэггүй. Ялангуяа амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй. Үүнд ямар зохицуулалт хийх ёстой юм бол?

-Ахмадууд, хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгалыг төрөөс даахаар хуулинд тусгагдсан ч төр үүнийг даах чадваргүй учраас үйлчилгээ нь иргэдэд хүрч чадахгүй байна. Эдийн засгийн бололцоотой иргэдээс өндөр төлбөр авах тогтолцоонд шилжих хэрэгтэй. Ажил хийж байгаа хүн бүр сар болгон эрүүл мэндийн даатгалд цалингийнхаа дөрвөн хувийг төлдөг. Харин өндөр настан, хүүхдүүд, цэргийн албан хаагч, эрсдэлтэй бүлгийн иргэдийн мөнгийг төр хариуцдаг. Ингэхдээ сард 500, жилд 6000 төгрөг төлнө. Тэгсэн хэр нь тухайн хүн эмнэлэгт хэвтэхдээ 200.000 төгрөгийн эмчилгээ хийлгэж байна. Ингэж болохгүй. Төрөөс дээрх иргэдэд өгч байгаа даатгалын мөнгөний тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгвэл даатгалын санд орох мөнгө нэмэгдэж ахмадууд сайн эмчилгээ хийлгэнэ биз дээ.

-Хүний хөгжил сангаас олгох мөнгөний 500.000 төгрөгийг эрүүл мэндийн чиглэлээр олгоно гэж байсан. Иргэд хэрхэн ашиглах юм бол?

-Монгол Улсад эрүүл мэндийн даатгалгүй 420.000 хүн бий гэсэн судалгаа байдаг. Тэдний даатгалыг хүний хөгжил сангаас олгох мөнгөнөөс төлнө. Мөн иргэн бүрт даатгалын карт нээх юм. Энэ нь ойролцоогоор 270-300.000 төгрөгт багтах байх. Картаараа дуртай газраа очиж эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой. Ахмадуудын асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. -Сүүлийн жилүүдэд тө- рөлт ихэссэн.

Гэтэл төрөх эмнэлгийн хүрэлцээ муугаас нярайн халдвар зэрэг нялхсын янз бүрийн өвчин гарах боллоо. Үе үеийн сайд нарын үед энэ асуудал яригдаж л байсан. Энэ тал дээр та ямар ажил хийж байна вэ? -2006 оноос хүүхдийн мөнгө- нөөс гадна шинээр төрсөн хүүхэд, шинэ гэр бүл болсон иргэдэд 500.000 төгрөг өгч эхэлснээс төрөлт эрс нэмэгдсэн. 2004 онд 35.000 эх төрсөн бол өнгөрсөн онд 68900 болж өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдсэн. Нийслэлийн I, II, III амаржих газар, ЭНЭНШТ ачааллаа даахаа байлаа. Энэ нь хоёр талтай. Нэгдүгээрт, төрөлт нэмэгдсэн, хоёрдугаарт нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь хавсарсан өвчтэй байна. Энэ нь нярайн халдвар гарах магадлалыг өндөр болгож байгаа хэрэг. Өнгөрсөн нэгдүгээр сард I амаржих газрын ачаалал ихэссэнээс нярайн халдвар гарсан. 80 эх хүлээж авах ёстой газар 140 хүн байна гэхээр ариун цэврийн хувьд хангалтгүй байх нь ойлгомжтой.

-IV төрөхийн барилга барина гэсээр олон жил боллоо. Яармагийн дэнжид газар авсан гэж дуулсан. Барилгын ажил хэзээ эхлэх вэ?

-Нийслэлд эх нялхсын эрүүл мэндийн төв буюу IV амаржих газрыг 19 тэрбум төгрөгөөр барихаар төсөв баталж тендерээ зарласан. Энэ жилдээ багтаад сууриа тавих байх. Тиймээс миний үед эх нялхсын салбарт томоохон бүтээн байгуулалт болж үлдэнэ.

-Яамны харьяанд “Эрүүл мэндийн газар” гэж агентлаг бий. Яг юу хийдэг газар вэ. Бидэнд огт мэдэгддэггүй газар байх юм?

-Агентлаг гэдэг нь хэрэгж үүлдэг газар. Яамнаас боловсруулсан бодлогыг хэрэгжүүлдэг юм. Эрүүл мэндийн яаманд Эрүүл мэндийн хөгжлийн төв, Тусламжийн газар гэж байсныг би агентлаг болгосон. Дотроо 5-6 хэлтэстэй. Эмч нараас жил бүр лицензийн шалгалт авах, төгсөж байгаа мэргэжилтнүүдээс мөн шалгалт авах, мэргэжил дээшлүүлэх, эмчлэх эрх олгох, Монголд орж ирж байгаа болон үйлдвэрлэсэн бүх эмийг бүртгэх зэрэг арга хэмжээг явуулдаг. Ийм агентлаг байхгүй бол эрүүл мэндийн яам дангаараа хүч хүрэхгүй шүү дээ. Ирэх жил бид эмийн зохицуулалтын алба байгуулна. Саяхан эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийг шинэчлэн батлаад эмийн агентлаг байгуулахар болсон.

Тус агентлаг эм чанартай эсэхийг судлах, хил гаалиар оруулахаас эхлээд бүх зүйлийг нь хийнэ. Монгол Улс хүнс, эмийн асуудалд тавих хяналтаа чангаруулахгүй бол хордож үхэх нь. Хоолонд хорддог байсан бол эмэнд хордож байна. Монголд эм замбараагүй орж ирэх болсон.

-Монголд хуурамч эм илрүүлэх лаборато ри байдагг үй. Хил гаалиар орж ирж байгаа эмд хяналт хэрхэн тавьдаг юм бол. Баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчлүүлж буй эсэхээ мэдэхэд хэцүү байна шүү дээ.

-Эмийн хяналтыг МХЕГ тавьдаг. Яамны харьяанд ямар нэг лаборатори байдаггүй учраас чанартай, чанаргүй эм орж ирж байгаа эсэхийг мэдэхэд түвэгтэй л дээ. Гэхдээ бидэнд хамаарахгүй гээд орхиж болохгүй асуудал. Тиймээс МХЕГ-аас тавих хяналтыг ЭМЯ-ны дэргэд байх ёстой гэж үзээд эмийн хяналтын лаборатори байгуулах гээд байгаа юм. Аль ч улс оронд хүнс, эмийн хяналтыг салбарын яам нь хариуцдаг. Хувь хүмүүс гар тээшээр хил гаалиар эм оруулж ирэн “Нарантуул” худалдааны төвд худалдаалж, хэрэглэсэн зарим иргэд хохирсон тохиолдол цөөнгүй бий.

-Дэлхий дахинд ашиглаж буй сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг тусламжаар манай эмнэлгүүдэд өгдөг ч түүнийг ажиллуулах нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн дутагдалтай гэдэг. Манайхан эмч нарынхаа мэдлэгт төдийлөн найдахгүй байсхийгээд л гадаад руу эмчилгээнд явах юм. Та ч бас нэг удаа БНСУ-д очиж эмчлүүлсэн байх аа. Эмч нарын боловсролд хэрхэн анхаарч байна вэ?

-Би БНСУ-д очиж эмчлүү- лээгүй. Ажлын шугамаар тэнд очихдоо шинжилгээний хариугаа баталгаажуулсан хэрэг. Онош маань зөв, буруу юу гэдгийг тус улсад очиж тодруулаарай гэсэн эмч нарын шийдвэрийн дагуу шинжилгээ хийлгэсэн юм. Хэн ч гэсэн эрүүл мэнддээ анхаарах нь зүйн хэрэг биз дээ. Миний сайд байх үед тоног төхөөрөмжийн шинэчлэл маш сайн хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар Монголд эмрайн аппарат гурван ширхэг байна. Өмнө нь байгаагүй. 1.5 сая хүний дунд нэг эмрайн аппарат байх ёстой гэсэн олон улсын жишиг бий.

Манайх заримдаа хэтэрхий туйлшрах юм. Төрөлжсөн эмнэлэг байгуулж эхэллээ. Тухайлбал, III эмнэлэгт зүрх, тархины, I эмнэлэгт бөөрний, Хавдар судлалын үндэсний төвд элэгний клиник байгуулсан. Томоохон эмнэлгүүдэд төрөлжс өн тасаг байгуулаад тэнд тоног төхөөрөмжөө суурилуулах бодол той байгаа. Мөн нийслэлд эмчилгээ, оношлогооны төвийг гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулахаар болсон.

Тиймээс БНСУ-ын компанитай гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурсан. 39 орчим сая долларын өртгөөр энэ төв босох юм. Өнгөрсөн онд 300 гаруй эмч нарыг гадаадад мэргэжил дээшлүүлсэн.

-Асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл нь хүүхдийн эмчийн орон тоо. Монголд хүүхдийн эмч үнэхээр дутагдалтай байна. Гэтэл ЭМШУИС-д энэ чиглэлээр эмч бэлтгэхээ больсон. Төгссөн мэргэжилтнүүд нь цалин багатай гээд мэргэжлээрээ ажилладаггүй юм билээ.

-Энэ үнэн. ЭМШУИС 1996, 1997 оноос хүүхдийн эмч бэлтгэхээ больсон. Харин эмч нарыг хүүхдийн эмчээр мэргэшүүлдэг юм билээ. Хувийн сургуульд хүүхдийн эмч бэлтгэж байна. Үүнийг БСШУЯ нэг тийш цэгцлэх хэрэгтэй. Эмч бэлтгэдэг сургууль манай яамны харьяанд байдаггүй юм. Тийм учраас эмх замбараагүй байдал үүсэж байгаа хэрэг. Миний тавьж буй нэг зорилт бол ЭМШУИС болон эмч бэлтгэдэг хувийн их, дээд сургуулийг ЭМЯны харьяанд өгөх хэрэгтэй. Тэгж байж бид эмнэлгээ сургуулиудын лаборатори сургалтын түшиц бааз болгоно. Эмчийн мэргэжлийг дан онолоор сурахгүй шүү дээ.

Гардан ажиллаж амьдралын явцаас сурдаг юм. Цаашид эмч бэлтгэх тогтолцог өөрчлөх хэрэгтэй. Хүүхдийн эмч болох хүнийг эдийн засгаар нь дэмжих ёстой. Тиймээс хүүхэд, нярай, мэдээгүйжүүлэлт, сүрьеэ, халдвартын эмч нарын цалинг илүү өгөхөөр болсон. Энэ нь дээрх салбарт мэргэжилтнүүдийг татах ганц нөхцөл. Хэл мэддэггүй нялх хүүхдийг эмчилнэ гэдэг том хариуцлага. Хүүхдийн эмч болохыг сонирхохгүй мэс засал, шүдний эмч болохыг эрмэлзэж байна. Хүүхдийн эмч ямар нэг төлбөр авдаггүй учраас цалин бага байдаг. Тиймээс нэмэлт урамшуулал олгох нь зүйтэй гэж үзсэн юм.

-Байр, орцны хонгилоос эхлээд эмэгтэйчүүдийн эмнэлэг нийслэлд олон. Тэр хэрээр үр хөндөлт замбараагаа алдсан. Таныг саяхан үр хөндөлтийн талаар журам баталлаа гэж байсан. Мөрдөгдөж байгаа болов уу?

-Монголд жилд 7000 орчим эмэгтэй үр хөндөлт хийлгэдэг гэсэн судалгаа бий. Энэ тоо худлаа. Зөвхөн зөвшөөрөлтэй газар хийсэн тоо юм. Жилд 20.000 эмэгтэй үр хөндүүлдэг гэсэн тоог эмч мэргэжилтнүүд ярьдаг. Үүнийг л цэгцлэхийн тулд би тушаал гаргасан. Эрх аваагүй эмнэлэгт үр хөндөлт хийхийг хориглолоо.

Амаржих газар, зөв шөөрөл бүхий хувийн эмнэлэгт үр хөндөлт хийх зөвшөөрөл олгож байна. Энэ шийдвэр амжилттай хэрэгжиж байгаа. Төрөх боломжгүй хүмүүст үр хөндөлт хийн, өөрийнх нь болон эцэг эхийнх нь зөвшөөрлөөр үр хөндөлт хийнэ гэж хуулинд заасан байдаг. Гэхдээ үр хөндөлтийн судалгаа гаргахад ихэнх хувийг оюутан, залуус эзэлж байна шүү дээ.

-Шинээр сэргэж буй халдварт өвчнийг хурдан хугацааны тестээр үздэг гэсэн. Манайд тэр тест бараг байдаггүй гэж ярьдаг юм билээ. Тэгэхээр оношлогоонд цаг алдах явдал гардаг байх. Багаж, тоног төхөөрөмжийн тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Хурдан тестээр зарим өвчнийг дэлхий нийтээр үздэг. Тэрнээс гадна автомат оношлогоонд шилжих хэрэгтэй. Цус хийгэээд л автомат төхөөрөмжөөр хариу нь гарах жишээтэй. Дэлхий дахинд техникийн дэвшлүүд ч гарсан. Тиймээс Монгол Улс автомат оношлуур хэрэглэх ёстой. Энэ нь нэг төрлийн бизнесийг хөхүүлэн дэмжиж буй хэрэг.

Хувийн лаборатори Монголд олон. Б сайд болоод хувийн лаборатори байгуулахыг зөвшөөрч байна. Гэхдээ та шинжилсэн хүнээ эмчил гэх зарчмыг тавьсан. Гадаадын орнуудад ч ийм жишиг байдаг. Тэр ч байтугай эмч нь эмээ сонгодог юм. Гэтэл манайд оношоо тавиад, эм бичээд явуулдаг. Өвчтний авсан эм нь хуурамч, эсвэл чанаргүй учраас үр дүн гарахгүй байна.

Тиймээс эм, эмнэлгийн чанарт хатуу хяналт тавих ёстой. Сая эм, эмнэлгийн тухай хуулийг шинэчлэн батлаад жоргүй эмийг эмийн сангууд үйлчлүүлэгчдэд өгөхгүй байхаар болсон. Заавал жортой өгнө. Хэрэгжиж байгаа эсэхийг МХЕГ-аас шалгаад хэрэгжихгүй байвал тухайн эмийн сангийн үйл ажиллагааг зогсоож, хаах ёстой.

-Манайд цус, цусан бү- тээгдэхүүний нөөц муу байдаг юм билээ. Гадаадаас захиалдаг гэсэн. Энэ тал дээр төрөөс дорвитой арга хэмжээ авч донорын тоог нэмэгдүүлэх талаар ажил эхлүүлж болдоггүй юм уу?

-Энэ асуудал үнэхээр анхаарал татаж байгаа. Ямар нэгэн гамшиг боллоо гэхэд цусны нөөц хаанаа ч хүрэлцэхгүй. Хэдхэн хоногийн нөөцтэй. Цусны нөөц, донорын тоог нэмэгдүүдлэхээс гадна цусны шинжилгээ хийж буй лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хэрэгтэй.

Монголд ДОХ-ын 81 тохиолдол бүртгэгдлээ. Хэрэв донороор дамжаад ДОХ-ын халдвар тарчихвал бид сүйрнэ. Өнөөдөр цусаа өгч байгаа хүн ДОХ-ын өвчлөл нь далд үедээ байвал халдвар тархана шүү дээ. Далд үед нь ч оношийг илрүүлдэг тоног төхөөрөмжийг цусны төвүүдэд суурилуулах ёстой. Би үүнийг их шаардаж байгаа. Үнэ нь ч өндөр юм билээ. Ганц багаж нь 750 сая төгрөг. Гэхдээ В, С вирус, ДОХ-ыг автоматаар шинжилдэг юм билээ. ДОХ ч гэлтгүй В, С вирусийг цусаар хүнд дамжуулж л байгаа шүү дээ. Тиймээс энэ асуудалд анхаарах ёстой.

-Та багш мэргэжилтэй хүн. Огт өөр салбарт ажиллахад хүндрэл гардаг уу?

-Би багш мэргэжилтэй хүн биш ээ. Хүмүүс намайг тэгж ойлгох юм. Би МУИС-ийн Инженер эдийн засгийн ангийг Авто тээврийн инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн эдийн засагч хүн. Москвагийн Их сургуульд боловсролын эдийн засгийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Эдийн засаг заадаг хүнийг багш л гэх байх. Гэхдээ мэргэжил нь эдийн засагч шүү дээ. Хүмүүс эдийн засагч хүн эрүүл мэндийн салбарыг удирдлаа гээд атаархаад ч байгаа юм уу, янз бүрээр ярьдаг юм.

Гэхдээ энэ салбарыг ямар ч мэргэжлийн хүн удирдаж болдог. Эмч хүн эрүүл мэндлийн яамыг толгойлоод сай хан болгочихдог бол аль хэдийнэ сайхан байх ёстой биз дээ. Эмч нар нь ор хоног, өвчин хөөцөлдсөөр байгаад эдийн засгийн салбар нь уналтанд орчихсон байсан. Би эрүүл мэндийн салбарын асуудлыг 12 жилийн турш УИХ-д хариуцаж, энэ салбарт одоо мөрдөгдөж байгаа 10 гаруй хуулийг батлахад оролцсон.

Намайг их хурлын гишүүнээр 1996 онд сонгогдоход эрүүл мэндийн ганц хуультай байсан шүү дээ. 1996-2000 оны хооронд эрүүл мэндийн одоо мөрдөгдөж байгаа бүх хууль гарсан. Эрүүл мэнд, уламжлалт анагаах ухаан, цусны бүтээгдэхүүний талаар төрөөс баримтлах бодлогоын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байлаа.

Тиймээс надад эрүүл мэндийн салбарт ажиллахад ямар нэгэн хүндрэл огтхон ч гардаггүй. Тэр байтугай өнөөдөр сайн эмч, мэргэжилтнүүдийнхээ санал бодлыг байнга сонсож байгаа учир миний явуулж байгаа бодлого нэг их алдаагүй гэж боддог. Бодлого тодорхойлдог хүний хувьд эрүүл мэндийн салбар зөв гольдрилдоо явж байгаа гэж ойлгодог.

-Таны бүрэн эрхийн хугацаа дуусахад “Ламбаа сайдын үед хийгдсэн” гэж танаар нэрлэж үлдэх ямар ажил байгаа бол?

-Олон ажил үлдэнэ. Эх нялхсын эрүүл мэндийн салбарт бүтээн байгуулалт олон хийжээ. Томоохон эмнэлгүүдийг төрөлж үүлсэн. Эдийн засгийн шинэчлэл хийж, даатгалын тогтолцоог сайн болгожээ. Олон улсаас томоохон дэмжлэгийг авсан. АНУ-ын Мянганы хөгжлийн сангаас 39.2 сая долларын санх үүжилт ав чих лаа.

Ийм том төсөл нийгмийн эрүүл мэндийн салбарт өмнө нь хэзээ ч байгаагүй. Эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх тогтолцоогоо өөрчилж, эрхзүйн хувьд цоо шинэ шинэчлэл хийж эхэллээ. Эрүүл мэнд, эм эмнэлэг, даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан гээд маш олон зүйл дурдаж болно.

Гэхдээ би асуудалд улстөржиж ханддаггүй. Төрийн алба ээлжтэй халаатай учир бүрэн эрхийн хугацаа дуусаж би ажлаа өгнө. Дараагийн хүн миний ажлыг залгуулаад хийнэ шүү дээ. Ажлаа өгөхдөө би С.Ламбаа гэдэг хүн эрүүл мэндийн салбарт ийм ийм зүйл хийсэн байна шүү гэж зарлана. Зарлах зүйлтэй байхын төлөө би ажиллаж байгаа. Эрүүл мэндийг салбарыг гажуудуулахгүй ёс дүрмийнх нь дагуу явуулж байна.

 С.Батзаяа


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »