Исламын шашинтан Лондон хотын дарга болов

2016 оны 05 сарын 07

Пакистаны цагаач гэр бүлийн найман хүүхдийн нэг, жирийн нэгэн автобусны жолоочийн хүү, өдгөө 45 настай, исламын шашинт Садик Каан Их Британийн нийслэл Лондон хотын даргаар сонгогдлоо. Тэрбээр сонгуулийн урьдчилсан дүнгээр сонгогчдын 56.8 хувийн дэмжлэгийг хүлээсэн бол түүний гол өрсөлдөгч 43 хувийн санал авчээ.

Садик Каан Британийн Хөдөлмөрийн намын гишүүн бөгөөд түүний Лондоны мэрээр сонгогдсон нь тус намынхны хувьд онцгой чухал ялалт гэгдээд байна. Учир нь тус нам орон нутгийн сонгуульд Шотланд дахь засаглах байр сууриа үндсэрхэг үзэлтнүүдэд алдаад байгаа юм. Харин Уэльст Хөдөлмөрийн намынхан Иргэдийн төлөөлөгчдийн танхим дахь 60 суудлын 29-ийг авсан, гол нам хэвээр үлдэв.

Садик Каан ийнхүү Лондоны дарга болсноор тус хотын захиргааны байр завсаргүй найман жил үргэлжилсэн консервативчуудын ноёрхлын эцэст Хөдөлмөрийн намынханд шилжиж байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД