З.ЭНХЖАРГАЛ: ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ГУТАЛ ҮЙЛДВЭРЛЭНЭ

2016 оны 05 сарын 05

Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн “Армоно” нэгдлийн эрдэм шинжилгээний ажилтан З.Энхжаргалтай ярилцлаа. Тэрбээр чихрийн шижинтэй хүмүүст зориулж, тусгай гутал үйлдвэрлэхээр судалгаа хийж байгаа юм.

-Өвчтэй хүмүүст зориулж гутал хийх санаагаа хэрхэн олсон бэ?

-Би 2002-2008 онд БНЧУ-ын Томас Батагийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан болохоор сургуульд орохоосоо өмнө судалгааныхаа ажлын сэдвийг сонгох шаардлагатай байсан. Сургуулиас санал болгосон сэдвүүдээс энэ чиглэлээр судалгаа хийх сонирхол төрсөн юм. Судалгааныхаа ажлыг дуусгаад одоо “Чихрийн шижинтэй хүнд зориулсан тусгай гутлын хэвлүүрийн зохион бүтээлт, нэвтрүүлэлт” нэртэй төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Гутлаа зохион бүтээхийн тулд чихрийн шижинтэй хүмүүсийн хөлийг судалсан байх. Ямар дүгнэлт гарсан бэ?

-Чихрийн шижинтэй 40-74 насны 106 хүний хөлөнд судалгаа хийсэн. 60 нь эмэгтэй, 46 нь эрэгтэй. 89 хүний хөлийн нум мурийсан, 87-гийнх нь эрхий хуруу хажуу тийш товойсон, 65- ынх нь хөлийн хуруунууд мурийсан байсан. Мөн 55 нь өсгийгөөр өвддөг гэсэн бол 72 хүн гутал холгодог гэж хэлсэн. Хөлөнд нь ийм өөрчлөлт орсон хүмүүс энгийн иргэдтэй адилхан гутал өмсөхөд тохиромжгүй. Тэдэнд зориулсан тусгай гутал зайлшгүй шаардлагатай.

-Яагаад хөлөнд нь өөрчлөлт ордог юм бол?

-Чихрийн шижинтэй хүний захын эрхтний мэдрэхүй алдагдаж, цусан хангамж дутагддаг. Үүний зэрэгцээ хөлийн эрүүл ахуй муу сахиж, тохиромжгүй гутал өмссөнөөс шарх, гажилт үүсдэг. Энэ нь хүндэрвэл хөлөө тайруулах эрсдэлтэй. АНУ-ын эрдэмтдийн 1986 онд хийсэн судалгаанаас үзэхэд чихрийн шижинтэй хүмүүсийн 76 хувь нь хөлөө тайруулжээ. Олон улсын чихрийн шижингийн холбооны судалснаар 2014 онд 387 сая хүн энэ өвчнөөр шаналж байжээ. 2035 он гэхэд энэ тоо 592 сая болно гэж таамагласан байна лээ.

-Тусгай зориулалтын гутал ямар загвартай байх вэ?

-Эхний ээлжинд эрэгтэй, эмэгтэй тус бүрт нь ерөнхий нэг загварын гутал гаргана. Хөлийнх нь хэлбэрт бага зэрэг өөрчлөлт орсон хүмүүс хүндрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор өмсөх юм. Хөл барьсан, нарийн хоншоортой, өндөр өсгийтэй гутал өмсөж болохгүй учраас хоншоор нь дугуйвтар, өргөн, өндөр байна. Богино түрийтэй, дотор болон гадна ул нь хөлөнд ногдох ачааллыг бууруулах зориулалттай. 1.5-2.5 см өндөр өсгийтэй. Өмсөж, тайлахад амархан байх хэрэгтэй. Эхний ээлжинд хавар, намар өмсөхөд тохиромжтойг хийнэ.

Стандартад нийцсэн гутал үйлдвэрлэхийн тулд хэвлүүрээ зөв гаргах хэрэгтэй. Тухайн гутал биеийн жингийн ачааллыг бууруулж байна уу, хөлийн хаана нь их ачаалал үүсэж байна, хөлд эвтэйхэн байна уу, үгүй юү гэдгийг нарийн тодорхойлдог багаж гадаадад байдаг. Гутлын том үйлдвэрүүд ашигладаг юм. Өндөр үнэтэй болохоор худалдаж авч чадахгүй байна. Гутлаа хийсний дараа ямар нэг аргаар уг багажийг олоод туршиж үзнэ.

Гадаадад үйлдвэрлэсэн тусгай зориулалтын гутал. Ул нь хөлийн өлмий хэсгийн ачаалал бууруулах зориулалттай

-Гутлаа ямар материалаар хийх вэ?

-Судалгаанд хамрагдсан хүмүүсийн олонхынх нь хөл харшилтай гэсэн. Тиймээс гутлын дотрыг харшил өгөхгүй, чийг татахгүй материалаар хийх хэрэгтэй. Мөн бактер, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй, дулаан материал байвал сайн. Чихрийн шижинтэй хүний халуун, хүйтнийг мэдрэх чадвар буурдаг учраас хөлөө даарсныг мэдрэхгүй байх үе бий. Гаднах материал нь арьс байна. Хиймэл, резин, синтетик, лакан материал эрүүл ахуйн талаасаа тохирохгүй. Химийн биш экологийн аргаар боловсруулсан сайн материал сонгоход манай байгууллагынхан их тусалж байгаа.

-Энэ чиглэлээр судалгаа хийсэн хүн танаас өөр бий юү?

-Манайд одоохондоо байхгүй. Чихрийн шижинтэй хүн гэлтгүй ер нь монгол хүний хөлийн онцлогийг судалсан хүн цөөн байх. Манай гутал үйлдвэрлэгчид хүмүүсээс захиалга авахдаа хөлийнх нь хэмжээг ерөнхийд нь аваад, материал, загварт голлон анхаардаг. Харин хөлийн хуруу мурийсан, нум нь хавтгайрсан, эсэхийг ер анзаардаггүй. Захиалагч нь ч энэ тухай мэддэггүй.

Сүүлийн жилүүдэд дэлхийн алдартай гутлын үйлдвэрүүд материал, загвараас гадна дээр хэлсэн нарийн зүйлүүдэд их анхаардаг болсон. Тэд улсынхаа төдийгүй гадаад хүмүүсийн хөлийн онцлогийг судалж, эрүүл мэндэд тустай гутал хийхийг эрмэлзэж байна.

-Гадаадад үйлдвэрлэсэн тусгай зориулалтын гутал худалдаж авбал манайханд тохирох болов уу?

-Улс бүрийн хүмүүсийн хөл өөр өөр онцлогтой болохоор тийм ч сайн тохирохгүй л болов уу. Монголчууд ихэнхдээ богино, өргөн хөлтэй бол европчуудынх урт нарийхан байдаг. Чехэд миний сурсан сургуулийн багш Хлавачек чихрийн шижинтэй хүмүүст зориулсан гутал хийсэн. Тус улсын чихрийн шижинтэй 40 мянга орчим хүний найман мянга нь хөлөө тайруулсан гэсэн судалгаа бий. Тэдний 60 орчим хувь нь хөлдөө тохиромжгүй гутал өмссөнөөс шарх үүсэж, хүндэрсэн аж.

Тусгай зориулалтын гутал үйлдвэрлэснээр хөлөнд үүсэх хүндрэл багасаж, хөлөө тайруулах нь 50 хувиар буурна хэмээн үзсэн. Тус гутлаа улсдаа эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй худалддаг юм билээ. Гуталнаас гадна чихрийн шижинтэй хүмүүст зориулсан оймс ч бий.

П.ТУНГАЛАГ

П.ТУНГАЛАГ
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.34.38 kkk