УИХ-ын сонгуульд 11 нам, ГУРВАН ЭВСЭЛ ОРОЛЦОНО

2016 оны 05 сарын 05

 - СЕХ ХҮН болон ИЗНН-ыг бүртгэсэнгүй –

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ 13 нам, гурван эвсэл Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээд байсан. СЕХ тэдгээр хүсэлтийг нягталж, 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэж, өчигдөр удирдлагуудад нь батламж гардууллаа. Харин анх хүсэлтээ өгсөн намуудаас ХҮН болон ИЗНН-ыг бүртгэсэнгүй. Батламжаа авах гэж ирсэн зарим намын удирдлага гэргийгээрээ гоёж, гишүүд нь бүчээр ижилсчээ.

Батламжийг улс төрийн намуудын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар олгож, Үндсэн хууль, Сонгуулийн болон бусад хууль тогтоомжийг чанд мөрдөж, сонгуульд шударга, соёлтой оролцохыг уриаллаа. Тэдгээр намаас нэр дэвшигчдийг саналын хуудаст мөн уг дарааллаар бичих юм.

“ӨӨР НАМЫН ГИШҮҮН АЛЬ НЭГ НАМЫН НЭРИЙН ӨМНӨӨС НЭР ДЭВШИХИЙГ ХУУЛИАР ХОРИГЛОДОГ”

Намуудад батламж гардуулах үеэр СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайханаас зарим зүйл тодруулав.

-ИЗНН болон ХҮН-ыг яагаад бүртгэсэнгүй вэ?

-Сонгуульд оролцох намууд 10 төрлийн бичиг баримт ирүүлэх ёстой. ХҮН бичиг баримтаа дутуу ирүүлсэн. Тэр нь сонгуулийн дансны мэдээлэл байсан. Мөн баримт бичгүүд нь хоёр өөр тамгатай байсан. Сонгуульд оролцохоо илэрхийлсэн албан ёсны хүсэлтэд намын дарга гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байх ёстой. ХҮН-ын хүсэлтэд дарсан тамгыг хуулийн этгээдийн бүртгэлийн газраас хүчингүй гэж үзсэн. ИЗНН-ын хувьд ч баримт бичгүүд нь учир дутагдалтай байсан.

Жишээ нь, сонгуульд оролцох шийдвэр гаргасан намын байгууллагын тогтоолд С.Оюун даргынх нь гарын үсэг байгаагүй. Энэ талаар С.Оюун дарга өөрөө ирж тайлбар өгсөн. ИЗНН гурван даргатай. Гэтэл хүсэлтэд ганцхан Ц.Ганхуяг даргын гарын үсэг байсан. Биднийг шийдвэр гаргахад Дээд шүүх ИЗНН-ын даргаар Ц.Ганхуягийг баталж, бүртгээгүй байсан.

-Сонгуулийн тогтолцоотой холбоотой Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авснаар Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар боллоо. Үүнтэй холбоотойгоор намуудын нэр дэвшүүлэх хугацааг хойшлуулах талаар ярьж байна. Хойшлуулахгүй байх боломжтой юу?

-Пропорциональ системээс бусад асуудлаар Сонгуулийн хуульд өөрчлөлт орохгүй болов уу. Тийм ч учраас сонгуулийн ажлыг цаг хугацааны хуваарийн дагуу явуулж байна. Энэ сарын 5-наас нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх ёстой. Хуульд өөрчлөлт орохгүй бол хугацаандаа эхэлнэ. Үүнийг УИХ шийднэ. Одоогоор хуульд заасан хугацаатай ажлаа бид дор бүртээ хийгээд явж байна.

-ИЗНН АН-ыг дэмжиж оролцохдоо тодорхой хүмүүсийг тус намаас нэр дэвшүүлэхээр тохиролцсон гэж ярьж байна. ИЗНН-ын гишүүн АН-аас нэр дэвших хуулийн боломж бий юү?

-МҮАН, Эх орон нам АН-ыг дэмжиж оролцохоо мэдэгдсэн. ИЗНН-аас ирүүлсэн хоёр бичгийн нэгэнд нь мөн АН-ыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байсан. Өөр намын гишүүн аль нэг намын нэрийн өмнөөс нэр дэвшихийг хуулиар хориглодог.

ИЗНН СЕХ-Г ШҮҮХЭД ӨГЧ, ХҮН-ЫНХАН БИЕ ДААН НЭР ДЭВШИНЭ

СЕХ-ноос ИЗНН болон ХҮН-ыг сонгуульд оролцуулахгүй гэж шийдвэрлэсэнтэй холбогдуулан эдгээр намын удирдлага тэргүүтэй гишүүд, дэмжигчид мэдээлэл хийв. ИЗНН СЕХ-г Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгөхөө мэдэгдсэн. ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “Бидэнд алдаагаа засах боломж олголгүй, сонгуульд оролцох эрхийг маань шууд хаасан нь улс төрийн захиалгат үйлдэл гэж хардахад хүргэж байна” гэсэн юм.

Тус намаас гаргасан мэдэгдэлд “СЕХ Сонгуулийн тухай хуулийн 121.2 болон 124.3.2 дахь заалтыг үндэслэн ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан тогтоолыг энэ сарын 2-нд гаргасан атал манай намд 4-ний 08.45 цагт уг шийдвэрээ хүлээлгэн өгсөн нь эрх зүйн хувьд тус намыг 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” хэмээгээд СЕХ-ны шийдвэрийг түдгэлзүүлэхийн төлөө ажиллахаар тогтсоноо дурджээ.

ХҮН-ын дарга С.Боргил “Дөрвөн зүйлийг үндэс болгож манай намыг сонгуульд оролцуулахгүй хэмээн шийдвэрлэлээ. Эрх баригчдын улс төрийн захиалга, манай намын зарим гишүүн сонгуульд орохгүй, АН-ыг дэмжинэ гэсэн нь биднийг бүртгэхгүй байх шалтаг боллоо. Нөхцөл байдал бидний эсрэг байгаа ч эхлүүлсэн ажлаа дуусгаж, энэ улсыг эрх тэгш болгохын төлөө үргэлжлүүлэн ажиллана” гээд гишүүдээ бие даан нэр дэвшүүлэхээ мэдэгдлээ.

УИХ-ын сонгуульд тус намаас 20 орчим хүн бие даан нэр дэвших бол нийслэлийн болон аймгийн ИТХ-ын сонгуульд ХҮН дангаараа оролцох гэнэ. Энэ үеэр ХҮН-ын Хан-Уул дүүргийн хорооны дарга Б.Мөнхцэлмэг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг намаа санаатайгаар хагалан бутаргасан гэсэн үндэслэлээр хасахаар шийдвэрлэснийг дуулгалаа.

 Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
104.228.158.165 gundalai yaj buhiij mehiigeed bainaa???