БИ САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ БОЛОХООР 2.200.000 ТӨГРӨГ ЗЭЭЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛСОН

2016 оны 05 сарын 04

Хүүхдийн зохиолд зальт үнэг Алиса “Зоосоо газарт булчихаад услаад байвал олон болно” хэмээн Буратиног хуурч, дараа нь бүгдийг нь авчихдаг шиг явдал яаралтай мөнгө хэрэг болсон үед бидэнд байнга тохиолддог. Харин би саяхан Алиса шиг хүмүүст олз болохгүйн тулд бяцхан тоо бодоод л зөв гарц олж чадсан юм.

Надад өвчний оношоо тодруулах, баахан шинжилгээ хийлгэх 1.200.000 төгрөг гэнэт хэрэг болов. Хамгийн амархнаар нь найз нөхөд, хамаатан садандаа үнэн учраа тоочиж, нүүрээ ширлэн байж мөнгө сураглалаа. Зарим нь өчигдөрхөн асуухгүй гэж, нөгөө нь надаас илүү зовлон тоочиж, би мөнгө олж зээлүүлэхээр ч болов.

Дараа нь би мөнгө хүүтэй зээлүүлдэг танилаа саналаа. 1.200.000 төгрөгөө 10 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлүүлэх гэнэ. Уг нь ч бичиг баримт бүрдүүлж гүйхгүй, унааны ганцаа барьцаанд тавьчихад л мөнгө шийдэгдчихнэ. Гэхдээ бяцхан тоо бодоод үзлээ. 10 хоногийн дараа би түүнд 1.320.000 төгрөг өгөх нь. За тэгээд мөнгө олдохгүй бол машинаа ч алдаж магадгүй. Хэт богино хугацаанд арай л их мөнгө төлөх, тэр ч байтугай алба амины ажил амжуулдаг ганц унаанаасаа салж магадгүй нь шударга бус санагдав.

Энэ хувилбарыг орхиод ломбардыг саналаа. Мөн л барьцаалах зүйл нь байвал мөнгө ч дороо бүтнэ л дээ. Гар утас, хуучин пүүзнээс авахуулаад бүгдийг барьцаалдаг ломбардны хүү хамгийн багадаа 4-6, 6-8 хувь. Гэхдээ би мөнгөө хугацаанд нь төлж чадахгүй бол барьцаанд тавьсан хөрөнгийг минь гэрээ дууссанаас хойш 10 хоногийн дараа зарж борлуулах эрх тэдэнд үүснэ. Нэг бол би мөнгөтэй болж, барьцаанд тавьсан зүйлээ автлаа хүү төлж тэднийг баярлуулна гэсэн үг. Бас л шулуулж байгаа хэрэг шүү. Уг нь ч чирэгдэл багатай л даа.

Банк. Хэрэгцээтэй байгаа 1.200.000 төгрөгөө авахын тулд надад цалингийн зээл авах сонголт бий. Хүү нь ч боломжийн 1.8-2.3 хувь. Гэхдээ л ажлын байрны, цалингийн тодорхойлолт, байнга оршин суух хаягтай байх энэ тэр гээд бичиг цаас цуглуулах нь төвөгтэй санагдана. Уг нь зээлээ аажуу тайвуу төлж, амьдралдаа төвөг болгохгүйгээр шийдэх нь амар л даа.

Дээрх бүх хувилбарыг жингийн туухай дээр тавьж үзлээ. Зарим нь чирэгдэл багатайгаар мөнгө зээлчихнэ. Гэхдээ хүү нь өндөр, хугацаа давчуу. Банк гэсэн хувилбар нь чирэгдэл ихтэй, гэхдээ хугацаа урт, хүү бага. Гэвч онош тодорч, эмчилгээний мөнгө шаардлагатай болох үед яах билээ. Дахиад л бичиг баримт бүрдүүлээд гүйх үү? Юутай ч би эрсдэлээ тооцоод залхуурлыг ялан дийлэхээр шийдэж, банкийг зорьсон. Харин одоо би цалингийн зээл биш, кредит карт авчихаад үүнийг бичиж байна.

Банк намайг татварын дараах цэвэр нэг сая төгрөгийн цалинтай болохоор хоёр сая төгрөгийн эрхтэй кредит карт олгож, би нэг л удаа зохих бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн. Дахин ингэж гүйхгүй нь мэдээж сайхан санагдаж байна.

Би одоо 1.200.000 төгрөгийн шинжилгээгээ хийлгэчихээд, тооцоог нь картаараа төлж, оношоо ч тодруулчихаад, таатай хариу аваад сэтгэл амар сууж байна. Би энэ мөнгөө 45 хоногийн дотор эргүүлээд картандаа хийчихвэл надаас нэг ч төгрөгийн хүү авахгүй гэсэн. Амьдрал баян юм хойно, жаахан хугацаа хэтрэхээр байвал зээлсэн мөнгөнийхөө 10-20 хувийг төлчихөд л дахиад зээл авч болох юм байна лээ. Үүнээс хойш надад мөнгө хэрэгтэй болсон үед би хэн нэгнээс царай алдаж гүйхгүй, үнэт эдлэлээ ломбарданд алдахгүй боллоо. Ганцхан удаа чирэгдлээс үл эмээхэд л санхүүгийн гэнэтийн хэрэгцээнд бууж өгөхгүй байх боломж байдаг л юм байна.

Б.БАЯСАЛМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
49.0.187.111 hariutslagatai tootsootoi hund zvgeerl um bna sandarsan hund
202.179.31.131 haana tegdiin be
104.228.142.233 zeeliin ca4d ch huseed bh yum bish dee. Zqmbaraagui hynaltgui heregleetei humuus urund orj duusna
27.123.214.105 Ene tegeed Ali bank ve?
27.123.214.105 Ene tegeed Ali bank ve?