Д.Жаргалсайхан: Хэрмэл жүжигчний амьдрал л ийм байдаг байх

2016 оны 05 сарын 04

Үзэгч, сонсогчдын сэтгэл зүрхний гүнд үнэ цэнэтэйгээр орших олон сор бүтээл түүнийх. “Чингисийн баатрууд”, “Анд минь чи хаалгыг минь тогшооч”, “Ээждээ яарсан сэтгэл”, “Мэнгэ төөрсөн амраг”, “Хань минь”, “Нууцхан хайр”, “Шувууд нутаг буцаагүй”, “Тамирчны алдар”, “Эрхүүгийн хавар” зэрэг уран бүтээлийн нэрийг дурдахад шууд чихэнд хоногшсон хоолой эгшиглэж буй биз ээ. Энэ удаа “Хоймор”-тоо “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайханыг урилаа.

-Аяны алжаалаа тайлж амжилгүй л дахин хөдөө тийш хүлгийн жолоо залах гэж байгаа гэв үү. Аялан тоглолтоо эхлүүлжээ дээ?

-Сүүлийн жилүүдэд “Чингис хаан” хамтлаг орон нутагт олон удаа урилгаар тоглолоо. Тийм болохоор нэгмөсөн аялан тоглолт хийхээр шийдсэн юм. “Чингис хаан” хамтлагийн 2016 оны хаврын аялан тоглолт эхэллээ гэхэд болно. Одоогоор Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Баруунхараа, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увсад тоглочихоод байна. Энэ сарын 7-нд Өвөрхангайд тоглоно.

-Та Хэнтий аймгийнх байх аа. Нутагтаа хэзээ тоглох вэ?

-Сүхбаатар, Дорнод, Хэнтийд зайлшгүй очно. Ер нь дээхнэ үеийн урлагийнхан хөдөө, гадаа яваад сурчихсан байдаг юм шүү дээ. Тэр дундаа манай хамтлаг 1990 оноос өмнө л Монгол Улсаа хэд хэд бүтэн тойрчихсон. Хоёр нийгмийн шилжилтийн хэцүү заагт, эдийн засаг хүнд, иргэдийн амьжиргаа хэцүүхэн байхад ч бид сэтгэлийн дэм өгөхөөр аялан тоглолт хийж л байлаа. Бүх найз маань Германаас машин зөөж, ганзагын наймаа эрхэлж байх үед ч би урлагаасаа холдолгүй тоглолтоо хийсээр л байсан. Тийм болохоор манай хамтлаг хөдөө ч нэр хүндтэй байдаг байх.

-Танай хамтлагийг халдварт өвчний голомтод ч тоглолт хийсэн тухай урлагийнхан ярьдаг.

-Тэр жил Хөтөлд холер гарч, наймаачид хүртэл дүрвэж байх үед манай хамтлагийнхан эмч нарын үзлэгээр орж, тэдний зөвшөөрөлтэйгөөр, бүр өвчний голомтод тоглолтоо хийж байлаа. Яасан ч зоригтой байсан юм. Тэгэхэд танхимд нь хүмүүс багтахгүй, хоёр ч удаа тоглосон санагдана. Эмч нар байн байн үзлэг хийж, халуун үзээд л, янз бүрийн хүмүүстэй гар бариулж, уулзуулахгүй хорьж байсан. Гавьяа биш ч гэлээ зориг шүү. Монголын ард түмэнд дуучин гэж хэлэгдэж л байгаа бол ажлаа чанартай хийх ёстой. Энэ миний үүрэг. Хүн зондоо урлагаар үйлчилнэ гэдэг сайхан. Аян замд юу ч тохиолдож болно. Цас бороо орж, салхи салхилж байсан ч бид ажлаа хийх л ёстой.

-Та гадаадын олон орноор явсан хүн. Урлагийнхан дундаа хилийн дээс алхсан тоогоороо толгой цохих байх.

-Би урлагаар хоолоо олж иддэг хүн. Тиймдээ ч урлаг дотроо жаргаж, амьдарсаар байгаад дуусах байх. Машин, онгоцны бүхээг, галт тэрэгний тасалгаанд гэх мэтчилэн амьдралын минь ихэнх хэсэг аян замын уртад өнгөрчээ. Үүндээ жаргалтай, сэтгэл өндөр явдаг шүү. Ийшээ тийшээ явалгүй жаахан удахаар л дотор давчдаад, бухимдаад байдаг. Нүүдэлчин, эсвэл хэрмэл жүжигчний амьдрал л ийм байдаг байх. Яалтай ч билээ. Урлагийн хүний л амьдрал шүү дээ. Үүнээс өөрөөр амьдарч үзээгүй болохоор харьцуулж мэдэхгүй юм.

-Монголын рок поп урлагийн тухай таны бичсэн “Үл тасрах аялгуу” гэж ном бий. Харин одоо “Монголын рок нууц товчоо” бичиж байгаа гэж сонслоо.

-“Монголын рок нууц товчоо”-г гурван боть гаргахаар бичиж байна. Сүүлийн 10-аад жил сууж байгаа юм. Зарим хүн маш хурдан ном бичээд л эдийн засгийн эргэлтэд оруулчих юм. Харин би тэр талдаа их маруухан хүн. Гурван ботио нэг дор зэрэг гаргачих санаатай. Гэтэл хүмүүс “Эхний ботио гаргаач ээ” гээд л миний тэнэгийг гайхах юм.

-Рок нууц товчоо гэхээр сонирхолтой юм. Дэлгэрүүлж ярихгүй юү?

-Зөвхөн рок поп хөгжмийн тухай биш. Сүүлийн 100-гаад жилд монгол залуусын туулж өнгөрүүлсэн, хөгжим тойрсон амьдралыг тэр чигт нь номондоо багтаахыг хичээлээ. Хөгжмийн урлаг үүсэхэд гадаадын орнууд, дотоодын хүчин зүйлс, төр засгаас ямар нөлөө үзүүлснийг, нийгэмд өгсөн үр өгөөж, үзүүлсэн тусгалууд, тэр үеийн аж байдлыг ч өгүүлсэн. Ер нь хөгжим тойроод л нийгмийн амьдрал буцалж байдаг шүү дээ. Социализмын үед ч тийм байсан, одоо ч тийм л байна.

Хөгжим, ялангуяа гитар хаана эгшиглэж байна тэнд залуус цуглана, залуус байгаа газар бүжиг, наадам, үл ойлголцол, ярих дурсах зүйл их байдаг. Энэ болгоныг жижиг, том гэлгүй л номондоо багтааснаараа онцлог. Эндээс маш олон уран бүтээлчийн тухай унших боломжтой. Нэг хүний тухай гэхэд л 40-50 хуудас материал надад байна. Аргагүй дээ. Зөвхөн хөгжмийн зохиолч З.Хангалын тухай бичихийн тулд 25 хүнтэй уулзаж, 10-аад хүнтэй утсаар холбогдож, тэр ч байтугай түүний гэргий Д.Ягаанцэцэг гавьяаттай АНУ-д хүртэл очиж уулзсан. Миний цуглуулсан мэдээлэл, олон жилийн хөдөлмөр надад их үнэ цэнэтэй.

-Сүүлийн 100-гаад жилийн түүхийг өгүүлнэ гэхээр “Нар Дом”-ын талаар ч багтсан байгаа даа.

-Тэгэлгүй яах вэ. “Нар Дом” гэж юу болох нь их сонирхол татсан тул судалж үзлээ л дээ. Да хүрээнд 1910-аад оноос эхлээд Голланд, Герман, Франц, Итали, Орос, АНУ-ын томоохон мөнгө хүүлэгч болон хайгуул хийдэг, арьс шир, ноос ноолуур цуглуулдаг гадаадын иргэд байж. Эдгээр хүмүүс харанхуй Да хүрээнд хувь нийлүүлэн байшин босгож, тэндээ зугаацдаг байж л дээ. Гаднаас дууч эмс авчирч дуулуулдаг, хөгжим тоглуулдаг байж. Гэхдээ монголчуудыг оруулдаггүй байсан байгаа юм. Одоогийн нийслэлийн Онцгой байдлын газрын яг замын урд талд байж.

Харин Ардын хувьсгалын дараа гадаадын мөнгө хүүлэгчид Монголоос хөөгдөж гарснаар тэр байшин эзэнгүй хоцорчээ. Гэтэл жанжин Д.Сүхбаатар гадаадынхан их холхисон энэ газрыг Оросын консулд тушаах санал гаргаж, шилжүүлж өгсөн байна. Харин Оросын талынхан хүлээж авсныхаа дараа “Народный Дом” гэж нэрлэсэн юм билээ. Тэрийг нь хүмүүс “Нар Дом” гэж товчилж яриад хэвшчихсэн юм билээ. Энэ тухай номондоо дэлгэрэнгүй оруулна.

-Цэл залуудаа хорвоог орхисон уран бүтээлч бишгүй бий. Номондоо тэдний тухай ч оруулсан уу?

-Эстрадын ахмад дуучдын тухай, тэдний амьдрал, сүүлчийн өдрүүдийн тухай нэлээд дэлгэрэнгүй бичсэн. Яг үнэндээ Монголын эстрадад зүтгэж, амьдралаа зориулж явсан ахмадуудын амьдрал зах зээлийн давалгаанд өртсөн шүү дээ. Шилжилтийн зааг үед таарч, их хэлмэгдсэн. Тэр их шуурганд өртөж, шууд л “тэтгэвэрт” гарсан. Жишээлбэл, “Баянмонгол” чуулгын анхны дуучин, Монголын эстрадын хатан хаан гэгддэг Л.Оюунчимэг, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин Б.Нандинцэцэг хоёр маань 1991 онд гучин хэдхэн настайдаа л тэтгэвэрт гарсан шүү дээ. 20 жил дуулсан бол шууд тэтгэвэрт гарна гээд тэр үеийн хуульд заачихсан.

Арван хэдхэн настайгаасаа дуулсан, гучин хэдтэй хүүхнүүд яаж гэртээ суух юм бэ. Маш эмгэнэлтэй хувь заяа. Од шиг гялалзаж, тайзан дээр амьдарч байсан хүмүүс дахиж тайзан дээр гарах эрхгүй болно гэдэг аймшигтай биз дээ. Маш олон уран бүтээлчийн ийм эмгэнэлтэй түүх миний номонд бий. Одоогийн залуус өнгөрсөн үеэ шүүмжлэх, дутуу үнэлэх, хийсэн зүйлийг нь үгүйсгэж харлуулах эрхгүй. Тэдэнд чинь залуу нас, хайр сэтгэл байсан юм. Тийм болохоор уран бүтээл ундарч байсан юм.


-Сонирхолтой юм. Хэзээ уншигчдад хүргэх юм бэ.

-Найзуудынхаа үгэнд ороод эхний ботио түрүүлээд хэвлүүлдэг юм бил үү гэж бодоод байна. Энэ онд багтаана.

-Та нэртэй хүний, зүстэй хүү. Таны аав Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч, зураач Ч.Дашзэвэгийг мэдэхгүй хүн үгүй байх. Аавынхаа тухай дурсахгүй юү?

-Миний аав Монголын дүрслэх урлагийн томоохон төлөөлөгчийн нэг байсан. 80 наслаад, нартыг орхисон доо. Би аавынхаа дэргэд 50 жил байлаа. Тийм болохоор аавдаа их баярладаг. Аав хүний нөмөр нөөлөг ямар байх ёстойг надад үлгэрлэсэн хүн. Хийсэн зүйлээ яриад очих аавтай байх сайхан. Одоо би хэндээ ч, юугаа ч сайрхаж ярих юм билээ. Аавыгаа бодоогүй өдөр бараг байхгүй дээ. Аав минь Монгол Улсын үндэсний тусгаар тогтнолын төлөө амиа зольсон үндэсний баатруудын гэрэлт хөшөөг төрсөн нутагт нь босгох ариун үйлсийг дагнаж хийсэн. Түүнээс биш, хэн нэгэн барималчтай адил ойн баярт зориулсан үзэсгэлэнд тохойн чинээ баримал барьсан болоод өнгөрөөгүй юм.

Хөдөөний хүнд нөхцөлд ажиллаж, тухайн баатруудын өсөж төрсөн газрынх нь шавар шохой, чулуугаар хөшөөг нь босгосноороо онцлог. Их сонин арга барилтай уран бүтээлч байсан даа. Ховд аймагт Ард Аюуш, Ховдын Дарвид БНМАУ-ын баатар Б.Тэгшээ, Увс аймагт Б.Гиваан, Хөвсгөлд Л.Даваадорж, Булган аймгийн төвд С.Лхагвадоржийн морьт хөшөө, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Х.Дамба, Өмнөговийн Цогтцэцийд Т.Борын хөшөө гээд бүтээлүүдийг нь тоочоод байвал дуусахгүй. Энэ бүхнийг нэг насны амьдралдаа яаж амжуулж хийснийг нь гайхаад бардаггүй юм.

-Аав тань Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг таны дараа авсан байх аа.

-Их хожуу авсан. Миний дараа авсан гээд бод л доо. Тэр хүний хажууд би юу хийж гийгүүлсэн юм бэ. Хүн гавьяа шагналын төлөө ажилладаггүй гэдгийн тод жишээ юм даа. Миний аав Урчуудын эвлэлийн хорооны Үйлдвэрчний эвлэлийн даргаар олон жил ажиллаж, мөр зэрэгцэн ажиллаж байсан уран бүтээлчдийнхээ нийгмийн байдлын төлөө дарга нартайгаа нэлээд “үзчихдэг”, бусдын сайн сайхны төлөө ярьдаг хүн байсан. Тийм болохоор л гавьяа шагналаас хасагддаг байсан байх. Намайг багад жинхэнэ буу, зэвсэг гэртээ авчран хэмжилт хийж, монгол цэргийн 1940-өөд онд өмсөж байсан хувцас хэрэглэлийг судалдаг байлаа.

Би багаасаа л аавынхаа тэгж ажиллахыг харах дуртай байсан. Бас болоогүй, нөгөөдүүлийг нь барьж, өмсөж үзэх гэж зөрүүдэлнэ. Хөшөөг нь босгох гэж буй баатрынхаа тухай надад их ярьж өгдөг байлаа. Их багаас л эх орон, түүнийг эрчүүд нь хамгаалж, шаардлагатай бол амиа өргөдөг гэдгийг ойлгуулсан даа.

-Таны ээж мөн л гавьяат. Хөгжим бүжгийн коллежийн төгсөгчид Гавьяат багш Г.Бадамыг андахгүй. Ээж тань таны дуу хөгжмийн анхны багш байв уу?

-Тийм шүү. Энд тэнд явахад хүмүүс надаас илүү ээжийг минь таньдаг. АНУ-д тоглолтоор очиход хүртэл тааралдсан хүмүүс “Багшид мэнд хүргээрэй” гэх жишээтэй. Сүүлд Хөгжим бүжгийн коллежийн дотуур байрны захирлаар олон жил ажилласан даа. Өвөрмонголын театрт хүртэл ээжийн минь шавь нар ажилладаг юм билээ. Надад анх ноот заасан хүн бол яах аргагүй миний ээж. Таван настайд минь ээж надад гармон хөгжим авч өгч байлаа. Хар хайрцагтай хөгжим байсан санагдана. Миний урлагт дурлах эхлэл эндээс л тавигдсан.

-Сэхээтнүүд, тэр дундаа урлагийн гэр бүлд төрж, өсчээ. Аав, ээжээсээ урлагийн торгон мэдрэмж өвлөсөн байх нь.

-Монголын орчин цагийн сэхээтэн, урлагийн гэр бүлд төрсөндөө би баярлаж, талархаж явдаг. Надад урлагийн авьяас жаахан ч гэсэн байдаг бол тэр нь аав, ээжийн минь надад өгсөн бэлэг. Бид эцэг эхээс тавуулаа. Энхтуяа гэж эгч, Батсайхан, Баярсайхан гэж хоёр эрэгтэй дүүтэй. Хамгийн бага дүү Энхсайхан маань багадаа бурхан болсон. Би дүүгээ өнгөрсний дараа гурван жил зүүдэлсэн. Одоо ч бодогддог. Дүүгээ бодож хийсэн уран бүтээл надад олон бий. Миний үзсэн анхны болоод хэзээ ч мартаж чадахгүй хагацал тэр байсан.

Намайг багад манайхаар дуучид, хөгжимчид, зураач, барималчид байнга орж гардаг байлаа. Тухайн үед барималчид бусдыгаа бодвол цалин арай илүү авдаг байсан байх. Нэг хөшөө босгочихоод гэртээ цайллага хийж найзуудаа урьдаг уламжлалтай. Их сонин зочид ирнэ. Багын дурсамжуудаа ярих сайхан л байна. Сургуульд орохоосоо өмнө аавыгаа дагаж ажил руу нь их явдаг байлаа.


Д.Жаргалсайхан: БУСДЫН ДУУГ СОНСОХООР

ЦАГААН АТААРХАЛ ТӨРДӨГ

Урчуудын эвлэлийн хороо чинь одоогийн ”Американ дэнж” хотхоны тэнд байсан юм. Нэг удаа очтол шалан дээр үргэлжилсэн урт цагаан даавуу дэвсчихсэн зураач зургаа зурж байна. Би ч хүүхэд юм болохоор дээгүүр нь гүйгээд гарчихсан. Зөндөө загнуулаад уйлчихсан. Гэтэл нөгөө хүн “Нүхэн дэлгүүр”-ээс чихэр авч өгөөд л аргадлаа. Загначихаад, аргадсан тэр хүн маань Р.Чойном ах шүү дээ. Тэр үед туслах зураач байсан юм билээ. Намайг Жаргаа гэж дууддаг байв. Аавтай минь их ойр байсан даа.

Сүүлд би найм бил үү, есдүгээр ангид байхдаа “Бамбарууш” кафед тааралдаж, үнсүүлсэн дээ. Тэндхийн шар айрагны газарт тамхи татчихсан, баахан хүмүүстэй зогсож байсан. Таалал болохынх нь л өмнөхөн байсан байх. Хөдөлмөрийн баатар Б.Лувсан, улсын баатар Ш.Гонгор нар аавын минь ангийн найз байлаа. Манай аав чинь бас улсын анчин хүн байсан юм шүү дээ. Аав, ээжийнхээ буянаар олон сайхан хүмүүсийн үгийг сонсож, ойр дотно өссөн дөө.

-Ээж тань Хурхын голын эрэгт зусдаг хэвээрээ юу?

-Хэвээрээ. Аавын минь нутаг шүү дээ. Аав, ээжийн минь буян тэнд бий. Ээж маань зун ач гучаа дагуулаад л нутагтаа очиж зусдаг. Хэдэн хүүхдээ цагаан идээн дээр л өсгөе гэж боддог байх. Аавын минь гэр музей хажууханд нь бий. Гэр музейгээ аав минь амьд мэнд байхдаа 2003 онд байгуулсан юм. Аавд минь зориулж босгосон их бодь суварга ч тэнд бий. Нутгийн уулс минь намайг түшиж, тулдаг байх. Мал маань өсөж, малчид маань сэтгэл тэнэгэр байна.

-Та Ленинградад сурч байгаад сургуулиа хаяад ирсэн гэл үү?

-Тэнд Барилга архитектурын дээд сургуульд сурч байсан юм. Анхнаасаа л би өөрөө сонирхоогүй. Яаж ч чадалгүй явсан. Сургуулиа төгсчих л юм бол барилгачин болчих гээд байдаг, сэтгэл зүрх урлаг руу зүтгээд байдаг. Тэгээд хоёрдугаар курсэд байхдаа аавынхаа найз Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуай руу захидал бичсэн юм. “Энэ сургуульд сурах хүсэл алга. Би урлагаар л хоолоо олж идмээр байна” гээд л аавдаа хэлж чадаагүй үнэнээ л биччихсэн. Хөгжмийн зохиолчдын холбооны дарга байсан С.Гончигсумлаа гуай руу бас захидал бичсэн.

Энэ хоёр хүний юу гэж хэлэхийг сонсож байж аавдаа хэлэх гэж тэр шүү дээ. Тэгтэл сар орчмын дараа хариу ирж байна. “Үнэхээр сэтгэл зүрх чинь урлаг руу зүтгэж байгаа бол тэрийгээ дага. Бид ч гэсэн өөр мэргэжилтэй байсан. Болохгүй бол хүрээд ир” гэж намайг дэмжсэн. С.Гончинсумлаа гуай малын эмч, Г.Хайдав ах ч гэсэн хэвлэлийн чиглэлийн мэргэжилтэй байсан юм билээ. Тэр захиаг аваад л гараад давхичихсан. Уг нь эхлээд тэндээ сургуулиа сольж, урлагийн сургуульд орохоор хөөцөлдсөн юм. Даанч бүтээгүй. Тэгээд л нутагтаа ирсэн дээ.

-“Соёл-Эрдэнэ” бол Монголын урлагийн байгууллагын дэргэд албан ёсоор байгуулагдсан анхны эстрад хамтлаг гэж түүхэнд бичигдсэн. Та энэ их айлын бүрэлдэхүүнд 10-аад жил багтсан.

-“Соёл-Эрдэнэ” хамтлаг 1969 оноос бэлтгэл хийж, 1971 онд үзэгчдийн өмнө анх гарсан. Би 1979 оноос Улсын филармонид дагалдан хөгжимчин, дуучнаар ажиллаж эхэлсэн. Нэг хэсэг “Баянмонгол” чуулга, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн хооронд гүйж байгаад эцэст нь “Соёл-Эрдэнэ”-дээ орсон юм даа. 1983 он хүртэл хамтлагтаа дуучин, хөгжимчнөөр ажиллаж байгаад цэрэгт татагдсан.

-Ид мандаж байсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийн залуу дуучинд цэргийн хуаран, орчин нь сонин, содон байсан биз дээ?

-1983 оны зургадугаар сарын 22-нд Тавантолгой дахь цэргийн дамжингаас бүхээгтэй ногоонд ачигдан 1000 цэргийн крантинд очиж байснаа мартдаггүй. Цэрэгт очоод “Оч” хамтлагт орчихсон. “Сайхан аа, чи минь сайхнаа”, “Сэтгэлийн үг”, “Нарлаг Монгол орон” зэрэг дуугаа тэр үед л зохиосон. Ардын армийн 016 дугаар ангид алба хаасан. Урлагийн надад цэрэг гэдэг маш өөр орчин байсан л даа. Гэхдээ хөдөө гадаа явж байсан, гадаадад сургуульд сурч үзсэн болохоор өөр орчинд дасахад хэцүү байгаагүй. Цэргийн алба хааснаараа их бахархдаг шүү.

-Дэглүүлдэг байв уу. Эсвэл урлагийн буянаар аврагддаг байсан уу?

-Би ёстой зөөлөн дэглүүлсэн дээ. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гишүүн гэдгээрээ овоо танигдчихсан, “Төрсөн өдрийн дуу”-гаа зохиочихсон байсан үе шүү дээ. Тасгийн дарга нар бусдыг нь нүцгэн гараараа цохидог хэрнээ миний ээлж болоход гараа алчуураар ороож байгаад цохисон болно. Би тэрэнд нь их дургүй. Санаа зовоод бусадтайгаа адилхан зодуулъя гэж өөрөө ч хэлж байлаа. “Олонд хүч нэмнэ, овоонд чулуу нэмнэ” гэдгийн утгыг цэрэгт очоод л ойлгосон доо.

-Цэргээс халагдаж ирээд л “Чингис хаан” хамтлагаа байгуулсан юм уу?

-Үгүй ээ. Буцаад “Соёл-Эрдэнэ”-дээ орсон. Гэхдээ удалгүй, 1989 онд “Чингис хаан” хамтлагаа байгуулсан.


-Хамтлагийнхаа нэрийг санаандгүй өгсөн гэж сонссон. Тэр тухай яриач?

-Солонгос руу тоглолтоор явах гээд бэлдэж байсан юм. Хамтлагтаа оноосон нэр өгөөгүй байсан үе л дээ. Гэтэл Солонгост тоглолт зохион байгуулах хүн урилга явуулахдаа “Чингис хаан” хамтлаг гээд биччихсэн байсан. “Чингис хаан” гэдэг дуу дуулдаг байсан болохоос биш, хамтлагийн нэр байгаагүй.

Гэхдээ тэр дуу маань олон улсын олон ч уралдаанаас дандаа л цом, мөнгөн шагнал хүртэж, байр эзэлдэг байлаа. 5000 ам.доллар гэдэг чинь тухайн үед их мөнгө шүү дээ. “Чингис хаан” дууг зохиосны дараа Ж.Бадраа гуай “Дүү минь, чи овоо уран бүтээл хийжээ.

Монгол залуусын үндэсний бахархлыг улам дүрэлзүүлээрэй” гээд баяр хүргэж байлаа. Хэзээ ч мартахгүй. Нэг л мэдэхэд энэ дуу маань хамтлагийн нэр болсон нь ийм учиртай. Үнэндээ эргээд харахад хамтлагтаа маш том нэр өгч, тэр хэрээрээ их үүрэг хариуцлага үүрч явжээ. Хариуцлагад хүлэгдсэн он жилүүдийг туулж дээ. Гэхдээ буцах зам байхгүй.

-2007 онд “Best of Chingis khaan” тоглолтоос хойш томоохон тоглолт хийсэнгүй. Бараг 10-аад жил өнгөрчихлөө.

-Тийм шүү. Хамгийн сүүлд 2007 онд бүрэн хэмжээний тоглолт хийсэн. “UB палас”-т дөрвөн өдөр дараалан тоглож байлаа. Тэгж тоглосон хамтлаг бараг манайхаас өөр байхгүй байх. Манайх цуглуулж цуглуулж байгаад л нэг бут авдаг хамтлаг шүү дээ (инээв). Тоглолт хийхгүй удахаар хүмүүс зүгээр суугаад байна гэж ойлгох юм. Үгүй шүү дээ. Уран бүтээлээ тасралтгүй хийж, түүнийгээ аялан тоглолтоор сонсогчдодоо хүргэж байна.

Байнга л энд тэнд урилгаар тоглож байна. Ирэх онд хотдоо томоохон тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Саяхан Дархан, Эрдэнэтэд тоглосон. Гэтэл Улаанбаатараас их олон хүн очиж үзсэн байна билээ.

-Монголын дуулаачдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юу?

-Хэвээрээ. Хэн хүссэн нь, хэн дуртайгийнхаа дууг дуулдаг замбараагүй байдлыг цэгцлэх хэрэгтэй. Тэртэй тэргүй бид зах зээлд шилжиж байх үед хангалттай шулуулсан. Бидний хөдөлмөрийг хэн дуртай нь хуурцагт хуулаад л, зах дээр халуун пирожки шиг зарлаа шүү дээ. Тэр үед бид хэл ам хийж чадаагүй. Тийм боломж ч хомс байлаа. Одоо бол үгүй. Хэл ам хийнэ. Хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаална. Тэдний үр хүүхдийн эрх ашгийг ч хамгаална. Монголын дууны урлагийн уран бүтээлчид зохиогчийн эрхээ эдлэх ёстой. Энэ чиглэлээр Оюуны өмчийн газар болон хэд хэдэн холбоотой хамтран ажиллаж байгаа.

-Нээрээ та нэлээд олон гитарчны гитарын цуглуулгатай. Дээхнэ уулзахад түүгээрээ музей гаргах хүсэлтэй гэж байсан. Тэр хүслээ орхиогүй биз дээ?

-“Монголын рок нууц товчоо”, “Монголын рок архив”, “Монголын рок музей” гэсэн гурван төсөл дээр ажиллаж байна. Музей байгуулах хүслээ орхиогүй ээ. Надад Д.Галсанбат гавьяатын 1971-1976 онд тоглож байсан Германы хар гитараас авахуулаад орчин үеийн гитарчдын тоглосон 40 гаруй гитар байна. Үлээвэр, аккордион, гармон хөгжмүүд, дуучдын өмсөж байсан тайзны хувцас гээд зөндөө зүйл бий. Яаж ийж байгаад музейгээ байгуулчих санаатай.

Одоохондоо газраа хөөцөлдөөд л явж байна. Газар олдохгүй болохоор нь уур хүрээд “Болохгүй бол хөдөө байгуулна” гэж бодох юм. Үнэхээр үзэхийг хүссэн нэг нь зориод очно биз. Арай нэг уужирсан үедээ “Яаж ийж байгаад л хотод байгуулчих юм сан, олон хүн үзээсэй” ч гэж бодох юм. Алга дарам газар нь олдчихвол гурван давхар байшин бариад, музей байгуулчих хөрөнгө надад уг нь байна шүү дээ.

Мөн Монголын эстрадын урлагт хүчин зүтгэж явсан, яваа хүмүүсийн нэрээр архив үүсгэж байна. Тухайн уран бүтээлчийн амьдрал, уран бүтээлийн намтар, гар бичмэл, зураг, ноот гээд бүх л зүйлийг энэ архивт багтаана. Тэр байтугай надад зарим уран бүтээлчийн нас барсны гэрчилгээ хүртэл бий. Магадгүй хэн нэг сэтгүүлч тэр хүний тухай нэвтрүүлэг хийхээр болбол миний архивыг ухахад л хангалттай байхаар тийм л зүйл хийж байна. Ховор зураг их бий. 1929 онд нэг залуу гэрийнхээ гадаа банзан гитар тоглоод сууж буй зураг ч байна. Тэр нь хэн гээч. Ардын зураач Л.Намхайцэрэн гуай. Тэр хүн 1926 онд Германд сурахаар явж байсан шүү дээ. Ирэхдээ гитар үүрээд л ирсэн байж таарах нь.

-Ёстой л бичгийн хүн болжээ, та.

-Заримдаа өөрийгөө дуучин хүн бил үү, бичгийн хүн бил үү гэдгээ мэдэхээ больчих юм. Ахмадуудтайгаа уулзан, үгийг нь сонсож, дараагийн үедээ үлдээхгүй бол тэд маань тэнгэрт одсоор байна шүү дээ. Хэлхээ нь алдарсан эрхи шиг нэг нэгээрээ чимээгүй сугарч буй энэ урлагийн алтан үеийнхнээ мартах учиргүй.

-Таныг багаасаа л шүлэг бичдэг, “Пионерийн үнэн” сонинд нууц нэрээр шүлгээ хэвлүүлдэг байсан гэнэ билээ.

-Хүүхэд л юм хойно айж, ичнэ шүү дээ. Тэгээд л өөр хүний нэрээр шүлгээ явуулдаг байсан юм. Тэгсэн хэрнээ сонинд хэвлэгдэж үү, үгүй юү гээд л хүлээдэг байлаа. Хүүхэд насны л гэнэн зан юм даа. Анхны шүлэг маань “Тагтаа” бил үү, юу билээ. Арай л “Бүргэд” гээгүй байгаа даа (инээв). Сүүлд “Залуучуудын үнэн” сонинд “Хөшигний цаана” гээд булан хөтөлдөг байлаа. Дэлхийн рок поп хөгжмийн тухай л даа. “Нисванис”-ын Л.Энх-Амгалан дүү маань “Би тэр сонины хайчилбарыг цуглуулдаг байсан. Тэрийг уншиж л мэдээлэл авдаг байлаа” гэж хэлж билээ.

-Ямар үед сайхан аялгуу, уран шүлгээ бичдэг юм бэ?

-Би онгод гэж юм мэддэггүй шүү дээ. Ойлгодоггүй юм. Юу ч хүлээгээд суух юм билээ. Гитараа бариад юм уу, төгөлдөр хуурын ард суувал шууд л ая зохиочихно. Заавал онгод гэж юм хүлээгээд, эсвэл нэг юм хүртээд зохионо гэж байхгүй шүү дээ. Гэхдээ зохиосон зүйлүүд маань тэр болгон таалагддаггүй. Одоо дуулж байгаа дуунуудын маань ихэнх нь надад таалагддаггүй. Дараа нь тэгдэг, ингэдэг байж гэж бодогдоод байдаг юм. Үргэлж өөрийгөө өөлж, өөнтөглөх нь ч хаашаа юм. Гэхдээ л өөрийгөө чамлаж байж л би дахиад цаашаа ахина.

-Энэ л арай гайгүй болчихлоо доо гэж тоодог уран бүтээл бий биз дээ?

-“Чамайг юу ч өөрчлөөгүй”, “Анд минь чи хаалгыг минь тогшооч”. Бас “Чингисийн баатрууд” байж болох л юм. Бусад хүний дууг сонсохоор хамаг үс босдог юм. Цагаан атаархал төрнө. Ер нь л айлын хоол амттай гэдэг биз дээ.

-Тасралтгүй дөрвөн цаг дуулчихаад ажрахгүй зогсож байхыг тань харж байлаа. Хоолойгоо цуцтал дуулж байв уу?

-1993 онд хамтлагаараа жил орчим Сингапурт ажилласан юм. Тэр үед өдөрт зургаан цаг дуулдаг байлаа. Яах вэ, дунд нь 15 минут амарна л даа. Мөнгийг нь аваад гэрээ хийчихсэн болохоор тэгж ажиллахаас өөр арга байгаагүй. Гэхдээ миний хоолой зургаан цаг дуулаад ядрах хоолой биш. Тэнд ажилласны хүчинд “Чингис хаан” хамтлаг урын сандаа 500-гаад гадаад дуутай болсон юм шүү дээ.

-Та олон жил урлагийн гал тогоонд нууцлагдмал байсаар ирсэн. Энэ нь хувийн шинж чанар уу, эсвэл бодлого уу?

-Ер нь аливаа бүхэн жаахан хаалттай байх тусмаа л хүмүүсийн сонирхлыг бага зэрэг ч гэсэн татаж байдаг хуультай. Нэг шинэ дуу, клип хийчихээд л бардаад, гайхуулаад байх нь утгагүй. Уран бүтээлч хүн хийх ёстой ажлаа л хийсэн нь тэр. Ард түмэндээ уран бүтээлч, дуучин гэж цоллуулж яваа л юм бол чи хийх ёстой, хийх үүрэгтэй.

-Ер нь олны танил хүмүүсийн хувийн амьдрал хүмүүст хамгийн сонин байдаг шүү дээ. Таныг бас гайгүй бизнесмэн гэж ярьдаг.

-Хэдийгээр бүх зүрх сэтгэлээ урлагт зориулсан ч дан ганц үүгээр амьдрах Монголд хэцүү гэдгийг хэн ч ойлгоно. Бусдын жишгээр жаахан юм хийх гэж оролдож л байна. Гэхдээ би урлагийн хүн гэдгээ хэзээ ч мартдаггүй.

-Таны хүү Ж.Замилан 1990-ээд оны эхээр “Сүнс” хамтлаг байгуулж, олон хит дуу дуулсан. Хүүгийнхээ уран бүтээлийг их дэмждэг байсан гэсэн.

-“Сүнс” хамтлаг Эрдэнэтээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн шүү дээ. Хүүг маань уран бүтээлээ хийхээр хотод ирэхэд хөдөөний хамтлаг гэж гадуурхдаг л байсан. Анхны дуунуудаа бичүүлэхэд нь хөгжмийг нь манай хамтлагийн хөгжимчид тоглож байлаа. Хүүгээ дэмждэг байсан. Би хүүхдийнхээ хувийн амьдрал, дотоод ертөнцөд халдах их дургүй.

Ж.Тэнгэр хүү маань ч Хөгжим бүжгийн коллежид 12 жил хийл хөгжмөөр сурчихаад гэнэтхэн л олон улсын харилцаагаар сурна гээд Польш явсан. Тэгэхэд би юу ч хэлээгүй. Хүүхдийнхээ алхах гишгэх болгоныг заах утгагүй. Би тийм аав биш. Өөрсдийнхөө л сонгосон замаар яваг. Би өөрөө тэгж өссөн болохоор л тэр байх.

А.ХАЛИУН