АМЬДРАЛ сонгууль дээр тогтдог

2016 оны 05 сарын 04

Нэгэн аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст дээгүүр албан тушаал хашдаг байсан танил маань өнгөрсөн гурван жил “лааз өшиглөсөн”-ий хариугаа энэ сонгуулийн дараа авна гэдэгтээ тун итгэлтэй явна. 2012 оны орон нутгийн сонгуулиар нам нь ялагдсаны гороор дарга нь ч солигдон, шинэ босс нь дагуулж ирсэн журмын нөхдөө ажил, албатай болгохын тулд хэдэн хүн сольсны нэг нь тэр юм. Түүний ярьж буйгаар өнгөрсөн гурван жилийнх нь амьдрал утга учиргүй өнгөрсөн бөгөөд итгэл найдвар төрүүлж байсан гол зүйл нь дараагийн сонгууль юм байх.

Хувиараа бизнес хийж, хуулийн зөвлөгөө ч өгч үзсэн боловч аль аль нь түүнд сонгуулийн чимээ сонордохын дайтай таашаал мэдрүүлээгүй гэдэг. Сонин юм шүү. Хэн нэгнээс өшөө авах гэсэндээ байж яддаг хүн уг нь биш л дээ, тэр. Зүгээр л энэ сонгуулиар олон зүйл өөрчлөгдөнө, тэр нь өөрт нь сайнаар тусна гэдэг айсуй баярын зөн төрөөд байгаа бололтой. Сүүлийн жилүүдэд сонгууль болохоор л сэтгэл нь доноголзоод, тайван ажиллаж, амьдрах аргагүй болдог гэх Монголын 165 мянга орчим төрийн албан хаагчийн нийтлэг дүр төрх энэ юм биз. Гэвч энэ “өвчин” халдвартай байж.

“Амьдрал хайр дээр тогтдог” гэсэн итгэл үнэмшилтэй алтан үе ард хоцорч, “Амьдрал мөнгөн дээр тогтдог” гэх шинэ үзэл баримтлалтай мөнгөн үе халааг нь авсан. Харин сүүлийн үед “Монголчуудын амьдрал сонгууль дээр тогтдог болчихоо юу даа” гэж эрхгүй бодоход хүрэв. “Сонгууль болох гэж байгаа учраас...” гэдэг үг хөдөөгийн нэг малчнаас аваад эмч, өвчтөн, багш, оюутан, барилгачин, уурхайчин, бизнесмэн, төрийн өндөр албан тушаалтнууд хүртэлх бүх давхаргад их, бага хэмжээгээр хамаатай болж байна. Сонгууль болох учраас ноолуурын үнийг өнгөрсөн жилийнхээс хямдруулж болохгүй.

Сонгууль болох гэж байхад валютын ханшийг бага ч атугай бууруулах хэрэгтэй гэх мэтчилэн сайхан мөрөөдлүүд амьдралд биелээд л... Нөгөөтэйгүүр, их аадрын өмнөх шиг ажин түжин дүнсгэр өдрүүд сонгууль хүлээн нозоорохдоо уул уурхайнхныг унтуулж, хөрөнгө оруулагчдыг ацан шалаанд оруулав. Хамгийн аймшигтай нь, монгол түмний эрүүл энхийн манаанд зогсох учиртай гол салбарыг эзэнгүй олон сар байлгалаа. Зөвшилцөж өгдөггүй улстөрчид удахгүй болох сонгуульд найдаад Эрүүл мэнд, спортын яамыг сайдгүй чардайлгаж дөнгөх ч хүүхэд, хөгшдийг “Бүү өвд” гэж тушааж чадахгүй.

Тэгээд хэдэн арван хүүхэд улаанбурхан өвчнөөр нас барчихаад байхад ч сайдын суудлыг авч, өгөлцөж болдоггүйн зовлон нь мөнөөх л сонгуулийн хүлээлтээс үүдэлтэй биз. “Удахгүй сонгууль болохын хооронд кассын машин авч дэмий баахан мөнгө зарлагадаад юу гэх вэ. Одоохондоо нөүтбүүкээ ашиглаад баримт хэвлэж өгөөд байгаа юм. Аягүй бол сонгуулиар өөр нэг нам гарч ирээд, энэ хуулийг хүчингүй болгочихвол бид л “шатаад” дуусна” хэмээн дэлгүүрийн худалдагч бүсгүй хээв нэг ярих нь мөн л сонгууль хүлээсэн нэг хэлбэр.

Сонгуулиас болж манайхан ингэж нийгмээрээ донсолж байгаа учраас л “Тарва” хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Камерон МакРэй саяхан болсон Монголын бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулганы индэр дээрээс монголчуудад хандан “Сонгуулийн дараа юу болохыг харах л үлдэж байна” гэсэн байлгүй. Голыг нь олоод хэлчихсэн байгаа биз. Хөрөнгө оруулагчдыг хүлээзнэхэд хүргэж буй гол хүчин зүйл нь сонгууль гэдгийг нуулгүй хэлсэн тэрбээр Хятадын эдийн засгийн өсөлт суларснаас болж монголчууд зовж байгаа юм биш гэдгийг, нэр хүнд, хөрөнгө оруулалтаа алдсан нь дотоодын тогтворгүй бодлогоос үүдэлтэйг хүлээн зөвшөөрөх чадамж улстөрчдөд хэрэгтэйг ч мөн онцолсон.

Тэгвэл ХААН банкны гүйцэтгэх захирал асан, Монголын бизнесийн зөвлөлийн үүсгэн байгуулагч Питер Морроу мөн энэ индэр дээрээс “Эрдэнэс Монгол” компаниар жишээ аван, “Төрийн өмчит, хуучны арга барилтай компаниас илүү арилжааны шинж чанартай, ил тод засаглалтай болохын тулд маш их хөрөнгө, цаг хугацаа зарцуулсан энэ өөрчлөлтөө сонгуулийн дараа зогсоохгүй байх хэрэгтэй” гэж зөвлөсөн билээ. Гадаадынхан хүртэл яагаад ийм үг хэлээд байна вэ.

Монголчуудыг хүний итгэл даадаггүй, хэлсэн амандаа хүрдэггүй улс гэж хөрөнгө оруулагчдад ойлгуулан, “зүрхийг нь авсан” зүйл нь бас л гайхал сонгууль юм биш үү. Сонгууль дөхөхөөр сонгогчдод таалагдах гэж улстөрчид нэг дүрд хувирна, сонгуулийн дараа багаа тайлж, үнэнтэй нүүр тулахдаа гаргасан шийдвэрээ эрхгүй эргэн харахад хүрнэ. Гэвч нэг, хоёр жилийн дараагаар дахиад өөр баг олж өмсөх шаардлагатай болдог тэдэнд буруу “байхгүй” юм уу даа. Хөөтэй сонгуулиас л бүх зүйл болж байгаа хэрэг.

Үнэндээ “Сонгууль болох гэж байгаа учраас”, эсвэл “Сонгууль болчихсон юм чинь” гэсэн хоёр цаг дээр (ирээдүй, өнгөрсөн) монголчууд амьдарч байна. Нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хооронд дүүлж яваа бидэнд одоо цаг гэж алга. Нэг хэсэг нь сонгуульд нэр дэвшихийн тулд хэдэн жилийн амьдралаа зориулна. Үлдсэн хэсэг нь сонгуулийн мөчлөгт тааруулж амьдрах гэж зүднэ. Тэгсээр байтал урд урдах ажлаа урам зоригтой, итгэл төгс хийх хүн ч ховордож. “Тэртээ тэргүй гурав, дөрвөн жилийн дараа энэ ажлаас гарах юм чинь” гэсэн хүнийрхүү байдал газар авч буйг бид мэдэж л байгаа.

“Сонгуулийн дараа цаг үеийн байдал хаашаа ч эргэх юм билээ” гэсэн түгшүүр, “Энэ сонгуульд төрөл садан, танил маань ялалт байгуулбал тэдэн дээр очиж ажиллана аа” гэсэн хүлээлт, “Тэр сайд, даргын эхлүүлсэн ажлыг дараагийн хүн нь ирээд үргэлжлүүлэхгүй болчих вий дээ. Ажил маань овоо урагштай байгаа юм сан. Гайгүй байгаа” гэсэн горьдлого нийгэмд хаа сайгүй. Тэртээ тэргүй жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай манайх шиг улсад олон салбарын ажил цаг агаараас шалтгаалан багагүй хугацаанд зогсдог. Гэтэл дээрээс нь сонгуулиар нэрмээс хийчихээр хэдийд нь ажил урагшилж, улс орон хөгжих билээ.

2016 оны сонгууль яах вэ, удахгүй болдгоороо болоод өнгөрнө. Дараа жил Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгохын төлөө дахиад л баахан бужигнана. Эгэл жирийн иргэн бидний хувьд чих амар байх боломжтой ганц жил нь 2018 он л байна. Юмыг яаж мэдэх вэ, эдийн засаг сэргэчихвэл 2018 оны сүүлчийн хагасаас ч сонгуулийн синдром эхлэх нигууртай тул бэлтгэлтэй байхад гэмгүй. Сонгуулийн өмнөх их сунгааны үе учраас 2019 он бол ойлгомжтой. Энэ мэтээр жил алгасахгүй сонгуулиар “занималдаад” байхаар хүн л юм хойно залхаж таарна.

Сонгогчдын идэвх жил ирэх тусам буурч байгаа тул өнгөрсөн сонгууль шиг “Саналаа өгвөл нэгж бэлэглэнэ шүү” гэх мэт арга ч яваандаа үр дүнгээ төдий л өгөхгүй болов уу. Учир нь “Сант марал” сангийн захирал Л.Суматигийн хэлснээр сүүлийн нэг жилд намууд өөрийнхөө талд сонгогчдыг татаж чадсангүй. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар монголчуудын дийлэнх хэсэг нь аль намд, хэнд саналаа өгөхөө шийдээгүй байгаа нь харагджээ.

“Ардчилсан хувьсгал, ардчилсан нийгэм, ардчилсан үзэл санаа аль нэг намд бус, нийт монголчуудад хамаатай эрхэм зүйл билээ. Монгол хүн бүр үүнийг халбага халбагаар хурааж хуримтлуулсан. Гэтэл халбагадаж олсон энэ ардчиллын үнэ цэнийг төрийн зарим албан хаагч, түшээд хувин хувингаар асгах нь үнэхээр хайран” хэмээн нэгэн урианхай өвгөний хэлсэн үг сэтгэлээс гарахгүй удав. Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа болох сонгуулиар нээрээ бидний амьдралд яг юу өөрчлөгдөнө гэж найдвал зохих вэ. Амьдрал минь үнэхээр сонгууль дээр тогтдог болсон юм бол бид түүнээс илүү их үнэ цэнэтэй зүйл хүсэх эрхтэй биз дээ.

Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.91.115.39 төр гэж төвөг багатай бизнес хийх үүд хаалга нь болсон бололтой дог.. Үзээд байхааас яахав ард нь бид зовлогоо үүрээд л ...
43.242.243.241 huviaraa biznes hun bolgon hiih estoi yu geh ergelzeeg yah ve