ОРГИЛД МӨРТЭЙ ЦАГДАА

2016 оны 05 сарын 03

Дэлгэрхаан уулын оргилд байгууллагынхаа тугийг мандуулсан нь 2016.02.12

-Байна уу. 102 уу? Манай гэрийн үүдэнд согтуу хүмүүс зодолдоод, нэг нь ухаан алдаад уначихлаа, цагдаа бас эмч хэрэгтэй байна” гэх дуудлага Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирлээ. Энэ мэтээр цагдаа, эмч хоёрыг зэрэг дуудсан дуудлага тасардаггүй аж. Өдөрт тус төвд 9000-10000 дуудлага ирдэг.

Өмнө нь 102 руу залган цагдаа, 103 руу утас цохин эмч дууддаг байсан бол 2010 оноос буюу Мэдээлэл, шуурхай удирдлагын төв байгуулагдсан цагаас иргэдээс аль нэг утсаар дуудлага ирсэн тохиолдолд аврагч, гал сөнөөгч, цагдаа, эмчийн хэн нь явах шаардлагатайг мэдээлэл хүлээн авагч нар шийдвэрлэдэг болжээ. Өөрөөр хэлбэл, иргэд, байгууллагаас 101, 102, 103, 105 гэсэн тусгай дугаараар яаралтай тусламжийн дуудлага хүлээн авч, харьяа дүүрэг, албадад нь дамжуулан, зохицуулалт хийдэг гэсэн үг.

Ямар ч үед дуудлагыг сааталгүй хүлээн авах бүх л ажиллагааг тус төвийн Техник ашиглалтын хэлтсийн инженерүүд хариуцна. Хүний эрүүл мэнд, эрдэнэт амьтай холбоотой яаралтай дуудлагыг сааталгүй авах, техник хэрэгслийг ямар нэг эвдрэлгүй байлгах хүндхэн ачааг тэд үүрдэг. Тэдний нэг нь теле хяналтын систем хариуцсан ахлах инженер, цагдаагийн ахмад Мятавын Болор-Эрдэнэ. Тэрбээр Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул. Нутагтаа аравдугаар ангиа төгсөн, ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн цахилгаан электроникийн ангид суралцжээ.

Элетроникийн инженер мэргэжилтэй тэрбээр 2005 оноос нийслэлийн Цагдаагийн газар (Улаанбаатар хотын цагдаагийн газар)-ын Холбооны тасгаас ажлын гараагаа эхэлсэн байна. Ингээд ЦЕГ-ын харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төв байгуулагдахад инженерээр ажиллажээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа юм.

Өдөр, шөнийн алинд ч гар утсаа унтраах эрхгүй, ажлын бус цагаар ч дуудсан үед бэлэн байх үүрэгтэй түүнд маш том мөрөөдөл, маргааш гэж хойшлуулахааргүй хообий бий. Нүд алдам байгалийн өнгө будгийг гэрэл зургийн хальснаа буулгах хоо бийтой бол дэлхийн дээвэр Эверестэд хөл тавих мөрөөдөлтэй.

Энэ мөрөөдөл нь багаасаа мал маллан, байгаль дэлхийтэйгээ ойрхон өссөнөөс үүдэлтэй гэж тэрбээр хэлсэн. Зүгээр ч нэг мөрөөдөөд зогсох бус түүнийгээ бодит болгохоор зүтгэн, мөнх цаст хайрханд мөрөө гаргаад амжжээ. Ингэхдээ цагдаагийн байгууллагынхаа тугийг хэд хэдэн оргилд мандуулсан байна. “Хүсэл мөрөөдөл байхад хүрэхгүй газар, боломжгүй зүйл гэж үгүй” хэмээн инженер бүсгүй М.Болор-Эрдэнэ хэлэх дуртай.

Тэрбээр 2007 оноос Богд уул, Чингэлтэй хайрхан руу анх байгалийн зураг авахаар алхаж эхэлсэн бөгөөд 2013 онд “Улаанбаатар залуусын оролцоо” төрийн бус байгууллагын дэргэдэх “UB hiking” клуб-т гишүүнээр элссэн цагаас энэ мөрөөдөл нь аажмаар биелж эхэлсэн гэнэ.

Хэнтийн нурууны Асралт хайрхан, Алтан-Өлгий, Хийдийн сарьдаг, Зоргол хайрхан ууланд авирч, Гүнжийн сүм, Хустайн нуруу, Хагийн хар нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газраар байнга явган аялдаг аж. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр Хорьдол сарьдагийн нурууны Дэлгэрхаан (Далайн түвшнээс дээш 3089 м), гуравдугаар сарын 3-нд Соёны нурууны ноён оргил Мөнхсарьдаг (Далайн түвшнээс дээш 3493 м), үүнээс 16 хоногийн дараа Алтайн нурууны Бага богд (Далайн түвшнээс дээш 3590 м) уулын оргилд байгууллагынхаа тугийг мандуулжээ. Эрсдэлтэй хэдий ч бахархам энэ үүргийг өнөө жил 95 жилийн ойгоо тэмдэглэж буй цагдаагийн байгууллагаас нь даалгасан гэдэг.

Цагдаагийн алба хаагч гэхээргүй турьхан биетэй, том алаг нүдтэй энэ бүсгүй Дэлгэрхаан ууланд өвөл клубийн гишүүдтэйгээ хамт авиран, оргил дээр багаараа амжилттай гарчээ. Тэрбээр багийн гурван эмэгтэй гишүүнтэйгээ өвлийн улиралд, эрсдэл ихтэй үед анх удаа гарсан эмэгтэйчүүд болсон гэнэ. Уулчид “Амиа алдсан ч гомдолгүй” гэж гарын үсэг зураад авиралтаа хийдэг. М.Болор-Эрдэнэ ч мөн адил өндөр ууланд авирах бүртээ гарын үсэг зурж, хайрхны таалалд найдан замд гардгаа нуугаагүй.


Эрсдэлтэй хэр олон удаа нүүр тулж байсныг түүнээс асуухад, “Соёны нурууны ноён оргил Мөнхсарьдаг хайрханд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан клубийнхээ эмэгтэй гишүүдийн хамт авирсан юм. Би багаа удирдаж явсан. Мөнхсарьдаг хайрхан надад олон зүйл ойлгуулж, үзүүлж, мэдрүүлсэн. Тэсвэр хатуужил, эр зориг, тэвчээрийг дээд зэргээр шалгасан, олон хүний амь, эрүүл мэндийн төлөө санаа зовсон гээд өмнө нь хийж байсан олон авиралтаас хамгийн “хэцүү” нь байлаа. Тэр үед цасаар шуурч, цаг агаар хүнд байсан. Ирмэгтэй, шовх уул учраас нуруулдаж явахад хүчтэй салхинд унах эрсдэлтэй. Тиймээс цаг агаарын байдлыг тандаад үүрээр алхалтаа эхлүүлсэн.

Биднийг уулнаас бууж явахад салхи ширүүсэн, урдах зам үзэгдэхээ больсон учир кемпдээ эргэн иртлээ сэтгэл түгшсэн шүү. Эвгүй хөдөлбөл цүнхэндээ цохигдоод ёроол руу унах аюултай байсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард бас Мөнххайрхан ууланд авираад буух үед миний нэг хөл ангал руу халтираад унах гэж байхад урд, хойно явж байсан хоёр хүн маань хамгаалсан. Ер нь “Ууланд авирах эрсдэлтэй юм байна” гэж бодоод айчихвал хөл урагш гишгэхгүй. Гэхдээ “Би гарчихна” гэж барддаггүй, юу ч гэсэн зориод үзье л гэж боддог.

Уулчид хагас цэрэгжилтийн байдалтай явдаг гэхэд болно. Бүх зүйлийг цагт нь хийдэг, алхахдаа хүртэл зэрэг гишгэдэг. Нэг баг гэдэг нэгэн зүгт харж, нэгэн санаа бодолтой, нэгэн чиглэлтэй, эмх цэгцтэй, дэг журамтай, ёс зүйтэй, нэгнээ гэсэн сэтгэлтэй байж зорилгодоо хүрдэг” гэж тэрбээр ярьсан. Мөн уулын спорт хүнийг эрүүл чийрэг болгохоос гадна тэсвэр, тэвчээр суулган, аливаад нухацтай, ул суурьтай хандан, шийдвэр гаргадаг, хүлээцтэй, хариуцлагатай болгодог гэв.

Тэрбээр дэлхийн дээвэрт мөрөө гаргахаас өмнө Монголынхоо дээвэр болсон Алтайн Таван богдын мөнх цаст оргилуудад хөл тавих хүсэлтэй явна. Гэхдээ М.Болор-Эрдэнэ теле хяналтын системийн хэвийн ажиллагааг ханган, бүх техник хэрэгслийн аюулгүй байдал, гэмтэл саатлыг засах үндсэн ажлаа хообийгоороо солихгүй гэсэн. Мөн тэрбээр гудамж талбайд тавигдсан хяналтын камеруудын ашиглалтыг хариуцдаг юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод хэчнээн камер суурилуулсан, хэвийн ажиллаж байгаа, эсэхийг хянаж ажилладаг. Гэмт хэргийн үед камерын бичлэг хөдөлшгүй баримт болдог учраас ямар нэг асуудал гарахад ойр орчимд нь камер байгаа, эсэхийг тэрбээр хамгийн түрүүнд мэдээлэх үүрэгтэй.

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ажил хэвийн явагдаж байвал хэн ч түүнийг дурсахгүй. Сайн ажиллаж байгаа, эсэх нь хэнд ч хамаагүй. Харин ямар нэгэн гэмтэл, саатал гарвал л түүнийг санана. Гэвч үүндээ тэр хэдийнэ дасчихсан. Уулын спортын хоёрдугаар зэрэгтэй уулчин, цагдаагийн ахмад бүсгүй маань “Өвөл хотоос нэг удаа ч гэсэн гараад үзээрэй.

Богд уулан дээр гараад харахад Улаанбаатар хот маань хаана байгаа нь мэдэгддэггүй, бөөн саарал утаа л харагддаг. Станцуудын яндангаас л утаа гарч байгаа харагдахаас биш, байшин барилга үзэгддэггүй. Тийм л орчинд бид амьдарч байна. Тиймээс ууланд авирч, явган аялаарай” гэж аминчлан захьсан шүү.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД