Ж.БОЛДБААТАР: ТАНГАРАГ ӨРГӨХ ӨДРӨӨ 18 НАС ХҮРЭХ ЗАЛУУС “ОЮУТАН ЦЭРЭГ”-Т ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

2016 оны 05 сарын 03

2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага ирэх баасан гаригт эхэлнэ. Үүнд хэр бэлтгэж байгаа талаар Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатартай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт цэргүүд халагдаж, нутаг нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Энэ баасан гаригаас нийслэлд цэрэг татлага эхэлнэ. Бэлтгэл хэр хангагдав?

-Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор цэргийн штабын үйл ажиллагааг зааж өгсөн. Иргэд рүү чиглэсэн сурталчилгааны ажлыг төр хийх ёстой. Иргэнийг хуулиа мэдэхгүй байна гэж загнах бус хуулиа яаж хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг талаас нь ярих ёстой. Тиймээс учраас нийслэлийн есөн дүүрэг, 152 хороо цэргийн ажиллагааны талаар ухуулга, сурталчилгаа хийх ёстой. Энэ утгаараа ч сүүлчийн өдрүүдэд ажил гайгүй байна.

Тавдугаар сарын 6, 7, 8-нд нийслэлийн хэмжээнд цэрэг татлага явагдана. Мэдээж хэрэг амьдрал баялаг. Янз бүрийн гомдолтой хүмүүс асуудлаа шийдүүлэх гэвэл тухайн дүүргийн ЗДТГ, Цэрэг татлагын товчоонд өргөдлөө гаргаж болно. Тэнд асуудлыг шийдвэрлэх ёстой. Ер нь Монгол Улсын батлан хамгаалах төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага нь цэргийн штаб. Тиймээс хуулиа хэрэгжүүлж буй энэ байгууллагад орон нутгийн төрийн захиргааны байгууллага дэмжлэг үзүүлэх ёстой.

-Цэргийн нас хэтэрсэн залуус энэ жил хэчнээн төгрөг төлөх ёстой бол?

-Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар 18-25 насны эрчүүд цэргийн алба хаах үүрэгтэй. 1992 онд баталсан Үндсэн хуульдаа цэргийн албыг нэг жил хаахаар болгож, үүнтэйгээ уялдуулан цэргийн алба хаах шинэ хэлбэрүүд бий болгосон. 1970-1980-аад оны үед цэргийн албыг зөвхөн биечлэн хаадаг байв. Харин өнөөдөр таван хэлбэрээр хаадаг болсон. Нэгдүгээрт, Монгол Улсын зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагад 12 сар буюу нэг жил алба хаах.

Үүнийг биеэр алба хаах гэнэ. Хоёрдугаарт, их дээд сургууль төгссөн буюу цэргийн алба хаасан 19-31 насны эрчүүд гэрээгээр хоёр жилийн алба хаадаг. Энэ нь Монгол Улсын төрөөс батлан хамгаалах салбараар иргэддээ үзүүлж буй ажлын байр. Учир нь гэрээт цэргийн алба хааж буй хүн гэрээ байгуулж, цалинтай алба хаана. Эдгээрээс гадна цэргийн дүйцүүлэх алба гэж бий. 18-25 насны эрчүүд төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаж, цэрэг татлагын комиссын шийдвэрээр 21 сарын хугацаанд гурван төрлийн үүрэг гүйцэтгэдэг.

Үүнд нь хил хамгаалах байгууллагад дэмжлэг үзүүлэх ажилд хил орчмын аймаг, сумдын иргэдийг хамруулдаг. Мөн гамшиг ослын үед ажиллуулдаг. Гуравдугаарт нь хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслуулах зорилгоор дүйцүүлэх алба бий болсон. Харин дөрөвдүгээрт нь цэргийн алба хаагаагүй 26 нас хүрсэн залуус мөнгөн хэлбэрээр хаах арга бий. Мөнгөн төлбөрийн хэмжээг тухайн үед Монгол Улсын Засгийн газар тогтоодог. Энэ жил 4.8 сая төгрөгөөр тогтоосон.

Цэргийн дүйцүүлэх албаны биеэр хаах тоог Засгийн газраас тогтоож, уг шийдвэрийг нь үндэслэн нийслэлийн ИТХ дүүргүүдэд хуваарилах тоог тогтоодог. Тав дахь хэлбэр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны зарлигаар Засгийн газраас “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Төрийн албаны тухай хуульд цэргийн алба хаагаагүй хүн төрийн албанд ажиллахыг хориглоно гэсэн байдаг. Тиймээс залуусыг сурч байх хугацаанд нь цэргийн үүрэг гүйцэтгүүлээд, төгсмөгцөө шууд ажил хийх бололцоог нь хангаж өгч буй.

-Энэ жил явах боломжгүй залуус байвал яах вэ. Оюутны жилүүдийг нь тооцоод мөнгөн төлбөрийг нь багасгадаг нь хэвээрээ биз дээ?

-Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар аливаа хүсэлт, өргөдөл, гомдлыг цэрэг татлагын товчоо нь шийднэ. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Тэгэхээр ямар нэг шалтгаантай байвал харьяа дүүргийнхээ цэрэг татлагын товчоонд л хандах хэрэгтэй. Тэгээд ч хуульд цэргийн албанаас чөлөөлөх нөхцөлийг заагаад өгчихсөн.

Өөрөөс нь өөр хүн асрах боломжгүй хүнтэй, сургуулийн өмнөх насны хоёр хүүхэдтэй бол цэргийн албанаас чөлөөлнө гэх зэргээр заасан байдаг. Үүнийхээ дагуу л чөлөөлж болно. 26 настай залууд цэрэгт явах эсвэл мөнгөө төлөх гэсэн хоёр л зам бий. Ер нь манайхан мөнгийг бүтэн төлнө гэж боддог. Их, дээд сургуульд дөрвөн жил сурсан бол жилээс хасагдаад та хамгийн сүүлийн жилдээ мөнгөн төлбөрийн 14 хувь буюу 600 гаруй мянган төгрөг төлнө гэсэн үг.

-Хэдэн жилийн өмнө цэрэгт явах хүн олддоггүй байснаас ч тэр үү, оюутан, эсвэл сургуулиа төгсөөд дөнгөж ажилд ороод байгаа залууг татчихдаг байсан шүү дээ.

-Тийм ээ. 1990-ээд онд зах зээлд шилжих үед хүмүүс цэргээс зугтдаг байлаа. Тэр байтугай ар гэртэй нь уулзуулахгүй ачдаг байсан. Өнөөдөр тийм биш. Тэгэхээр хүний ухамсар дээшилсэн байна. Мөн эр хүний бахархал гэдгийг мэджээ. Өмнө нь ямар ч сонголтгүй барьж аваад л үсийг нь хусаад аччихдаг байсан. Одоо бол тийм биш. Өөрөөс нь, ар гэрийнхнээс нь асууна. Тэр байтугай ангийг нь хуваарилаад хэлдэг болсон. Дүүрэг бүрт ажиллаж байгаа цэрэг татлагын товчооныхон хэний хүүхэд хаашаа хуваарилагдсаныг зарлах самбартай болсон. Түүн дээр нь гарахгүй бол товчооныхноос асууж болно. Ер нь бид эрхзүйт төрийн дор амьдарч байгаагаа сайн бодох ёстой.

Өнөөдөр цэрэгт явж буй залуусын 70 хувь нь хүсэлтээрээ ирж байгаа. 20-30 хувь нь “Явахгүй л бол болохгүй юм байна. Хууль нь тийм юм” гэж үздэг.

Цэргийн албаа хаагаад халагдаж буй залуусаас сэтгэгдлийг нь сонсоход бүгд 100 хувийн сэтгэл ханамжтай байдаг. Цэргийн алба хааснаараа хохирлоо, цаг хугацаа алдлаа гэдэг зүйл би өнөөг хүртэл сонсоогүй.

-Өнгөрсөн жил 17 настай оюутан залуу “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгөөд нас нь хүрээгүй гээд хамрагдаж чадаагүй. Харин энэ жил хамрагдах гэхээр хоёрдугаар курсийн оюутан болсон гээд хамруулах боломжгүй гэж байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Оюутнуудын дунд байгаа зүйлийг их зөв хөндөж асуулаа. Яагаад гэхээр Монгол Улсын Засгийн газрын тогтоолд нэгдүгээр курсийн хоёрдугаар хагаст сурч буй залуусыг “Оюутан цэрэг хөтөлбөрт хамруулна” гэж журамласан. Нэг жилд 10 гаруй мянган оюутан уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байдаг.

Бидэнд өгч буй тоо хязгаартай. Өнгөрсөн жил 17 настай байгаад чадаагүй, энэ жил 18 настай хоёрдугаар курсэд байгаа хүүхдийг авахаар болсон. 18 нас гэдгийг хэзээнээс тоолох вэ гэдэг асуудал гарч ирсэн. 18 насанд хүрсэн гэдгийг тангараг өргөх өдрөө 18 нас хүрэх бол тооцъё гэж байгаа.

-Сурлагын голч дүнг бас харгалзаж байгаа байх аа?

-14000 оюутныг нэг жилд бүгдийг нь татаж чадахгүй. Тэгэхээр бид тодорхой шалгууртай байх ёстой. Кредит нь 3.0-аас дээш байвал “Оюутан цэрэг”-т шалгаруулна.

-БХЯ, нийслэлийн ЗДТГ хамтран сүүлийн жилүүдэд “Монгол цэргийн жавхаа” уралдаан зохион байгуулдаг болсон. Энэ уралдаанд зарим офицер, ахлагч сэтгэл дундуур байна. Нэг хэсэг нь ч анги салбараа сайхан болж байгааг магтаж байгаа. Уралдаан үр дүнд хүрч байна уу?

-Бид хүнд таалагдах гэж ажилладаггүй. Аливаа зүйлийг эвэнд нь оруулах л гэж ажиллаж байна. Өнөөдөр зуд боллоо гээд малчдад нэг өдрийнхөө цалинг өгдөг биз дээ. Тэр мөнгө юу болдог вэ гээд судлахаар үр дүнд хүрсэн зүйл хомс. Дараа нь зуд болсон, мал хорогдсон гээд хөдөө байсан хүмүүс хот руу орж ирдэг, бас махны үнэ ч өсдөг. Гэтэл цэргийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс нэг өдрийнхөө цалинг байгууллагынхаа тохижилтод зориулаад өгч яагаад болохгүй гэж. Би үүнийг тийм ч муу зүйл гэж боддоггүй. Малчдад өгч байгаатай л адил. Гарах үр дүн л чухал.

“Монгол цэргийн жавхаа” уралдааныг нийслэлийн Засаг даргын санаачилгаар 2013 оноос зохион байгуулж байна. Үүнийг явуулахдаа гуравхан зорилго тавьж байгаа. Нэгдүгээрт, орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас цэргийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, идэвх өрнүүлэх, хоёрдугаарт, иргэд, залууст алба хаах байгууллагынх нь үйл ажиллагаа нээлттэй, цэргүүд маань эрүүл, аюулгүй, тохилог орчинд амьдарч буйг үзүүлэх, гуравдугаарт, хүүхэд, залуучуудад цэрэг хүн ямар байх ёстой вэ гэдгийг харуулах зорилго тавьсан. Цэрэг хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн баталсан сахилга, цэргийн дүрмийг сахих ёстой. Сүүлийн үед энэ ажил хумигдаад, зүгээр суух хандлага бий болж байв.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ангиуд 2.6 тэрбум төгрөгийн засвар хийсэн байна. Зарим нь хандив цуглуулж, нэг хэсэг нь цалингаас нь татсан байсан. Шагналын сан өндөртэй маш том уралдаан. Анхны жил шалгарсан байгууллагынхны шагналын мөнгө ангидаа ерөөсөө үлдээж наалдсан зүйлгүй, нэрсийг нь жагсааж байгаад мөнгөө хуваагаад авчихсан байсан.

Цэргийн анги, байгууллагыг гаднаас нь харахад стандарт хангасан байх ёстой. Дөрвөн жилийн өмнөхөөсөө гаднах, дотоод тохижилт эрс сайжирсан. Энэ жилийн хувьд “Эмнэлгийн үйл ажиллагааг илүү үзнэ” гэхэд түүнийгээ сайжруулсан байх жишээтэй. Нийслэлийн ЗДТГ-аас анги байгууллагад хэрэгтэй зүйлсийг нь өгч буй. Энэ жил гэхэд эмнэлгийн тоног төхөөрөмж өгөх болсон. Хүний эрүүл мэнд гэдэг бол хамгийн чухал асуудал шүү дээ.   

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.126.89.199 Болдбаатар аа.Бид дурандаа 1 өдрийнхөө цалинг малчдад хандивлаагүй.Дэ
182.251.251.17 mongoldoo ikh deed surguulid 1 kursee tegseed gadaad.n ikh surguulid yavj suraltssan huuhed bol telberiig ni yaj shiideh be