БОДЛОГЫН зөрүүнд гацсан ТАВАНТОЛГОЙ

2016 оны 05 сарын 03

Төмөр зам, баяжуулах үйлдвэрээ барьчихвал дэлхийд эхний 10-т эрэмбэлэгддэг Тавантолгойн коксжих нүүрсний ордын өрсөлдөөнд ялах магадлал хэд дахин нэмэгдэнэ. Үүний тулд 4-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт хийх учиртай. Гэвч 2009 оноос хойш үргэлжилж буй хөрөнгө оруулалтын хэлэлцээнүүд удаа дараа гацав. Тавантолгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээг үргэлжлүүлэх эрхэм үүрэг Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад ногдож байх шиг. Өөрөөр хэлбэл, 2016 оны улс төрийн сонгуулийн үр дүнгээс хамаарч бүрэлдэх Засгийн газрын тэргүүний гүйцэтгэх ёстой нэгэн чухал ажил нь Тавантолгойг “хөдөлгөх” юм.

Гацаж буй гол шалтгаан нь монголчуудын тархин дахь үзэл бодлын ялгаанд буй. Тавантолгойн ордыг төмөр замтай нь нэг төсөл гэж зарим нь үзэж байгаа. Тэгвэл нөгөө хэсэг нь салгаж ойлгож байна. Үзэл бодлын ийм зөрүү үүссэнээс Тавантолгойд хөрөнгө оруулалт татах оролдлого гацсаар. Зөрүүтэй байр суурьтай, улс төрийн хүчин тойрсон талуудын хүч эн тэнцүү байгаа учир аль нэг нь давамгайлж чадахгүй, бие биедээ тээг тавьсаар өдий хүрэв.

Тавантолгойн ордыг төмөр замтайгаа хамт нэг төсөл гэж үзэж буй талыг MCS группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал тэргүүлж байна гэсэн ойлголт нийгэмд тогтжээ. Харин төмөр замыг тусад нь салгаж, хөрөнгө оруулалт татах ёстой гэж үзэж буй талын толгойлогч нь УИХ-ын гишүүн Х.Баттулга.

Хэнийх нь зөв бэ? Энэ асуултын өмнө Монголын нийгэм хоёр талцчихдаг. Хоёр тал ч өөр өөрийн үзэл бодлыг дөвийлгөсөн ухуулга сурталчилгаанд гар татахгүй мөнгө цацах юм. Нийгмийн сүлжээнийхэн ч өлгөж аваад аль нэгийг нь хамгаалсан сүржин хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хамгийн сүржин жиргээ нисгэж, пост илгээж буй “улаан хамгаалагчид” аль нэг талтай нь ямар нэг сэжмээр холбогдсон байж таардаг. Эцэст нь Баянхошууны Баасан эмээ Х.Баттулгыг өмөөрч, хөршийнх нь Балбар өвгөн Ж.Оджаргалыг өмгөөлж маргалдахад хүрч буй.

Ийм маргаан нь Тавантолгойг төмөр замтай нь хамт нэг төсөл гэж үзэх нь зөв үү, буруу юу гэдгийг тодруулахын оронд “Х.Баттулга сайн, Ж.Оджаргал муу”, “Ж.Оджаргал тендерээр баяжсан, Х.Баттулга өмч хувьчлалаар хөлжсөн” гэх мэт хахь хамаагүй хэрүүл рүү татан оруулдаг. Ингэх нь ч сөргөлдөгч талуудад ашигтай бололтой.

Үндсэн сэдвээс хөндий, хувь хүнтэй холбоотой мэдээллүүд голчилсон хэлэлцүүлгээс олон нийт бодит дүгнэлт гаргаж чадахгүй. Тэгэхээр хамгийн бодит дүгнэлтийг мөнгөө өгөх гэж буй хөрөнгө оруулагч л гаргаж таарна. Яагаад гэвэл, хариуцлага хүлээх учраас тэр. Тавантолгойн ордыг төмөр замтай нь хамт нэг төсөл гэж үзэн ашиглуулах тендер зарлавал дэлхийн томчуул хөрөнгө оруулах саналаа илэрхийлдэг. Харин Тавантолгойн ордоос төмөр замыг нь салгачихаар хөрөнгө оруулалт олддоггүй. Хэрэв Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл дангаараа ашигтай байсан бол аль хэдийнэ хөрөнгө оруулалт татаад, бариад дуусгачих байсан биз.

АН-ынхан ч Х.Баттулгын саналыг дэмжихгүй, Хөгжлийн банкнаас нэмэлт санхүүжилт олгохгүй төмөр замын барилгын ажлыг “уясаар” өдий хүргэсэн билээ. 2014 онд Тавантолгойг төмөр замтайгаа хамт нэг төсөл гэж үзэн, хөрөнгө оруулалт татах шийдвэр гаргаснаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үзэл бодол тодорхой болсон. Дараагийн, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч түүнтэй адил үзэл бодол тээж, байр сууриа хамгаалсаар л байна.

100 хувь Монголын мэдлийн төмөр замын сүлжээтэй болох гэсэн Х.Баттулгын алсын бодол туйлын зөв. Үүний төлөө бид тэмцэх ёстой. Гэвч Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам үндэсний төмөр замын сүлжээний гол цөм мөн үү? Эсвэл зүгээр л уурхайн төмөр зам уу? Энэ асуултад тодорхой хариулт хэрэгтэй. Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх зориулалттай уурхайн төмөр зам гэж нийгмийн олонх үздэг. Тиймээс ч Х.Баттулгын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг өргөн царигаар тавина гэсэн саналыг дэмжээгүй.

Өргөн царигаар тавьсан бол тонн нүүрсийг нарийн царигтай төмөр замын вагон рүү шилжүүлэн ачихад гурван ам.долларын зардал гарах байв. Х.Баттулга “Гуравхан ам.долларын зардал бол юу ч биш” гэдэг. Гурван ам.доллар хэмнэснээр компанийн санхүүг хэрхэн сайжруулж болохыг нүүрсний үнэ унасан өнөө цагт бид ойлгож байна.

Тавантолгойд хөрөнгө оруулалт татах түүх ингэж эхэлсэн. С.Батболдын Засгийн газар Тавантолгойд стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тендер 2010 онд зарласан байдаг. Хөрөнгө оруулагчдын богино жагсаалтад БНХАУ, Японы “Шинхуа энержи” болон “Мицуй” компанийн түншлэл, АНУ-ын “Пиибоди энержи”, ОХУ-ын “Оросын төмөр зам”, “СУЭК” болон Япон, Солонгосын консорциум, Бразилийн “Вале”, Австралийн “Экстрата коал”, Люксембургийн “Арселормиттал групп” тунан үлдсэн. Тухайн үед Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягаар ахлуулсан ажлыг хэсэг тэдэнтэй хэлэлцээ эхлүүлсэн боловч эрх ашгийг нь тэнцвэржүүлж чадаагүй.

Ингээд АН хамтарсан Засгийн газраас гарсны дараа буюу 2012 оны хавар МАН-ынхан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг Тавантолгойн ордын Ухаахудагийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс” компанитай байгуулсан. Гэвч 2012 оны улс төрийн сонгуулийн дүнд АН олонх болж, Х.Баттулгын тал Зам, тээврийн яамыг гартаа авснаар концессын гэрээг цуцлав. Яг энэ үеэс Ж.Оджаргал, Х.Баттулга нарын сөргөлдөөн хурцадсан гэхэд болно.

Мөн хөндлөнгөөс нэг дүр тодрон гарч ирсэн нь М.Энхсайхан. Х.Баттулга Тавантолгойгоос зүүн тийш өргөн царигтай төмөр зам тавих бодлогоо гүйцэлдүүлэхээр түүнийг “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. М.Энхсайхан судалгаа хийгээд “Эхний ээлжинд Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд нарийн царигтай төмөр зам тавьсан нь ашигтай” гэж дүгнэв. Даргынхаа бодлогын эсрэг сэтгэсэн түүнийг ажлаас нь даруй хөөлөө. Гэсэн ч тэр Тавантолгойгоос холдоогүй.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2014 онд Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт зарлаж, шалгарсан консорциумтай хэлэлцээ хийхийг түүнд даалгав. Тендерт Монголын “Энержи ресурс”, Хятадын “Чайна шинхуа энержи”, Японы “Сүмитомо” компанийн консорциум шалгарсан. М.Энхсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсэг гурван сар хэлэлцээ хийж, гэрээний төслийг бэлэн болгосон ч Х.Баттулга болон АН-ын дарга З.Энхболдын хамтрал хэлэлцээрийг гацаав. Тэд “М.Энхсайхан хэмээх Хятадын гар хөл болсон этгээд ард түмэнд ашиггүй хэлэлцээ хийсэн” гэж тайлбарлаж буй. Түүх ингэж үргэлжилсэн.

Тавантолгойд хөрөнгө оруулалт татах гурван хувилбар ийн бүтэлгүйтжээ. Талуудад дундын хувилбар гэж байсангүй. Тойрч суугаад ярилцсангүй. Хэвлэлээр хий дэмий маргацгаалаа. Аль нэг талд нь эрх ашгийн бүрэн ялалт л хэрэгтэй бололтой. Хэрэлдэж суутал зургаан жил өнгөрлөө. Хэрэв төмөр замаа тавьчихсан бол гээд араас нь олон ололт амжилтыг төсөөлөн нэрлэж болно. Нэгэнт өнгөрсөн хойно гаслахаа больё. Лав л “Энержи ресурс” компани өрөө төлж чадахгүй болтлоо доройтохгүй байсан нь тодорхой.

Дараагийн Ерөнхий сайд Тавантолгойд хөрөнгө оруулалт татах дөрөв дэх хувилбараа танилцуулна. “Эрдэнэс Монгол” компани шинэ хувилбар боловсруулж буй. “Эрдэнэс Монгол”-ын дор “Монголын төмөр зам” компанийг нэгтгээд хөрөнгө оруулалт татах шинэ хувилбар байж болох юм. Гэхдээ сонгосон хувилбараа, хэлэлцээнийхээ дүнг Ерөнхий сайд улаан цээжээрээ хамгаалах ёстой. Тэгэхгүй бол талуудын хүч тэнцүү “зодоон” хэлэлцээг дахин унагана. Мэдээж монголчуудын эрх ашигт нийцсэн хувилбар бодож олох учиртай.  

Т.ЭНХБАТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
43.242.243.241 nogoon namiin enhbatiin jargalsaihan depakte nevtruulegt orson yariltslagiig uz tegvel ergelzee
118.47.161.224 Баттулга бол эх орончын дүрд хувирсан бэрд гэдгийг олон юмнаас харж болхоор байна ямарч ашигтай төсөлд улс төрийн дэмжлэг байж байж тэрийг олж авна Оджаргалыг буруутгах араггүй тэрний бүх юм ил байгаа далд ч байгаа л байх гэхдээ женkо шиг улаан дээрэм хийхгүй байх ард түмэн үүнийг ойлгох хэрэгтэй