НИЙСЛЭЛ НАДААС ЭХЭЛНЭ

2016 оны 05 сарын 03

Түүнийг Ж.Батзориг гэдэг. Тэр “Аавын олон хүүхдийн адил ардын боловсролоор хүмүүжиж, сургууль төгссөн нэгэн. Танил талаараа ажилд ороогүй. Цагтаа ажилдаа ирдэг. Цалингаараа амьдардаг. Цагаан өнгөнд дуртай, цагаан биш, бор царайтай, цайлган сэтгэлтэй залуу. Анх ажилд ороод ах нартаа загнуулж явснаа мартаагүй. Айлын эмээгийн тогийг залгаад ирисээр шагнуулснаа мартаагүй. Ажлаа сайн хийгээд анх удаа цалин нэмэгдэхэд асар их баярласнаа мартаагүй”.

Харин энэ бүсгүй бол Л.Солонго. Тэр “Замбараагүй хэрэглээг зогсоох гэж захын хорооллоор ажиллаж, золбин нохдод хөөгдөж, харанхуй гудамжаар алхдаг ч ёолкныхоо гэрлийг асаан хөөрөн баярлах хүү, өглөө эртлэн босож цайг нь чанадаг ээжийгээ хараад, айл бүрийн цонхонд гэрэлтэй байхыг үзээд ажлаа улам сайн хийх юм шүү гэж боддог”.

Магадгүй энэ үгс танд танил байна уу. Тун саяхан сонссон ч байж мэднэ. Жүжигчин Б.Амарсайханы тоглосон “Амараа юу хийчихэв ээ” хэмээх бичлэг нийгмийн сүлжээгээр газар авахад “Намайг Батзориг гэдэг” гэх нэртэй бичил видео мөн чамгүй анхаарал татсан. Бас улс төр, сонгуулийн сурталчилгаа гэж бяцхан хардагдсан. Тус бичлэгийн “гол дүр” нь Ж.Батзориг, Л.Солонго хоёр юм. Хоёулаа “УБЦТС” ТӨХК-ийн Зүүн түгээх төвд ажилладаг. Уг нь тэд “бүтээл”-ээ “Амараа юу хийчихэв ээ”-гээс хавьгүй өмнө хийсэн юм билээ. Өнгөрөгч шинэ жилийн баяраар хамт олондоо гэнэтийн бэлэг барих гэж жүжигчин Амарааг дуурайсан гэнэ лээ.

1700 гаруй ажилтантай “УБЦТС” ТӨХК-ийн залуу үеийн төлөөлөл болсон тэдэнтэй ажил, амьдралынх нь талаар цөөн хором ярилцлаа. Тэд жүжигчин Амараа шиг “од”, олны танил биш ч эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, энэ улсынхаа ачаанаас даах чинээгээрээ даруухнаар үүрч, урагшлуулж буй олон монгол залуугийн төлөөлөл. Бичлэгийг нь үзээд сэтгэгдэл бичсэн зарим хүн Л.Солонгыг “гадаадын эрлийз, казах” гэсэнд битүүхэндээ гомдож, “сонгуулийн сурталчилгаа” гэж гөрдөхөд нь бухимдсанаа нуусангүй. Харин Ж.Батзориг Ховдынх болохоо хүлээв. Бичлэгтээ “Улаанбаатарын уугуул хүн “УБЦТС ТӨХК”-д ажиллаж байна” гэвэл хүмүүст илүү ойр байх болов уу гэж бодоод худлаа хэлчихсэн юм байж. Амьдрал энгийн тусмаа амттай гэдэг дээ.

Ж.БАТЗОРИГ: МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАХ НЬ БАХАРХАЛ БИШ ГЭЖ ҮҮ

-Энэ бичлэгийг яагаад хийх болсон юм бэ. Та яагаад сонгогдчихов?

-Шинэ жилээр хамт олноо баярлуулъя гэж л бодсон юм. Ажлын ачаалал, зовлонг нь ойлгодог хүний хувьд сэтгэлийг нь хөдөлгөхийг хүссэн. Би компанийнхаа 75 жилийн ойн концертод уран уншлага, дуугаар мэндчилгээ дэвшүүлэн, оролцож байсан. Тэгээд л сонгогдсон байх. Тэгээд текстийнх нь санааг гаргаад, уран сайхны “шүүлт”-ээр ч оруулсан. Шинэ жилийн баяр маань үүгээр эхэлж, их гоё болсон. Ер нь салбартаа хамгийн залуу хамт олонтой, бүх зүйлд түүчээлдэг нь манай компани.

-Мянга хол давсан ажилтантай хамт олны баяр ёслол нүсэр болно биз?

-Манайхны дийлэнх нь залуучууд, эрчүүд байдаг ч ямар ч баярынхаа үеэр замбараагүй байдал үүсгэдэггүй. Бид чинь ерөнхийдөө хагас цэрэгжилтийн байдалтай ажилладаг хүмүүс шүү дээ. Дарга, ахлахынхаа заавар, үүргээр ажиллаж, амраад сурчихсан гэх үү дээ. Манайхан ямар ч нөхцөлд утсаа унтрааж болдоггүй. Бусад хүн баярлаж, амарч байхад бид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, халуун, хүйтэн, салхи шуургыг ажралгүй ажилладаг.

-Та үнэхээр цалингаараа амьдарч болоод байна уу?

-Болгоно шүү дээ. Бидний цалин жагсаал, цуглаан хийж шүүмжлэхээр бага биш ч онгирч, гайхуулахаар өндөр биш. Бусад залуусын адил зээлээр авсан байрандаа эхнэр, гурван хүүхэдтэйгээ амьдарч байна даа. Цалинг нь хараад өөр байгууллагад орно гэхээр санаанд багтдаггүй юм. Эзэмшсэн мэргэжлээрээ салбарынхаа нэр хүндтэй компанид өдий хүртэл ажиллаж явна гэдэг бахархал биш гэж үү. Бид цалин биш, цахилгаан түгээх ажлынхаа төлөө явдаг хүмүүс.

-Ажлын хариуцлага нь ажилчныг хувь хүнийх нь талаас ч хүмүүжүүлдэг байх. Тийм үү?

-Анх ажилд орохоор ирж байгаа залуусыг мэргэшүүлэхийн тулд туршлагатай ажилтанд хариуцуулж, багш, шавь болгодог. Бусад мэргэжлийг бодвол хүчдэлтэй өдөр бүр харьцах шаардлагатай байдаг болохоор аюулгүй байдалд нэн тэргүүнд анхаардаг. Ер нь манайхаар дамжсан хүмүүс ажил сайн хийж сурсан байдаг. Хариуцлага хүлээж, хүний үг сонсож, цаг барьж сурдаг.

-Анх яаж ажилд орж байв. Ер нь энэ байгууллагын шалгуур хэр өндөр юм бол?

-ШУТИС-д цахилгааны инженерээр сурч байхдаа компанидаа үйлдвэрлэлийн дадлага хийж байсан. Төгсөнгүүтээ ажилд орох өргөдлөө өгсөн. Манай сургуулийг төгссөн маш олон залуу энэ компанид бий. Зарим нь над шиг дадлагажиж аваад хүслээрээ “шингэсэн” байхад дипломоо хамгаалж байхдаа тоогдсон нь ч бий. Мэдээж гэрчилгээн дээрх дүн нөлөөлнө. Гол нь ажилд хандаж буй сэтгэл, хамт олонч зан, ерөнхий суурь хүмүүжлийг нь хардаг юм шиг санагддаг.

Л.СОЛОНГО: ГЭР ХОРООЛЛЫНХОН ЦАХИЛГААНЫ

ТӨЛБӨРӨӨ САЙН ТӨЛДӨГ

-Та ямар мэргэжилтэй вэ?

-2005 онд Биеийн тамирын дээд сургуулийг сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар төгсөөд, анх авлага барагдуулах хэсэгт ажилд орсон. Дараа нь байцаагч монтёр болсон. Арав гаруй жил ажиллачихаж. Өөр мэргэжилтэй учраас монтёрын дамжаа дүүргэж байж, энэ хамт олны эгнээнд орж байлаа. Нөгөө “Захын хорооллоор зодуулах шахам явж, золбин нохдод хөөгддөг” гэдэг чинь миний ажлыг хэлээд байгаа юм шүү дээ.

-Тэс өөр мэргэжилтэй юм байна шүү дээ. “УБЦТС”-нд ороод анх хамгийн дөхөм, бас хэцүү нь юу байв?

-Анх монтёр гэж хэлж мэдэхгүй, “мончоор” гэчихээд зэмлүүлдэг байсан. Бахь, отверка ч барьж үзээгүй шахам хүн хүчдэлтэй харьцана гэдэг амар зүйл биш. Гэхдээ манай компани ажилчдадаа мэргэжлийн сургалтуудыг тасралтгүй явуулж, ажиллах эрхийн шалгалт авдаг. Өдөр бүр гэр хорооллын өгссөн уруудсан гудамж, орон сууцны байрны давхар бүрт алхаж явахад эзэмшсэн мэргэжил маань надад маш их хэрэг болдог. Биеийн тамирын сургуульд анхны тусламж үзүүлэх талаар заадаг байсан нь энд илүү ойрхон санагдаж байсан.

-Хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдөж байна вэ?

-Ингэхэд орон сууц, гэр хорооллын хэрэглэгчдийн хандлага их ялгаатай байдаг. Гэр хорооллын хэрэглэгчид төлбөрөө төлөхдөө харьцангуй сайн. Харамсалтай нь хүмүүс эсрэгээр нь бодоод байдаг юм. Орон сууцны олон хэрэглэгч “Сүртэй юм, ганц сарын цахилгааны мөнгө өгөөгүй л биз” загнах нь элбэг. Орон сууцны төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн хэрэглээг түдгэлзүүлэхээр “Өчнөөн жил төлбөрөө төлөөгүй гэр хорооллынхны цахилгааныг тасалж чадахгүй байж биднийг зүгээр байлгасангүй” гэж загнахаар харамсдаг.

-Танайд эрчүүд давамгайлдаг байх. Тэдэнтэй ажиллахад ямар вэ?

-Гайгүй ээ. Миний ажилладаг хэсэг 39 эрэгтэйтэй. Би ганцаараа эмэгтэй. Мартын 8-наар хүртэл тэд маань ганц бүсгүйгээ баярлуулах гэж хэрэндээ хичээдэг. Энэ жил манайхан тус бүр 5000 төгрөг нийлүүлж, надад өгсөн байсан (инээв).

-Ажлаа хийж явахад тохиолдсон хөгжилтэй, бас хэцүү зүйлээ дурсвал?

-Хэцүү үе тохиолддог ч дандаа биш л дээ. Нэг авлагатай айлын хэрэглээг түдгэлзүүлэх гээд очсон чинь эхнэр нь “Мөнгөө төлчихсөн байхад таслах гэлээ” гээд загнаад, бүр үснээс минь туг тугаар нь зулгааж байж билээ. Тэднийх дөрвөн сар төлөөгүй байсан. Гэтэл хүү нь цахилгааныхаа төлбөрийг өгнө гэж аав, ээжээсээ мөнгө аваад үрчихсэн юм билээ. Ер нь ажлаа хийж яваад зодуулах, загнуулах явдал зөндөө. Цахилгааныг нь таслах гэхэд хэн ч “Өө тэг” гэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Хөгжилтэй явдал ч их гарна.

Нэг айлын тоолуурын заалтыг бичих гэсэн чинь гэрийн эзэн нь орос хүн байв. Орос хэл сайн мэдэхгүй болохоор гацаад, юу хэлэхээ мэдэхгүй зогсож байтал гэрийн эзэн хаалгаа хаачихсан. Тэр үед бид одоогийнх шиг ажлын хувцсаар сайн жигдрээгүй байсан юм. Тэгээд дахиж хаалгыг нь цохиод тоолуурыг нь зааж, мэддэг хэдэн үгээ эвлүүлээд “Я работаю это “ишжоошиг” гэж байж нэг юм зорилгоо ойлгуулаад, нэр, утасны дугаарыг нь тэмдэглэх гэтэл гэрийн эзний оросоор хэлснийг гүйцэд сонсож амжихгүй хуруугаараа один, два, три, четыре гээд тоолж байж нөгөө хүнийхээ утсыг тэмдэглэж байж билээ. Байр түрээсэлдэг гадаад хүмүүстэй харилцахад заримдаа түвэгтэй шүү.

-Та европ төрхтэй юм. Хаана төрсөн бэ?

-Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумынх. Ээж маань Өмнөговийнх.

-Спортын цол, зэрэгтэй юү?

-2005 онд Б.Бат-Эрдэнэ аваргаас спортын мастер цол гардан авч байлаа. Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын шигшээ багт тоглож байсан. Энэ компанидаа ажиллаж эхэлснээс хойш эрчим хүчний салбарын тэмцээнүүдэд олон удаа амжилттай оролцож  байна даа.

Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.31.61 TORIIN MONGIIG UUJ BAIGAA HUMUUSDEE HIISEN YUM AA HULGAILAAD OOR GAZAR SHAHDAG IH L BAYN HUMUUSDEE STANTSIIG SAIN SHALGAJ BAIH HEREGTEI
103.9.90.130 цахилгаан түгээх сүлжээний инженерүүд гэж улсын хөрөнгөөр энд тэнд ажил хийж, ажлын цагаар хувийн халтуураа хийдэг, хийсэн юмаа хулгайлаад өөр газарт шахдаг нөхдүүд байгаад байгаа юмаа. Хаа сайгүй шилэн данс гэж ярьж байгаа энэ үед эрчим, дулааны салбарыг шилэн болгомоор байна. Хаана зөвшөөрөлгүй шугам сүлжээ тэдний цаана хууль бусаар баяжиж буй мэргэжлийн инженерүүд...
103.9.90.130 Таны хариулт ...sainu solongo angiin chin ohin bna minii nz chin shudraga chin setgetei ohin bj blee saihan yriltslaga bolje ajiliin amjilt
  • 2016 оны 05 сарын 07
103.9.90.130 SAIN SHALGA ULSAAS TATVAR AVAHGUI BOLCHUUL ZOV AJIL HIIJ BNA GEJ BODNOТаны хариулт ...
  • 2016 оны 05 сарын 07
103.9.90.130 YAG L HELSEN BN DAA. BUH ENGINEERUUD NI AIHTAR NUHDUUD. BUGDEEREE HUVIARAA YUM HIINE, HULGAICHUUD
  • 2016 оны 05 сарын 06
124.158.92.16 YOSTOI TANIDAG AH BNDA,,,,,OLYMP HOTHOND BDAGIISHD ,,,,,SAIHAN ARHICHIN TEHDEE CHADWARLAG INGENEER L DE,,,,,GX 460 UNADAG BJIGAD 200 TAI BOLSON 300 UNANANA GETSEN L YAWJIIDIISHD
202.179.31.36 manai zaluuchuud mundag bnaa mongold iim zaluus zondoo bii shu de amjilt xusie
103.9.90.195 Mundag zaluuchuud baina. Ajildaa chin setgeleesee handdag ni mash ih taalagdlaa. Az jargal, amjilt buteeliin deediig husen eruue.
202.70.34.98 Ёстой мундаг залуучууд байна. Ийм залуус монгол улсад минь олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Амжилт хүсье.