Сонгуулийн тогтолцоо “сохорч”, “доголоход” хүргэв

2016 оны 05 сарын 02

УИХ-ын сонгуульд нийт 13 нам, гурван эвсэл оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүллээ. Нийслэлийн болон аймгийн ИТХ-д оролцох нам, эвслийн тоо үүнээс илүү гарна гэж үгүй л болов уу. Нийслэлийн ИТХ-д 13 нам, хоёр эвсэл оролцохоор хүсэлт ирүүлээд буй. Хэдийгээр эдгээрийг сонгуулийн шат шатны байгууллага эцэслэн бүртгэж, сонгуульд оролцох эрхийг нь албан ёсоор баталгаажуулаагүй ч дээрх тоо тийм ч их өөрчлөгдөхгүй болов уу.

Тэгэхээр өмнөхтэй харьцуулбал, энэ жилийн сонгуульд оролцох нам, эвслүүдийн тоонд тэгтлээ гайхаж, сортойх зүйл алга. УИХ-ын 1992 оны сонгуульд найман нам, хоёр эвсэл, 1996 онд таван нам, хоёр эвсэл, 2000 онд 13 нам, гурван эвсэл, 2004 онд долоон нам, нэг эвсэл, 2008 онд 12 нам, нэг эвсэл, 2012 онд 11 нам, хоёр эвсэл оролцсон түүхтэй.

Тус бүр хоёр намаас бүрдсэн гурван эвсэл, 13 нам буюу 19 нам дангаараа болон хамтран энэ удаагийн сонгуульд оролцож буй нь одоогоор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 24 намын бараг 80 хувь нь засгийн эрхийг авахын төлөөх үндсэн зорилгоо хэрэгжүүлэх үйл хэрэгт оролцож байна гэсэн үг.

Гэвч энэ жилийн сонгуулийн тогтолцоог товлосон өдрөөсөө сар гаруйхны өмнө өөрчлөх гэж буй нь нүд орой дээр гаргам үйл явдал болж байна. “Олны үг ортой” гэдэг шиг “том” гэгддэг намууд тохирч, сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь гэсэн сураг төдий яриа асар богино хугацаанд ажил хэрэг болж буй нь наанадаж улс төрийн нам, эвсэл, бие даагчид сонгуульд яаж оролцох, цаанадаж улс орны амьдрал хэрхэхийг шийдэх нь тодорхой.

Зүтгүүлж буй тогтолцоо нь том гэж тодорхойлж болох намуудад ээлтэй учраас жижгүүд нь “Сохрын газар сохор, доголонгийн газар доголон” болж аашлахаас өөр аргагүйд хүрч байх шиг. Ердөө долоохон хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бие даан сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн МҮАН болон Эх орон нам аль ч шатны сонгуульд оролцохгүйгээр АН-ыг дэмжихээ албан ёсоор мэдэгдлээ. УИХ-д суудалтай, бүлэгтэй, Засгийн газарт сайдуудтай МҮАН, Улсын дээд шүүхэд нэлээд дээгүүр бүртгэлтэй, цагтаа УИХ-д төлөөлөлтэй, Засгийн газарт гишүүнтэй явсан Эх орон нам улс төрийн намын хувьд хүсэн хүлээдэг ганц үйл явдал болох сонгуулиас яагаад хойш суух болов.

Өнгөрөгч долоо хоногийн мягмар гаригт болсон “Шударга ёс” бүлгийн өргөтгөсөн хуралдааны үеэр “Зуун хувь мажоритар тогтолцоогоор сонгууль явуулбал “хуучин” хүмүүс л УИХ-д орж ирнэ. Энэ байдлаар УИХ легитимт чанараа алдаж, улс орныг эмх замбараагүй байдал руу түлхэнэ” гээд МАНАН-гийн эсрэг идэвхтэй сөрөхийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан МҮАН-ын дарга М.Энхсайхан гурав хоногийн дараа “Сонгуулиар манай нам хүссэн үр дүндээ хүрч чадахгүй юм байна.

Төрийн бодлогыг тодорхойлоход оролцох хэмжээний үр дүн гаргахгүй бол сонгуульд оролцох шаардлагагүй. АН-ыг дэмжих шалтгаан нь өөрийгөө өөрчлөх чадамжтай гэдэгт найдсаных. Ирж яваа хүнд цагт АН шуурхай арга хэмжээ авч чадах болов уу гэж итгэснийх. АН-ыг хамгийн хүнд үе дээрээ байхад нь дэм өгье, саналаас нь хуваалцаад яах юм бэ гэж бодсон” хэмээн хайр зарласан нь юуных вэ.

Түүний хэлсэнчлэн улс төрийн намын хувьд сонгуулиар төрийн бодлого тодорхойлох хэмжээний үр дүнд хүрэх нь хамгийн чухал. Нөгөө талаас өдөр ирэх тусам нэр хүнд нь унаж буй улс төрийн намуудаас аль нь ч дангаараа шийдвэр гаргах хэмжээний санал цуглуулах ирээдүй ойрын үед харагдахгүй байгаа нь бодит үнэн юм. Ийм байхад хамгийн нөлөө бүхий хоёр намын “дарангуйлал”-ыг эсэргүүцнэ гэчихээд үйлдлээрээ өөр зүйл хэлээд байгаа нь АН, МАН-ыг дэмжих нэрээр сандал, суудлын тохироо хийсэн гэх хардлага төрүүлж буй юм.

Зарим эх сурвалж бүр АН-ыг дэмжих нэрээр ямар нам аль шатны сонгуульд яаж оролцохоор тохирсныг нэр, устай нь бичиж байна. Үнэхээр ч М.Энхсайхан, эсвэл Б.Эрдэнэбат Монголын улс төрөөс зодог тайлснаа албан ёсоор зарлаагүй л бол олон түмний гэхээс илүүтэй лидер, хувь хүн дагасан, компанийн, “цүнхний” гэгддэг намууд энэ мэт яриа, хөөрөө хийж, богино зайны улс төр хөөцөлдөх нь энүүхэнд юм.

“Сохорч”, “доголоод” эхэлсэн намууд үүгээр дуусахгүй. Олон “дарга”-тай, ороо бусгаа яваа ХҮН-ын Т.Ганболд тэргүүтэй зарим гишүүн АН-ыг дэмжиж оролцохоо албан бичгээр уламжлаад буй. Мөн ИЗНН УИХ-ын сонгуульд дангаараа оролцохоо уламжлаад буй ч АН-ыг дэмжих шийдвэрт хүрээд байгаа гэнэ. Ингэхдээ тус намаас таван нэр дэвшигч АН-ын нэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр тохиролцсоныг ИЗНН-ынхан зохих шатны байгууллагаараа дэмжин, хүлээн зөвшөөрсөн байна.

Одоо үүнийг АН-ын шийдвэр гаргах байгууллага нь баталгаажуулах ёстой. Ингэвэл тус нам СЕХ-нд гаргасан хүсэлт, мөрийн хөтөлбөрөө татаж авах юм байна. АН, ИЗНН сонгуульд эвсэх, эсэх асуудлаар нэлээд дээрээс ярилцаж ирсэн бөгөөд зарим удирдлага нь уг хоёр нам нэг удаагийн сонгуульд хамтарч орох бус, намаараа нэгдэж, цул болох ёстой гэсэн байр суурь илэрхийлж ирсэн билээ.

СЕХ хүсэлт ирүүлсэн нам, эвслүүдийг бүртгэх, эсэхээ ирэх лхагва гаригт багтаан шийднэ. Энэ хүртэл нам, эвслүүд сайн дураараа хүсэлт, мөрийн хөтөлбөрөө татан авах боломжтой гэсэн үг. Тэгэхээр тэр болтол АН, магадгүй МАН-ын суганд хавчуулагдах гэж “сохорч”, “доголох” нам, эвслийн тоо нэмэгдэж болзошгүй юм.

Нэгэнт АН болон МАН-ыг дагасан их улс төр өрнөх нь тодорхой болж буй тул тэдний мөрийн хөтөлбөрийг тойрсон бодлого, үйл ажиллагааны өрсөлдөөн бий болох нь дамжиггүй. Өнөөгийн нөхцөл байдал юуны түрүүнд эдийн засгийн хямрал, өрийн дарамтаас хэрхэн гарах вэ гэсэн бодлогын шийдэл үгүйлж байгаа учраас намууд юунд илүүтэй төвлөрөх нь нэгэнт ойлгомжтой болсон. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд эрх баригч, сөрөг хүчний байр сууринд явж ирсэн АН, МАН-ынхан чухам энэ чиглэлд бодлого, хөтөлбөрөө боловсруулаад байна.

АН-ынхан өнгөрөгч сонгуулиар дэвшүүлсэн “Монгол хүн-2020” хөтөлбөрөө алдаа, онооны дэнсэн дээр тордож, төгөлдөржүүлэн, эдийн засгаа солонгоруулж, уул уурхайн салбарын бус орлогыг хоёр дахин нэмэгдүүлэхээ амлаж байгаа бол МАН-ынхан сонгуулийн штабаа “Монголыг аврах төв штаб” хэмээн нэрийдэж, улс орноо ядуурал, өрийн дарамт, эдийн засгийн хямралаас гаргаж, тэгш журамт, хүчирхэг Монгол Улс байгуулах зорилт дэвшүүлснээ зарлаж байна.

 Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД