Монгол араншин

2016 оны 05 сарын 01

“Зүүдэнд муу юм үзэгдэв” гээд зул, хүж асаан, лам, бөө гэж байхаар зүгээр л оройн хоолоо багасгавал яасан юм. Могойн өндөг, мөнгөн дэвсгэрт шэйрлэсэн хүмүүс “Фэйсбүүк”-ээр дүүрэн. “Аз гэж бичээд, лайк дар” ч гэх шиг. Анзаарах нь ээ, тэр пост нь арав гаруй мянган лайк, мөн тооны коммент цуглуулчихсан байх. Сүүлдээ бүр унагалж буй гүү, ботголох гэж зовсон ингэний бичлэг түгээж, “Ховор тохиол шүү, аз авчирна” гэх юм.

Би өндөр настай нэгэн биш. Гэхдээ хэдэн оймс элээхдээ могойн өндөг, мөнгөний зураг үзээд, хадгалаад, хараад баяжсан нэгний тухай дуулаа ч үгүй. Аз эзэнд найддаг монголчуудад л ийм хөгийн залхуу зан бий бололтой. Ажлыг чи оромдвол амьдрал чамайг балруулдана гэдэг дээ.

“Арга ч үгүй биз дээ” гэж өөрсдийгөө өмөөрч болох л юм. Эдийн засаг хямарсан энэ үед дунджуудын амьдрал доошилж, ядуус нь байдгаа барчихсан болохоор төрөөс “ид шид”-ийн бодлогоор ядарсан иргэддээ “өл залгуулж” буй. Иймээс бид азанд найдахаас ч яах билээ. “Найд” гэж биднээр тохуурхаад байна шүү дээ. Тиймээс л бид цэцэрлэгт хүүхдээ оруулахдаа, газар өмчлөхдөө, байр худалдан авах, түрээслэхдээ, эцэстээ дэлгүүрээс юм авахдаа хүртэл сугалаа шодож, сохор азанд найддаг юм.

Зарим нэг нь “Би азтан болчихлоо, үнэн юм байна” гэнэ. Тэгвэл НӨАТ-ын сугалаанаас 400 сая төгрөг хожсон “нууц ноёнтон” одоо хаана байна вэ? “Номин юнайтед”- ын “Хямдралын хар баасан гариг”, “Тэрбумтан” сугалаа, “Юнител” компанийн “Таван байр” хөтөлбөр гээд энэ бүхнээс та, таны ойр дотно хүн шар тос долоож чадсан уу.

Эцэстээ “Эх орны хишиг” нэртэйгээр иргэдэд тараасан сохор зоосны үнэд ч хүрэхгүй өнөөх хувьцааг хэдэн сая төгрөгөөр арилжиж байна гэв ээ, бурхан минь. Өчигдөрхөн л төрийн түшээдийг “Эх орон, газар шороогоо худалдсан, муусайн луйварчид” гэцгээж байсан бол өнөөдөр бид хэдэн халтар цаасны төлөө эх орон байтугай зүйлээ ч худалдахад бэлэн болжээ. Энэ чинь л өөр хаанаас ч эрээд сураад олохгүй монгол араншин. Гэхдээ бид эрх баригчдын тусламжтайгаар ийм төрмөл биш, олдмол араншинтай болсон юм шүү.

Шувуу амьд байхдаа шавьж иддэг. Харин шувууг үхэхэд шавьж түүгээр хооллоно. Нэг мод хэдэн мянган шүдэнз болдог. Харин нэг шүдэнз хэдэн мянган модыг хуйхалж дөнгөнө. Нөхцөл байдал хаашаа ч, хэзээ ч хэлбийж болдог юм шүү.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.10.22.41 Монголчууд бид юм болгон дээр гадныхныг шүтдэг сонин араншинтай болоод их удсан юм шиг .Энэ бол нэг талаасаа хөгжил дорой явсны шалтгаан байх.Нөгөө талаасаа өөрсдийнхөө үнэт зүйлийг ойшоохгүй явж ирсний харгай бололтой.Яагаад гэвэл монголчуудын гадаадад гайхагддаг юм манайд болохоор байдаг л нэг юм гэж үздэг.Бид яагаад өөрсдийнхөө үнэт зүйлээр өөрсдөө бахархаж чадахгүй байна? Үүнд сэтгэл зүйн их саад байна.Үүнийг л даван туулах хэрэгтэй байх.Үүнийг хэн хийх вэ? Гадныхан лав хийхгүй.Хар масс буюу олон нийт өөрсдийнхөө зөнгөөр хийх үү? Үгүй. Тэд одоо үнэт зүйлтэй мантайгаа байна. Олон нийтэд өнөө маргаашийн хоол эрхэм байна. Өнөө маргаашийн хоолны төлөө үнэт зүйлээ худалдаж байна. Энэ бол эд бараа биш. Монгол хүний үнэт зүйл бол түүний юугаар ч сольшгүй эрхэм чанар. Энэ бол сэтгэл судлаачдын амин чухал сэдэв байхаа. Монголчууд бид сэтгэлийн хаттай байж өөрсдийнхөө эрхэм сайн чанараа хадгалж, түгээн дэлгэрүүлж, нийтээрээ хэвшүүлж сурвал тэр маань алт эрдэнэээс ч үнэт баялаг болох учиртай юм шиг санагдана. Болохгүй юм болгоныг дээдэс рүүгээ чихдэгээ болъё. Болохгүй байгаа юмаа өөрсөд дотроосоо хайцгаая. Нууц нь эндээ л байгаа шиг санагдаж байна.
202.179.7.126 Үнэн шүү дээ
122.201.31.193 Zalguu uher mongol udku bur musun suireh baih oo iimeeree udval. Malnuudaas bolj hairan saihan yls oron nutag us min l hairan. Malnuudad bolovsroo olgoh niigmiig hamruulsan albadan surgalt hiigeesei.
202.9.41.171 үнэн л бичсэн бна , гэхдээ эрх баригчдын тусламжтайгаар гэдэг ч арай туйлширсан юм болчихож . арай ч тэгж бүх муу юмаа эрх баригчид руу чихэж болохгүй байхаа ... харанхуй мулгуу байгаад өөрсдийнх нь буруу ч их байгаа шүү дээ
104.228.158.165 balruuldana ch geh shig.