Дотоод, гадаадын бизнес эрхлэгчид нэгдэн зөвлөмж гаргана

2016 оны 04 сарын 30

-Монголын бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулга уулзалт боллоо-

Дэлхийд өсөлтөөрөө гайхагдаж асан эдийн засаг “бүдэрч”, 2014 оноос хойш гадаадын шууд хөрөнгө оруулалт бууран, зах зээл дэх таваарын ханш хямдарч, Монгол “моод”-ноос гараад буй энэ хүнд үед дотоод, гадаадын, олон салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхэн өнгөрсөн пүрэв гаригт чуулав. Монгол Улсын бизнесийн тогтвортой өсөлт, хөгжлийг дэмжих зорилготой ажилладаг Монголын бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулга уулзалтад оролцох үеэрээ тэд тулгамдаж буй асуудлуудаа, тэдгээрийн шийдлийг хэлэлцэн, цаашид юунд анхаарах ёстой талаар ярилцлаа.

Чуулганы нээлтийн үеэр Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан илтгэл тавьсан юм. Тэрбээр Монголын бизнесийн зөвлөлийн (МБЗ) гишүүн байгууллагын тоо 500-д хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлээд, “Эрдэнэс Монгол”-д хийж буй шинэчлэлийн талаар танилцуулсан. Өдгөө тус компанид стратегийн өөрчлөлт хийж буй агаад цаашид ашигтай ажилладаг болгон, “Темасек”-ийн загвараар хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Бодлого, зохицуулалтын тогтвортой байдал чухал

“Олон улсын санхүү” хуралдааны үеэр ОУСК-ын Монгол дахь суурин төлөөлөгч Туен Нгуен “Сүүлийн хоёр Засгийн газар их хэмжээгээр өр тавьсан учраас гадаад валютын нөөц нь ирэх 24 сарын турш эн тэргүүнд шийдвэрлэх асуудлын нэг яах аргагүй мөн” гэв. Бас тэрбээр “Оюутолгойн далд уурхайн хөгжүүлэлт шинэ хөрөнгө оруулалтыг татах боломжийг нээж өгөх ч ГШХО-ыг нэмэгдүүлэхэд хугацаа шаардлагатай” хэмээн ярьсан.

Тус хуралдааны өөр нэг илтгэгч болох Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ахлах банкир Ө.Азжаргал “Дэлхийн зах зээл дэх таваарын үнэ болон Хятад улс хэдий хэмжээний бүтээгдэхүүн шингээж авч чадах вэ гэдэг дээр шинэ норм тогтож байна. Хувийн сектор болон Засгийн газар хоёул эдийн засгийн бодлого, урт хугацааны стратегиа боловсруулж, бэлэн байх хэрэгтэй” хэмээн онцолж байв.

Дээрх хуралдааны үеэр илтгэгчид дараагийн Засгийн газар төсвийн сахилга батыг дээд зэргээр сахих, арвилан хэмнэлттэйгээр санхүүгээ захирч, өрийн санхүүжилт хийхээр болбол ямар өр төлбөрөө төлөхөө ухаалгаар эрэмбэлэх ёстойг хэлсэн. Мөн тэд дэлхийн зах зээлийн өрсөлдөөнийг сайтар ухаарах хэрэгтэйг ч сануулж байлаа. Өрсөлдөөнт зах зээлд хамгийн үр ашигтай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж чадвал хэн ч таахын аргагүй  таваарын үнийн савлагааны үед Монгол Улс тэсэж үлдэж чадахыг Туен Нгуен хэлсэн.

Түүнчлэн тэрбээр “ОУВС-гийн санал болгож буй “Стэнд бай” хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар судлах хэрэгтэй болов уу. Тус хөтөлбөрийг сонгохгүй байлаа ч Засгийн газар энэ оны эхээр баталсан эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрөө цаашид тууштай хэрэгжүүлэх нь чухал. Оюутолгойн далд уурхайн санхүүжилт босгосон сайн туршлагыг Засгийн газар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бусад томоохон төслүүдэд ашиглавал их тустай” гэж ярилаа.

Тэгвэл Азийн хөгжлийн банкны төслийн ахлах мэргэжилтэн Раушан Маматкулов “Сүүлийн үед “Эрдэнэс Монгол” компанид хийсэн шинэчлэлүүд, тухайлбал, алдагдалгүй ажиллуулах богино хугацааны зорилгодоо хүрэх хэрэгтэй. Тус компанийн орлогыг дан уул уурхайгаас бүрдүүлэх бус, илүү төрөлжүүлэхэд анхаарах нь зүйтэй” гэсэн юм. “Төрийн өмчит, хуучны арга барилтай, улс төрийн шийдвэрээр хөтлөгдсөн компаниас шилжиж, илүү арилжааны шинж чанартай, ил тод засаглалтай болж байгаа нь хөрөнгө оруулагчдад тодорхой хэмжээний итгэл төрүүлж байгаа.

Сонгуулийн дараа маш их хөрөнгө, цаг хугацаа зарцуулж бий болгосон энэ өөрчлөлтөө зогсоолгүй, саяхан татан буулгасан Төрийн өмчийн хороог дахин байгуулалгүй, харин илүү нээлттэй, ил тод, Монголын “Темасек”-ийг бий болгохын тулд үргэжлжлүүлэн ажиллах хэрэгтэй” хэмээн МБЗ-ийн үүсгэн байгуулагч, “Новатерра” компанийн түнш Питер Морроу өгүүлсэн.


Аж үйлдвэр, боловсролын салбар нь хоорондоо уялддаг

Уул уурхай, аж үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн хуралдааны үеэр “Атлас Копко Монголия” компанийн ерөнхий захирал Андерс Берглунд “Үр ашигтай уул уурхайн технологи” сэдвээр илтгэхдээ Монгол Улсад мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо сул болохыг анхааруулав. Дэлхийн бусад оронд аж үйлдвэрийн салбар нь боловсролын салбартайгаа уялдаж, хамтдаа хөгждөг байна. Уул уурхайн салбарын технологийн дэвшил нь энэ салбарын мэргэжилтнүүдийг аврах малгай өмссөн ажилтнаас хяналтын өрөөнд сууж том оврын машин, механизмыг алсаас, гар удирдлагаар удирддаг өндөр түвшний мэдээллийн технологийн мэдлэгтэй байхыг шаардаж байна.

Монгол Улсад дэлхийн жишигтэй эн зэрэгцэн алхах дэд бүтэц, боловсрол, бодлого хангалттай бий юү гэвэл, үгүй нь анхаарах асуудал аж. Уул уурхайн салбар ажилчдыг улам чадваржихыг шаардаж байгаа ч Монголд орчин цагийн уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх сургалтын цогц систем ихээхэн дутагдалтай байгааг Андерс Берглунд дурдаад, “Их, дээд сургуулиуд, МСҮТ-үүдэд орчин үеийн уул уурхайн хэрэгцээ шаардлагыг хангахуйц сургалтыг хөтөлбөртөө оруулж байж хувийн хэвшил, боловсролын байгууллагууд хамтарч ажиллах боломж бүрдэнэ” гэв.

Түүнчлэн “Трансвест Монголия” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Кэлвин Каукинэн “Тогтвортой, найдвартай, байгаль орчинд ээлтэй уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжсэн хууль эрх зүйн орчинтой байх нь ихээхэн ач холбогдолтой. Өрсөлдөхүйц татварын тогтолцоо бүрдүүлэх, хайгуул, олборлолтын үйл ажиллагааг үр ашигтай явуулахад шаардлагатай дэд бүтэц чухал. Ажиллах хүчний ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй” хэмээн тэмдэглэлээ.

Тус салбар хуралдааны өөр нэг илтгэгч “Монполимет” компанийн гүйцэтгэх захирал Н.Мөнхнасан “Монгол Улсад цементийн хэд хэдэн үйлдвэр баригдсан ч Хятадаас хэрэглээнийхээ талыг хангаж, чанаргүй цемент импортолсоор байгаа. Барилгын улиралд тээврийн зардал өндөр болдог” гэв. Бас төр засгийн зүгээс найдвартай эрчим хүчээр хангаж, хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан гаалийн төлбөрийн хоёр жилийн хөнгөлөлтийг барилгын үеэс бус, төсөл ашиглалтад орсон үеэс эхлэн олгох нь илүү оновчтой гэсэн саналыг цохон тэмдэглэсэн.

Мөн “APIAG Mongolia” компанийн түнш Дэвид Роханна “Орчныг нь бүрдүүлчихвэл хөрөнгө оруулагчид зориг гарган, эрсдэл үүрэх шийдвэр гаргадаг” хэмээн ярилаа. Орчин гэдэгт хууль эрх зүйн тогтвортой байдал, институцын тогтолцоо, бизнесийн болон глобал орчин, дэд бүтэц гээд олон хүчин зүйл хамаатайг тэрбээр сануулсан юм. Бас хөрөнгө оруулагчдад гарааны зардал өндөр, эхлүүлсэн төслөө урагшлуулахад их хугацаа шаарддаг, дэлхийн зах зээл дэх өрсөлдөөн нэмэгдэх зэрэг сорилт тулгардгийг өгүүлж байв.

Дүгнэн хэлбэл, дээрх салбар хуралдааны үеэр томоохон төслүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, дотоодоос түүхий эдээ авсан тохиолдолд урамшуулал олгох тогтолцоотой болох, барилгын чанарт сөргөөр нөлөөлөхгүй байлгахын тулд, муу чанарын цементийн хэрэглээ түгээмэл байгааг болиулах үүднээс чанарын стандарт, журам батлах шаардлагатайгаас гадна ил тод байдал, эрх зүйн тохиромжтой орчин бүрдүүлж, дэд бүтцэд хөрөнгө оруулах нь чухал болохыг илтгэгчид өгүүлсэн юм.

“Эдийн засгийн хямралын үеийн бизнесийн стратеги” хурлын үеэр “Голомт” банкны үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Энхтуяа ажилтнуудынхаа хандлагыг эергээр төлөвшүүлэх, тэдний ур чадварыг хөгжүүлэх нь байгууллагын нэгдсэн зорилгод хүрэхэд ихээхэн нөлөөтэйг онцоллоо. Тус банкныхан дарамт, стрессийг багасгаж, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн хүний нөөцийн шинэлэг аргачлалыг нэвтрүүлснээр ажилчдынхаа бүтээмжийг 30 хувиар нэмэгдүүлж чадсан байна. Тэгвэл “Хөрөнгийн зах зээл” хуралдааны үеэр МҮЦАЭХ-ны ТУЗ-ийн дарга, “Ард капитал групп”-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр “Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль баталсан нь хөрөнгө оруулагчдад сайн дохио болсон.

Гэхдээ ГШХО эрс буурсан нь энэ зах зээлд шууд нөлөөлсөн. Төрийн өмчит компанид улс төрийн томилгоо хийдэг. Улмаар бизнес гэхээс илүүтэйгээр улс төрийн байдлаас ханддаг зэрэг дутагдал бий” хэмээн өгүүлэв. Манай улсын санхүүгийн салбарын 95 хувь банкуудад ногддогийг мэргэжилтнүүд хэлдэг. Банкны салбар давамгайлсан, тэнцвэргүй зах зээлтэй тул банкууд доголдвол систем бүхэлдээ аюулд орох эрсдэл бий бөгөөд татварын хувьд анхаарах зүйлс байгаа, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бэхжүүлэх асуудал чухал гэдгийг хөндөж байлаа.

                Мөн Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн гүйцэтгэх дэд дарга, Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дэд дарга Рандольф Коппа “Монгол Улс том сургамж авсан гэж бодож байна. Олон улсын зах зээлд “Чингис” бонд арилжихад захиалга нь их байсан. Одоо бол хөгжиж буй орнууд, тэр дундаа Монголыг зорих хөрөнгө оруулалт буурсан” гэлээ. Өдгөө хөрөнгө оруулагчид бонд худалдан авахдаа төсвийн сахилга бат, Засгийн газрынх нь төлөвлөх чадавхи, тууштай байдлыг нухацтай хардаг болсон гэнэ.

Саяхан Монгол Улс 750 сая ам.долларын бонд арилжихад Худалдаа, хөгжлийн банк roadshow (хөрөнгө оруулагчдад танилцуулга уулзалт хийх) хийхэд хэлцлийн зөвлөхөөр оролцсон. Тэр үед дээрх хүчин зүйлсийг хөрөнгө оруулагчид чухалчилж буй нь ажиглагдсан бөгөөд манай улсын бодлогын тогтвортой байдлын талаар ихээхэн лавлаж байжээ. Хөрөнгө оруулагчид “Одоо ярьж хэлж байгаа нь сонгуулийн дараа хэвээр байх уу” гэсэн зовнил, эргэлзээтэй байгааг анзаарснаа Рандольф Коппа өгүүлсэн.

Оюутолгойн нэгдүгээр шатны бүтээн байгуулалт эхэлж, нүүрс болон бусад салбарт хийсэн хөрөнгө оруулалт Монголын эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөхөд нөлөөлсөн нь мэдээж. Харин 2012 онд манай улс Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлах зэргээр хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Хэдийгээр алдаагаа ойлгож, засаж буй ч ул мөр нь өнөөг хүртэл арилаагүйг бид харж байгааг мөн хэлж байлаа.

Хамгийн сүүлд бонд арилжихад хүү нь өмнөхтэй харьцуулахад хавьгүй өндөр тогтсоныг энд жишээлж болно. Тиймээс монголчууд хөрөнгө оруулалт татахын тулд хандлагаа, эрх зүйн орчноо цэгцэлсэн шүү гэдгээ хөрөнгө оруулагчдад үйлдлээрээ нотлон харуулах шаардлагатай аж.

Чуулганы дөрөвдүгээр хуралдаан “Бизнесийн шинэлэг чиг хандлага” сэдвээр өрнөсөн юм. Энэ үеэр Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун Инновацын тухай хуулийг 2012 онд баталж, Инновацын сан байгуулна гэж тусгасан ч одоог хүртэл байгуулаагүйг онцлон хэлж байлаа. Монгол Улс шинжлэх ухааны суурь судалгаанд төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт хийдэг ч хэрэглээний шинжлэх ухааны судалгаанд ДНБ-ий 0.2 хувьтай тэнцэхүйц хөрөнгө зарцуулж байгаа нь маш хангалтгүй, гарааны компаниудад хөрөнгө оруулдаггүй зэрэг дутагдал бий аж.

Түүнчлэн их, дээд сургуулиуд инновацыг боловсролын талаас харахаас бус, аж үйлдвэрийн салбартайгаа хэрхэн уялдуулах талаар бодох нь хариуцсан яамдуудад ахадсан асуудал бололтой гэж Ч.Хашчулуун хэлснийг холбогдох байгууллагуудад уламжилъя. Хэрэглээний шинжлэх ухааны судалгааны менежментээ хувийн хэвшилд даатгасанаар өнөөдөр жимсээ Энэтхэгт, дарсаа Францад, зэсээ Австралид борлуулж чадаж байгаа Чилийн жишээг тэрбээр эш татсан юм.

                Монголын нутагт тааваараа бэлчдэг, хашаанд хашигддаггүй малын мах амт, шимтэй. Гэхдээ гарал үүсэл нь тодорхойгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй зэрэг шалтгаанаар хангалттай хэмжээгээр экспортолж чаддаггүй. Энэ талаар “Precom” компанийн менежер М.Сувдмаа “Хүнсний аюулгүй байдлыг ярихгүйгээр махны экспортын талаар ярих боломжгүй. Малын эрүүл ахуй, эмнэлэг, малчны үйлдвэрлэлийн систем, нядалгааны газруудад эрүүл ахуйн шаардлага тавих, хөргүүртэй авто машинаар тээвэрлэх, малын гарал үүслийн тогтолцоо гээд цогцоор нь авч үзэх шаардлага бий” хэмээн тэмдэглэв.

“Богино санамжтай байж болохгүй”

Үндэсний стратегийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, “Тарва” хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Камерон МакРэй “Шинэ Засгийн газар дахин санхүүжилтээ маш сайн, нарийн төлөвлөх ёстой. Эдийн засгийн сэргэлт (идэвхжилт) төрөөс биш, бизнесээс л ирнэ” хэмээн онцолсон. Засгийн газраас хөрөнгө оруулагчдыг татаж, хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг тэрбээр дурдсан юм. 2014-2016 онд Засгийн газрын хандлагад эерэг өөрчлөлт орсон  ч, харамсалтай нь, түүхий эдийн үнэ хямдарч, эрдэс баялгаас ихээхэн хамааралтай манай орны хувьд хүндээр тусаж байгаа.

ДНБ арай хасах хувь руу орчихоогүй ч өөр түвшинд очсоныг бид харж буй. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк Монголын эдийн засгийн өсөлт энэ онд нэг хувьд ч хүрэхгүй гэж таамаглаад байгаа. Иймээс алдаагаа марталгүй, ой санамжаа “богино” байлгаж болохгүйг Камерон МакРэй хэлсэн. Бас “Хөрөнгө оруулагчид ажиглаж, хүлээзнэж байгаа. Тэдэнд эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулснаа сайн танилцуулах хэрэгтэй. Бодлого, зорилтдоо үнэнч, тууштай байж, гэрээний баталгааг хангаж, хүндэлдэг, сахидаг байх учиртай” гэж сануулсан юм.

Хятадын эдийн засаг суларснаас болж л зовж байгаа биш нэр хүнд, хөрөнгө оруулалтаа алдсан нь дотоодын бодлогоос үүдэлтэйг хүлээн зөвшөөрөх чадамж улстөрчдөд хэрэгтэйг тэрбээр мөн өгүүлээд, “Сонгуулийн дараа юу болохыг харах л үлдэж байна” гэв. Гэхдээ 2014 оны тавдугаар сард “Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног” зарлаж, сүүлийн 12 сард багагүй зүйл хийж чадсаныг тэрбээр сайшаасныг дурдах нь зүйтэй.  

Энэхүү чуулга уулзалтаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компаниуд дараагийн Засгийн газрын зүгээс анхаарвал зохих, бизнесийн салбар, хувийн хэвшлийнхэнд тулгамдаж буй гол асуудлуудыг тодорхойлсон билээ. Улмаар чуулга уулзалтын үр дүнд зөвлөмж бичиг боловсруулан гаргаж, түүндээ тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийг тусган улс төрийн намуудад хүргүүлэхээр зэхсэн байна. Чуулганы төгсгөлд Рандольф Коппа хувийн хэвшлийнхнийг төлөөлөн дараагийн дөрвөн жил Монгол Улсыг удирдах хүмүүст хандаж оролцогчдын илэрхийлсэн зүйлийг тоймлохдоо, “Монголд ГШХО-ыг нэмэгдүүлэх, бондын эргэн төлөлт, өр гээд анхаарах зүйл олон бий.

Энэ бүгдэд бизнесийнхний дуу хоолойг сонсдог байх нь чухал. Бүх салбарт ач холбогдолтой байдаг нэг салбар нь боловсрол. Судалгаа, шинжилгээний ажил маш чухал. Сүүлийн жил хагасын турш авч хэрэгжүүлсэн бодлогын сайн алхмуудаа үргэлжлүүлэх нь зөв. Өрийн удирдлагын, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гээд ОУВС-гаас сайшааж байгааг үгүй болгочихож болохгүй. Гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудыг Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэх гээд олон ажил хийх ёстой. Хөрөнгийн зах зээлд татвар ногдуулахдаа анхаарах зүйлс бий.

Ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийж байж өгөөж гарч байгаа вэ гэдгийг хүндэтгэн харалгүйгээр харалган бодлого хэрэгжүүлэх нь буруу болохыг төр засаг ойлгох нь чухал. Компаниуд өөрсдөө нийгмийн хариуцлагын шинэлэг шийдлүүд гаргаж ирж байхад дэмждэг байх нь зүйтэй” хэмээн ярилаа. Бас “Зөвхөн уул уурхайд найдаж болдоггүйг амьдрал харуулж байна. Хэрэв эдийн засгийн төрөлжилтийг ярьж байгаа бол засаглалаа сайжруулж, стандарт мөрдөх нь чухал.

Хөдөө аж ахуйн салбарт гэхэд стандарт мөрдөөд ажиллавал их боломж байгааг бид харж байна. Монголын цементийн хэрэглээний дийлэнхийг хангахуйц шинэ үйлдвэрүүд бий болсон нь сайн хэрэг. Гэхдээ үүнийг дагаад ложистик, дэд бүтэц, эрчим хүчний найдвартай хангамжийн асуудлыг анхаарах шаардлагатайг чуулганд оролцогчдын төлөөлөл ярилаа. Эцэст нь дэд бүтцийн чиглэлээр хийх ажлууд бий. Төмөр замаа шийдэхгүй байгаа нь богино хугацаанд гэхэд нүүрсний өрсөлдөх чадварыг бууруулж байгаа. Гадаадын компаниудыг ялгаварлан гадуурхахгүй байх талаар тунхагласан зүйл эсрэг байх тал ажиглагддаг” хэмээв.

Чуулганы төгсгөлд илтгэгч, оролцогчдын санал, зөвлөмжийг Рандольф Коппа хэд хэдэн чиглэлээр ангилан, юунд анхаарах, ямар дэмжлэг үзүүлэх нь чухал болохыг дүгнэн өгүүлснийг хүргэе.

Бодлогын залгамжит чанар: Санхүү, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол Улсад олон улсын санхүүгийн зах зээл, ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ЖАЙКА зэрэг санхүүгийн байгууллагыг өөртөө татах, тэднээс тусламж эрэх хэрэгцээ шаардлага байсаар байгаа тул санхүүгийн сахилга бат маш чухал. Сонгуулийн үр дүнгээс үл шалтгаалан макро эдийн засгийн бодлогоо хэвээр үлдээх хэрэгтэй.

Татвар: Шинэ болон өргөжсөн бизнесүүдэд оруулж буй гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй. НӨАТ-ын тухай хуульд учир дутагдалтай заалтууд байгаа ч ААНОАТ-ын тухай хууль зэрэг нь хөрөнгө оруулалтад онцгой хүчин зүйл хэвээр байх болно. Эдийн засгаа төрөлжүүлэх, тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлага, ногоон эдийн засаг зэрэгт Засгийн газар анхаарлаа хандуулах хэрэгтэй. Иймд үүнтэй холбоотой санаачлагуудыг дэмжсэн татварын зохицуулалт шаардлагатай.

Төрөлжилт: Уул уурхайгаас хэт хамаарахаас зайлсхийн, бусад салбараа хөгжүүлэх, дэмжих нь зүйтэй. 

Дэд бүтэц: Улаанбаатарын агаарын бохирдол, иргэдийн эрүүл мэнд болон аюулгүй байдалд анхаарах шаардлагатай. “ДЦС-5” төслийг хэрэгжүүлэх, нарны эрчим хүчийг ашиглахад анхаарал хандуулах хэрэгтэй. Авто замын ослоос урьдчилан сэргийлэх үүднээс буруу талын жолоодлоготой машины импортыг хязгаарлаж эхлэх нь зөв. Дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн төр, хувийн хэвшлэлийн түншлэлийн механизмыг дэмжин, олон улсын туршлагаас илүү судалж, дээрх түншлэлд гадаадын хөрөнгө оруулагчид, зээлдэгчид оролцдог байх нь ашигтай.

Хөрөнгийн зах зээл: Монголын хөрөнгийн бирж болон зарим томоохон төрийн өмчит компаниудыг хувьчлах нь чухал. Тэтгэврийн тогтолцоог шинэчлэн, хувийн тэтгэврийн хөтөлбөрт хүн амын дийлэнх хамрагддаг болбол даатгалын компаниуд хөгжих боломж бүрдэн, тэтгэврийн сангийн хөрөнгө төвлөрөх зэрэг давуу талтай.

Боловсрол: Боловсролын тогтолцоог шинэчлэх, их, дээд сургуулиуд инжинер, шинжлэх ухаан, математикийн сайн хөтөлбөртэй байх нь чухал бөгөөд уул уурхай, мэдээллийн технологи, мал аж ахуй, хүнсний чиглэлээр техникийн ур чадвар олгох илүү чанартай сургалттай байх шаардлагатай.

Эрх зүй ба бизнесийн ёс зүй: Дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд олон улсын стандарт, шилдэг туршлагыг судалж, нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ нь байгууллагын засаглал, компаниудын эрх зүйн тэгш байдлыг хангахад мөн хамааралтай.

 

2007 онд байгуулагдсан, дотоод, гадаадын 230 орчим компанийг эгнээндээ нэгтгэсэн Монголын бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулганд олон салбарын 200 орчим төлөөлөгч оролцсон. Тус зөвлөл дээрх чуулга уулзалтаас гаргасан зөвлөмж бичгийг ойрын хугацаанд нэгтгэн улс төрийн нам, холбогдох төрийн байгууллагууд, олон нийтэд хүргэхээр ажиллаж буй. Уг зөвлөмж бичигт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бизнесийн орчныг сайжруулахад шаардагдаж байгаа гол хууль, бодлогын бичиг баримтуудад ямар заалтууд сөргөөр нөлөөлж буй, тэдгээрийг хэрхэн өөрчилж болох талаарх тодорхой саналуудыг тусгах юм билээ.

Ирэх зургадугаар сард болох сонгуулиас өмнө намууд, төрийн байгууллагууд зэрэг талуудад зөвлөмжөө хүргээд зогсохгүй шинэ Засгийн газар бүрэлдсэний дараа ч мессэжээ тууштай хүргэсээр байх аж.

 Ц.Болормаа

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД