Д.ГАНХУЯГ: АСЕП-ыг амжилттай зохион байгууллаа

2016 оны 04 сарын 29

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягтай ярилцлаа.

-АСЕМ-ын анхны уулзалт болох АСЕП энэ сарын 21-23-нд Улаанбаатар хотноо болсон. Уулзалтад ямар улсын төлөөллүүд уригдан оролцсон бэ?

-АСЕМ-ын дээд хэмжээний XI уулзалтын хүрээнд Ази-Европын Парламентын түншлэлийн есдүгээр уулзалтад Ази, Европын 30 орон, таван байгууллагаас нийт 175 төлөөлөгч оролцлоо. Хурлын үеэр манай улсад Италийн Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассо, Энэтхэгийн парламентын Лок Сабка танхимын дарга Сумитра Махажан нар албан ёсны айлчлал хийсэн.

Энэтхэгийн парламентын даргын айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн парламент болон Тамгын газар хооронд хамтран ажиллах тухай санамж бичгийг тус тус байгуулж, тус улсын тал УИХ-ын Тамгын газрын боловсон хүчнийг бэхжүүлэх, дахин сургалтад хамруулахад дэмжлэг үзүүлэхээр боллоо. Хурлын хүрээнд хоёр талын нийт 41 уулзалт зохион байгуулсан.

Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд, дэд дарга Р.Гончигдорж, М.Энхболд нар Орос, Хятад, Итали, Энэтхэг, Япон, Европын парламент, Франц, Их Британи, Австрали, Унгар, Польш, Пакистан, Австри, Вьетнам, Казахстан, Швед, Финланд, Норвеги, Дани, Филиппин, Индонез, Тайланд, Сингапур, Унгар, Швейцарь, Болгар, Хорват, Лаос, Камбож болон Киприйн парламентын дарга, дэд дарга, гишүүдтэй тус тус уулзалт хийсэн.

-Ази-Европын улс орнуудын төлөөлөл нэгэн дор чуулсан энэхүү уулзалтын үеэр ямар асуудлыг хөндөж, шийдэлд хүрсэн нь олон улсын сонирхлыг ихээхэн татаж байна?

-Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны олон асуудлыг хөндөж ярилаа. Тухайлбал, 2013 онд Монгол Улс, Европын холбоо хооронд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг одоогийн байдлаар Европын холбооны 23 улс соёрхон батлаад байна.

Бусад улс уг хэлэлцээрийг батлахыг дэмжүүлэх, Европын холбооны төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо байгуулах, Монгол Улс Зүүн Азийн Дээд түвшний уулзалтад оролцох, АСЕАН-ы яриа хэлцээний түнш болох, АПЕК-т гишүүнээр элсэх, Лондон Сититэй хамтран ажиллах, Монгол Улсыг сурталчлан таниулах зорилгоор Монголын тухай томоохон үзэсгэлэнг 2019-2020 онд Скандинавын орнуудад гаргах, өвлийн спортын чиглэлээр дэд бүтэц бий болгох, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, Швед улсад оршин сууж буй иргэдийн нийгмийн халамжийн асуудал, Данийн сэргээгдэх эрчим хүч, ялангуяа салхины эрчим хүчний дэвшилт технологийг Монголд нэвтрүүлэх талаар хэлэлцлээ.

Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт, ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах, Австрийн Парламентад хоёр орны Парламентын бүлэг байгуулах зэрэг тодорхой асуудлаар манай тал санал гаргасан байгаа. Мөн Монгол-Хятад-Орос гурван талт хамтын ажиллагаа, гурван улсын ажлын хэсэг “Талын зам”, “Торгоны замын эдийн засгийн бүс”, “Евразийн эдийн засгийн холбоо”, Монгол-Хятад-Оросын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

-Ази-Европын Парламентын Түншлэлийн есдүгээр уулзалтад оролцсон орны төлөөлөгчид Монгол Улсын нэр хүнд олон улсын хэмжээнд өсөж буйг тэмдэглэсэн байсан.

-Оролцогч орнууд энэхүү уулзалтыг ач холбогдол өндөртэй боллоо хэмээн онцлон хэлж байсан. Дээрх асуудлуудаас гадна парламент хоорондын харилцаа, бүлгүүдийн хамтын ажиллагааг цаашид улам өргөтгөх, улс төрийн яриа хэлэлцээг гүнзгийрүүлж, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн интеграчлал, улс төр, аюулгүй байдлын үйл явцын хүрээнд идэвхтэй хамтран ажиллах болсон.

Мөн эдийн засаг, худалдаа, санхүү, боловсрол, соёл, хөдөө аж ахуйн салбарт, тухайлбал, мал аж ахуй, газар тариалангийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, спортын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах, иргэд харилцах зорчих нөхцөл, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, хүмүүнлэгийн солилцоо, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг дэмжих, бизнесийн байгууллага, хүмүүс хоорондын харилцааг идэвхжүүлэх, бизнесийн төлөөлөгчдийг харилцан солилцох, бизнес уулзалт зохион байгуулах чиглэлээр ярилцсан.

Зүүн өмнөд Азийн төлөөлөгчид уулзалтын үеэр манай улсыг Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад нэгдэх, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, АПЕК-ийн гишүүн болоход дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн нь энэ удаагийн уулзалтын томоохон үр дүн гэж үзэж байна. Хоёр талын уулзалтын үеэр бусад орны төлөөлөгч Монгол Улс АСЕМ-ын түүхэн 20 дахь жилийн ойн үеэр тус хурлыг даргалж, АСЕП-ыг амжилттай, сайн зохион байгуулж байгаад баяр хүргэж байсныг дурдах нь зүйтэй.

-АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Юуны өмнө АСЕМ-ын хүрээнд эх орондоо зохион байгуулах 10 гаруй арга хэмжээний эхний томоохон уулзалтыг амжилттай зохион байгуулахад эртнээс бэлтгэл хангаж, зохих үүргээ сайн гүйцэтгэсэн бүх хүнд талархал илэрхийлье. Хотын гудамж, замд тодорхой хугацаанд зохих дэглэм тогтоосныг улаанбаатарчууд ойлгон, хүлээцтэй хандсанд баяртай байна. ГХЯ, АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба тодорхой ажлыг хийж гүйцэтгэсэн.

Үүнд, АСЕМ-ын түншүүдийг мэдээллээр хангах, хурлаас гарсан баримт бичгийн төсөл боловсруулах, АСЕМ-ын түншүүдээр урьдчилан хэлэлцүүлэх, хурлын үеэр нарийн бичгийн дарга нарын газрын үүрэг гүйцэтгэх, төлөөлөгчдийн цахим бүртгэл, ордонд орж гарах хяналтын систем удирдлага, үйл ажиллагааг эрхлэн явуулах, хурлын синхрон орчуулгын тоног төхөөрөмж суурилуулах, найдвартай ажиллагааг хангах, бэлтгэгдсэн синхрон орчуулагчдыг ажиллуулах зэрэг байв.

Ямар ч байсан АСЕП-ын арга хэмжээг бүх нийтээрээ хамтран амжилттай зохион байгууллаа. Одоо ирэх сарын 12-нд болох дараагийн уулзалтад бэлтгэж байна. Мэдээж жижиг хүндрэл бэрхшээл гардаг л юм. Гэхдээ энэ бол улс орны маань олон улсын нэр хүндтэй холбоотой гэдгийг хүн бүр сайн ойлгож байна. Гол нь сайн бэлтгэх л хэрэгтэй.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.112.187 Хол очиж хуц