”Барилга Экспо 2016” хөшгөө нээлээ

2016 оны 04 сарын 29

Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн хөгжлийг тодорхойлдог "Барилга Экспо-2016" олон Улсын үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо”-д нээлтээ хийлээ. Энэ үзэсгэлэн тавдугаар сарын 1 хүртэл гурав хоног үргэлжлэх бөгөөд “Барилгын Материал, дэвшилтэт техник технологи” чиглэлээр болно. Харин тавдугаар сарын 6-8-нд “Орон сууц, үл хөдлөх хөрөнгө”-ийн чиглэлээр үзэсгэлэн гарах аж. Найм дахь жилийнхээ нүүрийг үзэж буй уг үзэсгэлэн Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд болж байна.  Үзэсгэлэн гарах өдрүүдээр сургалт, семинар, эрдэм шинжилгээний бага хурал, шинэ дэвшилтэт технологийн танилцуулга явагдана. Тухайлбал, "Полимер ба хэлбэржүүлсэн мембран ТехноНИКОЛЬ материал ашиглан барилгын дээвэр болон суурийг хамгаалах цогц шийдэл"-ийн үзүүлэх сургалт, “Материал судлал-Орчин үе” Эрдэм шинжилгээний бага хурал, "Үйлдвэрлэлд эрчим хүчийг ашигтай зарцуулах шийдэл", “Ус чийгний тухай ойлголт, ухагдахуун, ус чийгнээс хамгаалах тухай” сургалт, семинар зэрэг олон үйл ажиллагаа нэг дор болно.