Нам, эвслүүд сонгуульд оролцохоо АЛБАН ЁСООР ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

2016 оны 04 сарын 29

 - МАН, Монгол консерватив нам, БНН хүсэлтээ ирүүлэв –

МАН болон Монгол консерватив нам, БНН 2016 оны ээлжит сонгуульд оролцох тухай намын дээд байгууллагын шийдвэр, мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд өчигдөр хүлээлгэн өглөө. Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ сонгуулийн байгууллагад ирүүлэх хуулийн хугацаа өнөөдөр ажлын цаг дууссанаар тасалбар болно. Энэ өдөр АН морин цагт хүсэлтээ уламжлахаар буй бол сонгуульд хүч үзэх бусад нам өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хандана.

Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан тэднийг бүртгэх, эсэхээ шийдвэрлэх юм. Хуульд зааснаар, сонгуульд оролцох хүсэлтэд сонгуульд оролцох тухай намын дээд байгууллагын шийдвэр, намын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт, сонгуулийн зардлын дансны талаарх мэдээлэл, сүүлийн нэг жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан, сонгуулийн төв штабын нэр, түүний бүрэлдэхүүн зэрэг тодорхой мэдээллийг хавсаргах учиртай.

Энэ сарын 20-нд намууд Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрийг хянаж, хуульд нийцэж буй, эсэхийг дүгнэн намуудад хүргүүлсэн бөгөөд МАН мөрийн хөтөлбөрөө сонгуулийн төв байгууллагад эцэслэн хүлээлгэн өгсөн нь энэ. Хүсэлтээ уламжлахаар МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй бараг бүх удирдлага нь хүрэлцэн ирэв.

Энэ үеэр МАН-ын дарга “Монгол Улсын иргэн бүр, амьдралынх нь үе шат болгонд зориулсан, нийгмийн салаа мөчир бүрт сэргэлт авчрах мөрийн хөтөлбөр боловсруулсан. Улс орноо ядуурал, өрийн дарамт, эдийн засгийн хямралт байдлаас гаргаж, тэгш журамт, хүчирхэг Монгол Улс байгуулах зорилт дэвшүүллээ” хэмээн онцолсон.

МАН-ынхан сонгуулийн штабаа “Монголыг аврах төв штаб” гэж нэрлэжээ. Штабыг намын дарга ахалж, ерөнхий нарийн бичгийн дарга нь сонгуулийн ерөнхий менежерээр ажиллах нь. Тус штаб 230 хүний бүрэлдэхүүнтэй гэнэ.

Сонгуульд оролцохоо илэрхийлсний дараа МАН-ын дарга М.Энхболд сонгуулийн тогтолцоотой холбоотойгоор гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар “МАН жилийн өмнө сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахаа ард түмнээс асуух хуулийн төсөл боловсруулсан ч хав дарсаар өнөөдрийг хүргэсэн. Сонгуулийн тухай шинэ хуульд эрх баригчдын санал давамгайлсан. Сонгох хүнээ хэн гэдгийг нь мэдэж сонголтоо хийхийг манай нам илүүд үзэж буй.

Тиймээс Цэцийн дүгнэлтийг дэмжиж байгаа. Сонгууль товлосон цагтаа болох ёстой. Харин яг энэ асуудлаар Цэц 2012 онд одоогийнхоос өөр дүгнэлт гаргаж байсан мэтээр ярьж буй нь ташаа юм. Тэр нь бидний ярьдагчлан тойргоос жагсаалт руу гулсахыг Үндсэн хууль зөрчсөн гэж шийдсэн явдал юм” хэмээн мэдэгдэв.

Б.УРАН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД