Том, жижиг тойргийн АЛЬ НЬ ВЭ

2016 оны 04 сарын 29

Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах, эсэхээс үл шалтгаалан Цэцийн байр суурь өөрчлөгдөхгүй л болов уу. Үндсэн хуулийн манаачийн хувьд жагсаалтын сонголт нэгэнт эцэг хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан болохоор энэ байр сууриа эцсээ хүртэл хамгаалах нь тодорхой. Ингэж байж Үндсэн хуулийн Цэц улс төрөөс хараат бус, зөвхөн хуульд захирагддагаа батлах учиртай. УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил эхэлсэн үед Цэц ийм шийдвэр гаргаснаараа улс төрд тодорхойгүй байдал бий болгосон. Гэвч ард түмэн өнөөгийн улс төрийн хямралаас залхсан, улс төрийн намууд тэр тусмаа жагсаалтын гэх гишүүдэд итгэл алдарсан үед ийм шийдвэр гаргасан нь нийгмийн захиалга, хүлээлттэй нийцсэн гэж үзэж болно.

Ардчилсан сонгуулиар Парламентаас сонгоод 24 жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл манай улс төрийн намууд төлөвшсөнгүй. Хамгийн ууган нь 90, хамгийн залуу нь хэдхэн сарын өмнө байгуулагдсан ч 90 жилийн настай МАН, 26 настай АН өнөөдрийг хүртэл төлөвшиж амжаагүйг бид 2016 оны сонгуулийн холимог тогтолцоогоор байгуулагдсан УИХ-аас харсан, мэдэрсэн. Эрх барьж буй АН нь бүлэг фракцуудад хуваагдаж, бүлэг фракцууд нь улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоороо талцсан лидерүүдийнхээ тохироогоор улс орныг удирдсанаар Монголыг улс төрийн хямралд автуулсан. Ийм үед ард түмэн намд биш, зөв, шударга улстөрчдөд итгэхээс аргагүй юм. Албан ба албан бус судалгааны үр дүнгээс харахад өнөөдөр ард түмэн хэн нэг хүчтэй улстөрч, шударга хувь хүнийг эрэлхийлж байна. Энэ нь Монголд одоохондоо тойргоос сонгох буюу мажоритар систем нь илүү тохиромжтойг баталсан.

Сонгуулийн түүхийг эргэн сөхвөл, 1992 оноос хойших УИХ-ын зургаан удаагийн сонгуулийн нэгээс бусдыг мажоритар системээр явуулжээ. 1992, 2008 оны сонгуулийг олон мандаттай 26 тойргоор, харин 1996, 2000, 2004 оны сонгуулийг 76 мандаттай-76 тойргоор зохион байгуулж байжээ. Тиймээс энэ УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авах, үгүйгээс үл хамааран 2016 оны сонгуулийг мажоритар системээр явуулах нь цоо шинэ тогтолцоо биш. Харин том тойрог буюу нэг тойрог олон мандат бүхий тойрогт явуулах уу, жижиг тойрог буюу нэг тойрог нэг мандат буюу 76 тойрог-76 мандатаар явуулах уу л гэсэн улс төрийн шийдлийг хүлээж буй.

МАН, АН-ын тохиролцоогоор жижиг тойрог гэсэн хувилбарыг аль аль нь дэмжиж бай гаа. Энэ хувилбараар нийслэл, 21 аймгийг нийтэд нь 76 тойрог болгоно. Өөрөөр хэлбэл 76 тойрог-76 мандат дээр буюу тойрог тус бүр дээр нэг намын нэг нэр дэвшигч бусад намын нэр дэвшигчтэй өрсөлдөнө гэсэн үг. Ялбал тухайн намын нэг л нэр дэвшигч эсвэл бие даагч ялна гэдгээрээ нэг намын нэр дэвшигчид өөр хоорондоо өрсөлддөг байсан өмнөх алдааг давтахгүй байх боломжтой. Тиймээс энэ хувилбарыг МАН, АН илүүтэй таалж байгаа.

Харин хоёр дахь хувилбар буюу том тойрогтой олон мандаттай хувилбараас болгоомжилж байна. Учир нь энэ хувилбар нь тухайн намаас нэр дэвшигчид өөр хоорондоо өрсөлдөж намын бодлогоо алдагдуулдаг сөрөг талтай. Өөрөөр хэлбэл, Дорнод аймгийг нэг тойрог гэж үзвэл өмнөх 2008 оны сонгуулиар гурван мандаттай байсан тус аймагт нэр дэвшигч бүр нэг намынх байсан ч хамаагүй хамгийн олон санал авахын төлөө өөр хоорондоо өрсөлддөг. Үүнд хувь хүний хүчин чармайлт илүү үнэлэгддэгээс

томсгосон тойрогт нэг намын нэр дэвшигчид өрсөлдөж, нэгнийгээ татаж унагадаг. Харин жижиг 76-д ийм үзэгдэл гарахгүй. Харин ч эсрэгээрээ нэг намаас нэр дэвшигчид баг болж, намынхаа мөрийн хөтөлбөрийг хамтдаа таниулж, хэрэгжүүлэхийн төлөө бусад улс төрийн хүчин, нэр дэвшигчтэй өрсөлдөх давуу талтай. Тиймээс намуудын хувьд нэг талаас мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх, нөгөө талаас нэр дэвшигчид нь баг болж өрсөлдөх сайн талтайгаараа 76 жижиг тойрог-76 мандат гэсэн хувилбарыг МАН, АН-ынхан дэмжиж буй нь сонгогчдын хувьд ч нэр дэвшигч болон намыг нь үнэлж сонгох боломжтой сайн хувилбар юм. Гэхдээ одоохондоо хүлээлт үүсгэн, тохиролцоо, зөвшилцөл хийж буй зүйл нь Цэцийн хууль зөрчсөн хэмээн үзсэн “жагсаалтын” 28 мандатыг жижиглэсэн тойргуудад хэрхэн шингээж, хуваарилах асуудал. Одоогоор нийслэлд 14, орон нутагт мөн 14-ийг хуваах хувилбар яригдаж буй. МАН-ынхан тойргийн тоог өөрчлөхгүйгээр нийслэлд найм, орон нутагт 20 мандатыг хуваарилах ёстой гэх байр суурь илэрхийлсэн бол АН хотод 18, хөдөөд 10 мандат хуваарилах саналтай байгаа. Аль ч хувилбар нь дэмжигдсэн ерөнхийдөө бол хүн амын тоотой нь харьцуулан өмнө нь хоёр мандатын эрхтэй байсан Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Орхон зэрэг аймгийн мандатын тоог тус бүр нэгээр нэмэгдүүлэх нь бараг тодорхой болоод байгаа юм. Үүн дээр нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргүүдийн мандатыг нэмж 4-5 болгох дээр санал нэгдэж буй мэдээлэл байна. Ингэсэн тохиолдолд хүн амын тоог тэгшитгэн мандатын тоог хуваарилснаар сонгогчдыг төлөөлөх гишүүдийн харьцааг ч нэг мөр тэгшитгэх боломжтой юм. Гэхдээ гуравдагч хүчнүүдийн зүгээс энэ хувилбарыг шүүмжилж буй ч хүчтэй эрх баригч нам, хүчтэй сөрөг хүчин болж чадаагүйгээс ирц бүрдүүлж, УИХ-аа хуралдуулж чаддаггүй болсон манай Парламентад аль нэгийг нь олонх болгох боломж бүрдэхийг бас сайн тал нь гэж хэлж болно.

Мөн сонгуулийн сурталчилгааны хугацааг богиносгож 18 хоног байхаар шинэ хуулиар баталсан тул томсгосон тойрог буюу 26 тойрог олон мандаттай хувилбар нь шинэ нэр дэвшигчдэд өөрсдийгөө таниулан сурталчлах боломж олгохгүй сөрөг тал бий. Харин жижиг 76-д танигдсан хүнд илүү боломжтой, бас шинэ нэр дэвшигчид богино хугацаанд өөрийгөө таниулахад арай л дөхөм юм. Тиймээс УИХ-ын 2016 оны сонгууль мажоритараар явагдах нь нэгэнт тодорхой болсон энэ үед тойргийг том, жижиг алинаар нь ч баталсан бай, энэ бол сонгогчдын хувьд хувь хүнийг шууд сонгох нийгмийн сэтгэл зүй болон намуудын төлөвшилд хэрэгтэй юм.

 Д.ОЮУН-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.169.58 том тойргоор сонгуулийг явуулбал жалга довын хүмүүс гарахгүй байх сайн талтай шүү.