Л.Гантөмөр: Сургалтын төлбөрөө банкнаас хөнгөлттэй нөхцөлөөр зээлдэг боллоо

2016 оны 04 сарын 28

Засгийн газар оюутнуудад сургалтын төлбөрөө банкнаас хөнгөлттэй нөхцөлөөр зээлэх боломж бүрдүүлж  “Сайн оюутан” хөтөлбөр баталлаа.

 25,000 багш зөөврийн компьютертэй, 534,766 сурагч, сургууль бүр зөөврийн компьютерын лабораторитой боллоо. 2012-2015 онд 127 цэцэрлэг, 79 сургууль, 39 дотуур байр, 33 спорт заал шинээр ашиглалтад орлоо зэрэг мэдээллийг БСШУ-ы сайд Л.Гантөмөр пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтын үеэр хэллээ.

Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 1 дүгээр сард эхний  шатанд  200 сургуулийн төсөл шалгарч амжилттай хэрэгжиж байгаа бол 4 сард хоёрдугаар шатанд 427 сургуулийн 450 төсөл шалгарч 2000-3000$ тэтгэлэг нийт 3,8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын болон үйлийн орчин бүрдэхэд дэмжин ажиллаж байгаа ажээ. 

ИХ СУРГУУЛИУД ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКТАЙ БОЛЛОО

Мэдлэгийн эдийн засгийн суурийг тавихын тулд их сургуулиудын 18 төсөл, 60 судалгаанд 3.500.000.000 /3,5 тэрбум/ төгрөгийн тэтгэлэг олголоо.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн  олон улсын жишигт хүрсэн эмнэлгийн барилгын ажил эхэллээ.

Байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын  дунд “Бүтээлч оюутан”  тэтгэлэгт төслийн  уралдаан зарласны дагуу  137 төслийн санал ирснээс 117 төсөл шалгараад байна. Төсөл нь шалгарсан оюутны баг тус бүр 3 сая төгрөгийн тэтгэлэг авч асуудал шийдэх төслөө хэрэгжүүлэхээр боллоо зэрэг мэдээллийг сайд өглөө.

БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ 2016.04.14-ний УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан юм.

Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Дээд боловсролын байгууллагын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулиуд энд багтаж буй бөгөөд шинээр тусгасан асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Боловсролын тухай хуулийн 28.1.22. “........  цэцэрлэг, сургуулийн удирдах албан тушаал эрхэлж байгаа багшийн МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ХЭВЭЭР ХАДГАЛАГДАХ;

Боловсролын тухай хуулийн 35.4.9.-д  “......зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ 6 НАСНААС нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин ЭЦЭГ, ЭХИЙН ХҮСЭЛТИЙГ ҮНДЭСЛЭЖ, СУРГУУЛИЙН ЗӨВЛӨЛ ШИЙДВЭРЛЭХ;

Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “....... аймгийн төвөөс бусад сум, тосгон, багийн сургуульд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын ХҮҮХДИЙН ТООНООС ХАМААРСАН ӨСӨН НЭМЭГДЭХ ИТГЭЛЦҮҮРИЙГ” гэж  сумын сургуулийг дэмжих бодлогын заалт тусгагдсан.

Боловсролын тухай хуулийн 10.3.-т  “Бүх шатны боловсролын хөтөлбөрт монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний төлөвшил, хөгжил, гэр бүл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл, суралцагчийн гүйцэтгэх сайн дурын үйл ажиллагааны төрөл, агуулгыг заавал тусгаж, музей, номын сан, кино зэрэг соёл, урлаг, спортын байгууллагын боломжийг ашиглахаар зохион байгуулна.

Боловсролын тухай хуулийн 41.4.-т  “Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн хүүхдэд монгол хэл, ёс заншил, түүх соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлж болох бөгөөд дэмжлэг үзүүлэх нөхцөл, шаардлага, хэмжээг Засгийн газрын баталсан журмаар зохицуулна.

Эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор:

Боловсролын тухай хуулийн 46.2.5.-д Боловсрол эзэмшихэд нь хүүхэддээ байнгын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, урамшуулан дэмжих; 46.2.6.-д Хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяасыг хөгжүүлэх сургалт, үйл ажиллагааны үйл явц, үр дүнтэй танилцах.  46.2.7.-д  Хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяас, чадварыг хөгжүүлэх асуудлаар боловсролын сургалтын байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж болно гэсэн заалт нэмэгдсэн. 

Дээд боловсролын тухай хуулийн  4.5.-д “Дээд боловсролын зэрэг олгодог онолын мэдлэг, ур чадвар, дадал бүхий үйлдвэрийн инженер, технологчийг бэлтгэх технологийн коллеж”  ..-ийн тухай заасан.

Дээд боловсролын тухай хуулийн  8.11.-д “Дээд боловсролын сургалтын байгууллага нь боловсролын магадлан итгэмжлэл хийх эрх бүхий байгууллагаар байгууллагын магадлан итгэмжлэлийг заавал хийлгэнэ” гэж заасан. Өмнө нь сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлэл хийгддэг байсан.

Дээд боловсролын тухай хуулийн  12.2.-т “Оюуны болон технологийн нөөцийг ашиглах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор их, дээд сургууль нь өөрийн үндсэн бүтцэд харьяалагдах сургалт-судалгааны бизнес-инкубатор, технологи дамжуулах төвийг дангаар болон үйлдвэрлэлийн кластерийн тогтолцоогоор байгуулан ажиллуулж болно.” гэсэн заалт шинээр нэмэгдсэн. 

СУРГУУЛЬ ХӨГЖҮҮЛЭХ САН-гийн дотор: “Ажил олгогчдын захиалга, санхүүжилтээр оюутан сургах, сургалт судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих сан, Тэтгэлгийн сан, Эрсдэлийн сан, Хөрөнгө оруулалтын сан, Тусгай зориулалтын сангуудыг ажиллуулах болон ГАРААНЫ КОМПАНИ БАЙГУУЛАХ  зэрэг зүйл заалт нэмж оруулсан нь дээд боловсролын байгууллагын санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох эрх зүйн орчин бүрдсэн.  

Мөн дээд боловсролыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгаж, удирдлага, зохион байгуулалт, менежментийг олон нийтийн оролцоонд суурилсан, ардчилсан, хараат бус, нээлттэй зарчимд тулгуурласан байх зохицуулалтыг тусгасан байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.122 Их сургууль, шинжлэх ухааны уялдаа алга. Судлаач оюутнуудыг онцгойлон дэмжих, терийн олон их сургууль нэртэй коллежуудыг нэгтгэх, терелжуулэх, цееруулэх хэрэгтэй бна.