Хүүхдийг харж биш, хариуцаж үйлчлээсэй

2016 оны 04 сарын 28

Хүүхэд харах үйлчилгээний төв нэртэй “хашаанууд” хот, хөдөөгүй бий болж эхэллээ. Энэ үйлчилгээг манайхан Монголд анх удаа нэвтэрч буй, шинэ зүйл мэтээр санаад байх шиг. Үнэндээ ийм үйлчилгээ манай орны хаа сайгүй байдаг юм шүү дээ. Түүнийг хувийн цэцэрлэг гэж өргөмжилдөг боловч үнэндээ үзүүлдэг үйлчилгээ нь хүүхэд харах төдий.

Үгээ тод, цэвэр хэлдэг дөрвөн настай охин маань заримдаа “Дай дай”, “Най най” гэх мэтээр дөнгөж хэлд орж байхдаа л гаргаж байсан авиагаа давтан, хэлээ зажилдаг болчихлоо. Явж байсан цэцэрлэг нь үүдээ барьсан тул өөр цэцэрлэгт өгснөөс хойш ингэж нялхраад байгаа юм. Өмнөх цэцэрлэг нь хүүхдүүдээ бага, ахлах бүлэг гэж хоёр хуваадаг, манай “нөхөр” ахлах бүлэгт нь явдаг байсан тул хэлээ зажлах нь байтугай том хүүхдүүдтэй ана мана үзэлцдэг байлаа.

Харин одоогийн цэцэрлэгт нь нэг ойтой нялзрайгаас эхлээд ирэх намар сургуульд орох “зөнөгүүд” бүгд нэг л өрөөнд өдөржин хамт байдаг. Үүгээр зогсохгүй сургуулийн сурагч байдаг гээд бод доо. Охин маань цэцэрлэг дээрээ өдөр унтаж чадахгүй байгааг саяхан л мэдэв. Жаахан хүүхдүүд нь уйлж чарлалдаад унтуулдаггүй гэнэ.

Цэцэрлэг бол сургуулийн өмнөх боловсролын байгууллага. Гэвч хувийн цэцэрлэгүүдийг ингэж хэлэх арга үнэндээ байдаггүй. Дөрвөн хананы дунд янз бүрийн насны хүүхдүүдийг өдөржин хашаад, гадаа ч гаргадаггүй ийм газрыг цэцэрлэг биш, хүүхэд харах үйлчилгээ гэж нэрлэвэл таармаар санагддаг юм.

Улсын цэцэрлэгүүд л хүүхдүүдийг нас насаар нь бүлэг болгон тусад нь байлгаж, сургуулийн өмнөх боловсролыг жинхэнэ утгаар нь олгодог юм билээ. Улсын цэцэрлэгт хүмүүждэг хөршийн маань хүүхэд хувийн цэцэрлэгт явдаг миний охиноос илүү мэдлэгтэй. Наад зах нь 20-ийн дотор цээжээр тоо бодож, жишнэ. Хормогчны театр, хуруу хүүхэлдэй гээд олон сонирхолтой аргаар улсын цэцэрлэгүүд багачуудын нүдийг тайлдаг бол миний том хүүхэд төлбөрөө төлөөд цэцэрлэгт явдаг атлаа нэг, хоёр настай жаалуудыг асарч, эгчийн үүрэг гүйцэтгэсээр зургаан нас хүрсэн дээ.

Сургуульд орохынх нь өмнөх хэдэн сард багш хөлсөлж байж хүүхдээ 20-ийн дотор тоо бодуулж, 100 хүртэл тоолуулж, 35 үсэг нүдлүүлж, гарыг нь зүгшрүүлсэн. Сар бүр цэцэрлэгт 350 мянган төгрөг, жилийн 12 сард нийтдээ 4.2 сая төгрөг (Сургуульд ортол таван жил) төлсөн хэрнээ дахиад сургуульд бэлтгэх гэж багш хөлслөх хэрэг гарсан. Ямар вэ дээ.

Гэхдээ бас ч гэж гэртээ байсаар сургуульд орсон хүүхдээс дээр. Ядаж л багш гэж хүн байдаг, үгэнд нь орж, үүрэг даалгаврыг нь биелүүлэх ёстой гэдгээ ухамсарлана. Хүний хүүхдүүдтэй харилцаж сурна. Нүүр хагарна. Ээж ааваасаа хол байж, биеэ даана. Учиргүй соёлтой, хүмүүжилтэй, мундаг хүн болохгүй ч нийгмийн амьтан болох суурь тавигдана.

Хүүхэд харах үйлчилгээний газрууд яг ийм л байх болно. Гэхдээ та, биднийг цэцэрлэг гэж хуурахгүй, хүүхэд харах үйлчилгээ гээд ил тод зарлачихаж байгаа юм. Илүү тэнгэртэйд нь олддог улсын цэцэрлэгт хүүхдээ оруулж чадахгүй, хувийнх нь төлбөр өндөр болохоор олон хүүхэд цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрүүлж, эцэг эх нь ажлаа тайван хийж чадахгүй яваа. Ийм гэр бүлийн асуудлыг шийдэхийн тулд УИХ Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль баталсан. Хуулийг хэрэгжүүлэх ёстой.

Гэхдээ... “Үүнийг харж байгаарай” гээд хүүдийтэй махаа хүнд үлдээн явчихаад иртэл мах нь байсангүйд “Мах яасан бэ” гэхэд нөгөө хүн “Харж байтал нохой идчихсэн” гэсэн гэдэг. Ийм л юм бүү болоосой. Хүүхэд харагсдыг хянах үүргээ мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагч, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын ажилтнууд ажлаа хариуцлагатай хийгээсэй гэж найдъя. Хоол идсэнгүй гээд хүүхдийн ам руу будаа чихэж, нойрны эм өгч өдөржин унтуулаад байхгүй гэж залбиръя. Эцэг, эх бид л хамгийн гол хянагч нь юм шүү.

Х.БОЛОРМАА

ИНФОГРАФИК


АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Ж.Азжаргал: Хүүхэд харах үйлчилгээнд 10.328 хүүхэд хамруулна

Хүүхдийн төлөө үндэсий газар (ХТҮГ)-ын Олон нийтийн түншлэл, хамтын ажиллагааны албаны дарга Ж.Азжаргалаас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн талаар тодрууллаа.

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд ХТҮГ ямар ажил хийж байна вэ?

-Энэ хуулийн хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Хүүхэд харах үйлчилгээний журам, стандарт баталсан. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг чадавхжуулж, нийслэл болон орон нутгаас 150 сургагч багш бэлтгэн, 2500 орчим хүнийг сургалтад хамруулсан.

Эдгээр сургагч багш нь тухайн аймаг, сумандаа хүүхэд харагчаар гэрээтэй ажиллаж байгаа хүмүүсийг мэдээлэл, арга зүйгээр хангах үүрэгтэй. Хүүхэд харах үйлчилгээний квот дөрөвдүгээр сарын 1-нээс батлагдан, тэр үеэс хүүхэд харагч нар ажлаа эхэлсэн. Одоогоор нийслэлд 140 хүн хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байна.

-Энэ үйлчилгээ нь ямар стандарттай вэ?

-Хүүхэд харагч нэг хүн таван хүүхэдтэй ажиллана. Харин хөгжлийн бэрхшээлтэй гурван хүүхдийн дунд нэг багш байх стандарт бий. Нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ 2.5 метр ба түүнээс дээш байхаар тусгасан. Хэрэв гэр хорооллын орчинд хүүхэд харагчийн ажил эрхэлж байгаа бол хашаандаа нохойгүй, хоол хийх талбай, хүүхдэд хөгжлийн үйлчилгээ явуулах болон амраах гэр нь тусдаа байх шаардлагатай.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн нэг онцлог нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнээс өөр зөвхөн хүүхдийн аюулгүй байдлыг ханган, хараа хяналттай байлгах, хамгаалах үйлчилгээ үзүүлэх зорилготой. Манай улсын хэмжээнд 2-6 хүртэлх насны 59 мянган хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй гэсэн статистик байдаг. Энэ жил Засгийн газраас хүүхэд харах үйлчилгээнд зориулж 10.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Уг мөнгөөр 10.328 хүүхдийг энэ үйлчилгээнд хамруулах юм. Жил ирэх тусам уг төсөв нэмэгдэнэ гэсэн тооцоо бий.

-Зөвхөн хүүхэд харах зорилготой гэхээр тэднийг хөгжүүлэх сургалт явуулахгүй гэсэн үг үү?

-Явуулна. Гэхдээ цэцэрлэгийн багш нар хүүхэд хөгжүүлэхэд түлхүү ажилладаг бол хүүхэд харах үйлчилгээнийхэн хүүхдийг хараа хяналттай, аюулгүй орчинд байлгахад илүү анхаарах юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд хөгжүүлэх сургалт харьцангуй цөөн орно гэсэн үг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энэ үйлчилгээнд нас харгалзахгүй авч байгаа.

-Уг үйлчилгээг явуулж байгаа хүмүүс хэчнээн төгрөгийн цалин авах бол?

-Ойролцоогоор нийт төсвийн 60-70 хувийг хүүхдийн хоол хүнс, хувьсах зардалд зориулах бол үлдсэн нь тухайн багшийн цалин болно. Улаанбаатар хотод нэг хүүхдийн хувьсах зардалд 113.670 төгрөг ногдож байгаа бол орон нутагт нэг хүүхдийнх 167.000 төгрөг. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд энэ зардлыг хоёр дахин нэмж тооцож байгаа.

-Хүүхэд харах хүнийг нарийн шалгуураар сонгох хэрэгтэй. Хэн нь мэдэхгүй хүнд хүүхдээ даатгана гэдэг хэцүү шүү дээ. Ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй хүмүүс таван төрлийн сургалтад тав хоног хамрагдан, сертификат авсан байх, стандартын дагуу үйлчилгээ явуулах байраа бэлдэн, мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргуулах, тухайн дүүрэг, орон нутгийн Засаг дарга зөвшөөрөл олгосны дараа энэ үйлчилгээг эрхлэх юм. Мөн эрүүл мэндийн үзлэг болон цагдаагийн газрын тодорхойлолт зэргийг шаардаж байгаа.

-Үйлчилгээ явуулж байгаа болон цаашид үйл ажиллагаа эрхлэх газруудад хэн хяналт тавих вэ?

-Хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрөл олгосон тухайн орон нутгийн Засаг дарга болон нийгмийн ажилтан, хүүхдийн салбарын байгууллагынхан хамтарсан үзлэг шалгалт хийх юм. Ялангуяа Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв өдөр тутмын үйл ажиллагааг хянан, арга зүйн зөвлөгөө өгөх зохицуулалттай. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд 18-65 настай хүнийг ажиллуулах талаар заасан ч 21-ээс дээш насныхныг хамруулахыг эрмэлзэж байна.

Мөн өмнө нь цэцэрлэг, бага ангийн багшаар ажиллаж байсан болон эмч, нийгмийн ухааны салбарын чиглэлээр суралцаж, мэргэжил эзэмшсэн хүмүүсийг эхний ээлжинд хамруулахыг зорьж байгаа.

-Зуны гурван сард ажиллах уу?

-Есдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэл ажиллаад зуны улиралд амарна.

-Хүүхэд харах үйлчилгээний талаар бусад улсын туршлагаас судалсан болов уу?

-БНСУ, Сингапур, Япон зэрэг Азийн орон болон бусад ихэнх оронд ийм үйлчилгээ байдаг. АНУ-д хүүхэд асрагчийн үйлчилгээ гэж нэрлэдэг. Олон орны туршлага судалж, улсын онцлогтоо тохируулан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг боловсруулсан. Энэ нь манайд шинэ үйлчилгээ хэдий ч бусад улсынхтай адил эцэг эхчүүдийг ажлын байртай болгох, хүүхдүүдийг харах хүнтэй байлгах зорилго нь адилхан.

Ч.БОЛОРТУЯА

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Цэцэрлэгт “ГОЛОГДОЖ”, гэртээ цоожлуулахгүй


Нийслэлд шилжиж ирээд удаагүй ах маань дөрвөн настай хүүгээ цэцэрлэгт өгөх гэж нэлээд явсан ч бүтээгүй учир “Хүүхэд гэрээр харна” гэсэн зарын дагуу холбогдож, бага ангийн багш мэргэжилтэй гэх бүсгүйд хүүгээ “тушаачихсан”. Гэтэл дүү маань гэр цэцэрлэгтээ хэдхэн хоног яваад л дургүйцэж, “Тэнд надтай тоглох хүүхэд, тоглоом байхгүй. Багш намайг загнадаг муухай” гэж уйлагнасаар байгаад гэртээ цоожлуулж үлддэг болсон. Заримдаа манайд түүнийг орхидог байлаа. Яг ийм явдал цөөнгүй айлд тохиолддог байх.

Харин энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль энэ зовлонгоос олон хүүхдийг гэтэлгэж, эцэг эхчүүдэд буян болсон болов уу. Учир нь, хууль батлагдсанаар хүүхэд харах үйлчилгээний төв цөөнгүй нээгджээ. Тэдний нэг нь Баянзүрх дүүргийн XIII хорооны “Залуус” хотхонд байрлах, үйл ажиллагаа явуулаад сар гаруй болж буй “Бомбогор” төв. Нэрнээсээ эхлээд сэтгэлд дулаахан, хайр хүргэм сэтгэгдэл төрүүлсэн энэ газар “Түрээсэлнэ” гэсэн пайзтай орон сууцны хоёр давхарт байрладаг аж. 40 ам метр талбай бүхий нэг өрөө тус байрыг хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр сарын 350 мянган төгрөгөөр түрээсэлжээ.

Ид шид, үлгэр домогт итгэдэг багачуудын дотнын нөхөр хүүхэлдэйн киноны баатруудаар “угтуулан” тус төвийн үүдээр орлоо. Өрөөний голд өнгө өнгийн чихмэл, эвлүүлдэг тоглоомоор наадаж суусан бяцхан жаалууд намайг ормогц өөрсдийнхөөрөө шулганан мэндлэх нь өхөөрдмөөр. Зарим нь хүүхэлдэйн кино үзээд анзаарах ч сөхөө алга. Биднийг очих үед хүүхдүүдийн олонх нь ирээгүй байсан ч цуварсаар ирц бүрдэв. Бүх хүүхэд ирмэгц багш тэдний гарыг угаалгаж, 5-8 минут дасгал хийлгээд өглөөний цайг нь уулгалаа.

Зөөлөн боорцог, каш уусан жаалууд тоглоомын талбайдаа наадахаар болов. Багшийн хэлснээр гал тогооны өрөө нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд заасны дагуу тусдаа байрладаг бөгөөд мэргэжлийн тогооч ажилладаг гэнэ. Хүүхдэд шим тэжээлтэй, эрүүл хоол чухал учраас цэсээ долоо хоног бүр шинэчлэн гаргадаг юм байна. Өнөөдөр (өчигдөр) бяцханууд үдийн хоолондоо бөөрөнхий махтай ногоотой шөл, элэгний котлет, төмс цөцгийн зууш идэж, аньсны ундаа, үзэмний шүүс уух аж.

Өрөөний хананд янз бүрийн үсэг, цифр, амьтдын дүрстэй зурагт самбар өлгөж, цонхны хажууд хоолны болоод хичээл хийх ширээ байрлуулжээ. Тус анги 2-5 настай 13 хүүхэд, гурван багштай. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 6.5-д “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байна” гэж заасныг тэд ийн биелүүлжээ. “Ихэнх цэцэрлэгийн нэг анги хоёр багш, 40 хүүхэдтэй байдаг.

Нэг багшид хамгийн цөөндөө 20 хүүхэд ногддог учир хүүхэд бүртэй тулж ажиллах, анхаарах боломж сул байдаг. Харин тус хуулиар нэг багшид ногдох хүүхдийн тоог тав байхаар тусгасан нь маш зөв зохицуулалт болсон” хэмээн багш нар санал нэгтэй хэлж байв. Хүүхэд харах үйлчилгээ бий болсноор олон иргэн ажлын байраар хангагдаж, хүүхдүүд гэртээ цоожлогдохын зовлонгоос ангижирч буй ч нөгөө талаар “Хүн бүхэн ийм үйлчилгээ эрхлэх болсноор хүүхдийн аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх, та хүүхдээ хэнд даатгасан бэ” гэдэг асуулт иргэдийн дунд нэлээд гардаг тухай мэргэжилтнүүд онцолж байсан.

Тийм учраас дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв “Хүүхэд харагч бэлтгэх” сургалтыг энэ оны нэг, хоёрдугаар сард зохион байгуулжээ. 40 цагийн хөтөлбөртэй тус сургалтад “Бомбогор” төвийн багш нар ч хамрагджээ. Тэдний дунд цэцэрлэгт туслах багш хийж байсан туршлагатай хүн ч байна. Тэд төвийнхөө үйл ажиллагаа хэвийн явж буйг мэдээлэх үүднээс ангидаа камер суурилуулжээ. Хүүхдээ ямар орчинд, өдрийг хэрхэн өнгөрүүлж буйг мэдэхийг хүссэн эцэг, эхчүүд камераар харах боломж бүрдэж буй юм.

Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын газар, хорооны Засаг дарга нь тус төвийн үйл ажиллагаатай танилцаад онц дүн тавьжээ. Багш Г.Номин-Эрдэнэ “Эцэг, эхчүүд манай төвийн тохижилт, үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа. Хүүхдүүд маань ч ангидаа ирэх дуртай. Бага насны хүүхдүүд болохоор хурдан дасах юм. Хүүхэд харах үйлчилгээнд 2-5 насны хүүхэд хамрагдах ёстой гэж хуульд заачихсан байгааг өөрчлөх хэрэгтэй гэж боддог.

Учир нь, зургаан нас хүрэхэд хэдхэн сар дутуу байгаа хүүхдүүдийг сургуульд хамруулахаа больчихсон. Нас нь хүрэхгүй гэсэн шалтгаанаар сургуульд, орон тоо хүрэлцээгүйн улмаас цэцэрлэгт явж чадахгүй байгаа тэдгээр хүүхдийг ч ийм төвд хамруулахын тулд насны ангиллыг өөрчлөх хэрэгтэй” гэв.

Эднийх хүүхдүүдээ 07.30 цагт угтаж, 19.00 цагт үддэг юм байна. Хүүхэд харах үйлчилгээний төв өдөрт наймаас илүү цаг ажиллахгүй гэсэн заалтын дагуу зарим эцэг, эх хүүхдээ өглөө аажуу авчирдаг бол нөгөө хэсэг нь ажлын хуваариасаа шалтгаалан илүү цагаар харуулах тохиолдол гардаг тул багш нартайгаа харилцан тохирдог гэнэ.

Ж.СУВДМАА

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

-Та хүүхэд харах үйлчилгээг юу гэж бодож байна вэ?

Ц.Баялаг (Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгийн багш):

-Би энэ цэцэрлэгт 20 гаруй жил ажиллаж байгаа. Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Мөн олон хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эззэмшиж чадахгүй үлдэх болсон. Тэгэхээр ийм үед хүүхэд харах үйлчилгээ шаардлагатай. Тэр хүүхэд харах үйлчилгээнд сургуулийн өмнөх насны бүх хүүхэд нэг ангид сурна. Энэ нь давуу талтай байж магадгүй. Жишээлбэл, таван настай эгч нар нь хоёр настай дүүгээ халамжлаад байж болох юм.

Насны зөрүүтэй хүүхдүүдэд хичээл заана гэдэг хэцүү шүү дээ. Цэцэрлэгт нэг ангид ижил настай хүүхдүүд сурч байгаа. Тэдэнд тохирсон хичээл ордог. Тэгэхээр энэ үйлчилгээ сургуулийн өмнөх боловсрол олгохоосоо илүү харж хандаж, хооллох л үүрэгтэй болж магадгүй. Уг нь сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол хүүхдийн хамгийн чухал суурь. Эндээс л хүний ямар иргэн болж төлөвших нь шийдэгддэг. Мөн хоолны чанар, стандарт гэж бий.

Өдөрт 180 гр мах, сүү гээд. Үүнийг ч гэсэн мөрдөх ёстой. Тэгэхгүй бол сайн хооллож байна гээд стандартаас давсан их мах өгч болохгүй. Хүүхдийн ходоод том хүнийхээс өөр шүү дээ.

Г.Мандалсүрэн (Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн):

-Солонгост дайны дараа эмэгтэйчүүдээ ажил хийлгэхийн тулд “Хүүхдийн гэр” гэдэг үйлчилгээ нэвтрүүлсэн байдаг. Түүний муу үр дагаврыг солонгосчууд арилгахаар хичээцгээж байна. Учир нь тэнд хүмүүжсэн хүүхдүүд боловсрол муутай, ер нь л их муу үр дүн үзүүлсэн гэдэг. Гэтэл одоо ийм үйлчилгээ манайд нэвтрүүлэх гэж байгааг би хувьдаа дэмжихгүй байгаа. Гутал хийдэг хүн бүтээгдэхүүнээ чанаргүй хийлээ гэхэд тэр нь мэдэгдэнэ. Иргэд тэр гутлыг нь авахгүй.

Харин хүүхдэд ямар боловсрол, хүмүүжил олгож байгааг бид мэдэхгүй. Үр дагавар нь тийм ч хурдан мэдэгдэхгүй. Би хүүхдүүдээ цэцэрлэгт л хүмүүжүүлсэн. Ач, зээ нараа ч цэцэрлэгээр хүмүүжүүлнэ гэж боддог.

Д.Давааням (Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны иргэн):

-Бидний одоогийн амьдралд зайлшгүй шаардлагатай үйлчилгээ гэж бодож байгаа. Гэхдээ багш нараа сайн сонгож авах хэрэгтэй. Заавал мэргэжлийн багш гэхийн оронд нинжин сэтгэлтэй хүн сонгоосой гэж бодож байна. Хүүхдэд нь эм өгөөд өдөржин унтуулдаг байсан ч тохиолдол бий гэдэг. Ийм аймшигтай үйлдэл гаргахааргүй л хүн сонгож ажиллуулаасай билээ.

Б.Ундрам (Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч):

-Манайх 15 хүүхэд харахаар төлөвлөж байгаа. Надаас гадна хоёр сургагч ажиллана. Бид сургалтад хамрагдаж, хүүхэд харах эрхийн сертификатаа авсан. Төв байгуулахдаа хүүхдэд тав тухтай орчныг бүрдүүлэх нь чухал учир үүнд түлхүү анхаарч тохижилтоо хийсэн. Хүүхэд сургуульд орохоосоо өмнө мэдсэн байх ёстой ерөнхий мэдлэгийг олгох ёстой гэж бодож буй.

Ерөнхийдөө хүүхэд харах үйлчилгээ цэцэрлэгээс ялгарахгүй. Тэнд хүүхдүүд шүлэг, дуу цээжилнэ. Түүнээс биш хүүхэд харах үйлчилгээ гэхээр айлын хүүхдүүдийг бөөгнүүлчихээд, зөнд нь орхино гэж байхгүй.

Б.Батбаяр (Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн):

-Цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа асуудлыг шийдэхийн тулд эрх баригчид Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг шуурхай баталсан. Уг хуулийг улс даяар хэрэгжүүлээд явж байна. Гэхдээ хүүхэд харах үйлчилгээг эрсдэл дагуулж байна гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Цэцэрлэгийн стандартын дагуу хичээл орохгүй гэж байгаа нь үнэн.

Гэхдээ ямар ч байсан гэртээ байгаа хүүхдийг харгалзах хүнтэй болгоод ямар нэг аюул ослоос урьдчилан сэргийлж байгаагаараа сайшаалтай. Хэдийгээр цэцэрлэгийн түвшинд сургалт явуулахгүй ч анхан шатны стандарт гарган, хүүхэд харагч нарт эзэмшүүлсэн.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД