“ШУДАРГА ЁС” ЭВСЭЛ ЗАДРАХ УУ

2016 оны 04 сарын 28

Өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн тавдугаар дүгнэлтийг хэлэлцэж, ирэх сонгуульд пропорциональ хувилбараар 28 мандатад нэр дэвшүүлэх, эсэхийг шийдэх байсан ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс завсарлага авлаа. Тус дүгнэлтийг хэлэлцсэн хоёр Байнгын хороо болон АН, МАН-ын бүлэг хүлээн авах нь зүйтэй хэмээн дэмжээд буй. Эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Бүлгийн гишүүдийн ирц бүрдээгүйгээс дүгнэлтийг хэлэлцэж амжаагүй. Бүгдээрээ ярилцаж, нэгдсэн байр суурьт хүрэх шаардлагатай” хэмээн тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч УИХ-ын дарга “Эвслийн бүлэгт завсарлага өгье. Гэхдээ тав хоногийн хугацаатай өгөх боломжгүй. Иймээс “Шударга ёс” эвсэл бүлгээ яаралтай хуралдуулж, өнөөдөртөө багтаан хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай” гэж сануулан, алх цохисон.

Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Намууд нэр дэвшигчээ тодруулахаас эхлээд цаг хугацаагаар хавчигдсан олон асуудал хүлээгдэж байгаа тул завсарлагад болгоомжтой хандах ёстой” гэж сануулаад амжсан.

Цаг хугацаанд “барьцаалуулсан” асуудлаар завсарлага авсан эвслийн бүлэг хуралдаагүй. Угаас хуралдах шалтгаан үгүй юм. Учир нь тэд Цэцийн дүгнэлтийг дэмжихгүй гэдгээ хэдийнэ илэрхийлчихсэн. Парламентад суудалгүй намуудаас хүсэж байгаачлан УИХ-д бүлэгтэй эвслийн хувьд МАХН, МҮАН-ынхан Цэцийн дүгнэлтийг завсарлага аван эсэргүүцсэн нь тэр. Гэвч эвслийн бүлэгт ч эсэргүүцэл байгаа нь завсарлага авах үеэр ил болов. Гишүүн Д.Тэрбишдагва “Ард түмний 90 гаруй хувь нь хүссэний үндсэн дээр Сонгуулийн хуулиа өөрчлөх гэж байхад манай бүлэг ийм балай зүйл хийж болохгүй. Энэ завсарлагыг болиулмаар байна” гэчихээд “Би бүлгээсээ гарна” гэж үглэсэн нь нэгдсэн хуралдааны танхимд сонсогдсон юм. Үнэхээр ч найман гишүүнтэйгээр дөнгөн данган бүлэг байгаа эвслийнхэн Д.Тэрбишдагвыг алдчихвал эвсэл задарна, улмаар Засгийн газрын хувь заяа эмзэг болно.

Тэрбээр уржигдар болсон бүлгийн өргөтгөсөн хуралдаанд дээрх шалтгаанаар оролцоогүй төдийгүй улс төрийн намын удирдлагуудад хандаж, пропорциональ хувилбарыг эсэргүүцэхийг уриалаад байсан юм. Цаг “идэх” зорилготой авсан эвслийнхний завсарлага ийнхүү хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсных уу, МАХН, МҮАН-ынхан амьсгаа өндөртэй яваа харагдана лээ. Эвслийн бүлгийн байдал бишидсэнийг гишүүн О.Баасанхүү нь ч баталсан. Тэрбээр “Манайхан дотроо алалцаж байна” гэчихсэн явна лээ. Үүнтэй холбоотойгоор ч тэр үү, “Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАН-д орох гэнэ” гэсэн яриа чих дэлсэв. Цэцийн дүгнэлтийг эсэргүүцсэн эвслийн бүлэг “эсэргүү” гишүүнийхээ шантаажийг давж, бүрэн бүтэн үлдэх, эсэх нь өнөөдөр тодорхой болох биз ээ.

15 ШҮҮХ ШИНЭЭР БАЙГУУЛАХАД 10.4 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг энэ өдөр хэлэлцэн дэмжлээ. Өнгөрөгч оны зургадугаар сард баталсан Шүүх байгуулах тухай хуулийн дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны шүүхүүдийг дагнан байгуулсан ч Цэц энэ оны нэгдүгээр сард тус хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Тиймээс үүсэж буй асуудлыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор энэхүү төслийг боловсруулжээ.

Үүгээр одоо үйл ажиллагаа явуулж буй давж заалдах шатны 19 шүүх 26, дүүргийн найман шүүх 16 болж, нийт 15 шүүхийг шинээр байгуулахаар байна. 13 аймагт шинээр байгуулагдах давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай 52 шүүгч, шүүхийн захиргааны ажилтны орон тоо, техник, зохион байгуулалтын ажлын зардалд нийтдээ 10.4 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Иймээс улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан дараах байдлаар хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Тухайлбал, давж заалдах шатны шүүхэд ажиллаж байгаа шүүгчдийг нүүлгэж, Орхон, Дархан-Уул аймгаас бусдад нь иргэний, эрүүгийн болон ерөнхий шүүгч тус бүр нэгийг ажиллуулах санал гаргаж буй. Ингэснээр шүүгчдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр 13 аймагт байгуулах давж заалдах шатны шүүхэд 38 шүүгч буюу орон нутгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 55.8 хувийг нүүлгэн шилжүүлнэ гэв. Өөрөөр хэлбэл, хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй бол ойролцоо аймгийн шүүхээс томилохоор тусгажээ.

Ийнхүү аймаг бүрт давж заалдах шатны, дүүрэг бүрт дагнасан шүүх байгуулснаар одоо үйл ажиллагаа явуулж буй анхан болон давж заалдах шатны 99 шүүх 114 болж нэмэгдэх ч УИХ-ын тогтоолоор баталсан 693 орон тоог нэмэгдүүлэхгүй байхаар тооцсоныг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан. Зарим орон нутгийн ажлын ачаалал бага шүүхийн шүүгчдийн тоог хасаж, ачаалал ихтэйгийнх нь орон тоог нэмэх байдлаар зохицуулах юм байна.

Мөн Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 195, найруулгын чанартай 187 саналын томъёоллоор санал хураалаа.

Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
43.242.243.29 битгий мөрөөд. эвсэлийг задлахыг хүсэгчид бүтэн жил хүсэж мөрөөдлөө, мөрөөдөл чинь биелэхгүй нь сайхан. хаа хаа хаа