Цэцийн дүгнэлт тойрсон ХУВИЛБАРУУД

2016 оны 04 сарын 28

УИХ-ын 28 гишүүнийг пропорциональ тогтолцоогоор буюу намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хуулийн “Иргэд төлөөллөө шууд сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн Цэц үзсэн. Одоо уг дүгнэлтийг хүлээн авсны дараа хуульд ямар өөрчлөлт оруулах, санал хураалт товлосон хугацаандаа болж амжих уу, гуравдагч хүчин, бие даагчид бүрмөсөн шахагдах уу гэх мэт маргаан ид өрнөж байна.

Өчигдөр УИХ-ын чуулганаар уг дүгнэлтийг хүлээн авах, эсэхийг хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвсэл завсарлага авчихав. Асуудлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Олон нийтийн дунд нэр хүнд нь унасан АН, МАН-ынхан Цэцээр дээрх шийдвэрийг гаргуулж, улмаар хүлээн аваад сонгуулийг жижиг тойрог бүхий мажоритар хувилбараар явуулахаар тохирсон гэж буй.

Гэвч дүгнэлтийг хүлээн авах, эсэхийг хэлэлцэж эхэлмэгц тэдний тооцсоноос ч илүү эсэргүүцэл, шүүмжлэл өрнөв. Тиймээс намууд төлөвлөгөөгөө бага зэрэг өөрчилж, өөр хувилбарууд ярьж эхэлсэн сурагтай.

ЭРГЭЛЗЭХ ШАЛТГААН

Жижиг 76 тойрогтой байх хувилбартаа энэ хоёр намынхан эргэлзэж эхэлсэн нь хэд хэдэн шалтгаантай. Юуны өмнө гуравдагч хүчнийхний зүгээс шүүмжлэл их байна. Дэлхийн жишигт дөхүүлж, холимог тогтолцоо сонгосон, жижиг намууд төлөөллөө УИХ-д оруулах боломжийг хангасан зэрэг олон давуу тал пропорциональ тогтолцоонд бий. Үүнийг нэгэнт тогтолцоондоо оруулчихаад буцаагаад татгалзсан орон нэг ч байхгүй гэдгийг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар сануулна лээ. Мөн жижиг 76 тойргоор сонгууль явуулбал зөвхөн АН, МАН-ын одоогийн гишүүд, мөнгөтэй бизнесмэнүүд, тэдний үр хүүхдүүд л сонгогдоно.

Салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд, энгийн сэхээтнүүд, эмэгтэйчүүдэд боломж хумигдана хэмээн гуравдагч хүчний намууд шүүмжилж байна. Ийм зүйл болбол АН, МАН-ын эсрэг жижиг намууд нэгдэн тэмцэхээ ч илэрхийлж буй. 2012 оноос өмнөх таван сонгуульд мажоритар систем ашигласан, УИХ 76 тойрогт хуваагдаж, жалга довны хэрүүл гаарсан, улс орны эрх ашгийн төлөөх том төслүүд явдаггүй, луйвар булхай ихэсдэг гэх мэтээр маш олон дутагдал гарсан гэдэг. Тиймээс л 2012 онд тогтолцоогоо өөрчилж, холимог хувилбар сонгосон билээ. Хэрэв буцаад хуучин руугаа орвол “Долдугаар сарын 1”-ний үйл явдал давтагдаж болзошгүй хэмээн тэд ярьж байна. Улс төр судлаачид ч “ах” намуудын төлөвлөгөөг буруушааж буй юм.

Хоёрдугаарт, жагсаалт хууль бус юм бол 2012 онд энэ зарчмаар сонгогдсон 28 гишүүн, тэдний оролцоотой УИХ-аас баталсан хууль, тогтоомж хүчингүй болох уу гэсэн асуулт тулгарна. Үүнд улстөрчид амархан хариулж буй. “Хууль буцаж үйлчлэхгүй” гээд л гүйцээ. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан өдрөөсөө хэрэгждэг. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 22-ноос хойш УИХ-аас гаргах шийдвэр, өнөөх Сонгуулийн хуулиа өөрчлөх, Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх нь ч хууль бус болох юм биш үү гэх асуулт гарч байна. Үүнд хариулсан хүн одоогоор алга.

ХОНЬ БҮРЭН, ЧОНО ЦАТГАЛАН

Байдал ийм болсон тул АН, МАН-ынхан хонь бүрэн, чоно цатгалан байх өөр нэг хувилбар бодож олсон байна. Үндсэн хуульд ч, Цэцийн дүгнэлтэд ч пропорциональ тогтолцоо гэдэг үг байхгүй. Зөвхөн “Шууд сонгох эрхийг зөрчсөн” л гэсэн. Шууд сонгоно гэдэг нь энгийнээр сонгогч хэн нэг нэр дэвшигчийн нэрийг харж байгаад дугуйлахыг л хэлээд буй. Яг үүн дээр тоглолт хийж болох юм хэмээн ярилцаж эхэлжээ. Пропорциональ тогтолцоогоо хадгална, 28 гишүүнээ намын жагсаалтаар сонгоно. Гагцхүү бүгдийнх нь нэрийг ил зарлаж, саналын хуудас дээр бичнэ. Ингэвэл “Шууд сонгох заалтыг зөрчсөн” гэх Цэцийн дүгнэлтийг ч хүлээн авсан болно, гомдол мэдүүлээд буй гуравдагч хүчний намуудын санааг ч амраана.

Гэхдээ энэ хувилбар бас маргаантай. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай ярьсан цагаас л ийм санал гарсан. Тэгмэгц СЕХ-ныхон “Нам тус бүрийн 28 хүний нэрийг жагсаавал маш урт саналын хуудас хэвлэхэд хүрнэ. Зардал мөнгө ч нэмэгдэнэ. Иргэд ч тэр урт жагсаалтыг нэг бүрчлэн унших хэцүү болно” гэж байсан билээ. 14 нам, хоёр эвсэл одоогоор сонгуульд оролцохоор хөтөлбөрөө ҮАГ-т өгөөд буй. Тойрогт өрсөлдөх хүмүүсээс гадна 450 орчим хүний нэр жагсаана гэхээр хэдэн метр урт цаас хэрэг болох гээд ч байгаа юм.

Тэр олон хүний нэрийг нэг бүрчлэн уншаад сууж байдаг тэвчээртэй сонгогч ч хэд билээ. Нөгөө талаас анхнаасаа яах гэж Цэцээр захиалгат шийдвэр гаргуулав гэдэг асуудал бий. Намуудынх нь нэр хүнд унасан учраас жагсаалтаар санал авах магадлал муу гэж л ийм бужигнаан үүсгэсэн шүү дээ.

ТОМСГОСОН ТОЙРОГ

Энэ бол удаах хувилбар. 2012 онд 48 гишүүнийг томсгосон буюу 28 тойргоос сонгосон. Иймэрхүү томсгосон тойрогтой мажоритар тогтолцоо байвал яасан юм гэх санал гарч эхэлжээ. Мөн үүнийг хэрэгжүүлбэл сонгуулийн сурталчилгааны хоногоо нэмэх нь зөв гэж зарим гишүүн нь дуугарч эхэлсэн сураг ч байна. Жижиг тойрогтой байх нөхцөлд нэгэнт олонд танигдчихсан хүмүүст, УИХ-ын гишүүдэд сурталчилгаа хийхэд 18 хоног хүрэлцэнэ гэж тооцож байсан. Харин тойргоо томсгочихвол байдал өөрчлөгдөх нь мэдээж.

АН, МАН-ынхан энэ хоёр хувилбар дээр 50:50 хувиар санал тэнцээд буй гэнэ. Хугацаа давчуу учраас тэд аль нэг хувилбар дээр удахгүй тогтож таарна.

СОНГУУЛЬ ХОЙШЛОХ УУ

Сонгуулийн хуулиар Цэц дүгнэлт гаргамагц зарим бэлтгэл ажил зогссон тухай СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн ярьсан. Чиглэл болох учиртай хуулийнх нь тодорхой хэсэг өөрчлөгдөх нөхцөл үүссэн учраас аргагүй. Ирэх зургадугаар сарын 29-нд сонгуулийн санал авахаар тов гарчихсан. Гэтэл бэлтгэл ажлууд нь хойшлоод буй учраас сонгууль хугацаандаа болох уу гэсэн эргэлзээ иргэдэд төрөх болсон. Зарим хэвлэлээр “АН-ынхан сонгуулийг хойшлуулах санал гаргасан” гэх мэдээлэл ч гарч буй. Бүр малчид өвөлжөөндөө буугаад бүх ажил нь жигдрэх цагаар сонгууль явуулъя гэх дураараа санал ч сонсогдож байна.

Тэгвэл сонгуулиа хугацаанд нь хийнэ хэмээн эх сурвалж батлав. Гагцхүү жагсаалт байх уу, дан тойрогт өрсөлдөх үү гэдгээ хуулиар шийдсэний дараа намууд нэр дэвшүүлэх асуудлаа тодорхой болгох учраас үүнтэй холбоотой ажил л хойшилж болзошгүй аж. Намууд ирэх сарын 5-9-нд нэр дэвшигчдээ тодруулж, 14-ний дотор СЕХ-нд баримт бичгээ илгээх учиртай. Энэ хугацааг хэд хоногоор сунгах тухай санал гарч байгаа аж. Гэхдээ нэр дэвшигч бүртгэх, зарлах ажлыг тавдугаар сардаа багтаах биз ээ. Тиймээс сонгууль товлосон хугацаандаа болох нь.

С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД