Батлан хамгаалахын сайдын зөвлөхийг баривчиллаа

2016 оны 04 сарын 28

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өнгөрсөн даваа гаригийн шөнө Батлан хамгаалах яамыг “бужигнуулжээ”. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус яаманд саяхан ирээд, дэд хурандаа цол хүртсэн Ж.Алтансүхийг АТГ-ын ажилтнууд эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн төдийгүй албан өрөөнд нь нэгжлэг хийхээр өнгөрсөн даваа гаригт очсон байна. БХЯ-ныхан АТГ-ын үйл ажиллагаанд саад учруулаагүй ч ажлын цагаар Ж.Алтансүхийн өрөөнд нэгжлэг хийхийг шаардан, хоёр байгууллагынхаа лацаар өрөөг нь битүүмжлээд мягмар гаригийн өглөөтэй золгосон гэнэ. Улмаар ажлын цаг эхэлснээс хойш үзлэг шалгалт хийжээ.

Дэд хурандаа Ж.Алтансүх нь архитекторч мэргэжилтэй ч тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар анх томилогдсон аж. Гэвч уг албан тушаалын шалгуурт тэнцээгүй учраас үүрэг гүйцэтгэгч, орлогч даргаар ажиллах болсон гэдэг. Сонгуульд нэр дэвшигчийн штабт ажиллахаар саяхан ажлаасаа түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм байна.

Тэгвэл өчигдөр АТГ-аас Ж.Алтансүхийг ямар хэрэгт сэжиглэж буй талаараа албан ёсны мэдээлэл өглөө. “Батлан хамгаалах яамнаас сонгон шалгаруулалт зарласан тендертэй холбоотойгоор Батлан хамгаалахын сайдын нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийг иргэн М-ээс 2016 оны дөрөвдүгээр сарын 25-нд хээл хахууль авсныг үйлдэл дээр нь илрүүлж, эрүүгийн 201601000081 дугаартай хэрэг үүсгэн, мөрдөн байцаалт явуулж байна. Түүнийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 268.2-т заасны дагуу сэжигтнээр тооцон, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан” гэж мэдээлэв.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Ж.Алтансүх нэгэн даатгалын компанийн ажилтан М-ээс таван сая төгрөгийн хахууль авсан сурагтай. Дэд хурандаа Ж.Алтансүх нь сайдыгаа дагаж БХЯ-нд очоод удалгүй зэвсэгт хүчний офицер, ахлагч нарт зориулан 089 дүгээр ангийн дэргэд барьсан орон сууцанд байртай болсон, бас саяхан ашиглалтад орсон 300 айлын орон сууцнаас ч байр авсан хэмээн яам, ЗХЖШ-ынхан нь ярьдаг юм.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.212.117.231 Цолмон сайд энэ яамыг мөлжиж байна даа. Эхлээд эхнэртээ,дараа нь туслахдаа мөнгө өгөөд л