О.Бямбаа: Би зуугаар биш мянгаар тоологдох шавьтай хүн

2016 оны 04 сарын 27

Аливаа зүйлд анхдагч байна гэдэг хамгийн сайхан зүйл юм. Саяхан чөлөөт бөхийн мастеруудын анхны УАШТ-д их спортод залуу насаа зориулсан олон шилдэг хүчтэнүүд зодоглов. Үүний дотор хамгийн ахмад нь 73 настай Т.Батчулуун, О.Бямбаа нар байсан юм. О Бямбаа гуайн хувьд чөлөөтийн анхдагчдын нэг.

Тэрбээр анхны УАШТ-ий 52 кг-д хүрэл медаль хүртэж байсан аж. Тэгвэл анхны мастеруудын УАШТ-ээс мөн л хүрэл медаль зүүлээ. Математикийн багш мэргэжилтэй, чөлөөт бөхийн спортын мастер О.Бямбаа гуайтай тэмцээний үеэр цөөн хором ярилцсан юм.

-Анхны мастеруудын УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн танд баяр хүргэе. Тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Баярлалаа. Үнэхээр сайхан тэмцээн болж байна. Гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчнаас эхлүүлээд ОУХМ, Ази тивийн АШТ-ий медальтай олон ахмад бөх дэвжээнээ эргэн гарлаа. Тэднийг хараад өөрийн эрхгүй бахархаж байна. Энэ тэмцээнд оролцоход тусалсан “Хасу Мегастарс” клубийн хамт олон болон захирал Түмэн-Аюуш, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан нарт баярлалаа.

-Таныг Хэнтийн аймгийн уугуул гэж дуулсан. Нутгийн тань ахмад бөхчүүдийн энэ тэмцээнд ямар амжилттай оролцов?

-Хэнтий нутгийн бөхчүүд нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль авч сайхан барилдлаа. Тодруулбал, Н.Баатархүү мөнгө, Г.Дэмбэрэл, Н.Дамчаадорж, Ж.Батнаран нар хүрэл медаль авсан юм.

-Та хэдэн жилийн дараа чөлөөтийн дэвжээнээ эргэн гарч байна вэ?

-Би одоо 73 настай. Энэ тэмцээнд оролцож байгаа ахмад бөхчүүдээс намайг таних хүн тун цөөхөн байна. Миний үеийн бөхчүүдийн гэвэл олимпын мөнгөн медальт Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, олимпын хүрэл медальт Ч.Дамдиншарав, Т.Артаг нар юм. Хамгийн сүүлд 40-өөд жилийн өмнө тэмцээнд оролцсон болов уу.

-Таны хувьд чөлөөт бөхийн анхны УАШТ-ээс 1965 онд хүрэл медаль хүртсэн түүхтэй. Тэр үеэ эргэн дурсана уу?

-Манай жинд Гавьяат тамирчин Ш.Даминшарав түрүүлж байлаа. Би хүрэл медаль хүртсэн юм. Гэхдээ бид хоёр хоорондоо барилдаагүй санагдана. Тэр жил би Улаанбаатар хотын аварга болсон юм. Миний хувьд цөөхөн жил барилдсан. Бэртэл аваад больчихсон юм. Түүнээс хойш багш, дасгалжуулагч олон жил ажиллаа.

-Шавь нарынхаа тухай яриа дэлгээч, Та. Хэдэн жил чөлөөт бөхийг эрдэм түмний хүүхдэд зааж сургав?

-Аймгийнхаа I, II сургууль, Батноров, Бор-Өндөрзэрэг сумдад анхны чөлөөт бөхийн секц байгуулсан юм. Би хэдэн зуугаар биш хэдэн мянгаар тоологдох шавьтай. Олимпын мөнгөн медальт Ц.Дамдин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар чөлөөт бөхөөр анх хичээллэж спортод хөл тавьсан түүхтэй. Олон сайн шавь нараасаа улсын начин Б.Одхүү, монголын анхны сүмоч Б.Энхбат нарыг  дурдаж болно. Би аймагтаа 30 гаруй жил чөлөөт бөх заасан юм. Хан Хэнтий нутгийн бүх бөхчүүд намайг Бямбаа багш аа гэж дууддаг нь сайхан.

-Таныг математикийн багш гэж сонссон. Энэ үнэн үү?

-Тийм. Миний үндсэн мэргэжил бол математикийн багш. Барилдана гэдэг бас нэг талаараа толгой сийрэг хүний хийдэг ажил юм шүү. Би чөлөөт бөхөөс гадна математикаар олон шавь бэлдсэн түүхтэй.

Б.Цогт-Очир

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД