Сонгуулийн асуудлаар цахим хурал хийв

2016 оны 04 сарын 27

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй өнөөдөр цахим хурал хийлээ. Цахим хурлын үеэр сонгуулийн хуулийн хэрэгжилтийн явц байдал, сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцлаа.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод ажиллагсад юуны өмнө сонгуулийн хууль тогтоомжийг сайн судлах, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан журам, заавар, загвар, маягт, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь болон Сонгуулийн Ерөнхий Хорооноос албан  бичгээр өгсөн ажлын зөвлөмж, чиглэлийг  чанд мөрдөх, тэдгээрийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос зөвлөв.

Түүнчлэн Аймаг, нийслэлийн сонгууль нь богино хугацаанд явагдах тул  түүнийг хуулийн дагуу шаргуу зохион байгуулахад анхаарахын сацуу сонгуулийн хороодод ажиллаж буй төрийн албан хаагчид идэвхтэй, хариуцлагатай, хуулийн зүйл, заалт нэг бүрийг хэрэгжүүлэх талаар нэгдмэл ойлголттой байх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөө, чиглэлийг нарийвчлан гаргах, зарим аймаг мандатын тоогоо тогтоогоогүй байгаад анхаарах, сум, дүүргийн сонгуулийн хороодод ажиллагсдад зориулан сургалт зохион байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг хүргүүлэх, иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой  мэдээллийг шалгах, хүргүүлэх зэрэгт анхаарч ажиллахыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос зөвлөв.

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД