”Нийслэлийн айл бүр ус цэвэршүүлэгчтэй байх шаардлагагүй”

2016 оны 04 сарын 27

Утас цохин, хаалга тогшин “Танай ундны усны бохирдлыг шалгаад өгье” хэмээн найрсаг инээмсэглэн орж ирээд  удалгүй өөрсдийн байгууллагын ус цэвэршүүлэгчийг сурталчлан ярих урилгагүй зочинтой таарсан хүн цөөнгүй. Тэд Улаанбаатарын айл бүр ус цэвэршүүлэгчтэй болох шаардлагатай хэмээдэг. Ус цэвэршүүлэгч, шүүлтүүртэй айл жил бүр багагүй мөнгө зарлагаддаг. Мөн ус цэвэршүүлэгч нь хэвийн хэмжээнд ажиллаж, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд ач тус өгч байгаа эсэх талаар төдийлөн мэддэггүй. Нийслэлийн орон сууцанд амьдардаг айл бүрт ус цэвэршүүлэгч хэрэгтэй юу? Энэ асуултын хариултыг Геоэкологийн хүрээлэнгийн усны шинжилгээний лабораторийн эрхлэгч асан доктор М.Энхтуяагаас тодрууллаа.

-Улаанбаатар хотын ундны усыг цэвэр, шууд хэрэглэхэд тохиромжтой гэдэг. Та үүнтэй санал нийлдэг үү?

-Ус хотын шугам сүлжээгээр дамжихдаа тодорхой хэмжээгээр зэв, хлорын үлдэгдлүүдтэй нэгддэг. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Зэв, төмөр, хлор ихтэй усыг хэрэглэх нь дотоод эрхтнүүдийг гэмтээдэг. Хэрэв 500 мг/дм3 –аас дээш хлорын агууламжтай байх юм бол биед сөрөг нөлөө үзүүлнэ.

-Хлортой, зэвтэй усыг гэрийн нөхцөлд цэвэршүүлэх боломжтой юу?

-Усаа шууд хэрэглэлгүй, саванд хийж хонуулах хэрэгтэй. Ингэсний дараа хлор нь дэгдээд, зэв нь туначихдаг. Бохирдлын хэмжээ бага байх тохиолдолд усыг иймэрхүү маягаар цэвэрлээд хэрэглэж болно.

-Улаанбаатар хотын ундны усанд хлор ямар хэмжээтэй агуулагддаг вэ? 

-Нийслэлийн ундны усны найрлага Хан-Уулд нэг өөр, Толгойтод нэг өөр гэхчлэн найрлага болоод бохирдлын хувьд өөр өөр байдаг.  Зарим газар их зөөлөн, эрдэсжилтийнх нь хэмжээ 100 мг/дм3 хүрдэггүй. Ийм зөөлөн усыг урт удаан хугацаанд хэрэглэвэл бие дэх кальц, магни, калийг хөөдөг сөрөг нөлөөтэй. Шинэ барилга байгууламж, хуучин орон сууц гээд шугам хоолой, дамжуулалтаасаа шалтгаалан хлор, зэв гээд бохирдлын хэмжээ бас өөр өөр байдаг. 

-Крантны усны бохирдлыг ус цэвэршүүлэгч, шүүлтүүрээр бүрэн цэвэршүүлэх боломжтой юу?

-Маш олон ус цэвэршүүлэгч байдаг. Чанарын баталгаа, албан ёсны бичиг баримтыг нь шалган, хяналт тавин хэрэглэх шаардлагатай. Мөн ямар элемэнтийг нь шүүж, ямар эрдсээр баяжуулдаг болохыг нь судалж, сонголт хийх хэрэгтэй. Шүүлтүүр, цэвэршүүлэгчтэй л бол чанартай, эрдэс менерал ихтэй ус ууж хэрэглэнэ гэсэн үг биш. Зарим шүүлтүүрүүд усны эрдсүүдийг шүүчихдэг.

-Нийслэлийн ундны усны эрдэсжилт ямар хэмжээтэй байдаг вэ?

-Усны эрдсийн агууламж манай улсад стандарт нормоор тогтоогдсон байдаг. Хамгийн дээд зөвшөөрөгдөх хэмжээ бол 1000 мг/дм3 байдаг. Гэхдээ хэрэглэж байгаа усны эрдэс 500 мг/дм3-аас бага л байвал энэ нь хүний биед зохимжтой гэж үздэг. Улаанбаатар хотын усны эрдсийн хэмжээ 60 мг/дм3-аас эхлээд 150, 160 гээд 200 мг/дм3 байдаг.

-200 мг/дм3 найрлагатай ус хүний биед хангалттай эрдсийг өгч  чадах уу?

-Хангалттай. Тэгэхээр нийслэлийн айл өрх бүр ус цэвэршүүлж, эрдэсжүүлэх төхөөрөмжтэй байх  шаардлагагүй. Хэрэглэж буй усаа хэвийн бус гэж үзэж байвал баталгаатай газраар шинжлүүлж эрдэс дутуу бол эрдэсжүүлэх, бохирдолтой бол цэвэршүүлэх төхөөрөмж авах хэрэгтэй. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
139.5.219.234 Зүг чигийн нь заагаад өгсөн байхад заавал хөтөлүүлэх хэрэг юун залхууч ч болдоо .
202.170.71.157 нээх худлаа шаасан сдакууд их болжээ. ажлаа өг л дөө чи. УБ-н иргэд уг нь дэлхийн хамгийн цэнгэг ус хэрэглэх ёстой байхад хуучирсан дэд бүтэцээс болж зэвтэй, нялайтал хлорминжуулсан ус ууж байна. энэ эмгэнэл мөн биз, ус цэвэржүүлж шүүж л хэрэглэхгүй бол ер нь худлаа болсон
104.228.158.165 usiig irged uursduu shinjluuleed yavj bna gej yu bhav dee, eneniig chin hariutsdag gazar gej baidaggui hereg uu? tsever usaar hangaj chadaaguinhee tuluu irgeddee heden sayaaar ni nuhun utlbur tulj bgaa uls ornuud baih l yum.