Тав дахь эх үүсвэртэй хэзээ танилцах вэ

2016 оны 04 сарын 27

 -Станцын барилгын үндсэн ажлыг эхлүүлэх боломжтой-

10 жилийн өмнө сэргээгдэх эрчим хүчний станц 9.5 центээр эрчим хүч нийлүүлнэ гэхэд салбарынхан нь дургүйцэж байжээ. Тэгэхдээ “Байгальд ээлтэй, шинэ технологитой, сэргээгдэх эх үүсвэр байж болно. Гэхдээ оросуудаас 2-3 центээр авчихна” гэсэн өгүүлбэр хавчуулахаа мартаагүй. Өдгөө манай улс хойд хөршөөс нэг кВт/цаг эрчим хүчийг дунджаар 11 центээр худалдан авч байна. 10 жилийн дараа импортын эрчим хүчний үнэ даруй тав дахин өсчихсөн хэрэг.

Харин дэмжихгүй байсан сэргээгдэх эрчим хүчний станцаас 20 жилийн турш 9.5 центээр эрчим хүч нийлүүлэх юм. Хойд хөрш “Цахилгаанаа 20 центээр зарна, авахгүй бол тасаллаа” гэвэл бид “Үгүй” гэж хэлж чадахгүй. Өвлийн улиралд, ямар нэг осол гарвал 1990-ээд оны эхэнд цахилгаангүй, халаалт муутай сандарч байсан үе давтагдахыг ч үгүйсгэхгүй.

Иймээс өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлтийг хангах найдвартай эх үүсвэр хамгаас чухал. Уг нь ярьснаа цаг алдалгүй хэрэгжүүлсэн бол эрчим хүчний тавдугаар эх үүсвэр ашиглалтад орох хугацаа ойртож байх ёстой байлаа.

Монгол Улсын эрчим хүчний салбар дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн анхны том төсөл хэмээн тодотгодог “ДЦС-5”-ыг барих ажил удаашралтай байна. 1984 оноос хойш баригдах гэж буй том эх үүсвэр болохоор, дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэхээр “дуншиж” буй станц хэзээ ашиглалтад орох вэ? Тус станцыг барих санаачилга гаргаснаас хойш хэдийнэ 14 жил өнгөрчихөж!

Одоогоос гурван жилийн өмнө тавдугаар цахилгаан станцыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй концессын тендерт Монгол, Франц, Япон, БНСУ-ын хамтарсан түншлэл шалгарсан.

 Уг консорциумтай 2014 оны зургадугаар сард концессын гэрээ байгуулсан байдаг. Мөн өнгөрсөн оны долдугаар сард “ДЦС-5” төслийн концесс эзэмшигч тал (Францын “Энжие” буюу хуучнаар “GDF Suez”, Японы “Sojitz”, БНСУ-ын “Posco Energy”, Монголын “Ньюком”), Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж буй байгууллагууд цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Хэдийгээр ийнхүү гол асуудлаа шийдсэн ч нүүрс болон ус нийлүүлэх, газар эзэмших зэрэг дагалдах гэрээнүүдийг байгуулах учиртай.

Тэдгээрийн хэлцэл нэлээд ахицтай, 70-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар “Ньюком” компанийн дэд бүтэц, эрчим хүч хариуцсан захирал Д.Ганхуяг хэлэв. Тэрбээр “Төслийн бүх гэрээг ирэх тав, зургадугаар сард багтаан эцэслэн, гарын үсэг зурах боломжтой гэж үзэж байгаа. Засгийн газар эцсийн байдлаар байр сууриа илэрхийлэх учиртай. Түүнээс хамаараад үндсэн гэрээнд өөрчлөлт орох магадлалтай” хэмээв.

Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор өмнө нь Хөлийн голын хөндийд газар эзэмшиж байсан компанитай холбоотой гарсан маргаан, тэндхийн ойр хавьд оршин сууж буй айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр байгааг ойрын хугацаанд шийдэх бололтой. Үүнээс гадна татвараас чөлөөлөх асуудал хүлээгдэж буй. Дэд бүтцийн томоохон төслүүдийн барилгын шатанд нь холбогдох татвараас хөнгөлж, чөлөөлдөг олон улсын практик бий. Одоогоор салбарын болон Сангийн яам ойлголцолд хүрээд буй агаад ойрын үед Засгийн газарт саналаа өргөн барих гэнэ. Уг төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газар үүрэг хүлээж байгаа.

Цахилгаан дамжуулах шугам барих, дулааны сүлжээний магистрал шугам, усан хангамжийн шугам хоолой тавих, төмөр замаар холбож шаардлагатай зарим хэсэгт өргөтгөл хийх зэрэг ажлыг энд дурдаж болно. Эдгээр байгууламжийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд хөнгөлөлттэй зээл авахаар олон улсын байгууллагуудтай ярилцаж буй аж. Гагцхүү төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулах гэж буй юм байна.

Д.Ганхуяг “ДЦС-5” төслийг хэрэгжүүлэхгүй удааж байна гэж хүмүүс ярьж байгаа. Бид 2013 оны есдүгээр сараас уг төсөл дээр ажиллаж эхэлсэн. Дагалдах гэрээнүүдийн 90 орчим хувийг байгуулсан гэж ойлгож болно. 1.5 тэрбум ам.долларын мега төсөл ийм ахицтай байгаа нь тийм ч чамлахаар биш” гэв. Гэхдээ төслийн явц удааширч байгаа нь консорциумын зардал нэмэгдэхэд нөлөөлөх нь тодорхой. Зээл олгох боломжтойгоо илэрхийлээд байсан банкууд дотроос Японы санхүүгийн нэгэн байгууллага татгалзжээ. 2012 онтой харьцуулахад манай улсын макро эдийн засгийн нөхцөл муудсан, зээлжих зэрэглэл буурсан, эрсдэл нэмэгдсэн зэрэг нь үүнд нөлөөлсөн гэнэ.

Өнгөрсөн оны эцсээр Парист болсон уулзалтаар улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн тухай гэрээ байгуулахад Франц улс аль болох сэргээгдэх эрчим хүчний технологи нэвтрүүлж, нүүрснээс татгалзахаа амласан. Улмаар 70 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг Францын “Энжие” (Засгийн газар нь гол эзэмшигч нь) групп гадаадын улс орнуудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нүүрсний 20 орчим төслийнхөө дийлэнхийг больжээ.

Ердөө гурван төсөл авч үлдсэн нь барилгын ажил, санхүүжилт нь эхэлсэн Чили, Морокко улсад хэрэгжүүлж буй төслөөс гадна Монголын “ДЦС-5” аж. Барилгын ажил нь эхлээгүй ч санхүүжилтийн шатандаа явж байгаагаас ганц үлдсэн нь “ДЦС-5” бөгөөд “Энжие” групп Тавантолгойн цахилгаан станцын төсөлд оролцохгүй болсноо мэдэгдсэн билээ. Хэдийгээр улс орнууд нүүрснээс татгалзаж байгаа ч Монголд ойрын хугацаанд нүүрснээс эрчим хүч гарган авах үр ашигтай төсөл зайлшгүй хэрэгтэй гээд, төсөл үргэлжилнэ гэсэн итгэл үнэмшилтэй учраас ийнхүү шийдсэн хэрэг.

Зарим хүн тавдугаар цахилгаан станцыг барих нь буруу гэж эсэргүүцэх нь бий. “ДЦС-3”-ыг 50, “ДЦС-4”-ийг 123 мВт-аар өргөтгөсөн тул хэсэгтээ хангалттай хэмээн ярьж магадгүй. Гэхдээ манайхан бүх “юм”-ыг цагийг нь тулгаж боддог дутагдалтай. Хүн ам, үйлдвэрлэл өсөхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ ч сүүлийн жилүүдэд дунджаар 6-7 хувиар нэмэгдсэн тооцоо бий. Нөгөөтэйгүүр, “Оюутолгой” компани жилд нэг тэрбум кВт/цаг эрчим хүчийг урд хөршөөс худалдан авч буй. Энэ нь манай улсын нийт үйлдвэрлэл жилд таван тэрбум кВт/цаг байдгийн 20 хувь гэсэн үг. Өнөөдөр хэрэглээ “тааз”-андаа хүрээгүй, нийлүүлэлт хангалттай гэх нь буруу биз. Ер нь эрчим хүчний салбар том төсөл, аж үйлдвэржилттэй холбоотойгоор бусад салбараас багаар бодоход 5-10 жилийн өмнө түрүүлж хөгжих ёстой гэдэг.

“ДЦС-5” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд ашиглах бүх технологио сонгожээ. Өмнө нь уг төсөлд 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцож байв. Зардал өссөн, Засгийн газраас ажлын даалгаварт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор дээрх тоо 1.5 тэрбум “ногоон” болж нэмэгдсэн байна. “ДЦС-5” төслийн барилгын үндсэн ажлыг энэ жил эхлүүлж, төслийн талбайг бэлтгэх газар шорооны ажлыг хийхээр төлөвлөжээ.

450 мВт цахилгаан, 587 мВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай “ДЦС-5” шиг хэмжээний станц барихад 3-4 жил зарцуулдаг олон улсын жишиг бий. УИХ-аас баталсан Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын бичиг баримтад ойрын хугацаанд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад “ДЦС-5” төслийг нэн тэргүүнд оруулсан байдаг. Улс төрийн нөлөө орчихгүй бол тавдугаар станцын төсөл удаан ч гэсэн урагшилж л байгаа юм санж.

Ц.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД