Монгол цэргүүд дүрвэгсдийг халдлагаас хамгаалжээ

2016 оны 04 сарын 27

Өмнөд Судан улсад НҮБ-ын далбаан дор явуулж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа манай энхийг сахиулагчид болзошгүй аюул ослоос нутгийн иргэдийг аварчээ. Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байхдаа нутгийн дөрвөн иргэн сэжигтэй зүйл хийж буйг мэдээд, шуурхай арга хэмжээ авчээ. Нутгийн иргэд үүрээр дүрвэгсдийн хуарангаас холгүй газарт галт зэвсэг булж орхисон байж. Манай энхийг сахиулагчид тэдний байсан газарт очиж шалгахад олон тооны буу, сум, галт хэрэгсэл олдсон гэнэ.

Хэрэв цаг тухайд нь түүнийг илрүүлээгүй байсан бол энгийн иргэд төдийгүй манай энхийг сахиулагчид руу гал нээх эрсдэл өндөр байлаа. Монголын цэнхэр дуулгатнуудын сонор сэрэмж өндөр байж, орон нутагт учрах байсан эрсдэлийг зайлуулсныг НҮБ-ын UNMISS ажиллагааны Хойд секторын командлал болон батальоны удирдлагууд ихэд сайшааж, ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нарыг урамшуулжээ.

Хэдхэн сарын өмнө Өмнөд Суданы Малакал хотод 30 гаруй мянган хүнтэй дүрвэгсдийн хуаран дотор зэвсэгт халдлага болж, олон иргэн амиа алдсан юм. Тийм халдлага зохион байгуулах гэж байсан байж болзошгүй гэж НҮБ-ын UNMISS ажиллагааны Хойд секторын командлал үзэж байгаа юм. Манай энхийг сахиулагчдын хамгаалж буй Бентью хот дахь дүрвэгсдийн хуаранд 120 гаруй мянган иргэн байгаа нь дэлхийн хамгийн олон тооны дүрвэгчтэй бүсийн тоонд орж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.169.58 баяр хүргэе. монгол цэргүүд мундаг шүү.