Хоолны хордлогын улмаас 23 хүн Пакистанд амиа алдав

2016 оны 04 сарын 26

Пакистаны ладду хэмээх амттанд хордсоны улмаас 23 хүн амиа алдаад байна хэмээн тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Пунжаб  мужид амьдардаг эр нуган хүүтэй болсноо тэмдэглэн хүүхдийн угаалга хийжээ. Харамсалтай нь түүний баярт уригдан ирсэн садан төрлийнх нь 77 хүн баярын ширээнээ зассан ладдунаас хордож, 11 нь нас барж, тав хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Тус мужийн цагдаагийн байгууллага орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг амттаны хоёр ч дэлгүүрийг эл явдалд сэжиглэж байгаа бөгөөд ажиллагсад нь хүнсний аюулгүй байдлын технологийн горим зөрчсөн хэмээн үзэж байгаа гэнэ.

Орон нутгийн цагдаагийн ажилтан Ирфан Файзын өгүүлснээр Сажжад Хуссейн гэгч залуу баярын ширээндээ тавихаар нийт 4.5 кг амттан худалдан авсан бөгөөд баярын маргааш таван хүн нас барсан байна.

Пакистанд эм болон хүнсний аюулгүй байдалд тавих хараа хяналт сул. Тиймээс ч сүүлийн жилүүдэд согтууруулах ундаа, ханиадны эмнээс хордсон тохиолдол цөөнгүй гарч байжээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД