А.Алтан-Очир: Шилдэг дасгалжуулагч О.Баярцогтыг шигшээ цувралд ялахыг хүсч байна

2016 оны 04 сарын 26

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн 2015-2016 оны улирлын аваргын төлөө хүчирхэг “SBL Хасын Хүлгүүд”, өнгөрсөн жилийн аварга “Альянс Тех Харцага”-тай тунан үлдээд буй. Дасгалжуулагч болсон анхны жилээ “Альянс Тех Харцага”-т аваргын цом авчирсан А.Алтан-Очиртой уулзаж ярилцлаа.  

-Үндэсний супер лигийн аваргын төлөө хүчирхэг “SBL Хасын Хүлгүүд”-тэй өрсөлдөхөөр боллоо. Финалыг хэрхэн харж байна вэ?

-Цуврал тун сонирхолтой болох нь дамжиггүй. Миний хувьд залуу дасгалжуулагч учир Монголын шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогтын эсрэг тоглоно гэдэг хүнд даалгавар. Гэхдээ би энэ даалгаварыг сайн биелүүлэхийн төлөө хичээнэ. Нэг тоглолтоос дараагийн тулаан хүртэл хэдэн өдрийн зай байна гэдгээс их зүйл шалтгаалах юм. Үзэгчдийн хувьд нэг өдөр өнжөөд тогвол таатай хүлээж авах болов уу. Гэхдээ нэг өдөр амарна гэдэг хоёр багийн тоглогчдод бага зэрэг ачаалалтай. Хэрэв хоёр хоног амраад явбал хожигдсон баг нь хувилбар тактикаа сайн ярилцаад авах болно.

-Танай багийн тоглогчид финалын цувралд 100 хувь бэлэн байгаа юу? Бэртэлтэй тоглогч бий юу.  

-Манайд бэртэлтэй тоглогч одоогоор байхгүй байна. Эсрэг багт ч гэмтэл тоглогч байхгүй болов уу гэж бодож байна.

-“Харцага” плей-оффын хагас шигшээд “Төв Ургац”-тай хүндхэн зургаан тоглолт хийж, финалд шалгарлаа шүү дээ.

-“Төв Ургац” хүнд тоглолтууд хийсэн нь манай багийн цочроог арилгасан. Бид шилдэг легионер тоглогчийг багаараа яаж хамгаалах вэ гэдэг тал дээр маш сайн ажилласны хүчинд “Төв Ургац”-ыг буулган авлаа.

-“Хүлгүүд” бол хурдтай баг. Тэдний эсрэг ямар хувилбар бэлдэж байна вэ?

-Манай баг “Хүлгүүд”-ийг бодвол өндөр тоглогчидтой. Хурдаар  бол тэднээс дутуу.  “Хүлгүүд” урд шугаманд тоглодог хурдтай тоглогчидтой.

-Өнгөрсөн жилийн аварга “Альянс Тех Харцага” 2015-2016 оны улирлаа эргэн дүгнэвэл. Хэцүү улирлыг ардаа орхин финалд шалгарч чадлаа. Ялангуяа улирлыг тааруухан эхлүүлсэн шүү дээ.

-Улирлыг манай баг зуны бэлтгэл тааруухан эхлүүлсэн нь хожигдох шалтгаан болсон байх. Хэд хэдэн тоглогч улирлыг гэмтэлтэй эхлүүлсэн.

-“Харцага”-ын шилдэг легионер Стив Флетчер NBA-ийн D лигт дуудагдан нутаг буцсан нь гэнэтийн зүйл байсан болов уу. Түүнийг явуулаад багийн хувилбарт нэлээдгүй өөрчлөлт орж, богино хугацаанд дасах хэрэгтэй болсон биз ээ.

-Манай Стив Флетчерт D лигээс татгалзахын аргагүй санал ирсэн тул явахаар шийдсэн. Бид үүнийг дэмжээд Флетчертээ амжилт хүсээд явуулсан даа. Флетчерийг явуулаад бид хамгаалалт сайтай тоглогчийн эрэлд гарсан. Солилцоо наймааны цонх хаагдах дөхөөд байсан тул маш хурдан шийдвэр гаргаж легионер тоглогч авчирах хэрэгтэй болсон юм. Бид бүхэн ярилцаад Карл Блэйртэй коллежид нэг багт хүчин зүтгэж байсан Райн Гэшковскиг сонгосон. Райн бол Флетчер шиг онооны машин биш ч гэлээ хамгаалалт сайтай тоглогч. Бид Флетчерийг явуулчихаад яагаад шиддэг тоглогч аваагүй гэхээр манай багт Г.Баттөр, Ц.Азбаяр гэх мэт шидэлт сайтай тоглогч олон бий. Тиймээс заавал довтолгоонд тулгуурласан тоглогч бус хамгаалалтад суурилсан хүн олохыг хүссэн.

-“Альянс Тех Харцага” баг Б.Одбаяр хэмээх тоглогчтой амин холбоотой юм. Учир нь түүнийг Австралиас авчираад багаараа сэргэж эрч, хүчтэй тоглолт үзүүлсээр финалд хүрч чадлаа шүү дээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Сагсан бөмбөг тоглодог хүн нэг зүйлийг багаасаа маш сайн сурсан байх ёстой. Тэр бол Одбаярт байгаа дайчин чанар. Бөмбөг бүрийн төлөө тэмцдэг. Будагтай талбай, самбар эсрэг багийн тоглогчдтой ширүүн тэмцэл өрнүүлээд бөмбөг бүрийн хойноос зүтгэж байгаа нь багийн андууд нь сэргэнэ шүү дээ. Хэн ч гэсэн бие биенийгээ хүчтэй, зоригтой тогло гээд хэлдэг. Гэхдээ түүнийг үйлдлээр үзүүлнэ гэдэг үнэхээр бахархалтай зүйл юм. Одбаяр бол бүх зүйлийг үйлдлээрээ харуулдаг тоглогч.

-“Альянс Тех Харцага” улирлын сүүлчийн тоглолтоо “Сентоза Ирвэсүүд”-тэй хийж, шууд тахим өгсөн гэхэд хилсдэхгүй. Үүний цаад шалтгаан плей-оффт илүү хүнд учраануудтай таарахаас зайлхийсэн хэмээн ойлгож болох уу?

-Тактикийн тоглолт л байсан. NBA-д ийм зүйл болдог шүү дээ. Нэгдүгээрт тамирчдаа амараая гэж бодсон. Хоёрдугаарт манайх тэр тоглолтод хожсон бол эхний шатанд “Дархан Гарьд” дараа нь “Хүлгүүд”-тэй таарах байлаа.

-Финалд “Харцага” багийн тоглогчдын сэтгэлзүй хэр бэлэн байна вэ?

-Хагас шигшээд “Төв Ургац”-тай тоглоод манай залуус маш их сэтгэлзүйн дайралтад өртсөн. Гэхдээ бид үүнийг давж чадсан гол давуу юм.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.          

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.118.178 Sonin yum yarih yum aa, Holbogch ni l undur bh, BILGUUN, TSOOJ, OONOO, HARRIS, JAVKHAA garaad irhed Barag undur shuu dee xaxa
45.117.32.2 Amjilt