
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг энэ сарын 4-нд хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан тайлбар авахаар Мөрдөн байцаах газраас зарлан дуудах хуудас хүргүүлсэн юм.
УЕПГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал өчигдөр “Өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр “Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягийн энэ сарын 4-ны өдөр хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс байцаалт авахаар зарлан дуудах хуудас ирүүллээ” гэж Н.Алтанхуяг өөрийн цахим хуудсандаа бичсэн талаар мэдээлэл гарчээ. Энэ мэдээлэлтэй холбогдуулан олон нийтэд үнэн зөв ойлголт өгөх зорилгоор прокурорын байгууллагаас залруулга мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзлээ.
АТГ, МБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж байгаа эрүүгийн хэрэгт Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягаас байцаалт авахаар зарлан дуудах хуудас өгчээ.
Түүнээс биш Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг 2016 оны дөрөвдүгээр сарын 4-нд хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан байцаалт авахаар дуудаагүй байна. Дээрх хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа тул хэргийн ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй” гэв.