С.Батхуяг: Хятадуудад борлуулах цахилгааныхаа үнийг тэргүүн ээлжинд тохиролцох хэрэгтэй

2016 оны 04 сарын 26

Шинжлэх ухааны доктор, ШУТИС-ийн профессор С.Батхуягтай эрчим хүчний салбарын талаар ярилцлаа.

-Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдлыг та хэрхэн үнэлж байна вэ?

-1980-аад оны сүүлчээр Монгол БНАСАУ-аас нэг хүнд ногдох цахилгаанаар ердөө л 400 орчим кВт/цагаар бага, улс орнуудын цахилгаанжуулалтын түвшнийг үнэлдэг энэ үзүүлэлтээр дэлхийн дундаж орчимд байсан. Тэгвэл Умард Солонгос улсын эрчим хүчний салбар хурдтай хөгжиж, өдгөө дэлхийн цахилгааны хэрэглээ өндөртэй арваад орны нэг болоод байна. Харин бид хойшоо “хөгжиж”, нэг хүнд ногдох цахилгааны хэмжээгээр дэлхийн дунджаас доогуур орны тоонд орлоо.

Эрчим хүчний олон системтэй нэртэй ч хүч чадлын ихээхэн дутагдалтай, тохируулгын болон ослын нөөц чадалгүй, бие дааж ажиллах чадваргүй нэг жижиг системтэй, цахилгаан, дулааны хангамж нь туйлын найдваргүй улс болж хувирсан. Энэ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бусад салбарын адил сүүлийн хориод жилд хөгжлийн бодлого, мэргэжлийн удирдлагагүй, урсгалаар явж ирсэнтэй холбоотой.

-Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэж, 9000 гаруй мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулаад, БНХАУ руу их хэмжээний цахилгаан экспортлохоор ажиллаж байгаа тухай сүүлийн үед ярих боллоо. Энэ аль хэр бүтэмжтэй, Монгол Улсад ач тустай төсөл вэ?

-Цөөн, том блокоос бүрдсэн их чадалтай станц байгуулж, БНХАУ руу их хэмжээний цахилгаан экспортлох нь манай улсын эрчим хүчний салбарын хөгжлийн нэг гарц мөн. Энэ санаачилга 2000-аад оны эхээр гарч байсан. Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үедээ Монголын говийн бүсийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн хэд хэдэн том станц байгуулж, их хэмжээний цахилгаан экспортлох санаачилга гаргаж, Хятадын тухайн үеийн дарга Ху Жинтаотай ярьж тохиролцсон юм билээ.

Харамсалтай нь манайхан мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, эрчимтэй ажиллаж, үр дүнд хүргэж чадаагүй. Яамдын түшмэлүүд хятадуудтай хэдэн удаа хэлэлцээр хийж, тэдэнд мадлуулж байгаад л орхисон юм даг. Тэр үед хятадууд 600 мВт-ын блоктой, том чадалтай станцын нэгж буюу нэг кВт чадлыг 420-460 ам.доллароор байгуулах урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулан ирүүлж байсан. Энэ нь маш хямд станц байсан боловч бид тэр сайхан боломжийг ашиглаж чадаагүй нь харамсалтай.

Манайхан хэлэлцээ хийж, дээрх үнийг 800 ам.доллар хүргээд орхисон дуулддаг юм. Бид барьж, байгуулуулах дэд бүтцийнхээ үнийг иймэрхүү янзаар бууруулж биш, өсгөж хэлэлцээ хийдэг хүмүүс дээ. Хятадууд бидний “зиндаа”-г мэддэг болсон бололтой. Сонины нийтлэлээс харахад, байгуулахаар ярьж буй станцынхаа ТЭЗҮ-ийг хийгээгүй байж нэгж чадлыг нь 2000 орчим ам.доллароор үнэлж байгаа бололтой юм.

-Нэгж чадал гэсэн ойлголтыг тайлбарлана уу. Үүнийг 2000 ам.доллароор үржүүлэхэд байгуулах станцын хөрөнгө оруулалтын баримжаа гарна гэж ойлголоо.

-Нэгж чадал буюу дээр ярьсан 2000 ам.долларыг станцын суурилуулсан нийлбэр чадлаар, тухайлбал, 9420 мВт-ыг 9.42 сая кВт болгож үржүүлбэл байгуулахаар ярьж байгаа станцад шаардагдах хөрөнгийн баримжаа гарна. Блокийн чадал нэмэгдэх тусам станцын нийт болон нэгжийн хөрөнгө оруулалт эрс буурдаг энэ тэр гээд энд их юм ярьж болно.

-Том чадалтай цахилгаан станц байгуулах хэлэлцээ хийхэд юуг анхаарах ёстой вэ. Энэ талаар санал бодлоо хуваалцаач?

-Хятадуудад борлуулах цахилгааныхаа үнийг тэргүүн ээлжинд тохиролцох хэрэгтэй. Цахилгаан борлуулах боломжийн үнэ тохиролцоогүй тохиолдолд станц байгуулах тухай ярих нь утгагүй. Хятадууд өнөөдөр “Оюутолгой”-д нэг кВт/цагийн цахилгааныг 200 гаруй төгрөг буюу 10-12 центээр худалдаж байгаа. Дээр дурдсан хэлэлцээний явцад хятадууд манайхаас авах нэг кВт/цагийн цахилгаанд таван цент хүргэж, үнийн санал өгөөгүй юм билээ. Хоёрдугаарт, цахилгаан экспортлох гэрээг аль болох урт хугацаагаар, болж өгвөл 25 жилээр хийх хэрэгтэй.

Учир нь жилд дөрвөн их наяд гаруй кВт/цагийн хэрэглээтэй Хятад улсад манайхаас авах хэдэн арван тэрбум кВт/цаг цахилгаан юу ч биш. Харин Хятад улс цахилгааны импортоо гэнэт зогсоовол, дотоодынхоо хэрэглээнээс арав орчим дахин их цахилгааны экспортоо алдвал манай улсын эрчим хүчний салбарт сүйрэл болно. Бид энэ цахилгаан станцыг БНХАУ-ын зээлээр барих учраас тэдний тоног төхөөрөмж, материалыг авч таарна. Өнөөдөр Хятад улс дэлхийн өндөр хөгжилтэй орны лицензээр, эсвэл тэдэнтэй хамтарсан үйлдвэр байгуулж, цахилгааны тоног төхөөрөмж, материал үйлдвэрлэж, том чадалтай цахилгаан станц олныг байгуулж байна.

Иймээс тэдний үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж, материалын чанар нь сайжирсан. Нүүрсний цахилгаан станцын хуурай хөргөх цамхаг, хүрээлэн буй орчинд хаях хорт хий, үнс, тоосыг хийн түлштэй цахилгаан станцын түвшинд хүртэл багасгадаг тоног төхөөрөмжийг тэд үйлдвэрлэж байна. Манай говийн хөрс нэн эмзэг. Тиймээс нэгдүгээрт, шинэ станцдаа хүрээлэн буй орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж хэрэглэх шаардлагатай.

Хоёрдугаарт, үнс зайлуулах хуурай систем, үнсийг шууд ашигладаг, хаягдалгүй технологи хэрэглэх учиртай. Гуравдугаарт, говьд усны хангамж хүндрэлтэйг харгалзан, хуурай хөргөх цамхаг ашиглах гэх мэт арга замыг станцын төсөлд тусгах нь зүйтэй. Эцэст нь, станцын нэгжийн хөрөнгө оруулалтыг бууруулах талаар туйлбартай хэлэлцээ хийх ёстой.

-Хөрөнгө оруулалтын жишиг баримжаа үнэ гэж байдаг уу?

-Цахилгаан станц байгуулах болон түүний нэгжийн хөрөнгө оруулалтын дэлхийн зах зээлийн үнэ гэж алт, мөнгө, нүүрснийх шиг яг тогтсон ханш байдаггүй. Гэвч станцын төрөл, хэрэглэж буй түлш, ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн технологийн түвшин зэргээс хамаардаг баримжаа үнэ ярьж болно. Хятадууд дээр дурдсанчлан дэлхийн өнөөгийн хамгийн тэргүүний технологийг лицензээр авч, эсвэл хамтарсан үйлдвэрт үйлдвэрлээд дотооддоо маш хямд үнээр борлуулдаг. Мөн станц байгуулах газрыг хямд, эсвэл үнэгүй чөлөөлж өгдөг.

Станц байгуулахад ажиллагсдын цалин барууны орнуудынхаас олон дахин бага, том станц байгуулдаг БНХАУ-ын төрийн өмчийн, үнэндээ бол намын компаниуд барууных шиг менежмент нэрээр станцын үнийг хэдэн арван хувиар нэмдэггүй. Тиймээс БНХАУ-д 600 мВт шиг том, блокоор байгуулдаг станц (зөвхөн цахилгаан станц ч биш, бүх төрлийн станц, өндөр, нам хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам зэрэг эрчмийн бүх барилга байгууламж)-ыг хямд, дэлхийн дундаж үнээс наад зах нь 2-2.5 дахин бага үнээр барьж байгуулдаг байна.

Хэрэв байгуулахаар ярьж байгаа цахилгаан станцын нэгжийн хөрөнгө оруулалтыг эрс бууруулж, 1000 ам.доллароос доошлуулахгүй, хятадуудын одоо ярьж байгаа үнээр бариулбал бид олигтой ашиг олж чадахгүй.

-Дэлхий нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч рүү хошуурч байна. Тэгэхэд бид том чадалтай, нүүрсний станцууд байгуулахаар ажиллаж байгаа. “Урсгал сөрөх”-өөс өөр арга бидэнд байхгүй юу?

-Сонирхолтой асуулт байна. Дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүч рүү хошуурч байгаа нь үнэн. Нэгдүгээрт, хүн төрөлхтөн түлшний эрчмээс, сэргээгдэх хэмээх эрчим рүү бүрэн шилжтэл нэлээд олон арван жил шаардагдах бололтой. Хоёрдугаарт, АНУ тэргүүтэй дэлхийн хөгжингүй, баян чинээлэг цөөн орны дохио зангаагаар хөдөлдөг санхүүгийн байгууллагууд сэргээгдэх эрчим хүчинд асар их хөрөнгө хаяж, судалгаа, шинжилгээ, сурталчилгаанд нь ч мөнгө хайрлахгүй цацаж байгаагийн хүчинд сэргээгддэг нөөц ашигладаг цахилгаан, дулааны үйлдвэрлэл нэмэгдэж, үнэ нь хямдарч байна.

Гэвч түлшээр үйлдвэрлэдэг цахилгаан, дулаантай харьцуулбал үнэ нь өндөр, хангамж нь найдваргүй (салхитай, нартай байвал цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг, байхгүй бол үйлдвэрлэл нь эрс багасдаг юм уу, бүрэн зогсдог), заавал адил чадалтай нөөц эх үүсгүүр шаарддаг гэх мэт дутагдалтайгаас гадна цахилгаан, дулааныг их хэмжээгээр нөөцлөн хадгалдаг хямд төсөр технологи одоогоор олдоогүй байна.

Тиймээс Монгол Улс асар их нүүрсний нөөцдөө тулгуурлан ганц нэг том станц байгуулж, БНХАУ-д аль болох их цахилгаан экспортолж, эрчим хүчний салбараа эдийн засгийн хувьд бие даалгах, дотоодын хүчин чадлын дутагдлыг арилгах, системийнхээ эх үүсгүүрийн бүтцийг боловсронгуй болгох гэх мэт тулгарсан асуудлаа шийдвэрлэх шаардлагатай. Үүний тулд БНХАУ-д экспортлох цахилгааны үнийг тэргүүн ээлжинд тохиролцох хэрэгтэй гэдгийг дахин сануулъя.

-Эгийн гол дээр усан цахилгаан станц (УЦС) барих нь зөв, буруу гэж олон жил маргалдсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Тийм ээ. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар ТЭЗҮ, бүрэн хэмжээний зураг төслийг нь боловсруулсан манай улсын ганц усан цахилгаан станц байгаа юм. Жилд 500 орчим сая кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх чадалтай усан цахилгаан станцыг 294 сая ам.доллароор босгох юм байна. Монголын тал 100 саяыг гаргавал үлдсэн хөрөнгийг нь Азийн хөгжлийн банк оруулъя гэсэн санал 1990-ээд оны эхэнд тавьж байсан удаа бий.

Харамсалтай нь манай системийн цахилгааны эх үүсгүүрийн бүтцийг эрс сайжруулж, хангамжийг найдвартай болгоход маш чухал үүрэгтэй энэ станцыг байгуулахын ач холбогдлыг Монгол Улсын тухайн үеийн удирдлагууд ойлгож, Азийн хөгжлийн банкны саналыг дэмжээгүй. Мөн тухайн үед Малайзыг Азийн бар улс болгосон, нэрт улстөрч Махатирын Засгийн газар уг станцыг байгуулах талаар яриа, хэлэлцээ хийх санал тавьж байсан. Махатир ч өөрөө Монголд ирсэн боловч түүнтэй олигтой яриа хэлэлцээ хийгээгүй.

Сурсан зангаараа, дундаас нь “мөнгө цохих” санаатай Чехийн “Техно-Арт” хэмээх нэртэй, юу нь ч мэдэгдэхгүй газрын хэдэн тэнэмлүүдтэй гэрээ байгуулж, дампууруулж хаяцгаасан юм даг. Одоо БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын зээлийн 800 гаруй саяар энэ усан цахилгаан станцыг байгуулах тухай нэг эрхэм сүүлийн хэдэн жил рекламдаж байна. Дэлхийн зах зээл дээрх эрчим хүчний станцын тоног төхөөрөмж, барилга байгууламжийн үнэ, төгрөгийн ам.доллартай харьцах ханш шиг 5-10 жилд 3-4 дахин нэмэгдэж байдаг эд биш.

Хэдэн сая доллар төлж, уг станцын чадлыг 100 мВт-аар нэмэгдүүлэх өөрчлөлт зураг төсөлд оруулсан нь хөрөнгө оруулалтыг олон дахин өсгөх булхайгаа нуух зорилгоор хийсэн мунхаглал. Хамгийн гол нь уг станцыг байгуулах асуудлыг ОХУ-ын эрх бүхий байгууллагатай зөвшилцөх ёстой. Улс орнуудын хил дамнасан голыг ашиглах ном журам гэж соёлт бүх улс мөрдөх ёстой хууль дүрэм бий. Энэ асуудлыг улстөржүүлэх нь утгагүй. Байгал бол дэлхийн цэнгэг усны нөөцийн зургааны нэгийг агуулдаг, “Хүн төрөлхтний үнэт өмч”-өөр ЮНЕСКО-д бүртгэгдсэн нуур. Үүнээс гадна Байгал нуурыг хамгаалах талаар Монгол, Оросын Засгийн газар хоорондын хоёр ч гэрээ хэлэлцээр бий.

Эгийн голд усан цахилгаан станц байгуулахаас хоёр дахин бага зардлаар, бараг хоёр дахин богино хугацаанд хоёр тийшээ (+/-200 мВт) тохируулга хийдэг 200 мВт-ын ус хуримтлуурт цахилгаан станцыг Төвийн эрчим хүчний системийн ачааллын төвд буюу Улаанбаатарт байрлуулж, дээр дурдсан хүндрэлээс гаргах боломж бий. Өнөөгийн мөнгө мэддэг томчуулд хямд барилга байгууламж хэрэггүй байдаг бололтой юм.

-Улаанбаатарт тавдугаар цахилгаан станц барина гэж бас л олон жил ярилаа. Энэ станцыг барьчихвал төвийн эрчим хүчний систем цахилгааны дутагдлаас гарчих юм биш үү?

-Дулаан, цахилгааныг хослуулж үйлдвэрлэдэг ДЦС буюу манайхны ТЭЦ гэж теплоэлектро-централь хэмээх орос нэрийнх нь хураангуйгаар нэрлэж заншсан энэ станц их өндөр өртөгтэй байдаг. Тэгээд ч өнөөдөр, ер нь ойрын арваад жилд Улаанбаатарт ийм станц онцын шаардлагагүй. Харин ид хүйтний үед жилд 2-3 сар ажиллаж, дулааны оргил ачааллыг хаадаг, дулааны хямдавтар эх үүсгүүр хэрэгтэй байгаа юм. Улаанбаатарын ДЦС-3 нь 100, 48 мВт-ын өндөр, дунд даралтын хэмээх хоёр хэсгээс бүрдсэн, 150-иад мВт нийлбэр чадалтай, ашиглалт нэн багатай нэг станц бий.

Өнгөрсөн оны сүүлчээр 50 мВт-ын нэг машин тэр станц дээр нэмж суурилуулсан боловч чадлын ашиглалт нь дорвитой өсөөгүй. Энэ бол миний дээр ярьсныг батлах нэг жишээ. Манай ДЦС-5-ын лообийчид дэлхийн том компаниудаар концессын гэрээгээр том цахилгаан станц бариулдаг “улс” болох гэж худал, үнэн ярьж байгаад станцын барилгын ажлыг эхлүүлчихвэл, дуусгуулж чаддаггүй, дутуу хаях аргагүй нэг том өрийн хүүдийтэй үлдэх аюул бий шүү.

Манайхан шиг эрхэлсэн ажлаа мэдэхээсээ мэдэхгүй нь их, нэг намын нэр барьсан тоодгорууддаа биш, мэргэжлийнхээ хүмүүсийн үгэнд ордог, соёлт ертөнцийнхөнд л найдах юм даа.

Т.ЭНХБАТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.170.71.163 Оросуудын бууны нохой юм биздээ.
103.10.22.2 Таньд ажлын амжилт хүсье!
202.9.40.180 Та тухайн үедээ УЦС-ыг ойлгохыг хүсээгүй хүмүүсийн нэг шүү дээ. Эгийн голын хувьд зөв хэлжээ. 220МВт байхад 500 орчим сая КВт/цаг үйлдвэрлэх байхад одоо 315МВт байхад 606сая КВт/цаг гээд босох үнэ нь 827 сая ам. доллар гэдэг нь арай хэтэрнээ.