Ж.Эрдэнэбат: Сонгуулийн автоматжуулалтын зардал арав дахин буурсан

2016 оны 04 сарын 26

СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбатаас сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим зүйл тодрууллаа.

-Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажлын явц ямар байна вэ?

-Бэлтгэл ажлыг хуулийн дагуу зохион байгуулж буй. Тухайлбал, “Нэр дэвшигчийн бүртгэлийн программ”, “Сонгуулийн газарзүйн мэдээллийн систем” гэсэн хоёр программ зохиож байна. 21 аймаг, нийслэлд сонгуулийн ажилтны сургалт хийж эхэлсэн. Манай инженерүүд аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн ажилтнуудад автоматжуулсан системийн иж бүрдэл, түүнийг сонгуульд ашиглах эрх зүйн орчин, мэдээллийн технологийн баг, даамлын ажил үүрэг, өгөгдөл дамжуулж турших болон санал авах үйл ажиллагааны талаар сургалт зохион байгуулж байгаа юм.

Мөн энэ үеэр санал тоолох төхөөрөмжийн саналын хайрцагны бүрэн бүтэн байдлыг шалгах, санал авах байрны байршлыг тодорхойлох, санал хураалтын дүнг дамжуулах сүлжээний судалгаа хийх, энэ сонгуульд ажиллах мэдээллийн технологийн баг, даамлын судалгааг гаргах ажлыг давхар гүйцэтгэж байна.

-Зарим сайтаар “Хар машины зай солих, сэлбэг хэрэгсэл авах, цэвэрлэгээний материалд 2.5 тэрбум төгрөг зарцуулна” гэсэн мэдээлэл гарсан. Үүнийг тодруулаач?

-Энэ бол автоматжуулсан систем ашиглахтай холбоотой гарах нийт зардлын хэмжээ. Зай солих ажил энэ дотроо багтана. Санал тоолох төхөөрөмжийг Мэдээллийн технологийн төвөөс бүх санал авах байранд хүргэх, буцаан татах тээврийн, цахилгаан мотор түрээслэх, сэлбэг хэрэгсэл болон олон дахин ашиглах боломжгүйнэг удаагийн лац, цэвэрлэгээний хуудас, санал тэмдэглэх үзэг гэх мэт бараа материал худалдан авах зардал бүгд орж байгаа.

Мөн түрүүн ярьсан хоёр системийг хөгжүүлэхэд шаардлагатай серверийн аюулгүй байдлыг хангах техник хэрэгсэл, программ хангамжийн, дүн дамжуулах сүлжээний зардал багтсан.

-Зайг заавал солих шаардлагатай юу?

-Бид 2012 онд 2500 ширхэг зай авсан. Энэ нь цахилгаан эрчим хүчний эх үүсвэргүй, эсвэл цахилгааны саатал гарсан үед санал тоолох төхөөрөмжийг 13 цаг ажиллуулах хүчин чадалтай. Гэвч одоо ашиглалтын хугацаа нь дууссан учраас шинийг авах хэрэгтэй болж байгаа юм.

-Анх уг машиныг программтай нь худалдан авсан гэсэн. Тэгсэн атал одоо программ хангамжийн зардал төсөвлөсөн нь ямар учиртай юм бэ?

-Одоо төсөвлөсөн мөнгөөр программ хангамжийн лицензийн төлбөр, анх байгуулсан гэрээн дээр сонгуульд ашигласан санал тоолох төхөөрөмжийн тоогоор лицензийн төлбөр төлөхөөр тохиролцсон байдаг.

-Өмнөх сонгуулийн төсөвтэй харьцуулбал энэ удаа автоматжуулалтын төсөв ямар байгаа бол?

-УИХ-ын 2012 оны сонгуулийн автоматжуулалтын төсвөөс 10 дахин бага төсөв баталсан. Тэр үед санал тоолох төхөөрөмжийн иж бүрдлээс гадна бүртгэлийн техник хэрэгсэл болох “Сонгогчийн бүртгэлийн программ” бүхий зөөврийн компьютер, хурууны хээ уншигч, бүртгэлийн хуудас хэвлэгч зэргийг худалдан авсан учир их зардал гарсан. Одоо бол энэ бүхнийг дахин авахгүй, мөн гаднын зөвлөх инженерүүдийн хийж байсан ажлуудыг манайхан хийж чаддаг болсон нь төсөв багасахад нөлөөлсөн.

-Саналын хайрцагны бүрэн бүтэн байдлыг шалгаж байгаа гэсэн. Эвдэрсэн хайрцаг байна уу?

-Судалгаа гаргаж байгаа. Манайд үйлдвэрлэх боломжгүй тул дотоодын компаниар хямд материалаар хайрцаг хийлгэнэ. Загвар хайрцгийг хийлгэж байна.

-Автомат машинаа яаж баталгаажуулдаг вэ?

-Тагнуулын ерөнхий газар болон манай Мэдээллийн технологийн төв, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, программ хангамжийг туршин шалгаж, баталгаажуулан гэрчилгээ олгодог. Энэ ажлын хэсэг санал тоолох төхөөрөмжийг сонгуульд бэлтгэхээс эхлээд санал хураалтын дүн гарч дуустал хяналт тавьдаг.

С.УУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.169.58 бидний саналыг битгий лувардуулчихаар ай !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!