МАН: Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй

2016 оны 04 сарын 26

МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа УИХ-ын гишүүнийг намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн авахаар болсныг тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, гишүүн Х.Болорчулуун нар мэдээллээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга “Өмнө нь МАН хүнээ шууд сонгодог байх ёстой, жагсаалтын ард нуугдах нь буруу гэсэн байр суурь баримталдаг байсан. Үүний дагуу хүнээ, эсвэл намын жагсаалтаар сонгох нь зөв үү гэсэн санал асуулгыг Ард нийтийн санал асуулгын хуулийн хүрээнд явуулах санаачилгыг жилийн өмнө өргөн барьж байсан” хэмээн Цэцийн дүгнэлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэн, хангалтгүй гэж дүгнэв. Үндсэн чиглэлд тусгасан зорилт, арга хэмжээний тоо сүүлийн дөрвөн жил дараалан буурсаар 2011 оныхтой харьцуулахад хоёр дахин багассныг МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр тэмдэглэсэн. Тухайлбал, Засгийн газар 2015 оны үндсэн чиглэлийн биелэлтийг 76.1 хувьтай гэж үнэлсэн бол Үндэсний аудитын газар 70 хувьтай гэж дүгнэжээ.

Мөн уг баримт бичгийн бүтэц, агуулгад зарчмын өөрчлөлт ороогүй, төлөвлөлт, судалгаа, тооцооллын үндэслэлийг сайжруулах талаар өмнөх жилүүдтэй харьцуулахад ахицгүй, зарим арга хэмжээний төсвийн эх үүсвэрийг буруу тооцсон зэрэг нь холбогдох байгууллагуудын хяналт сул байгаатай холбоотой гэж Үндэсний аудитын газар дүгнэсэн байна. Тэрбээр “70 гаруй хувийн биелэлттэй гэж буй ч Засгийн газар ам, ажлын зөрүү их гаргаж байгааг ард иргэдийн амьдрал нотолно. Үндсэн чиглэлийн биелэлтийг цаасан дээрх тоогоор биш, улс орон, ард түмний бодит амьдралаар хэмжих ёстой” гэв.

Энэ үеэр МАН-ын бүлгийн шинэхэн гишүүн Х.Болорчулуун Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай тогтоолын төслийг бүлэг нь дэмжсэнийг танилцуулав. Тэрбээр “Ард иргэдийн эсэргүүцлийн үр дүнд салбарын яам хөдөө аж ахуйг хөгжүүлэхдээ органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүс байгуулах ёстойг ойлгосон. Хөдөө аж ахуйг чөлөөт бүс хэлбэрээр дагнан хөгжүүлдэг улс дэлхийд байхгүй” гэсэн юм.

Мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Жагсаалтаар сонгох 28 мандатыг тойрог руу шилжүүлбэл нийслэл болон орон нутагт хэрхэн хуваарилах нь зүйтэй гэж үзэж байна вэ?

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: -Хуульд УИХ нь 26 тойрог 76 мандатаас бүрдэнэ гэж заасан байдаг. Тиймээс суурь зарчмаа хөндөлгүй, аймаг бүрт нэг, нийслэлийн хамгийн том хоёр дүүрэгт тус бүр хоёр, бусдад нь тус бүр нэг мандат нэмж хуваарилах нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, 26 тойрогт жагсаалтын 28 мандатыг нэмж шингээх замаар явах нь зүйтэй юм. Мандатыг хуваарилахдаа зөвхөн хүн амын тоо бус, газар нутгийн хэмжээ, засаг захиргааны нэгжийг харгалзах ёстой.

-Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор сонгуулийг хойшлуулна гэвэл дэмжих үү?

-2012 оны сонгуулийн өмнө буюу тавдугаар сард жагсаалтаас гулсаж тойрог руу нэр дэвших нь Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг Цэц хэлэлцэн, дүгнэлт гаргаж байсан. Одоогийн үйл явц хэдэн сард болж буйг та бүхэн мэдэж байгаа. Тэр үед сонгуулийг хойшлуулаагүй. Тэгэхээр Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор сонгууль хойшлуулах шаардлагагүй, боломж ч байхгүй. Харин нэр дэвшигч тодруулах хугацааг эргэж харах шаардлага гарч магадгүй.

-Цэцийн дүгнэлтийг ухралт, эсвэл урагш хийсэн алхам гэж харилцан адилгүй тайлбарлаж байна. Та бүхэн үүнийг юу гэж харж байна вэ?

МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр: -Урагшилж гэж үзэж буй. Уг асуудлаар нийгэм хоёр хуваагдаж байна гэж буруу ойлголт төрүүлэх хэрэггүй. Иргэд дэмжиж байгаа. Жагсаалтын цаана нуугдсан хэсэг хүн л бухимдаж байна. Бид ардын эрхт засгийг байгуулах ёстой.

-Өнгөрсөн сонгуулийг холимог тогтолцоор явуулсан. Тэгэхээр та бүхэн, одоогийн Засгийн газар хууль бус гэсэн үг үү?

С.Бямбацогт: -Цэцийн шийдвэр эргэж үйлчилдэггүй. Хугацаа урагшлан үйлчлэхгүй учраас одоогийн УИХ, Засгийн газрын чадамжид нөлөөлөхгүй.

Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД