“Жинхэлж” чадахгүй бол жийсэн нь дээр

2016 оны 04 сарын 26

Хоёрхон сарын дараа болох УИХ-ын сонгуульд хувь тэнцүүлсэн (пропорциональ) хувилбар буюу жагсаалтаар 28 мандат сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг өчигдөр УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэв. Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж МАН албан ёсоор мэдэгдсэн бол АН байр сууриа илэрхийлсэнгүй. Гэхдээ тэд ч Цэцийн дүгнэлтийг дэмжсэн сурагтай. Ийнхүү УИХ-д хамгийн олон суудалтай хоёр нам дүгнэлтийг хүлээн авахаар санал нэгдсэнээр “жагсаалтын 28”-ыг жийх нь тодорхой болж, дараагийн 76-г бүгдийг нь тойргоос сонгох нь. Энэ үйл явцыг улс төрийн тодорхой намууд удирдан, дэглэсэн гэх дэл сул яриаг одоо орхиё.

Иргэн Ц.Намсрай, Д.Банзрагч нар уг асуудлаар Цэцэд хандсанаас авахуулаад дүгнэлтийг нь өчигдөр УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэх хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоолыг зөрчсөн зүйл алга. Ирэх өдрүүдийн дүр зураг нэгэнт тодорч эхэлсэн тул товлосон хугацаанд сонгуулиа амжилттай зохион байгуулахад төвлөрч ажиллавал яасан юм бэ.

Зуун хувь мажоритар тогтолцоо бидэнд шинэ биш. Мажоритар, пропорциональ хувилбарын аль алинд нь давуу болон сул тал бий. Гэвч жил ирэх тусам, магадгүй өнгөрөгч сонгуулиас хойш нэр хүнд нь навс унасан УИХ-ыг сонгож байгуулсан тогтолцоо болох 48:28 гэсэн холимог хувилбараас буруу хайх нь зөв болов уу. З.Баянсэлэнгэ шиг бахирч чарлан, барьцалдахаас наагуур аашилж чадвал гишүүн, цаашлаад сайд болж, “төрөл арилжихад” түвэггүй юм байна гэсэн ойлголтыг түгээмэл болгоход энэ парламент дахь “жагсаалтын 28” чамгүй үүрэг гүйцэтгэж буй нь үнэн.

Тиймээс “жагсаалтын 28”-ыг эргэж харах, тэгэхдээ тогтолцооноосоо бүр хасах, эсэх нь гагцхүү цаг хугацааны асуудал байсан гэхэд болно. Нөгөө талаас Монголын төр нь иргэдээсээ алсарлаа гэх гомдол газар авч буйг анзаарахад илүүдэхгүй. Өөрөөр хэлбэл, гагцхүү монголчуудад л байдаг жалга, довны үзлийг сэдрээж, мөнгөний, бас популизмын сонгууль өрнүүлдэг гэгддэг мажоритар тогтолцоонд тойргийг оновчтой хуваарилж чадвал “Төрийн минь сүлд өршөө” гэж ханцуйндаа залбирдаг иргэдээ төртэйгөө ойр, амьд харилцаатай байлгах боломж бий. Асар уудам газар нутагтай, цөөн хүн амтай манай улсын иргэдэд тогтсон энэхүү хэвшмэл ойлголт пропорциональ тогтолцоог ямар нэг хэмжээгээр ад үзэхэд хүргэдэг байж ч болох. Магадгүй бид үүнд хараахан бэлэн биш байх шиг.

Гэвч дэлхийн чиг хандлага мажоритараас пропорциональ руу шилжиж буйтай маргах аргагүй. Шалтгаан нь үүгээр улс төрийн намыг төлөвшүүлдэг. Чухам эндээс Азидаа хамгийн “ахмад” ч, төлөвшлийн хувьд “нялх” Монголын улс төрийн намуудыг одоо буй нөхцөл байдлаас сонгуулийн тогтолцоогоор шууд хүмүүжүүлэх, эсвэл тодорхой түвшинд хүртэл төлөвшүүлчихээд хувь тэнцүүлсэн хувилбараар төгөлдөршүүлэх үү гэсэн сонголт гарч ирж буй. Энд зөв сонголт хийхэд Цэцийн дүгнэлт харин ч хэрэг болохоор харагдаж байна.

Учир нь пропорциональ тогтолцоог жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, “ид шид”-ийг мэдрэхийн тулд юуны түрүүнд намуудынхаа төлөвшилд анхаарах шаардлага зүй ёсоор тулгарч буй. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг дээ. Ядаж л улс төрийн нам, түүний санхүүжилтийн асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд боловсронгуй болгож, Үндсэн хуулийн шинэчлэл, суурь зарчимтай нь уялдуулчих хэрэгтэй.

Өнөөдөр намууд эдийн засаг, улс төр, явцуу ашиг сонирхлын бүлэглэл болж, дотоод ардчилал, хариуцлагын тогтолцоо нь бэлгэдлийн төдий болж, төрийн дээр гарсныг хаана хаанаа хэлж буй. Ийм байхад пропорциональ тогтолцоог ард түмний сонголтоор турших нь Монголын улс төрийн нөхцөл байдлыг дээрдүүлэхгүй, дордуулна. Тиймээс прорпорциональ тогтолцоог “жинхэлж” чадахгүй бол жийсэн нь дээр.

М.САЙХАН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД