ЗАЛЬ

2016 оны 04 сарын 26

-Урт цагааны гудамжинд хар машинтай хүмүүс ирээд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгөөр худалдан авч байна гэнэ.

-Яаж авч байна?

-Нэр дээрээ хувьцааны данс нээлгээд, бүх хувьцаагаа дансандаа хийлгэчихсэн байхад л болдог гэнэ. Хар машинтай хятад хүн нягтлан, нотариатч дагуулж ирээд гэрээн дээр гарын үсэг зуруулж, нотариатаар баталгаажуулаад, мөнгийг нь тоолоод өгчихдөг юм байна.

-Нээрээ юу?

-Нээрээ. Манай урд хашааны хүүхэн хувьцаагаа зарчихаж. Би тийшээ явлаа.

-Хүүе, хүлээж бай. Хамт явъя.

Ийм яриа хот, хөдөөгүй тарж, монголчуудын чамгүй хэсэг нь Урт цагааны гудамжийг гороолон, хонож өнждөг болоод арваад хонов. 

Үүний зэрэгцээ “Будаатай аяга үнэ тохирч, өндөр үнээр авна”, “Хуучны орос гийр авна” гэсэн зар вэб сайт, зарын сониноор дүүрээд сар шахам боллоо. Уг зарыг үзсэн хүмүүс хуучны орос туухай, будаатай аяганы эрэлд мордож, өвөөгийнхөө модон амбаар, эмээгийнхээ бор авдрыг хүртэл ухаж байна. Хаа нэгтээ мартаж орхисон хуучны юмс ийн үнэд орсон нь сонин.

Хүн бүрийн нэр дээр төрөөс үнэгүй олгосон “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаагаа эмээ, өвөө нар тухайн үед нэг сая төгрөгөөр, оюутнууд сургалтынхаа төлбөрөөр сольж, бусад нь “Эрдэнэс Тавантолгой” ХК ногдол ашиг тарааж эхэлбэл илүү ашигтай хэмээн тооцсон. Гэтэл их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр өнөө хувьцаа үнэгүй, хэн ч ашигладаггүй цаас хэвээр байсаар. Иргэдийн халаас хоосрон, өр зузаарахын хэрээр зарах үрэх бүхнээ барьж гүйгээд, мөнгө олох боломж бүрийг алдахгүйг хичээж байна.

БУДААТАЙ АЯГА, ОРОС ГИЙР ЯАГААД ҮНЭД ОРОВ

Авдрын ёроол, амбаарын мухраас будаатай аяга, орос гийр олдож магадгүй хэмээн хайхын сацуу зарим нь айлын аяга хулгайлж, хүнээс хуучны гийрийг нь булаах шахам авсан явдал ч мэр сэр гарах болжээ. Ийм явдал ганц манайд тохиолдож байгаа бус, ОХУ, Гүрж, Казахстан, Кыргыз гээд хуучин социалист оронд 32 кг-ын, СССР гэсэн бичигтэй гийр магнаг болж байгаа аж.

Яг ийм гийрийг 50.000-100.000 рублиэр худалдаж авна гэсэн зар эдгээр улсад түгж, ганц бөндгөр төмөр олж тушаагаад бөөн мөнгөтэй болох гэсэн хүмүүсийн хорхойг хөдөлгөн, олзонд дуртай хүмүүсийг эрэлд мордоход хүргэжээ. Гийр хулгайлсан, булаасан, мэхэлж авсан хэрэг ч тухайн улсын цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Монголчууд харин зөвхөн орос гийр бус, будаатай аяга, таваг, улаан тамгатай шаазан эдлэл авч байна. 100-400 мянгаас эхлээд нэг сая, 2.5 сая төгрөг амлаж байгаа хүн ч таарав. Будаатай аяга нь ёроолдоо хятад ханз бүхий улаан тамгатай байх ёстой гэнэ. Тэр тамга нь дөрвөлжин бол Манжийн үеийн эд аж.

Гийр нь СССР гэсэн бичигтэй, 16, 24, 32 кг-ын жинтэй байх ёстой юм байна. Харин оросууд зөвхөн ЗХУ-ын үед Тула хотод үйлдвэрлэсэн, 32 кг-ын гийрийг онцолж байгаа аж. 1990-ээд оноос өмнө дунд сургуулиудын биеийн тамирын заал, зарим спортлог айлд хэвтэж л байдаг байсан тэр бариултай, хүнд хар төмрөөр оросууд яах гээд ийн эрж сураад, бөөн бөөнөөр нь цуглуулж, үнэд хүргээд байгаа юм бол. Оросоос ирсэн хүмүүсийн ярианаас үзвэл 32 кг-ын гийр дотор алт байдаг гэнэ.

Зарим нь шар, нэг хэсэг нь цагаан алт байдаг гэх юм. Цагаан Оросын хөрөнгөтнүүд ийм гийр дотор алтаа нуусан гэх таамаг ч таржээ. Монголчууд нэг хэсэг Барон Унгерны алтыг хайсан шиг л юм Орост өрнөж байгаа юм даг уу даа. Бас палладий гэх цагаан алтны бүлэгт багтдаг ховор үнэт металл тэрхүү гийрт байдаг гэх сураг ч гарлаа.

Харамсалтай нь гийр өндөр үнээр худалдаж авна гэсэн тэрхүү зарын цаана луйвар нуугдаж байсан нь одоо зах сэжүүрээсээ илэрч байна. Оросууд зориуд ийм зар тараан, тэр дагуу ярьсан хүмүүст лаборатори зааж өгөөд гийрээ тэнд шинжлүүлж, үнэхээр СССР-т тэр дундаа Тулад үйлдвэрлэсэн гийр мөн эсэхийг тодорхойлуулахыг зөвлөдөг аж. Гийрээ зарах гэж байгаа хүн өнөөх зөвлөгөөг дуулгавартай даган, зааж өгсөн лабораторид нь очно.

Ингэхдээ мэдээж төлбөр төлнө. Лабораторийн хариу нь “Тулад үйлдвэрлэсэн гийр биш” гэж гарна, тиймээс нөгөө хүн худалдаж авахгүй. Нөгөө ажилгүй, орлогогүй лаборатори гийрээ шинжилгээнд өгөх гэсэн хүмүүсийн хөлд дарагдаж, хэдэн сарын хугацаанд багагүй орлого олжээ. 32 кг-ын гийр доторх алт нь ердөө энэ. Зар тараасан хүмүүст тэр гийр үнэхээр алт олсноос дутахааргүй ашиг авчирсан биз.

Харин монголчууд ОХУ, Казахстанд тарсан алттай гийрийн цуурхлаас болоод эх орныхоо гийрийг хуу хамж эхэлжээ. “Оросууд одоо 32 кг-ынхыг авч байгаа юм чинь удахгүй 24, 16 кг-ынхыг ч авч таарна” гэсэн хар таамгаар хуучны орос гийрийг үнэ хүргэн цуглуулж байна. Оросууд зөвхөн 32 кг-ынхыг авч байхад монголчууд бүгдийг авч буйн учир ийм.

Манайхан одоохондоо европчуудын залийг мэдээгүй байгаа болохоор Орос руу гаргаж, үнэ хүргэхээр гийр цуглуулж байгаа ч тэдний мэхэнд унаснаа ойлговол алдсан мөнгөө олж авч, “шарх”-аа нөхөхийн тулд оросуудын аргыг монголчууддаа хэрэглэж мэдэх юм шүү. Тиймээс “Гийр авна” гэсэн зараар ярихад лаборатори зааж өгөөд шинжилгээ хийлгэхийг зөвлөвөл бүү итгээрэй. Будаатай аяганы тухайд бол цуглуулагчдын асуудал. Тэд бараагаа үнэ хүргэж байгаа юм билээ шүү.

1072 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХЭН ХУДАЛДАЖ АВААД БАЙНА ВЭ

Ягаан, цэнхэр тасалбараа бусдад заран, мөнгө болгож байсан үеийнх шигээ юм бодоод хүмүүс Урт цагааны эргэн тойронд харуулд гарч байна. Хар машинтай, мөнгөтэй хүнийг харуулдан байгаа тэд Урт цагаан хавиар өнгөрсөн, зогссон хар машинтай хүмүүсийг горьдсон харцаар ширтэн, бүчиж авах юм. 7000 төгрөгийн үнэтэй цэнхэр тасалбар бол тухайн үеийн улсын 475 үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт шилжүүлэн хувьчлахад нь худалдаж авах боломж олгохоор иргэддээ төрөөс өгсөн эрхийн бичиг байв.

Түүнийг иргэд тэр дор нь янз бүрийн үнээр зарчихсан. 7000 төгрөгөөр өгсөн хүн байхад 10.000 төгрөг хүргэсэн нь ч бий. Бэлэн мөнгө гэж болохоор тэр тасалбарыг төгрөгөөр сольж болж байлаа. Тэгвэл Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний 181 дүгээр тогтоолын гуравдугаар заалтын дагуу “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл иргэд зарах нь байтугай бусдад бэлэглэх, шилжүүлэх боломжгүй.

Тэр болтол зөвхөн Засгийн газарт буцааж зарах боломжтой байсан ч хүсэлтээ гаргах хугацаа хэдийнээ дууссан. Өөр иргэн, аж ахуйн нэгж бусдын хувьцааг худалдаж авахыг хориглосон атал одоо дэргэдээ нотариатч суулгасан, мөнгөтэй хятад хар машинаар ирээд хувьцаа худалдаж аваад байна гэдэг нь үнэнд хэр ойрхон зүйл вэ.

Засгийн газраас иргэдийн регистрийн дугаараар хувьцааг нэр дээр нь шилжүүлчихсэн байгаа. Иргэд хэдийд ч брокер, дилерийн компани дээр очин, данс нээлгээд хувьцаагаа нэр дээрээ болгож авах боломжтой. Гэхдээ хувьцаагаа Хөрөнгийн биржээр арилжих, компаниудын хувьцааг худалдаж авах гээгүй л бол тийм данс нээлгэх ямар ч шаардлагагүй. Тиймээс нэгэнт бусдад шилжүүлэх, бэлэглэх, зарах боломжгүй тэр хувьцааг иргэд нэр дээрээ болгож авах гэж яараагүй билээ. Харин брокер, дилерийн компаниуд “Та манайд данс нээлгэн, 1072 ширхэг хувьцаагаа дансандаа хийлгэж аваарай” хэмээн олон нийтэд уриалсан ч нэг их үр дүнд хүрээгүй.

Гэтэл хар машинтай хүний сургаар ард иргэд брокер, дилерийн компаниудын үүдийг сахин, данс нээлгэхээр дугаарладаг боллоо. Иргэд болоод брокер, дилерийн компаниудын байр солигдож, хэдхэн сарын өмнө иргэдийн өмнө бөхийж байсан компанийнхан одоо гэдийж байна. Урт цагааны гудамжинд байрладаг брокер, дилерийн хэдэн компанийн үүдэнд хүмүүс овоорч, олон давхарласан урт дараалал үүслээ. Хар машинтай хүний сургаар башийж байгаа нь энэ хэдэн компани л байна.

Иргэд бол гудамжинд хар машин харуулдан, хаврын хавсарганд шилбүүрдүүлэн хонож өнжин, хоол ундгүй, суух сандалгүй хэцүүдэж байна. Хувьцаа зарсан, авсан хүн өдий болтол нэг ч гарсангүй. Тэгсэн атал хар машинтай хүний сураг хуурай өвсөнд ассан түймэр мэт түгж, хувьцаагаа зарах гэсэн хүн улам олширсоор. Хаанаас нь ч харсан энэ бол луйвар. Хөрөнгийн бирж дээр аж ахуйн нэгжүүдийн хувьцааны ханш унаж, хувьцаа зарах сонирхолтой нь олшроод, худалдаж авах хүн олдохоо байсан энэ үед брокер, дилерийн компаниуд ажил, орлого багатай байна.

Тэд л хар машинтай хүний үлгэр зохиож, ард иргэдийг төөрөгдүүлсэн гэдгийг эдийн засгийн шинжээчид болоод хуулийн байгууллагын ажилтнууд хэлж байна. Иргэд хэзээ нэгэн цагт данс нээлгэж, хувьцаагаа нэр дээрээ болгож авах нь гарцаагүй. Нэг, хоёр жил, магадгүй хоёр сарын дараа нээлгэх дансыг нь одоо нээж өгөхөд буруудах юмгүй. Гэвч ядарсан олныг гадаа хонож, хоол ундгүй ягтаа тулж зогсоход хүргэх ямар шаардлага байв. Хүн бүрээс жилийн дараа авах 5000 төгрөгөө одоо авах гэсэнд л хэргийн учир бий. Бас зориуд цуурхал тарааж, төөрөгдүүлсэн нь хөгийн. Энэ заль 32 кг-ын гийр, дэлхий сөнөнө гэсэн цуурхлаас нэг их ялгаагүй юм биш үү.

Х.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.126.89.209 Budaatai ayaga giir edr naad yariad bgaa labortor chin ch bas hudlaa... arai oor uchirtain bgaam shd