Орос-Монгол-Хятадын уулзалт болно

2016 оны 04 сарын 25

“Ташкент хотод зургадугаар сард болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ Дээд хэмжээний уулзалтын үеэр хийхээр товлосон Орос-Монгол-Хятадын гурван талын уулзалтаар Монголын Ерөнхийлөгчтэй яриа хэлцээгээ үргэлжлүүлнэ” гэж Путин өнгөрсөн долоо хоногт Кремлийн ордонд Монголын Элчин сайдаас итгэмжлэх жуух бичгийг нь гардан авах үеэр хэлснийг РИА Новости агентлаг уламжилжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 14-нд стратегийн түншлэлийн хөтөлбөрт гарын үсэг зурсан юм.

2001 оны зургадугаар сарын 15-нд байгуулсан ШХАБ нь байнгын үйл ажиллагаатай бүс нутгийн олон улсын нэгдэл бөгөөд тус байгууллагын үйл ажиллагааны эн тэргүүний чиглэл нь терроризм, хэт давруу үзэлтнүүдтэй хамтран тэмцэх, эрчим хүч, нефть, хий, тээвэр, харилцаа  холбоо болон бусад салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх явдал юм.

ШХАБ-ын бүрэлдэхүүнд ОХУ, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан болон Узбекистан улс ордог бол Беларусь, Монгол, Энэтхэг, Пакистан, Афганистан улс ажиглагч орны, өөр хэд хэдэн улс “ярианы хэлцээний түнш” орны статустай юм. Энэтхэг болон Пакистан улсыг эгнээндээ нэгтгэх үйл явцыг ШХАБ 2015 оны долдугаар сард эхлүүлжээ. Уфа хотод болсон Дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагыг даргалах эрхийг ОХУ-аас Узбекистанд шилжүүлэн өгсөн байна.

Түүнчлэн ШХАБ-д гишүүнээр элсэх хүсэлтээ Иран улс албан ёсоор өгчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД