Д.БАТХУЯГ: ЭЗЭНГҮЙДҮҮЛСЭН ИННОВАЦАА БҮРТГЭЛЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

2016 оны 04 сарын 25

Мэдээллийн технологийн Шинжлэх ухааны паркийн Инновац, технологийн төвийн дарга Д.Батхуягтай ярилцлаа.

-Монгол инновацын боломж ихтэй гэж Монголын эдийн засгийн чуулганы үеэр хөндөж ярьсан. Үнэхээр өргөн боломж бий юү?

-Тийм ээ. Монголын эдийн засгийн чуулганы үеэр инновацыг хэрэгжүүлж үр шимийг нь хүртэх бизнесийн боломж байгааг олон талаас нь ярьсан. 90-ээд онд шийдвэл зохих олон асуудал тулгамдсанаас болсон уу, ямар ч байсан инновацын хувьд уламжлал, шинэчлэлээ хослуулж чадаагүй том сургамж бидэнд бий. Алдаанаасаа суралцаж амжилтад хүрэх боломж байна гэсэн үг.

Дэлхий даяар шинэ мэдлэг, технологийг баялаг болгож буй инновацын үйл явц үргэлжилсээр байна. Төрөөс шинэ мэдлэг бий болгож, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх инновацыг дэмжих бодлого баримтлаад 10 жил болж байна. Шинжлэх ухаан, технологийн салбарынхан ч бий болгосон шинэ зүйлсээ эдийн засгийн эргэлтэд оруулахаар хүсэж, ажиллах болсон.

Энэ дэмжлэг, хүсэл тэмүүлэл нь бас нэг том боломж. Үүнийг бизнесийнхэн шүүрч авах хэрэгтэй. Хамгийн түрүүнд ашиглахгүй алдаж буй боломжуудаа ажил хэрэг болгох хэрэгтэй.

-Ашиглахгүй алдаж байгаа боломжийн талаар тодруулж өгнө үү?

-Шинэ техник, технологийн ололт буюу оюуны өмч-инновац нь тухайн компанийн өрсөлдөх чадварын чухал нөөцийн нэг болдог гэдгийг манай бизнесийнхэн сайн мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, оюуны өмч нь компаниудын чухал нөөц, үнэт хөрөнгө гэсэн үг. Маш энгийн жишээгээр тайлбарлая. Нүүрс олборлогч компанийн чухал нөөц нь орд газар байж болно. Тэгвэл техник, технологийн компанийн чухал нөөцийн нэг нь инновац буюу оюуны өмч юм. Инновац оюуны өмчтэй салшгүй холбоотой учраас, өмчөө бүртгэлжүүлж, баталгаажуулаад авбал манай бизнесмэнүүдэд шинэ боломж нээгдэнэ.

Манайхан сүүлийн үед оюуны өмчөө хайхралгүй орхиод эзгүйдүүлчихсэн. Бүртгэлжүүлж, цэгцэлбэл эдийн засгийн эргэлтэд орж, инновац болох боломжтой зүйлс олон гарч ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улс 1981-1991 онд 10 жилийн хугацаанд үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой 18 мянга гаруй оюуны өмч бүртгэж, 60 гаруй хувийг нь нэвтрүүлсэн байдаг. Тэгвэл түүнээс хойш буюу өнгөрсөн 25 жилийн хугацаанд үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой дөнгөж 8000 орчим патент бүртгэж, 10 хүрэхгүй хувийг нь л нэвтрүүлсэн байна.

Эндээс багагүй үнэт зүйлсээ бүртгэж авч чадаагүй, бүртгэснээ ч хангалттай ашиглаж чадалгүй орхижээ гэсэн таамаг дэвшүүлж болно. Тиймээс л шүүрч аваад ажил хэрэг болговол том боломж нээгдэнэ гэж хэлсэн юм. Наад зах нь оюуны өмчөө санхүүгийн тайлан баланстаа тусга гээд хуульд заачихсан байхад бид бүртгээд, боломжоо ашигладаггүй.

-Бизнес болохгүй учраас зарим инновацаа тоохгүй орхиод байгаа юм биш үү?

-Тийм тохиолдол байгааг үгүйсгэхгүй. Зарим нь бизнес болохгүй байж ч магадгүй. Зохион бүтээгч, инженер, эрдэмтэн, судлаачид зах зээлийн хэрэгцээ, хэрэглэгчийн юу хүсэж байгааг тандсан судалгаа хийхгүй байгаа. Иймээс хэрэгцээнд нь тохирсон зүйл хийж чадахгүй байх тохиолдол гарч байгаа болов уу. Нөгөө талаас, техник, технологийн хувьд хоцрогдол гарсан байх магадлалтай. Гэтэл үнэхээр сайн инновац болох ямар нэг санаа, технологи бүртгэж аваагүйгээс хаягдаж байж мэднэ. Хамгийн гол нь компаниуд инновац болж магадгүй санал, санаачилга бүрийг бүртгэлжүүлж, цэгцлэх хэрэгтэй.

1990 оноос өмнө шинэ бүтээл, оновчтой саналыг бүртгэх босоо тогтолцоотой байсан. Нэгдэл, улс ардын аж ахуй, үйлдвэрийн газар бүрт шинэ бүтээл, оновчтой санал (ШБОС)-ыг бүртгэж, төв рүү явуулах үүрэгтэй хүн ажиллаж байлаа. Сумаас аймаг, хорооноос дүүрэг рүү, аймаг, дүүргээс Улаанбаатар хот руу шинэ бүтээл, оновчтой саналыг явуулдаг байсан. Ингээд эцэст нь улсад бүх шинэ бүтээл, оновчтой саналыг төвлөрүүлдэг байжээ. Товчдоо бол ямар л шинэ бүтээл, оновчтой санал гаргана, түүнийг нь эцсийн нэг цэг дээр бүртгэж авч чаддаг тогтолцоотой байсан юм билээ.

Одоо хаана инновац төрж байгааг бид мэдэхгүй. Шинэ санаачилга бүрийг цуглуулдаг технологи солилцооны төв ч юм уу, эсвэл оюуны өмчийн бирж байгуулах хэрэгтэй. Тэгж байж инновац хэрэгжиж бизнес болох, болохгүйг нь тодорхойлно. Хэр олон шинэ санаа, бүтээл эзгүйдсэн нь илэрнэ. Оюуны өмчийн үнэлгээний түүх үүсэж, үнийн баримжаа зах зээлд тогтоно. Үнэлэмжтэй болно.

-Та бизнес болох инновац бий гэж ярьж байна. Тэгвэл яагаад бизнес болохгүй байгаа юм бэ?

-Улсынхаа үйлдвэрлэл, үйлчилгээний бараг бүх салбарыг шууд чөлөөт өрсөлдөөнд оруулж, дэлхийд нээлттэй болгосон нь алдаа болсон болов уу. Миний бодлоор өөрсдийн тоглож чаддаг, чадах онцлогтой салбаруудаа хамгаалах шаардлагатай байсан байх. Ер нь шинэ санаа бизнес болж хөл дээрээ тэнцэх хүртэл хүчтэй өрсөлдөөн дунд олон сорилтыг даван туулж, олон санаанаас маш цөөхөн нь бодит бизнес болж амьдардаг. Тэгэхээр манайд хүч тэнцвэргүй тулаан болдог гэсэн үг. Орчин нөхцөл сайн бүрдсэн АНУ-д гэхэд 200 сайн санаанаас нэг нь бодит ажил хэрэг болдог гэсэн судалгаа байдаг.

Энэ нэгдүгээр шалтгаан нь байх. Хоёрдугаарт, манай зохион бүтээгч, инженер, эрдэмтэн судлаачдын бүтээлийг үйлдвэрлэх боломж, зах зээл нь Монголд байдаггүй учраас нэг бол шинэ зах зээл бий болгох, эс бөгөөс гадагш өгөх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд гадагш нь өгөх ухаанаа ололгүй өнгөрдөг. Өгч чаддаг сүйхээтэй нь хуруу дарам цөөхөн.

-Бизнесмэнүүд судлаачдад итгэл алдарсан гэж ярьдаг. Гол шалтгаан нь юунаас үүдэлтэй вэ? Монгол судлаачдын чадварыг бизнесийнхэн үнэлдэггүй гэдэгтэй та санал нийлэх үү?

-Цөөн тооны тийм муу жишээ байж болох ч сайн нь олон. Тиймээс санал нийлэхгүй юм байна. Миний бодлоор улсын төсвийн хөрөнгөөр үйлдвэрлэсэн шинэ мэдлэгийг борлуулах, ашиг олох орчин байгаагүй. Тиймээс институцүүд нь инновацдаа эзний ёсоор хандах соёл суугаагүй. Ашиг олохгүй учраас, хариуцлага хүлээж хувийн хэвшлийн хүсэлтээр асуудлыг нь шийдвэрлэх бүтээл гаргаж өгөх сонирхол байгаагүй. Багагүй хугацаанд эрдэмтэн судлаачдаа зөнд нь орхиж, тэднийг амьдрахын эрхээр “халтуур” хийхэд хүргэсэн.

Бизнесийнхэнд хувь хүнд хандахаас өөр сонголт үлдээгээгүй гэсэн үг. Эндээс харилцан итгэл алдах үндэс үүссэн гэж боддог. Түүнээс, монгол инженер судлаачид чадвартайг, монгол бизнесмэн хүнийг үнэлж чаддагийг улсдаа төдийгүй дэлхийн түвшинд батлан харуулсан олон жишээ байна шүү дээ.

-Таны бодлоор “халтуур” хийх хортой зүйл үү?

-Зөв хийж чадаж байвал “халтуур” буюу нэмэлт цагийн ажилд буруу байхгүй ээ. Итгэл алдуулсан “халтуур” буруу явчихсан. Жишээ нь, нэг бизнес эрхлэгч автоматжуулалтын инженерээр зөвхөн өөрт тохирсон онцлогтой ажил хийлгэлээ гэж бодъё. Мань инженер автоматжуулах тоног төхөөрөмжөө зохион бүтээгээд, уялдсан программ, эсвэл код бичээд ажиллуулаад орхичихдог. Техник, технологийн бүрэн баримт бичгийг хүлээлгэн өгдөггүй. Өөрөөр хэлбэл, ажлаа дутуу гүйцэтгээд, 100 хувийн төлбөр аваад яваад өгдөг.

Хожим бүтээлд нь асуудал гарч засуулах, сайжруулах шаардлага гарахаар тухайн хүнээс өөр түүнийг нь мэдэх хүн олдохгүй. Нөгөө хийлгэсэн инженерээ хайгаад олж чадах нь цөөн. Нэг бол ажлаасаа гарч өөр газарт ажиллаад холбоо тасарчихсан, эсвэл гадаадад амьдрахаар яваад өгсөн байдаг. Тухайн бүтээгдэхүүнд хариуцлага хүлээх хүнгүй, бүтээлийн залгамж чанар байхгүй. Ингээд бизнес эрхлэгч итгэл алдарна. Хэрэв тэр инженер техникийн баримтаа бичээд бүрэн үлдээсэн бол дараагийн ямар ч мэргэжилтэн уншаад, тоног төхөөрөмжийг засчихна, сайжруулчихна.

Гэтэл тийм арга байхгүй учраас гол төлөв өөр нэг инженер ирээд “Засах боломжгүй, заслаа гэхэд засварынх нь өртөг шинийг хийснээс ч үнэтэй болох нь ээ” гэнэ. Учир нь тэр хүний хийснийг ухаж судлах шинэ ажил нэмэгдэнэ. Техник, технологийг бүтээхэд юу хэрэг болсон, яаж хийсэн нь, хэрхэн ашиглах нь тодорхой, алдаа гарвал засварлах баримт бичиг нь дагалдаад явж байх ёстой. Харамсалтай нь манай инженер, эрдэмтэн судлаачдын олонх нь үүнийг баримтлаагүй.

-Энэ хоёрыг яаж ойлголцуулж, харилцан итгэлийг сэргээх вэ?

-Итгэлийг анх нураасан тал нь санаачилгыг гартаа авах хэрэгтэй байх гэж бодож байна. Хүндээ бус асуудалдаа байсан нь одоо тогтолцоогоор засрах талдаа орсон. Тиймээс манай зохион бүтээгч, инженер, эрдэмтэн судлаачид түрүүлээд бизнесийнхэндээ өгч, боломж олговол алсдаа тал талдаа үр ашигтай байж, харилцан итгэлцэл сэргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Өгөх гэдэг нь өөрсдийн өнгөрсөн жилүүдэд бүтээсэн шинэ мэдлэгээ тодорхой хугацаанд тав, 10 жилээр ч юм уу нээлттэй лицензээр бизнес эрхлэгч нартаа ашиглуулахыг хэлж байгаа юм. Бизнесийнхэн ашиг орлоготой байж, өрсөлдөх чадварт нь эергээр нөлөөлж байгааг мэдрэх л юм бол эргээд судалгаа, шинжилгээнд хөрөнгө оруулалт хийхээ мэднэ шүү дээ. Тиймээс оюуны өмчөө өгч, ашиглуулцгаая гэж уриалмаар байна.

-Манайхан инновац гэхээр ухаалаг гар утас үйлдвэрлэх ч юм уу, том нээлт гэж ойлгодог. Гэтэл та жижиг зүйл ярьж байна. Бид дэвшилт бүтээл рүү тэмүүлэх ёстой юу, эсвэл шинэ санаачилгаа дэмжих хэрэгтэй юм уу?

-Бид өөрсдийн чадах дэвшилт технологи руу тэмүүлэх, эсвэл бусдын хэлдгээр амдаж хөгжих хэрэгтэй. Гол нь зорилго, зорилтоо тодорхойлох. Ер нь инновац гэдэг цоо шинэ зүйл, хадны мангаа биш. Том зүйл рүү тэмүүлэх ойлголт ч биш. Бид сайхан зүйл рүү, ирээдүй рүү тэмүүлье гэж хэлэхээр туйлд нь хүргэж ойлгодог зантай. Тэгж ойлгох хэрэггүй. Маск зүүгээд, цагаан халаад өмсөөд лабораторийн түвшинд нарийн ажиллагааны үр дүнд бүтээдэг технологийн инновац бүтээх албагүй. Хамгийн гол нь нэг зүйлийн цоо шинэ хэрэглээг бий болгож болно.

Уламжлалт зүйлийг шинэ газарт, шинэ хэрэглээ үүсгээд, зах зээлээ тэлээд явж болно. Бидэнд элбэг байдаг нэг дутагдал бий. Зөвхөн монголчуудад тохиолддог дотоодын, орон нутгийн ийм асуудлыг инновацаар шийдье гэж яриад байдаг юм. Үүнийгээ засах хэрэгтэй. Хүн төрөлхтөнд тулгамдсан асуудлыг шийдье гэж харах хэрэгтэй. Тэгэхээр зах зээл нь тодорхой болно. Бас бүгдийг нь хийх албагүй болно. Тиймдээ инновацлаг үндэстэн томоор сэтгэж, багаар эхлүүлээд, түргэн тэлье гэсэн уриатай байдаг байх.

Өнөөдөр бид мэдээллийн технологийг хөгжүүлье гэж ярьж байна. Яг алиныг нь гэсэн нэгдсэн зорилго тодорхойгүй л байна. Монголчууд математик, физик зэрэг байгалийн ухаандаа муугүй. Энэ нь бид “iPhone”, “Galaxy” шиг гар утас хийх зэргээр салбарын бүх шатанд өрсөлдөх нөөц, чадавхтайг нотлохгүй. Тиймээс үндсэн нэг зорилгоо тогтоод, түүндээ тэмүүлж хүрэх нь чухал. Жишээлбэл, бид мэдээллийн системийн аюулгүй байдлаар дагнан ажиллая гэж бодъё. Тэгвэл бид энэ чиглэлээр мэргэшсэн 10 мянган инженер бэлтгэх боломжтой.

Ингэвэл бид АНУ, Израил, Япон зэрэг мэдээллийн аюулгүй байдлаар тэргүүлэх улсын компаниудтай өрсөлдөх болно. Энэ тохиолдолд өрсөлдөгч, зах зээл тодорхой болно. Давтан хэлэхэд, бид зорилго, зорилтоо нарийсгах хэрэгтэй. Хүнд тулгардаг түгээмэл бэрхшээлийг шийдэх нь чухал. Орон нутгийн чанартай асуудлыг зайлшгүй л биш бол шийдэх гэж олноороо зорих хэрэггүй. Учир нь орон нутгийн явцуу асуудал шийдэгдсэний дараа зах зээлгүй болдог.

-Бизнес, судлаач хоёрын дунд гүүр болох байгууллага хэрэгтэй юү?

-Судлаач, бизнесмэнүүд хоёр “өөр хэл”-ээр ярьдаг. Энэ хоёрыг ойлголцуулах институц хэрэгтэй. Тэр байгууллага нь шинжлэх ухаан, технологийн паркууд байдаг юм. Саяхан Монгол улсын Засгийн газар биотехнологи, мэдээллийн технологийн хоёр шинжлэх ухааны парк байгуулсан. Уг хоёр салбарын эрдэмтэн судлаачид маань бизнесмэнүүдтэй холбогдоход паркаараа дамжуулаад ойлголцох, хамтран ажиллахад илүү дөхөм болсон гэсэн үг. Шинжлэх ухаан, технологийн паркууд судалгаа, шинжилгээтэй холбоотой бүх талын хамтын ажиллагааг дэмжихээс гадна, хоёр өөр “хэлтэй” талуудыг ойлголцуулж, шинэ мэдлэг-технологи-оюуны өмчийг нь дамжуулах үүрэг гүйцэтгэнэ.

Мөн хэн, хэнийг нь эрсдэлд оруулахгүй байх баталгаа гаргаж өгнө. Дэлхийн жишгээр шинжлэх ухаан, технологийн паркуудад тухайн салбартаа мэргэшсэн, өндөр ур чадвартай, мэргэжлийн ёс зүйтэй, салбар дундын, голдуу мэргэжилтнүүд ажилладаг онцлогтой. Тиймээс энэ техник технологи үнэхээр үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрэх боломжтой, эсэхэд бодит байдалд ойртсон үнэлгээ өгч чаддаг. Мөн бусад шинжлэх ухаан технологийн парктайгаа уялдаа холбоотой ажилладаг учир чадахгүйгээ хамтарч гүйцэтгээд, цаашлаад синержи үүсгэдэг.

Гүүр болохын хувьд ШУТП-ууд хууль, санхүү, хүний нөөц, оюуны өмч гэх мэт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх туслах нэгжүүдтэй байдаг бөгөөд үндсэн үйл ажиллагаандаа бүх сонирхогч талуудын тэгш оролцоог хангаж, хөндлөнгийн байр сууринаас ханддаг онцлогтой. Одоо манай шинжлэх ухаан, технологийн паркууд идэвхтэй ажиллах ёстой гэж бодож байна.

Т.ЭНХБАТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД